Б.Сансар
ОХУ-ын киноны хамгийн нэр хүндтэй “Ника” шагнал гардуулах 27 дахь ёслол Москвагийн Академик театрт болжээ. Александр Велединскийн “Бөмбөрцгөө уучихсан газар зүйн багш” кино найман номинацид нэр дэвшин хойд хөршийн оны шилдэг кино, найруулагч, гол дүрийн эрэгтэй болон эмэгтэй жүжигчин зэрэг гол номинациудад тэргүүлсэн байна. Харин долоон номинацид нэр дэвшсэн Федор Бондарчукийн өндөр өртгөөр бүтсэн “Сталинград” шилдэг дууны найруулагч, зураач, хувцасны зураач зэрэг хоёрдогч номинациудад шагнал гарджээ. Домогт найруулагч Георгий Данелиягийн “Ку! Кин-дза-дза” шилдэг хүүхэлдэйн кино, Виталий Манскийн “Яндан” шилдэг баримтат киногоор шалгарсан байна.