Ч.ҮЛ-ОЛДОХ
Нийслэлийн МАХН-ын дарга, хуульч Э.Эрдэнэжамъянтай ярилцлаа.
-МАХН иргэдийг өрнөөс гаргах асуудлыг дэвшүүлж бүртгэл эхлүүлсэн. Ямар судалгаа, тооцоо гарч байх юм?
-Бид сүүлийн гурван жил шахам Шинэ Дээд Үндсэн хуулийн төслийг танилцуулж, санал авахаар бүх аймаг сумыг тойрсон. Энэ үеэр иргэд нэг асуудалд санаа сэтгэлээ чилээж ярьж байсан. Өнөөдөр ахмадуудын 70-80 хувь нь тэтгэврийн зээлтэй, ажил эрхэлж байгаа хүмүүс бүгд цалингийн зээлтэй, орон сууцанд орсон иргэд бүгд ипотекийн зээлтэй байна. Монголбанкны албан ёсны статистикаас үзэхэд Монгол Улсад нийтдээ 1.3 сая хүн өр зээлтэй гэсэн үзүүлэлт байна. Энэ өр зээл нь бизнесийнхээс өөр. Тодорхой баялаг бүтээх гэж байгаа, эсвэл хөрөнгөө өсгөх гэж байгаа биш юм. Зүгээр л өөрийнх нь ирээдүйд орж ирэх цалин, орлогыг зээл татвар нэрээр хурааж авч байгаа үйл ажиллагаа. Нөгөөтэйгүүр иргэдийн тавьсан өр зээлд дүн шинжилгээ хийхэд банк санхүүгийн асар том мөнгө хүүлэлт явагдаж байна.
Хүү нь асар өндөр, дэлхийн жишгээс бараг 10 дахин өндөр хүүгээр иргэдийг мөлжиж байна. Монголчууд бүгдээрээ ийм мөлжлөгт орчихоод байна. Жишээ нь тэтгэврийн зээлтэй хүмүүс жилийн 15 хувийн хүүтэй зээл авч байгаа. Энэ нь үндсэндээ дээрэм юм. Тэтгэврийн зээлийг өгөхдөө 15 хувь буюу хүүгээ суутгаад авчихдаг. Хоёр жилийн хугацаатай зээл гэхэд 30 хувийг суутгаж авна гэсэн үг. Тэгээд нэмэгдүүлсэн хүү гээд 30 биш 42 хувийг нь авчихдаг нь сая бидний хийсэн судалгаагаар тодорхой болсон. Энэ хэтрэх юм бол долоон жилийн хугацаатай зээл авлаа гэхэд тухайн хүн банкинд мөнгө төлөөд огт мөнгө авахгүй байхаар залилан хийсэн байна. Ипотекийн ч, цалингийн зээл дээр ч цаад талд нь явж байгаа луйвар булхайг олж харж, шударгаар шийдвэрлэх цаг болжээ.
- Банкууд дур мэдэж мөнгө хүүлдэггүй байх. Тэгэхээр энэ гажуудал хэзээ, хаанаас эхэлсэн бэ. Хэн ийм жишиг тогтоогоод байдаг юм бол?
-Мэдээж Монголбанк дураараа зохицуулалт хийдэг үү, эсвэл УИХ нь ийм дүрэм журам гаргадаг уу гэдгийг харах ёстой. Банкуудтай очоод уулзахад бүгд “Бид УИХ-ын гаргасан хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Бидэнд ард түмнийг ийм байдлаар сорж мөлжөөд байх хүсэл сонирхол байхгүй. Харамсалтай нь хууль биднийг ийм зүйл рүү хөтөлж байгаа учраас бидэнд ч гэсэн асар том эрсдэлтэй, алдагдалтай санхүүгийн тогтолцоо үүсчихээд байна гэдгийг хэлдэг. Үүнээс юу харагдаж байна гэхээр өнөөдөр төр барьж байгаа хүмүүсийн бодлогын алдаатай шийдвэрээс болж хүмүүс өрөнд орсон гэж товч бөгөөд тодорхой дүгнэж болно.
-Ард түмнийг өрнөөс гаргах боломж, үр дүн хэр бодитой бол. Яагаад гэвэл, Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 онд нэр дэвшиж байхдаа АН-тай хамтран “Ард түмнээ өрнөөс чөлөөлнө” гэж амласан ч хэрэгжүүлээгүй болохоор ингэж асуумаар байна?
-Тэр хүмүүс буруу цагтаа буруу дуугарч тийм амлалт өгсөн. Яагаад гэвэл Ерөнхийлөгч хууль санаачилж болохоос биш хууль батлах эрхгүй. Тэр утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийгөө 77 дахь хууль санаачлагч юм. Гэхдээ санаачлах үүргээ ч биелүүлэхгүй байна. Тиймээс бид Ерөнхийлөгч Х.Баттулгад хамтраад хууль санаачилъя. Бид тооцоо, судалгааг нь хийчихлээ. Тиймээс та нэгэнт ард түмний өрийг чөлөөлнө, дарна гэж гарч ирсэн хүний хувьд одоо ажлаа хий гэсэн утга бүхий санал хүсэлтийг хүргүүлсэн. Хариу ирээгүй байна. УИХ-д мөн шаардлага хүргүүлж байгаа. УИХ бол Монголбанкны Ерөнхийлөгчийг томилдог, Сангийн сайдыг, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилдог. Мөнгөний бодлогыг баталж, төсвийн хуулийг боловсруулж баталдаг. Өөрөөр хэлбэл, энэ бүх эрх мэдэл УИХ-д бий. Тиймээс МАХН 2020 онд УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэг субьектийн хувьд одоо ард түмэндээ хандаж энэ асуудлыг дэлгэж тавья. Оноос өмнө үүнийгээ хэлье гэсэн бодолтой байна.
-Оноос өмнө гэдэг нь ямар учиртай вэ?
-Шинэ он гармагц иргэдийн өрийг чөлөөлөх тухай ярихыг улс төрийн намуудад хуулиар хориглосон байгаа. Тиймээс одоо ярьж байна.
-Ер нь бол Монголын улс төрийн намуудын үндсэн хийх ажил биз дээ?
-Уг нь улс төрийн намуудын үндсэн хийх ажил ард түмнээ өр ширгүй, сайн сайхан амьдруулах юм. Гэтэл сонгуулийн тухай хуулиар нь тийм зүйл амлахыг нь хориглоно гэдгээс монгол биш үнэр гараад байгаа юм. Хууль Монголын ард түмний төлөө байх ёстой шүү дээ. Тэгэхээр хууль нь тийм байгаа учраас бид бодлогоо одоо гаргаж тавьж байгаа. Иргэдийн өр, зээлийн асуудлаар бид мэргэжлийн санхүүч, банкир, эдийн засагчдын баг ажиллуулсан. Тэд банкны системд байгаа эх үүсвэр буюу тэдний дамжуулж зээлдэг мөнгөний зардлыг багасгах нь чухал гэдэг асуудлыг гаргаж тавьсан. Өөрөөр хэлбэл, банк гэдэг хэн нэг хүний мөнгийг зээлж аваад буцаагаад хэрэгтэй үед нь зээлүүлдэг дамжуулагч байгууллага. Гэтэл манай улсын хуулиар төр өөрөө болон уул уурхайн компаниуд, олон улсын байгууллага, гадаад дотоодын аж ахуйн нэгжүүд бүгд банкинд мөнгө зээлүүлэх эрхтэй болчихсон. Хэзээ ч хэнээс ч мөнгө хүүлэх тусгай зөвшөөрөл аваагүй гадаад, дотоодын байгууллагууд, төр нь өөрөө хүртэл банкнаас мөнгө хүүлээд унахаар банкны өөрийнх нь гадагшаа гарах мөнгөний үнэ цэн өсчихөж байгаа юм. Тэгэхээр банкинд эх үүсвэрийг нь хямдхан өгөх гэдэг нь хөтөлбөрийнх нь цаад талд байгаа гол нууц нь байгаад байна. Ийм өөрчлөлтийг 1930-аад онд АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Рузвельт хийсэн байдаг. Тухайн үед АНУ-д юу тохиолдсон бэ гэхээр яг ийм банк, санхүүгийн хямрал болсон. Ингээд тэр үеийн алдартай эдийн засагч Кейнс тодорхой онол боловсруулсан. Ард түмнээ яаж банкны өр, зээлийн дарамтаас ангижруулах вэ, яаж эдийн засгийн хмяралаас гарах вэ гэсэн асуулт тавиад санхүүгийн систем дэх бүх том тоглогчийг оролцуулж асуусан. Энэ үеэр банкууд нэг зүйл хүссэн нь өнөөдрийн бидний ярьж байгаа шиг банкуудад очиж байрших харилцахийн хүү хэмээх нэртэй мөнгө хүүлэлтийг зогсоох ёстой юм байна гэсэн. Харилцахын хүү, хадгаламжийн хүү хоёр ямар учиртай вэ гэж Рузвельтийг асуухад хадгаламжийн хүү нь иргэдийн өөрийн гар дээр байгаа цалингийн илүү гарсан хуримтлалыг ирээдүйдээ зориулж хадгалж байгаа хүү юм. харилцахын хүү гэдэг зүгээр л банкуудаас үйлчилгээ авах ёстой банкинд байршуулж байгаа мөнгөний төлөө авч байгаа хүү юм гэсэн. АНУ-ын ерөнхийлөгч Рузвельт тэгвэл хадгаламжийг бид оролдох хэрэггүй юм байна. Харин харилцах буюу төр, том компаниуд, бусад байгууллага, шашны байгууллагууд банкинд мөнгөө байршуулсныхаа төлөө хүү авдаг байдлыг таслан зогсоож болох уу гэсэн. Банкууд нь бид ийм зүйлийг л хүсч байгаа гэж хариулснаар асуудлыг шийдэж, АНУ санхүүгийн зөв голдирол руу орсон байдаг. Үүнийг тухайн үеийн улс орнууд “Рузвельтийн шинэ гэрээ” гэж нэрлэж байсан. Эдийн засагт оролцож буй бүх тал нийлж байгаад шинээр гэрээ байгуулъя гээд хийсэн учраас тэр. Яг үүн шиг бид ч гэсэн төрийн алдаатай явж ирсэн шийдвэрийг засъя. Ийм өөрчлөлт хийгээд өмнө нь төрийн алдаатай бодлогын улмаас өр зээлтэй болсон иргэдээ өрнөөс чөлөөлөх ёстой юм байна гэсэн бодлогыг гаргаад байгаа юм. Өнөөдөр тэтгэврийн, цалингийн зээл авсан хүмүүс өөрсдөө хүсээд авчихсан юм биш шүү дээ. Гоё юм хийе, шинэ зүйл бүтээе гэхээсээ илүү амьдрал нь яахын аргагүй хүрэлцэхгүй аргаа бараад зээл авч өр тавьж байгаа юм. Энэ нь уг нь төрийн үүрэг юм шүү дээ. Иргэдээ цалин, тэтгэврээр нь хангалттай сайхан амьдруулах үүрэг нь төрд бий. Энэ ажлаа хийж чадаагүйнхээ бурууг төр хүлээж, ард түмнээсээ уучлал гуйж, өрийг нь чөлөөлөх ёстой.
-Тэгэхээр одоо МАХН ард түмнийг өр, зээлээс нь чөлөөлөх тооцоо, судалгааг нь гаргачихлаа. Арга замыг нь олчихлоо, хийж хэрэгжүүлье гэсан саналыг дэвшүүлж байна уу?
-Бүх тооцоо судалгаа, арга замыг олсон. Ямар хуулиудыг яаж өөрчлөхийг ч тодрууллаа. Тиймээс одоо бүгдээрээ ард түмэндээ хоёр дахь боломжийг олгоё. Бизнес эрхлэгчдэд ч хоёр дахь боломжийг олгоё. Цалин, тэтгэврийн зээлтэй иргэддээ ч боломжийг нь олгоё. Үүний тулд 2020 онд тэтгэврийн зээлийг хүүтэй нь хамт өршөөе. Авсан зээлийг нь ч хүүг нь дарж өгье. Ингээд тэтгэврийн насныхан маань одоо би өр зээлгүй боллоо цаашаа илүү сайхан амьдаръя гээд шинээр эхлэх хэрэгтэй. Цалингийн зээлийн хүүг тэглэе гэж байгаа. Энэ боломжтой. Өнгөрсөн хугацаанд цалингийн зээл аваад хүүнд хэдийг төлж вэ, эсвэл төлөхөөр гэрээ хийсэн байна уу, тэрийг нь чөлөөлье. Ипотекийн зээлтэй хүмүүс бас бий. Тэд зээлээ төлчихсөн, гэтэл үндсэн төлбөрөөс нь хасагдаагүй зөвхөн хүүгээ төлсөн байна гээд байдаг. Энэ гажиг тогтолцоог өөрчилж, өмнө төлсөн бүх мөнгө нь байрны үнээс хасагдана. Анх 100 саяар гэрээ хийгээд энэ хүртэл яг хэдийг төлж вэ. Талыг нь төлсөн бол үлдсэн хэсгээ л төл. Түүнээс хүүнд тооцохгүй. Ийм зарчмыг бид тунхаглаж байгаа.
-Өр дарах, тэглэх боломжгүй, эдийн засгийн хэцүү гэдэг шүү дээ, манай төр, засаг?
-Зээлд очсон мөнгө хэний мөнгө болохыг эзнийг нь бодоод олчиход энэ асуудлыг ярихад амархан. Тэр бол Нийгмийн даатгалын санд байгаа ахмадуудын өөрсдийнх нь мөнгийг төр, банк хоёр нийлж хүүлж байгаа асуудал. Тэгэхээр тэтгэврийн зээлийн хүүг тэглэнэ гэдэг өөрсдийнх нь мөнгийг өөрсдөд нь өгч байгаа гэсэн үг. Тэртэй тэргүй өөрсдийнхөө мөнгийг ахмадууд тэнд төвлөрүүлсэн байна шүү дээ. Цалин ч ялгаагүй. Цалинг нь тавьж байгаа байгууллагынх нь мөнгө банкинд байршсан гэсэн үг юм. Тиймээс эх үүсвэрийн тал дээр өөр санаа зовох зүйл байхгүй. Ипотекийн зээл бол өөр. Бүх мөнгийг нь Монголбанк гаргасан, буцаад тийш нь татан төвлөрүүлдэг.Тиймээс бүх байрны ордер тэнд байгаа. Түүний төлөө Монголбанк хүү авч байна. Хуулийг нь өөрчилчихвөл тэр бол зөвхөн бичилтийн л асуудал. Өөрөө мөнгөө гаргасан өөрөө мөнгөө хурааж авч байгаа гэсэн үг. Дунд нь иргэдээс хүүтэй авах уу, хүүгүй авах уу гэдэг нь улс төрийн зорилго. Тэгэхээр хүүгүй буцаагаад авчих гэж байгаа юм. 100 саяын байрыг хүнд өгсөн бол Монголбанк тэр мөнгөө л ав. Эндээс ямар нэгэн алдаа гарахгүй. Харин санхүүгийн эдгээр асуудлыг шийдээд ирэхээр мөнгөний нийлүүлэлт ихэсч имфляц үүсч магадгүй гэсэн асуудал байж магадгүй. Үүнийг тусгай хуулиар зохицуулж бас болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.12.5 ПҮРЭВ №241 (6208)