Б.Баатархүү: Соёлын өвд тулгуурласан бүтээн байгуулалт хийх ёстой

2019-11-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД “Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж  Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл,санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаартаа Нийслэлийн Архивын газрын дарга, түүхийн ухааны доктор, дэд профессор Б.Баатархүүг урьж, ярилцлаа.   Чингис хааны төрсөн өдрийн тухай маргаан одоо ч бий   -Манай улс 2012 оноос хойш Монгол бахархлын өдрийг тэмдэглэж байна.  Монгол Улсыг үндэслэн байгуулсан их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр гэдэг. Энэ нь монголын түүх судлалын чухал асуудал юм.  Учир нь эрдэмтдийн дунд санал зөрүүтэй байсаар ирсэн. Одоо ч тийм байгаа.  Энэ өдөртэй холбоотой олон эх сурвалж байдаг. Тухайлбал, XIII зууны үед холбогдох Монголын түүхийн хамгийн гол сурвалж бол Монголын нууц товчоо. Гэхдээ энэ номонд Чингис хааны төрсөн газар “Дэлүүн болдог”-ийн тухай мэдээ байхаас чухам хэзээ төрсөн тухай тодорхой байдаггүй. Тэгвэл тухайн үеийн чухал эх сурвалж болох Персийн түүхч Рашид-ад-Дины бичсэн Судрын чуулганд их хааны мэндэлсэн тухай өгүүлдэг. Хожмын монгол сурвалжуудаас XVII зууны үед зохиогдсон Лувсанданзаны “Алтан товч”, Жамбын “Асрагч нэртийн түүх”-нд Чингис хааны төрсөн жил, сар, өдрийн тухай мөн өгүүлдэг. Харин “Хураангуй алтан товч”, “Цогтын хадны бичээс”, Саган сэцэний “Эрдэнийн товч” зэрэг сурвалжид Чингис хааны төрсөн жилийн тухай мэдээ байдаг. Гэхдээ их хааны мэндэлсэн өдрийн талаар манай түүх судлаач нар хэд хэдэн санал баримталдаг.  Би Чингис хааны үе буюу Эзэнт гүрний түүхийн судалгаагаар дагнан ажилладаггүй учраас  энэ талаар судалгаа хийсэн судлаачдын саналыг дурдмаар байна. Тухайлбал, XVII зууны үед бичигдсэн монгол сурвалжуудын дотроос Лувсанданзангийн “Алтан товч” хэмээх сурвалжид их хааны мэндэлсэн өдрийн тухай дурджээ. Тэнд Есүхэй баатар Татарын Тэмүжин, Хорибуха тэргүүтэн татарыг дагуулж ирвээс, Өэлүн эх хөл хүнд бөлгөө. Ононы Дэлүүн болдог бүхий дор “Хар морин жилийн зуны тэргүүн сарын 16-наа  улаан тэргэл өдрийн өдөр дүл цагт Чингис хаан төрөв...Баяр юлиагуу дор Татарын Тэмүжи Үгэй авчирсанд төрөв... хэмээн Тэмүжин гэж нэрийдсэн ёсон ийм” гэжээ. Түүнээс гадна профессор Ш.Чоймаа  “Монголын Нууц Товчоо” зэрэг сурвалжийн мэдээг үндэслэн, зуны тэргүүн сарын 16-ныг монголчууд эртнээс сайн өдөр хэмээн бэлгэшээж, баяр хурим хийдэг байсныг өгүүлсэн байдаг. Тэмүжинийг “Зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэл өдрийн үд дунд төрсөн” гэсэн нь үнэхээр хожмын түүхчид Чингис хааныг ер бусын хэмээн үзүүлэхийн тулд сонгон авсан сар, өдөр, цаг байж болох мэт санагдана гэсэн байдаг. Харин  түүхийн шинжлэх ухааны доктор А.Очир: “Хаадын үндэсний шашдир хөх түүх”, Жамбадоржийн “Болор толь”, Гончигжавын “Сувд эрих”, Галдангийн “Эрдэнийн эрхи” зэрэг дөрвөн сурвалжийн мэдээнд Чингис хааныг өвлийн эхэн сард төрсөн хэмээн өгүүлдэгт тулгуурлан, “Ордос нутагт Чингис хааны Эзэн хорооны тахилга шүтлэгийн дотор билгийн улирлын жил бүрийн өвлийн эхэн сарын шинийн 3-нд Чингис хаанд зориулан мялаалгын хурим хэмээх ёслолыг эртнээс нааш гүйцэтгэсээр ирсэн. Тэрхүү мялаалгын  хурим нь Чингис хааныг төрсний дараа түүнийг угаасны баярыг тэмдэглэж буй ёслол хэмээн Ордосын дархад нар хуучилдаг” хэмээжээ.  Тэр ёслол нь хожим Чингис хаанд зориулсан тахилга тайлгын бүрэлдэхүүн хэсэг болж улмаар өдгөө Ордост уламжлан ирсэн байна” хэмээн бичсэн байдаг. Тиймээс Тэмүжинг төрсний дараа биеийг нь анх угаан мялаасны хуримыг билгийн улирлын жил бүрийн өвлийн тэргүүн (10-р) сарын шинийн 3-нд дурсан тахилга хийдэг ёслол нь их хааныг өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд төрсөн гэсэн сурвалжуудын мэдээтэй авцалдаж байна. Тэмүжиний төрсөн сар, өдрийн тухай сурвалж бичгүүдийн болон зан үйлийн мэдээнүүд ийнхүү тохирч байгаа нь түүнийг хар морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд төрсөн гэх үндэслэлийг буй болгож байна. Энэ үндэслэл нь үнэнд илүү ойр, бодит байдалд нийцтэй байж болно гэж бодож байна хэмээн “Тэмүжиний төрсөн сар, өдрийн тухай” хэмээх өгүүлэлдээ бичсэн байдаг.   Түүхэнд ээдрээтэй асуудал их байдаг
Блиц: Б.БААТАРХҮҮ Түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор  Угсаатан судлаач, түүхч мэргэжилтэй БОЛОВСРОЛ ♦ 1987-1997 онд Дорноговь аймгийн I дунд сургууль ♦ 1997-2001 онд МУИС-ын НУФ-ийн Угсаатан судлалын анги ♦ 2004 онд МУИС-д  магистрын зэрэг хамгаалсан ♦ 2011 онд ОХУ-ын Тувагийн Хүмүүнлэгийн судалгааны хүрээлэнд мэргэжил дээшлүүлсэн ♦ 2012 онд “Монгол Улсын тувачууд (Түүх-угсаатны зүйн судалгаа)” сэдвээр түүхийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан ♦ 2018 онд СУИС-ийн дэд профессор цол хүртсэн АЖЛЫН ТУРШЛАГА ♦ 2001-2008 онд ШУА-ийн Түүхийн Хүрээлэнгийн Угсаатан судлалын салбарт эрдэм шинжилгээний ажилтнаар ♦ 2008-2015 онд ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн С.Бадамхатаны нэрэмжит Угсаатан судлалын салбарын эрхлэгчээр ♦ 2015-2017 онд СУИС-ийн Соёл, Урлаг судлалын хүрээлэнгийн захирлаар ♦ 2017-2018 онд МУБИС-д гэрээт багшаар ♦ 2018 онд СУИС-д төслийн удирдагч ♦ 2019 оноос  Нийслэлийн Архивын газрын даргаар тус тус ажиллаж байна.
  -Мөн сүүлийн үеийн судалгаагаар судлаачдын санал нэг чиг рүү гарч ирсээр байна. Хамгийн сүүлийн үеийн судалгааг энд дурдъя гэж бодож байна. МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Түүхийн тэнхим, “Стэп” паблишн хамтран “Монголын эзэнт гүрний түүх” таван боть зохиолыг саяхан туурвиж олны хүртээл болгоод байгаа. Мөн ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс “Монголын Эзэнт гүрний түүх” таван боть зохиолыг туурвисан. Энэхүү хоёр байгууллагаас эрхлэн гаргасан Эзэнт гүрний түүх таван боть зохиолын тус тусын “Их Монгол улсын” түүхийг өгүүлсэн ботид академич Ж.Болдбаатар доктор Б.Батсүрэн нар тус тус сүүлийн үеийн саналаа дурьдсан. Энэ эрдэмтдийн саналаар бол Чингис хаан өвлийн эхэн сард биш одоогийн аргын тооллоор тавдугаар сарын 31-ны өдөр  байх магадлал илүү өндөртэй байгааг судалгаанд үндэслэн тэмдэглэсэн байна. Чингис хааны мэндэлсэн өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тэмдэглэж байгааг би зөв буруу гэж дүгнэж хэлэхгүй. Түүхэнд ээдрээтэй асуудал их байдаг. Тухайлбал, Их хааны төрсөн газар “Дэлүүн болдог” гэхэд л миний олж үзснээр дөрвөн газар байгааг судлаачид тэмдэглэсэн байдаг. Харин одоогийн Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дахь “Дэлүүн болдог” мөн гэдэг талаар судлаачдын байр суурь давамгай байх жишээтэй. Үүнтэй адил Чингис хааны мэндэлсэн өдрийн талаар ч эрдэмтэд харилцан санал адилгүй байдгийг дурдах хэрэгтэй. Харин Монгол гэдэг нэр тухайн үед их хааны дээд язгуурын үеийн  нэг овог аймгийн нэр байсан. Харин Чингис хааны үед нийт Монгол Улсын нэр болж хувирсан байдаг. Их хааны  байгуулсан түүхэн гавъяа бол Монголын нэгдсэн  тулгар төрийг байгуулснаар одоогийн Монгол Улс, монгол үндэстний суурийг тавьсан гэж дүгнэж болно.   Соёлын өвд тулгуурласан бүтээн байгуулалтыг хийх ёстой   -Урд хөрш Чингис хаантай холбоотой газрууддаа цогцолбор барьж аялал жуулчлалын салбараа хөгжүүлж байна. Цагаан хэрэм олон жилийн хугацаанд Монгол, Хятад улсын хил байлаа. Тэгэхээр одоогийн Монгол Улсын хил энэ хэрэм хүртэлх энэ өргөн уудам нутагт эртний монголчуудын үлдээсэн түүх соёлын дурсгал маш их байна. Өөрөөр хэлбэл, энэ түүх соёлын дурсгалт зүйлээр авч үзвэл Монголын газар нутаг байдаг. Харин одоо бол Хятадын нутаг дэвсгэр болчихсон. Тэгэхээр энэ нутаг дээрээс эртний монголчуудтай холбоотой олдож байгаа түүх дурсгалын зүйлд тулгуурласан түүх соёлын бүтээн байгуулалтыг хятадууд маш их хийсэн. Тухайлбал,  Чингисийн онгон байна. Энэ онгон бол Хэрлэнд байна. Одоо тэр найман цагаан гэр байгаа газар юм. Дараа нь их хааныг оршуулахаар явахад шарилыг нь ачсан тэрэг элсэнд суусан газар түүнийг онголсон гээд байгаа Ордосын Чингис хааны онгон  XX зууны эхээр ачаад нүүж явдаг хэдэн эсгий гэр байсан. Үүнийг нь хятадууд устгалгүй авч үлдээд одоогийн Ордос аялал жуулчлалын төвийг байгуулчихсан байгаа юм. Хэдийгээр суурин соёл иргэншилтэй орнууд шиг түүх соёлын дурсгалаа авч үлдэх магадлал нүүдлийн соёл иргэншилтэй оронд үлдэх хандлага бол их бага байдаг.  Гэхдээ монголчууд аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд соёлын өвд тулгуурласан бүтээн байгуулалтыг хийх ёстой байгаа юм. Ганцхан Чингис хаанаар жишээлэхэд их хааны мэндэлсэн газар дөрөв байна гэж судлаачид тэмдэглэсэн байдаг гэж би хэлсэн. Энэ дөрвөн газрын аль давуу талтай  газар дээр нь бид тогтож аваад бүтээн байгуулалтаа хийх хэрэгтэй. Чингисийн цагаан сүлд гэхэд гурван газар өвлөгдөж ирсэн байдаг. Нэг нь Өвөрмонголд Уушны цагаан сүлд, хоёр дахь хуучнаар Засагт хан аймгийн Луу жанжин гүний хошуу буюу одоогийн Увс аймагт, гурав дахь нь Дорноговь аймгийн Хөвсгөл суманд байдаг. Харин өвөрмонголчууд тэр цагаан сүлдээ гайхамшигтай шүтээнийхээ тайлга, тахилгыг хийдэг. Түүнийгээ дагалдсан олон жуулчин ирдэг том бүтээн байгуулалтыг хийсэн. Манайд байгаа хоёр жинхэнэ цагаан сүлд буюу Увсын цагаан сүлд нь Үндэсний музейд, Дорноговийн сүлд нь Дорноговийн музейд үзмэр болгоод хадгалаад байж байна. Энэ хоёр жинхэнэ цагаан сүлдээ үзмэр болгоод хадгалж байхын оронд  орд өргөөг нь байгуулж, тайлга тахилга, төрийн ёслолыг нь сэргээдэг.  Соёлын өв дээрээ тулгуурлаад Ордос шиг сэргээдэг бүтээн байгуулалтыг манайд хийх ёстой байгаа юм. Харин сая манай Засгийн газраас Чингис хааны музей байгуулна гэсэн шийдвэр гаргасан нь  их оновчтой зүйл болсон.  Ийм маягаар бүтээн байгуулалтыг сэргээх нь түүх соёлд ач холбогдолтой. Тэрнээс биш нэг газар очиж Дэлүүн болдог гэж чулуу, нөгөө газар очиж байшингийн үлдэгдэл үзээд явах бол аялал жуулчлал биш. Үүнтэй холбогдуулаад хэлэхэд Чингис хааны онгоныг хуурамчаар хийнэ гээд мэдээлэл цацагдсан. Иймэрхүү шоу бол зөндөө бий.  Монголын нууц товчооны Тэв тэнгэр, Мандухай цэцэн хатны угийг барьчихсан гэсэн бөө тааралдаж л байлаа.  Тэв тэнгэр бөөгийн онгод ордог юм бол тэр үеийн түүхийг яриулна шүү дээ. Гэхдээ бөөгийн үг гэдэг бол  өөрөө шинжлэх ухааны нотолгоо биш. Тухайн хүний сүсэг бишрэлийн асуудал болохоос биш энийг шинжлэх ухаанд нотолгоо болгож ашиглах ямар ч үндэс байхгүй. Хувь хүний л асуудал гэмээр байна.   Түүх соёлын өв зан заншлаар хүнийг хүмүүжүүлдэг   -Нөгөө талаар миний одоо хийж байгаа Монгол угсаатны түүх болон монгол угсаатны соёлын биет бус өвийн судалгааны ажлыг би оюутан байхаасаа эхэлсэн. Хүн төрөлхтөнд өнөөдөр гурван зүйл үгүй болж байна. Нэгд, аливаа ард түмний хэл, хэлний аялгуу, үгийн сан, хоёрт, биологийн төрөл зүйл (ургамал, амьтан), гуравт, соёл. Өөрөөр хэлбэл, Монгол улсын ЮНЕСКО-гийн (2003 оны) “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” конвенцэд 2005 онд нэгдэн орсон. Тус конвенцэд нэгдэн орно гэдэг бол өөрийн орны нутаг дэвсгэр дээрх соёлын өвийг хамгаалах үүрэг хариуцлагыг хүлээж байдаг. Тухайлбал, Монгол улс ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн яаралтай хамгаалах өвд монгол тууль, морин хуур уртын дуу, хөөмий, бий биелгээ, уул овооны тахилга, төлөөллийн жагсаалтанд монгол гэр, монгол наадам, шагайн харваа, шувуулахуй, ингэнд ботго авахуулах ёс гэсэн олон өвийг бүртгүүлсэн. Энэ нь бидэнд өгч байгаа шагнал биш. Харин бидний хамгаалах ёстой өв гэдгийг хариуцуулж өгч байгаа хэрэг юм. Энэ ажлынхаа хүрээнд миний хийсэн хамгийн томоохон судалгаа бол монгол гэрийн судалгааны тухай ажил юм. Тодруулбал, сүүлийн 10 гаруй  жилийн турш судалгаа хийснээр “Монгол гэр”-ийн тухай тайлбар толь бичсэн. Энэ бүтээлээрээ 2015 онд БСШСЯ-ны “Шилдэг бүтээлийн тусгай байр”-ын шагнал хүртэж байлаа. Анх 2013 онд тухайн үеийн ССАЖЯ-ны захиалгаар “Устах аюулд байгаа соёлын биет бус өвийн судалгаа” сэдвээр төсөл бичиж, Монгол Улсын таван аймагт 100 гаруй гэр урлаачдын дунд судалгаа явуулж байсан. Гэр гэхээр гэр хороолол, утаа агаарын болон хөрсний бохирдол  гэж манай монголчууд ойлгодог. Гэхдээ өнөөдөр хүн төрөлхтөн хөгжлийн зүй ёсны дагуу дулаан тохилог орон сууцанд амьдрах нь зүйтэй. Хот суурины амьдралд мэдээж гэр тохирохгүй. Та монгол хүн учир соёлынхоо өвийг хамгаалж монгол гэртээ амьдар гэх бүр утгагүй. Тэгвэл бид яаж монгол гэрээ (соёлын өвөө) хамгаалах ёстой вэ.  Жишээ нь дан монгол гэрээр музей байгуулах боломж бүрэн дүүрэн байна. Гэрийн үүсэл хөгжлийг харуулах, монгол угсаатны олон бүлгүүдийн гэрийг хариулах, дундад эртний үед монголд ирсэн гадны элчин жуулчид гэр тэрэгний нүүдлийг хараад “яг хот нүүж яваа юм шиг гайхалтай” хэмээн шагшран бичсэн байдаг. Бидний гэрээ соёлын өв болгож хамгаалахгүй юм бол цаана чинь казакууд (Казакстан), киргизүүд, Өвөрмонголоор дамжуулаад хятадууд монгол гэрийн өөрийн соёл болгох ажил аль хэдийн хийгдээд эхэлсэн. Харин бид сая Монгол Улсын ерөнхий сайдын дэргэдэх Соёл урлагийн үндэсний зөвлөлийн  2019 оны үйл ажиллагааны үеэр  Монгол Улсын наадгай аяныг зохион байгууллаа. Энэ үеэр гадаад дотоодын 20 гаруй эрдэмтэн оролцсон олон улсын эрдэм шинжилгээний хурал хийж, монголчуудын тоглоом наадгайн үзэсгэлэнг гаргасан байгаа. Түүнээс гадна Монголд  их олон төрлийн тоглоом наадгай байна. Үүнийг сэргээн үйлдвэрлэх, нэвтрүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн тогтолцоонд сэргээх  боломж байна. Шагайн харваа,шагайн наадгай гэсэн тоглоом бий. Энэ тоглоомнууд нь хүнийг хүмүүжүүлдэг том сурган хүмүүжүүлэх ухаан юм. Тухайлбал, зээр харваа  тоглоомыг тоглож  байгаа хүүхэд ан амьтантай яаж харьцахав, хэзээ агнаж болох эсэхийг сурдаг.  Энэ мэтчилэн танилцуулж барахгүй олон тоглоом бий.   Хүнээ хүмүүжүүлж түүний суурин дээр боловсрол олгох ёстой Энэ ажлын хүрээнд ирэх жил Монголчуудын тоглоом наадгай гэдэг атласыг гаргана. Тэгэхээр соёлын өвийг судална гэдэг бол нэг хэсэг хугацааны ажил биш. Энэ чиглэл рүү орж, дагнан ажиллаж байгаа хүний хувьд насны ажил юм. Харин их хааны нэрийг зүүсэн газар, бараа бүтээгдэхүүн олширсон байна. Гэхдээ түүх соёлын хувьд хэмжээ хязгаартай хандах ёстой байгаа юм. Тиймээс Оюуны өмч улсын бүртгэлийн газраас аж ахуйн нэгж, байгууллагад түүхэн нэр өгөхийг хориглосон юм байна. Энэ нь тухайн ард түмний ухамсар сэтгэхүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл манай монголчуудын боловсрол алдагдчихаад байна. Аливаа ард түмэн эхлээд хүнээ хүмүүжүүлж авдаг. Үүний суурин дээр дараа нь боловсрол олгодог. Харин Монголд шууд боловсрол олгох гээд байдаг. Тэгэхээр хүнийг юу хүмүүжүүлдэг вэ гэхээр нөгөө түүх соёлын өв, зан заншил. Цагаан сараар яаж золгодог юм, айлд ороод хаана суудаг, ахмад настай хүнтэй яаж харьцдаг юм зэргийг зааж сургадаг зан заншил чинь нүүдэлчдийн нийгмийг зохицуулж байсан юм. Тодруулбал, хуулиар зохицуулж болдоггүй юмыг түүх, соёлын өв, зан заншлаар зохицуулдаг. Хуулиар зан заншлаар зохицуулж болдоггүй зүйлийг зохицуулдаг байсан байна. Өнөөдөр монгол хүний хувьд хүмүүжил гэдэг юм байхгүй болсон учраас бүх юмыг эрээ цээргүй хэрэглэдэг,ханддаг болчихсон. Тиймээс манай монголчууд боловсролын тогтолцоондоо хүнийг бий болгодог хүмүүжлийн тогтолцоог их нарийн суулгах хэрэгтэй. Гэхдээ үүнийг бага, дунд насанд нь суулгах хэрэгтэй. Учир нь насанд хүрсэн буюу бие хүн болж төлөвшсөн хүн хүмүүжнэ гэж байдаггүй. Энэ замбараагүй байдал нь хүний хүмүүжил, төрийн бодлого гэж байхгүйтэй холбоотой юм. Төрийн зүгээс үүнийг шийдвэрлэхийн тулд нэг бол ард түмнээ соён гэгээрүүлэх, нэг бол шийтгэлийн арга хэмжээг хэрэгжүүлэх ийм хоёр арга замаар хүнийг төлөвшүүлдэг. Хүн тамхины иш хаясан тохиолдолд торгох эсвэл соён гэгээрүүлж л болно. Энэ хоёр аргаар хүнийг хүмүүжүүлэх ёстой. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.25  Даваа  №234, 235  (6201, 6202)
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

6 цаг 35 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

6 цаг 35 мин
Хөгжлийн төлөөх түншүүд 35 жилийн хамтын ажиллагаа

Европын Холбоо Монгол Улс тэртээ 1989 онд дипломат харилцаа тогтоосноос

6 цаг 35 мин
Нүүрсээ худалдаад бүгдээрээ хувааж идэх үү, нүүрсний хулгайг хэвээр үргэлжлүүлэх үү?!

Монголын төр олон жил гацсан нэгэн том төсөлд ойрын өдрүүдэд цэг тавина.

6 цаг 35 мин
"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

21 цаг 30 мин
"Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү"

Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү?

21 цаг 38 мин
Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

21 цаг 59 мин
Нэг уут бэлгэнд 36-72 ширхэг ёотонтой тэнцэхүйц сахар агуулагдаж байна

Шинэ жилийн баяртай холбогдуулан ХАБҮЛЛ, СХЗГ, НЭМҮТ хамтран нийсл

22 цаг 19 мин
П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

23 цаг 30 мин
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2024 оны онцлох ажил

Манай улсын орон сууцжуулалтын ойрын ирээдүйн бодлогыг хэлэлцэх олон

Өчигдөр 06 цаг 00 мин