Д.ЭНХЭЭ
Ямар ч хүнд ачааллыг хүний бие организм ажрахгүй даах боломж хязгааргүй мэт санагдах үе заримдаа бий. Гэхдээ амрах хэрэгтэй байна шүү гэдгийг бидний бие махбодь хоёргүй утгаар олонтоо тохиолдог билээ.
Организмд гарч байгаа ноцтой өөрчлөлтийн талаар өгч байгаа түгшүүрийн дохиог бид анзаарахгүй өнгөрч болохгүй. Москвагийн сэргээн засах нэгэн эмнэлгийн ерөнхий эмч, анагаахын шинжлэх ухааны доктор, мэдрэлийн эмч Виктор Косс “КП” радиогоор ийнхүү өгүүлжээ.
1.Чих шуугиж, час час хийх ёсгүй
Сонсголын галлюцинациуд (элдэв дуу чимээ) бол хамгийн олон тохиолдох шинж тэмдэг. Ямар нэг зүйл час час хийх, шуугих, дуу чимээ нэг холдож бүдэгрэх, эсвэл гэнэт ойртож тодрох гэх мэт. Чих хамар хоолойн эмчид зөвлөгөө авахаар үзүүлэхэд онцын ямар ч өөрчлөлтийг эмч илрүүлэхгүй байх.
2.Гэнэт багана, шон мөргөх гэж байгаа юм шиг сэтгэгдэл төрнө
Сонсголд бага зэргийн өөрчлөлт гарч эхэлнэ, алхаа гэнэт өөрчлөгдөнө,толгой манарна.Өөрөөр хэлбэл, сонгодог мэдрэл судлалын ухаанд үл хамаарах ойлгомжгүй шинж тэмдгүүд гэсэн үг. Эдгээр шинж тэмдэг онцын ноцтой биш болохоор тэдгээрийг бид өөрсдөө ч бодож гаргаад байгаа юм шиг.
-Ийм тохиолдолд хүзүүний судасны шинжилгээг давхар хийлгэх хэрэгтэй, учир нь цусны эргэлт өөрчлөгдөж ар дагзны хэсгийн цусан хангамж багассаны улмаас ийм өөрчлөлт гарч болзошгүй юм.Хүзүүний остеохондрозын үед ч ийм шинж тэмдэг илэрч болно. Юутай ч нэмэлт шинжилгээ хийлгээд өөр шалтгаан байхгүй бол архаг ядаргаа гол буруутан болно. хэмээн Виктор Косс тайлбарлажээ.
3.Нулимс гоожих, айдас түгшүүр үргэлжлэх
Хэрвээ биеийн алжаал дээр сэтгэлийн зовиур, стресс хавсарвал астеник невроз буюу бие суларч, нулимс гоожиж, аймшгийн зүүд зовоох зэргээр биеийн байдал өөрчлөгдөнө.
- Урьд нь огт байгаагүй айдас түгшүүр салахаабайж, лифтэнд сууж чадахгүй болтол гэнэтийн клаустрофобийншинж тэмдэг бий болно. Дараа нь метронд суухаар цахилгаан шатаар уруудах, олон хүн цугласан газраас айж түгших болно. Өөрөөр хэлбэл сэтгэл шаналгасан асуудал ар араасаа шил даран гинжин холбоогоор үргэлжилнэ – хэмээн шинжээч тайлбарлав.
4.Өдөржин нозоорох.
Шалтгаангүй өдөржин нозоорох нь Альцгеймерийн өвчин газар авах, өөрөөр хэлбэл, ухаан санаа самуурах өндөр эрсдэл гэдгийг саяхны судалгаа нотолжээ. Нойргүйтсэнээс болж нозоорохыг шалтгаангүй гэж үзэж болохгүй. Шөнө унтаж чадахгүй байн байн сэрэх, гүн нойрсож чадахгүй зүүрмэглэх, өдөр нь үүрэглэж байгаа бол депресс буюу сэтгэл гутралын шинж байж болзошгүй.
Гэхдээ та зүүдлэлгүй 8 цаг бат бөх унтдаг, хэвтэнгүүт нам унтдаг, гэхдээ өдрийн турш байнга үүрэглэх, нойр дутуу санагдах зэрэг нь тархины хүчилтөрөгчийн дутагдлын тааламжгүй шинж тэмдгүүд бөгөөд эрт, орой нэгэн цагт тархины цусан хангамжийн дутагдалд орох, ухаан санаа муудах зэрэгт хүргэж болзошгүй.
-Нозоорох шалтгаан олон байж болно. Тухайлбал, хүзүүний үений остеохондроз, бодисын солилцооны хямрал байж болно. Мөн судасны агчил (спазм), магадгүй зүрхтэй холбоотой асуудал ч байж болзошгүй. Аль эсвэл гемоглобин багасах, цус өтгөрөх, бүлэн үүсэх зэрэг ч байж мэднэ. Тэр бүү хэл ходоод-гэдэсний замын хямрал ч нозооруулж магадгүй. Өсвөр насныхны хувьд нозоорол бэлгийн хөгжилтэй холбоотой. 45-аас дээш насны эмэгтэйчүүдийн хувьд цэвэршилт гол шалтгаан болдог.
Бүхэлдээ нозоорол бол организм ачааллаас өөрийгөө хамгаалж байгаа хариу үйлдэл юм. Тухайлбал, тархи стрессээс өөрийгөө хамгаалахын тулд организмыг унтаж амрах, сэргэлт авахыг шаардаж байна. Ер нь бидний организм бол өөртөө юу хэрэгтэйг мэдэж, өөрөө өөрийгөө зохицуулдаг маш сайн тогтолцоо билээ. Харамсалтай нь, орчин цагийн аж төрөх хэв маягаас болж бид өөрсдийгөө тэр бүрий сонсож чадахгүй байна. Ихэвчлэн нозоорол бол ерөнхийдөө ядарч байгааг илтгэсэн нэмэлт гомдол хүсэлт юм. Мөн стрессээс бушуухан холдохыг хүнд сануулж байгаа ноцтой дохио харанга мөн.
5.Гадаад төрх байдал ч бас өөрчлөгдөнө
Дээр өгүүлсэн бүх хүчин зүйлийн нөлөөгөөр алхаа хүндэрч, хоёр мөр байнга унжиж, нүд гал цоггүй болж сүүмийх зэргээр гадаад төрх байдал ч бас өөрчлөгдөнө. Ядаргаанд удаан байх тусам хүн сэтгэл гутралд орох магадлал өндөр. Ядаргааны эхний шинж тэмдгийг ойр дотны хүмүүс анзаарч, хэт ачаалалтай ажиллахыг нь болиулж, амраах хэрэгтэй.
Эцэст нь ядаргаа сэтгэл гутралаас ямар ялгаатай вэ
Сэтгэл гутралын хувьд хүчтэй ядаргаанаас ялгаатай дараах шинж тэмдэг бий. Тухайлбал:
-Үр хүүхэд хичээлдээ сайн дүн авах, шагнал урамшил хүртэх, ээлжийн амралт авах гэх мэтээр юу ч болж байсан та огт баярлахгүй байх;
-Та огт юу ч хүсэхгүй. Тэр бүү хэл хүсэхийг ч хүсэхгүй;
-Муу бодолд цаг үргэлж дарагдах, өөрийгөө хэн ч биш гэж бодох, өөрийгөө эцэс төгсгөлгүй буруутан болгох (юу ч хийсэн амждаггүй, юу ч хүсдэггүй гэх мэт)
-Сэтгэл санааны таагүй байдал шалтгаангүйгээр хоёроос гурван долоо хоног дараалан үргэлжлэх;
-Булчин шархирч өвдөх, бие сулрах, өтгөн хатах, эсвэл гүйлгэх (ховор),бэлгийн дур хүсэлгүй болох.
Ядарсан үед жирийн байдалтай харьцуулахад бага зэрэг буурсан байх боловч сонирхол, сэтгэлийн хурц тод хөдлөл, хүсэл тэмүүлэл хадгалагдсан хэвээр байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.12.10 МЯГМАР №244 (6211)
Туйлдаж ядарсныг мэдрүүлэх түгшүүрт таван шинж
2019-12-10
Нийтэлсэн: Админ
 1 мин