Б.НАМУУНТАМИР
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Худалдаа хөгжлийн банкны Олон улсын болон байгууллагын харилцааны газрын захирал Б.Эрхэмбаярыг урьж, ярилцлаа.
-Өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан улс төр, бизнесийн бүхий л салбарт эмэгтэйчүүдийн манлайллыг бий болгож, тэгш оролцоог хангах нь чухал гэсэн “Forbes women’s summit” арга хэмжээний дараа танай сонинд ярилцлага өгч буйдаа баяртай байна. Энэ арга хэмжээний үеэр эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт сүүлийн үед эрс буурсан гэдгийг онцолж байсан. Социализм нийгмийн үед хөдөлмөрийн зах зээлд эрэгтэй эмэгтэй хүмүүс бүгд ижил тэгш оролцоотой байсан.
Гэтэл сүүлийн 10 жилд эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт 10 хүртэлх хувиар буурсан. Гэртээ хүүхдээ хараад сууж байгаа нийт эмэгтэйчүүдийн тоо хэдхэн жилийн өмнө 74 мянга байсан бол одоо 105 мянга болтлоо өссөн. Үүнээс харахад эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтэд оролцох оролцоо нь байсан байрнаасаа ухарсан нь сэтгэл гонсойлгосон зүйл болж байна. Мэдээж эмэгтэй хүн гэр бүл доторх хөдөлмөрийн хуваарилалтаар ар гэр, үр хүүхэд, настан буурлуудаа асрах тал дээр илүү чиглэсэн байдаг. Жендерийн тэгш байдлыг маш олон жилийн турш монголд ярилаа. Гэхдээ үүнийг зөвхөн гэр бүл дотроо хэн нь хоолоо хийх вэ, хувцсаа хэн нь угаах вэ, хэн нь ажлаа хийх вэ гэсэн эхнэр нөхөр хоёрын асуудал юм шиг олон нийтэд ойлгуулаад байгаа. Гэтэл улс орны хувьд төдийгүй, бизнесийн байгууллагад эмэгтэйчүүд тэгш эрхтэй оролцох ёстой гэдгийг ярилгүй орхигдуулж ирсэн. Саяхнаас л хөндөгдөж эхэлж байна.
ШИЙДВЭР ГАРГАХ ТӨВШИНД 20 ХУВЬ НЬ Л ЭМЭГТЭЙЧҮҮД БАЙНА
Блиц Балтсүх Эрхэмбаяр 1994 онд: МУИС-ийг банк санхүүч мэргэжлээр төгссөн. 2000 онд: Шведийн Стокгольмын их сургуульд эдийн засгийн ухааны магистраар суралцсан. 2003-2005 онд: Шведэд “Kuranda AB” компанийн менежер, 2005 онд: Худалдаа хөгжлийн банкинд зээлийн ажилтан, 2010 оноос одоог хүртэл Худалдаа хөгжлийн банкны олон улсын болон байгууллагын харилцааны газрын захирлаар ажиллаж байна.-Улс төрд эмэгтэйчүүдэд квот өгчихсөн байдаг, гэтэл бизнесийн салбарт, мөн аливаа байгууллагуудад байдаггүй. Манай улсын нийт хүн амын 50-аас дээш хувь нь эмэгтэйчүүд байдаг. Нийт ажиллах хүчний мөн л 50 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна. Жишээлбэл үйл ажиллагаа нь тогтворжсон том компанийг авч үзвэл гол ажиллаж байгаа хүчний тал хувь, ихэнх дунд шатны менежерүүдийн хувьд 60-70 хувь нь эмэгтэйчүүд байгаа. Гэтэл шийдвэр гаргах түвшний албан тушаалд энэ харьцаа эсрэгээрээ байдаг. Нийт бизнесийн байгууллагын шийдвэр гаргах албан тушаалтнуудын 20 хувь нь л эмэгтэйчүүд байна. Уг нь тухайн компанийн гол ажлыг нугалдаг, бизнесийн өсөлт, хөгжилд нь бодитоор хувь нэмрээ оруулж, гол хөдөлгөх хүч нь дунд шатны менежерүүд байдаг. Энэ нь зөвхөн амбиц, нэр хүнд хөөсөн эмэгтэйчүүдийн асуудал биш юм. Монголын эдийн засагт тэдний нөлөөлөл асар их байгаа. Гол ажлыг нь нугалдаг хэрнээ гүйцэтгэх түвшинд бага, цалингийн хувьд ч тухайн компанид оролцож байгаа эмэгтэй хүний оролцоог бодитоор үнэлэхгүй байгаа нь харагддаг. Оролцоогоо бодитоор үнэлүүлэх, үр шимийг тэгшээр хүртэх тал дээр анхаармаар байна. Эмэгтэй хүнд эрэгтэй хүнд байдаг авлига, хээл хахууль, архи дарсны нөлөөнд автах гэх мэт сул талууд харьцангуй бага байдаг. Бизнест шударга хандаж чаддаг. Гэр бүлдээ ч гэсэн эмэгтэй хүн илүү их анхаарал хандуулж, олон зүйлийг зэрэг амжуулж чаддаг. Эрэгтэй хүн зөвхөн ажлаа л хийдэг. Тэр талаасаа эмэгтэй хүн удирдах түвшинд түлхүү орж ирвэл нийгэмд илүү эерэг нөлөө үзүүлнэ. ЭМЭГТЭЙ УДИРДАГЧДЫН УЯН ХАТАН БОДЛОГЫН АЧААР ХҮНД БАЙДЛААС АВРАГДАЖ БАЙНА -Дэлхийн 173 орны төв банкнуудын 11-ийг нь эмэгтэй ерөнхийлөгч удирддаг бол Энэтхэг, Индонез, Испани зэрэг 30 гаруй улсын Сангийн сайд нь эмэгтэй улс төрч байна. Дэлхий нийтийн хандлага бол бизнест эмэгтэйчүүдийн оролцоог түлхүү дэмжье гэсэн хандлагатай байдаг. Жишээлбэл эмэгтэйчүүдэд бололцоо олгосон төсөл хөтөлбөрүүдийг түлхүү дэмждэг. Ази, Европийн хөгжингүй орнуудтай харьцуулахад манай улсын бизнест оролцож байгаа эмэгтэйчүүдийн тэгш эрх маш доогуур төвшинд байна. Жишээлбэл Финландад 34-хөн настай эмэгтэй ерөнхийлөгч болчихлоо. Жендерийн тэгш эрхийг бодитоор нь хангаж байгаа орнууд гэвэл Хойд Европын орнууд, Норвеги, Хойд исланд, Финланд, Шведийг нэрлэж болно. Эдгээр улсуудын парламентын гишүүдийн 50-аас илүү хувь нь эмэгтэйчүүд байдаг. Хүний хөгжлийн индексээрээ тэргүүлж байгаа эдгээр орнуудад эмэгтэйчүүдийн оролцоо мэдээж чухал нөлөө үзүүлдэг. Ингээд харахаар улс төрд ч бай, бизнест ч бай эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэнээр хөгжлийг өөд нь татдаг гэдэг нь бодитоороо харагдаж байна. Эдгээр орнууд эсрэгээрээ эрэгтэйчүүдийн тэгш эрхийг ярьдаг болсон байна. Аливаа байгууллагын ТУЗ-ийн гишүүдийн 30-аас доошгүй хувийг эмэгтэй удирдагчаар бүрдүүлбэл зөв засаглалтай, шударга, хүнлэг үйл ажиллагаа явуулахаас гадна ногдол ашигт хүртэл ахиу мөнгө хуваарилдаг болохыг олон улсын хамаг том гэгдэх судалгааны байгууллагууд нотолсон. Түүнчлэн одоогоос зургаан жилийн өмнө дэлхийн эдийн засгийн форумд “Эмэгтэй лидерүүд бизнес, улс төрд олноор орох тусам дэлхий аврагдана” гэж тунхаглаж байлаа. Энэ нь эмэгтэйчүүд олноороо удирдлагыг гартаа авах тусам дэлхийд энх тайван тогтож, энэрэнгүй нийгэм бий болно гэдэгтэй санал нэгдсэн хэрэг билээ. “Fortune” сэтгүүлээс жил бүр нэрлэдэг тэргүүлэгч 500 компанийн зургаан хувь буюу 30-ийг нь эмэгтэйчүүд удирдаж байна. Энэ зууны эхэнд уг жагсаалтад ердөө ганцхан эмэгтэй захирал багтаж байлаа. Ийнхүү дэлхий нийтээрээ эмэгтэй удирдагчдын уян хатан бодлогын ачаар хүнд байдлаас аврагдаж, эх дэлхийгээ хайрласан, илүү олон хүнийг тэгш, тогтвортой амьжиргаатай, эрүүл аюулгүй орчинд амьдруулах чин эрмэлзэлд хөтлөгдөх болов. Монгол Улсад ч энэ хандлага шингэж шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоо ихсэх тусам нийгмийн зүй бус үзэгдлүүд багасна гэдэгт итгэдэг. ЭМЭГТЭЙ ХҮМҮҮС ЯАГААД УДИРДЛАГЫН ТӨВШИНД ГАРЧ ЧАДАХГҮЙ БАЙНА ВЭ? -Эмэгтэйчүүдийг нийгмээрээ хүлээн зөвшөөрөхгүй хандлага байна. Жишээлбэл би өөрийнхөө туршлагаас яривал, намайг арваад жилийн өмнө бизнесийн уулзалтад өөрийнхөө үеийн эрэгтэй хүнтэй хамт оролцоход хүмүүс эхлээд эрэгтэй хүнтэй нь харьцдаг. Залуухан, жижиг годгор охин юугаа мэддэг юм гээд мэдлэгтэй ч бай эмэгтэй хүнийг мэдэхгүй байж голчихдог. Тэгээд ажлаа мэдээд, сураад, одоо л хийе гээд, хамаг туршлага нь жигдрээд ирэхээр хөгширсөн гэх шалтгаанаар авч хэлэлцдэггүй. Энэ нь нийгмээс эмэгтэйчүүдэд үзүүлж буй их том дарамт. Эмэгтэй хүн дэвшихэд асар их хэл аманд өртдөг. Эрэгтэй хүнийг дээд албан тушаалд байвал хэл ам дагадаггүй, сайхан байвал сайхан залуу, мэдлэгтэй бол мундаг залуу гэдэг. Харин эмэгтэй хүнийг нийгэм буруугаар хүлээж авдаг. Өөрсдийн хүчээр амжилтад хүрсэн эмэгтэйчүүдээ хүлээн зөвшөөрдөггүй. Амжилттай явж байгаа улс төрч, бизнесийн салбар, урлагийн салбаруудад байгаа эмэгтэйчүүдийг сошиал дахь сэтгэгдлүүдийг нь хараад байхад гадаад төрх, царай зүс, өмссөн зүүсэн, бүгдийг нь муулна. Эрэгтэй хүнийг огт тэгдэггүй. Хамгийн харамсалтай нь тэр сэтгэгдэл бичээд байгаа нь дандаа эмэгтэйчүүд байгаа юм. Эмэгтэй хүнийг хүн байх эрхэд нь халдаад хүчирхийлэлд өртчихсөн байхад нь хүртэл хүчирхийлэгчийг өмгөөлөөд, өөрсдөө дайрч давшилдаг. Нийтийн энэ хандлагыг өөрчлөхөд наад зах нь гэр бүлийн зөв боловсрол, хандлага чухал. Үүнээс үзэхэд эмэгтэйчүүд нэгнийгээ огт дэмждэггүй нь харагдаж байгаа юм. Эрчүүд бол эр хүн эр хүндээ хайртай гэгчээр муу ч сайн ч бүхий л юман дээр өмгөөлдөг. Ажил дээр ч тэр эмэгтэйчүүд нэг нэгнээ ерөөсөө дэмжиж чаддаггүй. Атаархлаас болдог юм уу, эсвэл эмэгтэй хүний өнгөц бодлоосоо болоод байдаг. Ингэж хандаад байвал эмэгтэйчүүд өөрөө өөрсдийнхөө нэр хүнд, нийгэм дэх оролцоо, манлайллаа үгүй болгоод байна. Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмжиж, эвлэлдэн нэгдэх хэрэгтэй. Манайд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах маш олон ТББ-ууд байдаг хэрнээ хоорондоо уялдаа холбоотой ажилдаггүй, нэгдэн нийлж чаддаггүй. ЭМЭГТЭЙ ХҮН АЛИВАА САЛБАРТ ДЭЭШЭЭ ЦОЙЛЖ ГАРАХАД ЭРЭГТЭЙ ХҮНЭЭС ХОЁР ДАХИН ИХ ТЭМЦЭЛ, ХҮЧ ХӨДӨЛМӨР ГАРГАДАГ -Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт буурч байгаа нь бүх нийтээрээ эмэгтэй хүн ар гэрээ авч яваад, нөхөр нь ажлаа хийх ёстой юм шиг үзэлтэй болсон байна. Амжилттай эр хүний ард хүчирхэг эхнэр байх ёстой гэсэн тархи угаалт газар авч, эмэгтэй хүнийг үржлийн амьтан юм шиг үздэг үзэл нь бүр эрчимжсэний илрэл нь энэ юм. 30-40 насны эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт идэвхтэй байгаа. Харин одоо дөнгөж сургууль төгссөн залуу охид эсрэгээрээ хүүхэд гаргаад, гэртээ суух сонирхолтой болсон байна. Яахав тэр хүний хувийн хүсэл сонирхлыг хүндлэх хэрэгтэй ч гэсэн массаараа ийм үзэл бодолтой байгаа нь нийгэмд нөлөөлж байна. Байртай, машинтай, мөнгөтэй хүнтэй суугаад, хүүхдийг нь гаргаад гэртээ байж байх сонирхолтой болсон нь харамсалтай. Эмэгтэй хүн аливаа салбарт дээшээ цойлж гарахад эрэгтэй хүнээс хоёр дахин их тэмцэл, хүч хөдөлмөр гаргаж байж нийгэмд хүлээн зөвшөөрөгддөг. Улс төрд эмэгтэйчүүдийн квот тогтоосон байдаг бол бизнесийн байгууллагуудад квот тогтоосон байгууллага байдаггүй гэж хэлэхэд болно. Төлөөлөн удирдах төвшинд эмэгтэй хүн тэд байх ёстой гэсэн квот байдаггүй. Үүнийг байлгах шаардлагатай. Манай байгууллага эмэгтэй ажилчдаа карьер болон санхүүгийн хувьд өсөн дэвжих боломжоор хангахын тулд жендерийн тэгш эрхийн талаар дотоод журам гаргаж хэрэгжүүлсэн. Зээл олгохдоо жендерт мэдрэмжтэй компаниудыг дэмжиж зээлийн үнэлгээнд оруулдаг. Өмчлөл нь манай уламжлалт сэтгэлгээнээс шалтгаалсан зүйл юм. Өмч хөрөнгөө хүүдээ өвлүүлдэг соёл нь бизнесийн салбарт ч их ажиглагддаг. Ихэнх эмэгтэй өөрийн гэсэн өмчгүй учраас банкны баталгаа, зээл авах боломжгүй болдог. Тиймээс үүнд төрийн дэмжлэг буюу дэм бүтэц хэрэгтэй. Эмэгтэй бизнес эрхлэгчдээ дэмждэг баталгааны санг Засгийн газар байгуулж болно. Тогтвортой хөгжлийн нэг зорилт болсон жендерийн тэгш эрхийг хангахад төр бодлогоороо дэмжих шаардлагатай. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.16 ДАВАА №248 (6215)