Б.ЭНХТУУЛ
Монгол Улсын хүн амын талаас илүү хувийг хүүхэд залуучууд эзэлдэг. Сүүлийн жилүүдэд хотжилт, хүн амын нягтаршилтай холбоотойгоор хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчин, харшил, бөөр, шээсний замын өвчлөл, дотоод шүүрэл, шүдний эмгэг, төрөлхийн гажиг хөгжил, нэмэгдсээр байна. Тиймээс хот, хөдөөд ажиллаж буй хүүхдийн эмч нарын мэргэжил мэдлэгийг нь дээшлүүлэх зорилгоор АШУҮИС-ийн Хүүхдийн тэнхим өнгөрсөн амралтын өдрүүдэд нэгэн чухал сургалтыг зохион байгуулсан юм. Уг сургалтад нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч нарын төлөөлөл болсон 100 орчим хүн хүрэлцэн ирсэн байна. Аливаа улс орны эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт хүн амын эрүүл мэндийн түвшнийг илтгэдэг учраас хүүхдийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнийг гадаад, дотоодын сургалтад хамруулах зэрэгт Засгийн газар, Эрүүл мэндийн яам, АШУҮИС-ийн зүгээс онцгой анхаарч ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд зохион байгуулж буй томоохон ажлын нэг нь хүүхдийн эмч нарын мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн энэхүү сургалт семинар юм. Сургалтын гол онцлог нь Австралийн Сидней их сургуулийн хүүхдийн эмч нарын мэргэжил дээшлүүлэх жилийн сургалтад хамрагдаж буй багш нар энэ удаа чиглүүлэгч багш нарынхаа хамтаар, хүүхдийн эмчилгээнд шинээр нэвтэрч буй анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн ололт амжилт, мэдлэг мэдээллийг бусад эмч нартайгаа хуваалцаж, тодорхой кэйс, судалгаан дээр суурилан хэлэлцэж буй аж. Ингэснээр хүүхэд багачууд дунд зонхилон тохиолдож буй өвчлөлд дүн шинжилгээ хийж, орчин үеийн анагаах ухааны мэдлэг, мэдээллийг олж авах, мэргэжлээ дээшлүүлэх зорилготой юм байна. Нөгөөтэйгүүр монгол хүүхдийн өвчлөлийн дотор удамшлын гаралтай эмгэг, хоол боловсруулах эрхтний эмгэг байнга дээгүүр байр эзэлдэг. Тиймээс АШУҮИС-ийн Хүүхдийн тэнхимын багш анагаах ухааны доктор, профессор Р.Отгонбаяр, Г.Эрдэнэтуяа нар хамтран Монголын хүүхдийн эмч нарыг Австралийн Сидней их сургуулийн мэргэжил дээшлүүлэх жилийн сургалтад хямд үнээр хамрагдах боломжийг олгожээ. Энэ сургалтад хамрагдсан эмч нар долоо хоногт хоёр удаа онлайн сургалтад хамрагдаж, Австралийн Сидней их сургуулийн цахим хичээлүүдийг үздэг аж. Энэ сургалтыг төгсөж гарснаар Сидней их сургуулийг төгссөн хүүхдийн эмч нараас дутахааргүй мэдлэг мэдээлэлтэй болох аж. Дээрээс нь онлайн сургалтын хугацаа богино, үнэ хямд гээд монгол эмч нарт олон боломжийг олгож байгаа юм байна. Тухайлбал, Австралийн Сидней их сургуулийн тавьж буй шаардлагаар найман сарын хугацаанд хичээлээ нэлээд шахуу орох аж. Төлбөрийн хувьд, энэ сургалт нь Австралидаа 6500 доллар бол монгол эмч нар 550 австрали доллар буюу долларын ханшаар 400 орчим ам.доллар төлөөд сурах боломжийг бүрдүүлжээ. Мөн Монгол Улсаас өөр газар суралцаж буй монгол оюутан энэ сургалтад хамрагдахыг хүсвэл тухайн газрын ханшаар суралцах ёстой. Шалгалтын хувьд маш өндөр шаардлагатай. Хэрэв шалгалтандаа тэнцэж чадахгүй бол нэг удаагийн боломж олгоод, шаардлага хангахгүй суралцагчдад сертификат олгохгүй байх гэх мэт шаардлага өндөр тавьдаг аж. Тиймээс хүн болгон хариуцлагатай суралцахыг хичээдэг гэдгийг хүүхдийн эмч нар хэлж байв. Мөн хүүхдийн эмч нарын мэргэжил дээшлүүлэх дараагийн сургалтад хамрагдахыг хүсвэл хот, хөдөөгийн эмч нар АШУҮИС-ийн Хүүхдийн тэнхимд хандаарай гэдгийг албаныхан хэлсэн. Энэ үеэр холбогдох албаны хүмүүсээс зарим мэдээллийг тодруулсан юм.
Хүүхдийн эмч нар Сиднейн их сургуулийн мэдлэг туршлагаас хуваалцав
2019-11-25
Нийтэлсэн: Админ
 1 мин