Ж.Оюунчимэг: Дурангийн эмч өвчтөнийхөө сэтгэлзүйг давхар эмчилдэг

2019-11-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ЭНХТУУЛ Хавдар судлалын үндэсний төвийн Дурангийн тасаг аль ч улиралд үйлчлүүлэгч олонтой, урт дараалалтай өнждөг билээ.  Дээрээс нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, ажилдаа мэргэшсэн сайн эмчийг хот, хөдөөгөөс зорин ирэх хүн олон. Тиймээс энэ удаа бид “Эрүүл мэнд” буландаа ХСҮТ-ийн Дурангийн тасгийн эрхлэгч  Ж.Оюунчимэгийг урьж ярилцлаа.   -Таныг “Дурангийн Оюунчимэг” гэхээр хүмүүс анддаггүй. Олон хүн дугаарлаж зогсохыг харвал ажлын тань нэг өдөр завгүй өнгөрдөг бололтой? -Би ХСҮТ-д 20 гаруй жил эмчээр ажиллаж байна. Манай эмч нар өдөр бүр ачаалалтай ажилладаг. Улсын хэмжээнд үйлчилдэг ганц эмнэлэг учраас орон нутгаас зорьж ирэх хүн олон. Миний ажил өглөө 7:50 гээд эхэлдэг. Өглөө ажилдаа ирэхэд л хүмүүс намайг хүлээгээд аль эрт үүдэнд дугаарлачихсан зогсож байдаг. Өдөр бүр янз бүрийн зан ааштай хүмүүстэй харилцана. Манайхан их сонин шүү дээ. Хоол идэхдээ зажлахгүй бүхлээр нь залгидаг хэрнээ дурандуулах болохоор жигтэйхэн айна. Эрүүл мэнддээ анхаараад, урьдчилан сэргийлэх зорилгоор үзүүлдэг хүмүүс ч байна. Өвчнийх нь зовиур хүндэрсэн хойно дуртай, дургүй ирдэг ч хүн бий. Тиймээс эмч өвчтөнийхөө сэтгэлзүйд тохируулж ажиллах нь чухал байдаг. Эмчид үзүүлэх дургүй хүн ч байдаг. Ах дүү, найз нөхдөөрөө түлхүүлж, зугтах нь холгүй ирж үзүүлдэг тохиолдол ч бий. Тэр бүхэнд хүний ая эвийг олж, ойлгуулж ухааруулах гээд янз бүр болно. -Дурангийн эмч бас амаргүй ажил байх. Хүмүүс хавдартай байх вий гэж харцандаа айдастай, санаа нь зовж орж ирнэ. Хэрэв дэлгэцэн дээр хавдар гараад ирвэл хүндээ яаж хэлэх вэ гээд санаа зовох зүйл олон байдаг байх? -Өвчтөнийхөө сэтгэлзүйг хамгийн түрүүнд мэдэрдэг хүн бол эмч. Сэтгэл нь ямар байгааг харц, дууны өнгө, хөдөлгөөнөөс нь хараад мэднэ. Эмчээс гадна сувилагч хүртэл энэ бүхнийг мэддэг болчихсон байдаг. Хавдар нь дөнгөж илэрч буй, эсвэл өөрчлөлт орсон, мөн хожуу үедээ орсныг өвчтөнтэй эмч ярилцаж байхад сувилагч сонсоод л дурангийн багаж төхөөрөмжөө бэлддэг. Эмч, сувилагчтайгаа зарим үед ярихаас илүү харцаараа ойлголцоно. Дурангийн эмчийн туслах сувилагч хариуцлагатай байх ёстой. Өвчтөнийхөө хажууд “Эмч ээ яанаа, одоо яах вэ” гэж асуугаад байж болохгүй. Өвчтөний өвчний явц дэлгэц дээр харагддаг тул сувилагч хараад шинжилгээг нь бэлдэнэ. Эмч, сувилагч хоёр ингэж ажиллах нь үр дүнтэй байдаг.  Дурангийн эмч зөвхөн аппаратад найддаггүй. Тухайн өвчтөний сэтгэлзүйг давхар эмчилж байдаг онцлогтой. -Бүсчилсэн байдлаар авч үзвэл хавдрын өвчлөл аль аймаг орон нутагт өндөр байна? -Баруун аймагт хавдрын өөрчлөлт илүү их илэрч байна. Сүүлийн үед Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотын бүх дүүргээс бүртгэгдэж байна. Тийм болохоор ард иргэдийн эрүүл амьдралын төлөө  Хавдар судлалын үндэсний төв 2007 оноос ХААН банк, Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы үзлэг оношилгоог зохион байгуулж эхэлснээс хойш энэ өвчний талаарх иргэдийн дундах ойлголт, мэдлэг  харьцангуй сайжирсан. Хавдар эдгэрдэг өвчин гэдэгт хүмүүс итгэдэг болсон. Өмнө нь хорт хавдар гэж сонсоод хүндээр хүлээж авдаг байсан. Хавдрыг эрт шатанд нь оношлон илрүүлэх тусам эмчилгээ авна. Сүүлийн жилүүдэд дурангийн оношилгоо эмчилгээний ачаалал нэмэгдсэн. Жилд тэдэн хүн үзэх ёстой гэсэн төлөвлөгөөнөөс давж байна. Энэ нь иргэдийн дунд эрүүл мэндийн боловсрол дээшилж байгаатай холбоотой. Нөгөөтэйгүүр, манай төв албан байгууллагуудтай хамтран урьдчилан сэргийлэх үзлэгийг хийдэг болсон. Тэр хэрээр хавдраас урьдчилан сэргийлэх, хорт хавдар үүсгэгч халдвараас сэргийлэх иргэдийн дундах ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх ач холбогдолтой байна. Ингэж өвчнийг эрт шатанд нь зовиур бага байхад нь эмчилэх нь  эмч, эмнэлэг хоёрт, өвчтөндөө ч хөнгөн байдаг. Урьдчилан сэргийлэх үзлэгийн гол ач холбогдол нь энэ л байдаг. -Хавдрын өвчлөл, дурангийн оношилгоо гэхээр хүмүүс ихэвчлэн айж хүлээж авдаг. Дээр нь эмч нарын эмнэлгийн хэллэг гэж байдаг. Тиймээс та дурангийн оношилгоог ямар  тоног төхөөрөмжөөр хийж байна. Хавдрыг яаж оношилж байгаа талаар иргэдэд зориулаад энгийн үгээр тайлбарлаж өгөөч? -Манай төв зөвхөн оношилгооны  бус эмчилгээний түвшинд дурангийн мэс ажилбарыг амжилттай хийж байна. Нэг үгээр хэлбэл, оношлох зорилгоор бус эмчлэх зорилгоор ашигладаг. Манай тасаг Япон улсын “OLYMPUS” фирмийн сүүлийн үеийн дуранг ашиглан оношилгоо эмчилгээг хийж байна. Энэ  Монголд цөөхөн байдаг аппаратын нэг. Харах чадвар сайн, талбайн хэмжээг томсгож өгдөг, гэрлийн нягтаршил сайтай учраас салстын гадаргад байгаа өчүүхэн жижиг өөрчлөлтийг ч сайн харуулдаг.  Ходоод, улаан хоолойн эрт үеийн өөрчлөлтийг илрүүлэхэд тусгай будагч бодисыг ашигладаг. Будагч бодисыг найруулж, шприцээр дуран руу шахаж, өөрчлөлттэй хэсгийг будсанаар хавдартай хэсэг нь ялгарч будагт орохгүй, хавдаргүй хэсэг нь будагдан хөхөрдөг. Япон улсад шинжлэх ухаан өндөр хөгжсөн болохоор ингэж ашигладаг аргыг аппарат дээрээ суулгаж өгсөн байдаг. Бид энэ NBI технологийг ашигласан дуранг хэрэглэдэг. Тиймээс дурангийн шинжилгээнээс айх хэрэггүй. Дурангаар өвчний өөрчлөлтийг харж ажиглан хэрэв өөрчлөлт илэрвэл эд эсийн шинжилгээ авч эсийн түвшинд оношийг  баталгаажуулж, дараа нь эмчилгээний аргыг сонгож хэрэглэдэг. -Хавдрын өвчлөл залуужиж байна гэж ярьдаг. Ер нь хэдээс дээш насныхан хавдраар өвчлөх эрсдэлтэй вэ? -Намайг эмчээр анх ажиллаж байхад хавдар, хорт хавдрын өвчлөл хижээлдүү насны хүмүүст элбэг тохиолддог байсан. Эмч нар жилээр, мөн таван жилээр нь хавдрын судалгааны тайланг гаргадаг. Энэ судалгаанаас харахад ч гэсэн ходоодны хавдар залуужиж  байна. Ер нь бол 40-өөс дээш насныхан жилд нэг удаа ходоодоо заавал дурандуулах хэрэгтэй. Дэлхийн эрүүл мэндийн бүсчилсэн судалгаагаар Зүүн Азийн орнууд ходоодны хавдар өвчнөөр бусад улсаас өндөр байдаг. Тэр дундаа Азид Монгол Улс ходоодны хавдрын өвчлөлөөр дээгүүрт ордог.  Хүйсээр нь авч үзвэл, монгол эрчүүд энэ өвчинд эмэгтэйчүүдээс илүү өртөж байна. Энэ нь олон хүчин зүйлтэй холбоотой. Үүнд, хүнсний аюулгүй байдал, агаар, ус, хөрсний бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, удамшил, стресс, хелико бактер, хийж буй ажлынх нь нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйлээс хамааралтай байдаг. Нөгөөтэйгүүр, хорт хавдар удамшдаг. Тухайн хүний аав ээж, эмээ өвөө нь энэ өвчнөөр өвдөж байсан бол удамших магадлалтай. Ходоодны хавдар өвчинд давсны хэт их хэрэглээ сөргөөр нөлөөлдөг. Давсны хэрэглээг багасгах нь хавдраас сэргийлэх боломжийг бүрдүүлдэг. Мөн ходоодны ямар нэг өвчнийг эмчлүүлэхгүй удаан явбал хавдар, цаашлаад хорт хавдар болох эрсдэлтэй. Тухайлбал, ходоодны шарх хавдар болж хувирах тохиолдол бий. -Ходоодны хавдар хоол хүнснээс илүү стресс бухимдал, сэтгэл гутралаас үүсдэг гэж ярьдаг. Энэ бүхэн нөлөөлөх хүчин зүйл болох уу? -Уур бухимдал, стресс зөвхөн ходоод гэлтгүй зүрх, судас, элэг, цөс, нойр булчирхай зэрэг олон өвчин үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс сэтгэл гутрал, гуниг гомдлоо дотроо удаан хадгалах нь тийм ч таатай биш. Хүн эрүүл мэндийнхээ төлөө хийж буй ажлаа зохицуулдаг байх хэрэгтэй. Стресс бүх өвчний суурь болдог. Хүн сэтгэл санаагаар унах, ууртай уцаартай байхад амьдралын идэвхгүй болж, ажлын бүтээмж буурч дархлаа сулардаг. Уур бухимдал биеийн дархлааг сулруулдаг бодис биеэс ялгаруулдаг гэсэн үг. Амьдрал, ажлынхаа саадыг даван туулах сэтгэлийн тэнхээтэй, зорилготой байхад биеийн дархлаа буурдаггүй. -Ходоодны өвчлөлөөс гадна улаан хоолой, уушги, бүдүүн, шулуун, нарийн гэдэсний өвчлөл их байна гэж ярих юм. Энэ бүхэн юунаас үүдэлтэй вэ? -Сүүлийн үед бүдүүн гэдэсний хавдар ихсэх хандлагатай байна. Энэ нь хот суурин газрын хөгжилтэй холбоотой. Хүмүүс хөдөлгөөний дутагдалд орж байна. Хоол хүнсэндээ химийн найрлагатай хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэж буй нь өвчин үүсэхэд нөлөөлж байна. Үүний дараа хөхний, уушгины хавдар орж байна. Тэр дундаа уушгины хавдар буурахгүй байна, сүүлийн жилүүдэд эрс ихэссэн. Уушгины өвчлөлд агаарын бохирдол, хөрсний бохирдол их нөлөөлж байна. Мөн чийггүй хуурай орчинд үүссэн тоос, тоосонцор агаар дуслын замаар олон хүнийг өвчлүүлж байна. Ялангуяа хортой нөхцөлд ажилладаг хүмүүс энэ өвчинд илүү өртөмтгий байдаг. Цаашлаад агаарын бохирдол нь  залуу бүсгүйчүүдийн нөхөн үржихүйд сөргөөр нөлөөлж байна. Эхийн хэвлийд ураг амьгүй болж, өсөлтгүй болох, зулбах, дутуу төрөх гэх зэргээр хавдрын бус өвчлөлүүдийг үүсгэж байна. - Гадна, дотны томоохон эмнэлгүүдэд таны гарын шавь олон байдаг гэж сонссон? - ХСҮТ-д насаараа ажиллаад, гавьяаныхаа амралтанд гарсан С.Цэрэнлхам эмч миний багш. Монголд ходоодны дурангийн мэргэшсэн дөрвөн эмч байсны нэг нь. Одоо Булган аймагт дурангийн эмчээр ажилладаг. Багш минь надад сурсан, мэдсэн бүх зүйлээ харамгүй зааж өгсөн байдаг. Одоо би ч бас шавь нараа бэлдэж байна. “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт дурангийн эмчээр ажилладаг Ж.Наранцацралт  миний шавь. Мөн А.Баттулга эмч манай төвд ирж, бид хамтран гурван жил хамт ажиллалаа. Одоо эдгээр эмч нар маань дурангийн оношлогоо эмчилгээний тэргүүлэх эмч нар болцгоосонд баяртай байдаг. -Хавдрын өвчин эдгэхэд эмчилгээнээс гадна эмчийн урам хайрласан үг, ар гэрийнхнийх нь дэмжлэг, өөрийнх нь сэтгэл санааны байдал гээд олон зүйл нөлөөлдөг байх? -Тэгэлгүй яахав, тухайн өвчтөний гэр бүлийн дэмжлэг тус, харилцан ойлголцол, эмчилгээний тасгийн эмч, сувилагчдын эмчилгээ асаргаа,  найз нөхдийнх нь итгэл найдвар, өвчтөний сэтгэл санааны өөдрөг байдал, хавдрын өвчнийг ялан дийлэхэд их чухал нөлөөтэй. Ялангуяа өвчтөнийг эдгэрэхэд асран халамжилж буй ар гэрийнхний сэтгэл санаа их чухал. Тиймээс манай төв ар гэрийнхэнд нь зөвлөгөө өгдөг сэтгэлзүйчтэй. Өвчтөн өвчнийг даван туулсныхаа дараа эргэн тойрныхоо хүмүүсийг өөр шигээ байдалд оруулахгүйн тулд бас их санаа тавьж зөвлөдөг. Тэгэхээр дурангийн эмч хариуцлагатай ажил. Өвчтөнийхөө өвчнийг зөв оношилж байж зөв эмчилнэ. Ходоодны дурангийн эмч нарийн мэдрэмжтэй, хурц хараатай, хурдтай байх ёстой. Дурангийн шинжилгээ авч байхад өвчтөн цус алдаж болно. Тиймээс шинжилгээг хаанаас хэрхэн авах вэ гэж бодохын зэрэгцээ нүд, гар, хөлөө ч зэрэг ажиллуулах тохиолдол бий. Эмч хүний ажил үхэл, амьдралтай ойр байдаг. Ямар ч үед өвчтөндөө амь, амьдрал бэлэглэхын төлөө бүхнийг хийж чаддаг байх хэрэгтэй. -Таны ажилдаа баримталдаг зарчим, мөн шавь нартаа хэлдэг үгийг сонсъё. Залуу эмч нар юуг бодож ажиллах ёстой бол? -Эмч хүн хүнлэг энэрэнгүй, хийж буй ажилдаа хариуцлагатай хандаж сурах хэрэгтэй. Ажил ачаалалтай хэцүү санагдах боловч нэг л өдөр сурсан бүхэн тань гарт чинь орно. Өөрийгөө хөгжүүлэхэд цаг гаргаж, гадаад хэл хичээнгүйлэн суралц. Сурсан бүхэн чинь эрдэм болно. Мэргэжилтэй холбоотой шинэ ном гарвал уншиж, мэдлэгээ тэлж байгаарай гэж хэлдэг. Эмч хүн алхам тутамдаа суралцдаг. Байнга уншиж, судалж байж мэдлэгээ баяжуулах хэрэгтэй. Би эмч мэргэжлийг хувь заяаны тохиолоор сонгосон. Дурангийн эмч болоход нөлөөлсөн хүн бол манай төвийн захиралаар ажиллаж байсан А.Мөнхтайван. Би энэ хүнд их баярлаж явдаг.  Надад дурангийн шинжилгээний ач холбогдлын талаар хэлж, анх нэвтрүүлэн энэ ажлыг даалган “Чи дурангийн эмчээр ажиллахад тохирно” гэж чиглүүлж өгсөн. Одоо бодоход би зөв ажил дээр ирсэн гэж бодогддог. Тиймээс багш нартаа их баярлаж, хүндэлж явдаг. -Хавдрын өвчлөлд сэтгэл гутрал сөрөг нөлөөтэй гэдэг. Тэгвэл таны бодлоор аз жаргал гэж юу юм бэ? -Өөдрөг бодолтой, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдрахыг аз жаргал гэж хэлэх болов уу. Худалддаггүй, худалдаж авч болдоггүй зүйлийн нэг бол эрүүл мэнд. Тиймээс өөртөө хайртай, арчаатай, урт удаан наслахыг эрхэмлэдэг хүн эрүүл амьдардаг. Хавдар гэдэг үгийг сонсоод битгий ай. Хавдар эдгэрдэг өвчин учраас сэтгэлээр унаж, өвчинд сөхөрч болохгүй гэж хэлмээр байна. Гэхдээ бас хэнэггүй зан гаргаж, тайван сууж болохгүй. Өвчний шинж тэмдэг илэрсэн бол даруй эмчид үзүүлж, өвчнөө хүндрээгүй эрт үед нь оношлуулах хэрэгтэй.  Хамгийн сайхан жаргал бол элэг бүтэн амьдрах. Таны эрүүл мэнд өөрийн тань гарт байгаа шүү гэж л хэлэхийг хүсдэг дээ. -Өнгөрсөн долоо хоногт хавдар судлаач эмч нарын үндэсний чуулган болсон.  Танай тасгийнхан энэ арга хэмжээнд оролцсон байх? -Жил болгон ХСҮТ-өөс “Хавдар судлалын тулгамдсан асуудал”, хавдар судлаач эмч нарын чуулга уулзалтыг зохион байгуулдаг. Энэ хүрээнд бид үндсэн ажлынхаа хажуугаар  таван өдрийн турш шат дараатай арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулсан. Сүүлийн өдөр буюу энэ сарын 22-нд олон шилдэг илтгэлийг хэлэлцүүлэн, шалгаруулах арга хэмжээ болсон. Үүнд манай тасгийн их эмч Б.Амарбатын “Улаан хоолойн эрт үеийн хорт хавдар болон салстын доорх хавдрыг уян дурангийн аргаар хуулж авсан ажилбарын үр дүн” сэдэвт илтгэл шилдгээр шалгарч, тэргүүн байр эзэлсэн. Хагалгааны энэ арга нь үйлчлүүлэгчид эрсдэл багатай, эмчилгээний үр дүн өндөртэй, эдийн засгийн хэмнэлттэй аргуудын нэг юм. Хамгийн анхны ходоодны салст давхаргын хагалгааг 2006 онд Японы хавдар судлалын эмч нартай хамтран хийж байсан бол дараа нь 2010 онд “УБ сонгодо” эмнэлэгт энэ төрлийн хагалгааг хийж байсан. Хавдар судлалын үндэсний төвд миний бие 2014 онд энэ хагалгааг хамгийн анх хийж байсан. Энэ удаа манай тасгаас энэ хагалгааны шинэ арга техникийг танилцуулж, шилдэг илтгэл шалгарсанд баяртай байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.28  ПҮРЭВ  №236  (6203)
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22