Н.МӨНХЖИН
2013 онд Египетийн дотоодын нийт бүтээгдэхүүн 60 хувиар буурчээ. Албан мэдээллээр хүн амын 25 хувь нь (албан бус мэдээллээр 50 хувь нь) ядуурлын төвшинд амьдарч байна. Ажилгүйдэл 20 хувьд хүрчээ. Египетийн Худалдааны сайд Мунир Абдель Нур “Известия”-д ярьж байна.
-Мөдхөн Египетийн эдийн засаг сэргэж эхэлнэ хэмээн та нэг бус удаа мэдэгдсэн. Энэ өөдрөг бодол юутай холбоотой вэ?
-Манай эдийн засаг одоо зогсонги байдалд ороод байна. 2005-2007 онд эдийн засгийн өсөлт жилд 7.1 хувьд хүрч байсан. 2008 оны олон улсын санхүүгийн хямралын улмаас өсөлт мэдэгдэхүйц удааширлаа. 2011 оны Хаврын хувьсгал, тэгээд залгасан улс төрийн тогтворгүй байдлын улмаас энэ удаашралт хадгалагдсаар ирлээ. Каирын гудамжинд жагсаал, мөргөлдөөн болж байна, улс орон даяар аюулгүй байдал муудлаа гэж бүх хэвлэлээр зарлаж байх хооронд эдийн засаг уруудаж, гадаадын хөрөнгө оруулалт гэж бараг байхгүй болсон. Шинэ эрх баригчдын боловсруулсан хөтөлбөрийн ачаар энэ байдал мөдхөн арилна гэж бодож байна. 2012-2013 онд эдийн засгийн өсөлт 2.1 хувьтай байсан. Энэ онд гурван хувьд хүргэхээр зорьж байна.
-Тогтвортой байдалд хүргэх гол түлхүүр нь юу вэ?
-Гурван хэсгээс бүрдэж байна. Бүр нийтийн санал асуулгаар шинэ Үндсэн хуулиа батлах эхний үе шат өнгөрсөн. Одоо Ерөнхийлөгчийн сонгууль гэсэн хоёрдугаар үе шатанд бэлтгэж байна. Маршал Абдель Фаттах аль-Сиси цэргийн албан тушаалаасаа татгалзаж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд бэлэн боллоо. Тэр бол эдийн засгийг сэргээж, аюулгүй байдлыг сахиулахын тулд хүнд, хэцүү алхам хийж чадах шударга, цэвэр хүн. Египетэд ийм л улстөрч хэрэгтэй байсан. Гуравдугаар үе шат нь парламентын сонгууль байх болно.
-Эдийн засгийг сэргээх ямар төсөл, хөтөлбөр байгаа вэ?
-Суэцийн сувгийн бүс, хүчин чадлыг өргөтгөх төсөл маш чухал. Бид тус бүс нутгийг үйлдвэрлэл, олон улсын худалдааны ар тал, хангамжийн төв болгох хүсэлтэй байна. Бид тэнд хөлөг онгоцны үйлдвэр, засвар үйлчилгээний төв байгуулахаар төлөвлөж байгаа. Үүний хажуугаар төрөөс өгдөг тусламжийг багасгах болно. Шатахуунд өгдөг асар их татаасийг болиулна. Энэ нь нийгмийн дургүйцлийг хүргэж болох ч ингэхээс өөр арга алга.
-Олон улсын валютын сангаас тусламж авах уу. “Лалын ахан дүүс” хөдөлгөөн энэ тусламжийг авах гэж удаан оролдсон ч чадаагүй..?
-Араб ахан дүүсийнхээ ачаар бидэнд тэр тусламж тийм их хэрэг болохгүй байна. Эдийн засгийн машиныг ажиллуулахын тулд Египет улс мөнгөний бодлогоо өргөтгөхөөр шийдсэн. ОУВС үүнийг таашаахгүй байгаа. Мэдээж бид ОУВС-тай тодорхой гэрээ байгуулж, хамтран ажиллах болно. Бид улс орноо сайн удирдаж, олон улсын санхүүгийн байгууллагуудын итгэлийг олж авах хэрэгтэй.
-Египет бол аялал жуулчлалын орон. Гэвч өнгөрсөн хоёрдугаар сард лалын хэт даврагчид энэ салбарыг устгана, гадаадуудын эсрэг алан хядах ажиллагаа явуулна хэмээн сүрдүүлсэн..?
-Мэдээж Египетэд ирж буй жуулчид адал явдал бус, амар тайван аялахыг л эрмэлзэнэ. Бид тайван амралт, зугаалгыг хангаж чадна. Манайд цагаан элстэй, нарлаг далайн эрэг олон бий. Сайн сурталчлах хэрэгтэй байна.
-Ард иргэд улс орны эдийн засгийн байдалд дургүй байсны улмаас “Лалын ахан дүүс” хөдөлгөөн эрх мэдэлд гарч ирсэн. Гэвч тэд эдийн засгийг сэргээж чадалгүй мөн л ийм шалтгаанаар эрх мэдлээс хөөгдлөө. Та нар улс орноо босгож чадна гэдэгт итгэлтэй байна уу?
-“Лалын ахан дүүс” улс төр, эдийн засгийн, мөн аюулгүй байдлын салбарт ч бүтэлгүйтсэн. Гэвч тэдний гол алдаа бол соёлын бүтэлгүйтэл. Тэд египет хүмүүсийн төрөлхийн зан байдал, сэтгэлгээг өөрчлөх гэж оролдсон. “Лалын ахан дүүс” ард түмэнд итгээгүй, лалын үзлийг дэлгэрүүлэх нь тэдний бодлого байсан. Гэтэл бид шашны хэт үзэл, фанатизмд орооцолдохоос татгалзсан шүү дээ. Фараонуудын үеэс л египетүүд бүх соёл иргэншилтэй ярилцаж, хэл амаа ололцсоор ирсэн. Иргэдийг гудамжинд гаргасан зүйлийн нэг нь Мохамед Мурсийн балетийг хориглох санаа байсан.
-2013 оны долдугаар сарын 3-нд Мурсийг эрх мэдлээс зайлуулсан явдлыг төрийн эргэлт гэж үздэг. Эдүгээ “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийг мөрдөн мөшгиж, 500 орчим гишүүнд нь цаазаар авах ял оноолоо. Үүний улмаас Египет олон улсын санхүүгийн тусламжийг авч чадахгүй байгаа юм биш үү?
-Болсон үйл явдлын үнэн мөнийг өрнөдийнхэн буруу ойлгосон бололтой. Мурси 2012 оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрийг шүүхэд давж заалдахыг хориглосны дараа ард түмний хөдөлгөөн үүсч, улмаар тэр эрх мэдлээс явсан. Мурси тэр үед эрх мэдлийг дангаараа эзэмшихийг хүссэн. Үүний дараа л ард иргэд гудамжинд гарч, Үндсэн хуулийг эргэн харж, парламентын сонгуулийг зарлаж, Ерөнхийлөгчийг огцрохыг шаардах болсон юм. Эцсийн эцэст эсэргүүцлээ илэрхийлсэн 30 сая иргэн “Лалын ахан дүүс”-ийн эсрэг тэмцэлд цэргийнхнээс тусламж хүссэн.
-Египетийн эдийн засаг сайнгүй байгаа ч Оросоос хоёр тэрбум долларын зэвсэг худалдан авах гэж буй тухай мэдээ гарч байна. Санхүүжилтыг нь Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират хийнэ гэсэн. Египет улс батлан хамгаалах салбартаа ийм их мөнгө зарцуулах ямар хэрэгтэй юм бэ?
-Манай бүс нутагт аюулгүй байдал сайнгүй байна. Баруун хэсэгт Ливи, өмнөдөд Судан гэсэн байнгын самуунтай улс байна. Египетийн хойд хэсгийн Синай мужид лалын террористууд холхисоор. Хүндэтгэл хүлээхийн тулд хүчтэй байх хэрэгтэй байна. Чи хүчтэй байвал бусдын итгэлийг олж, эдийн засгаа босгож чадна.