С.Чинзориг: Нийгмийн даатгалын тогтолцоог гурван давхаргатай болгоно

2019-11-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА  Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшилж өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг нэгэн хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарт тулгамдаж буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм зүгээр ч нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцэгч нэгэн байх учиртай билээ. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” булангийнхаа ээлжит зочноор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд  С.Чинзоригийг урилаа.   -Таныг орон нутагт Ардын депутатын гүйцэтгэх захиргаанаас эхлээд төрийн албаны шатыг алгасахгүй ажиллаж ирсэн гэж сонссон. Энэ хугацаанд ямар зарчим баримталж ажиллаж ирэв. Ер нь төрийн хүн ямар байх ёстой гэж боддог вэ? -Миний ажил, амьдралын туршлага ерөөсөө л төрийн албатай холбоотой. 1986 онд МУИС-ийг төгсч Өвөрхангайд хуваарилагдаж очоод ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны төлөвлөгөөний комисст мэргэжилтнээр ажилласнаас хойш өнөөдрийг хүртэл төрийн албанд ажиллаж байна. Төрийн албанд ажиллаж байгаа хүн хууль дүрмийг ягштал баримтлах нь зүй ёсны хэрэг. Мэдээж хувь хүний ноён нуруунаас гадна өндөр ёс зүй, сахилга хариуцлагатай байх ёстой. Мөн төрийн албанд ажиллаж байгаа хүн эрх ашгаа эрэмбэлж, хүсэл сонирхлоо хойш нь тавьж чаддаг байх учиртай. Эцэст нь бусдын төлөө гэсэн сэтгэл, зүтгэлтэй хүн л төрийн албанд үр бүтээлтэй ажиллана. Төрийн албанд ажиллаж байгаа хүн зарим нэг Үндсэн хуулиар олгогдсон эрхээсээ түдгэлздэг. Тухайлбал, төрийн захиргааны албан хаагч намын гишүүнчлэлгүй байх, хувийн бизнес эрхлэхгүй байх гээд тодорхой хэмжээний хязгаарлалт бий. Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн хамгийн эхний шаардлага бол төрийн  үйлчилгээг л хөнгөн шуурхай, хүртээмжтэй, чанартай үзүүлэхэд мэдлэг боловсролоо дайчлах ёстой гэж ойлгодог. -Таны хувьд төрийн залгамж халаа байх ёстой гэж ярьдаг гишүүдийн нэг. Энэ байр сууриа яамны бодлого болгож хэрэгжүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ? -Монгол төрийн дархлаа гэж байх ёстой. Монгол төр ариун, үнэ цэнэтэй байх учиртай. Энэ үүднээс бодлогын залгамж зайлшгүй байх ёстой. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд төрийн бодлогын залгамж чанар алдагдаж байгаа тал бий. Нөгөө талаас төр нэр хүндтэй, дархлаатай байхын үндэс нь төрийн албан хаагчдыг мерит зарчмаар ажиллуулах явдал юм. Гэтэл Засгийн газар солигдохоор төрийн бодлогын залгамж чанар алдагддаг нь Монгол төрийн дархлааг сулруулж байгаа буруу жишиг. Аль ч нам, Засгийн газар гарсан өмнөх үеийнхээ зөв зүйтэй бодлогыг үргэлжлүүлэх ёстой. Бодлого алдагдаж байгаагийн нэг шалтгаан нь 1990 онд ардчилал зах зээлийн нийгэмд шилжихэд төр бодлогогүй мэт авирлаж, улсын хөгжлийн бодлогыг гаргадаг байсан Төлөвлөгөөний комисс, Төлөвлөгөө, эдийн засгийн хорооны бүтцийг үгүй хийсэнтэй холбоотой. Үүний гороор хөгжлийн урт хугацааны бодлогогүй болсон. Төрийн бодлого хариуцсан институци алга. Сангийн яаман дээр хөгжлийн бодлого төлөвлөгөө ярьж байгаа  ч яам бол хөрөнгийнхөө хэмжээнд тааруулдаг учраас хязгаарлагдчихаад байна. Тиймээс бодлогын залгамж чанар урт хугацааны төлөвлөлттэй, хөгжлийн бодлого хариуцсан тусдаа  институцитэй байх ёстой гэсэн байр суурийг Үндсэн хуулийн хоёр дахь шатны хэлэлцүүлэгт ч илэрхийлсэн. Хоёрдугаарт, төрийн бодлого сонгуулийн дөрвөн жилийн циклиэр тодорхойлогддог байж болохгүй. Сүүлийн үед урт хугацааны хөгжлийн бодлого гэхээс илүү намуудын дөрвөн жилийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөр баримжаалж ирлээ. Үүнээс болж улс орон тогтвортой хөгжихгүй байна. 20 жилийн өмнө зах зээлд шилжихэд ард түмний 35 хувь нь ядуу байна гэсэн судалгаа байсан бол одоо ч гэсэн нийт иргэдийн 29 хувь нь ядуу амьдарч байгаа нь урт хугацааны хөгжлийн бодлого дутмаг байгаагийн гор. Төрийн бодлогын бас нэгэн залгамж чанар нь боловсон хүчний нөөц чадавхиар тодорхойлогдоно. Төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллуулах зайлшгүй шаардлагатай. Түүнээс ялсан нам нь багаа бүрдүүлнэ гэж төрийн албан хаагчдыг хоморголон халах ёсгүй. Үүнээс болж төрийн дархлаа суларч, нэр хүнд унаж, хүчгүйддэг.
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллыг салбар гэж харахаас илүү макро эдийн засгийн түвшинд авч үзэх хэрэгтэй.
-Тухайлбал, та сайдаар очоод халаа сэлгээ, бодлогын өөрчлөлт хэр хийсэн бэ? -Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдоод хоёр жил болж байна. Энэ хугацаанд өмнөх Засгийн газрын эхлүүлсэн зарим бодлогыг үргэлжлүүлж байна. Олон нийтийн санал бодол, эрх ашигт нийцэхгүй зарим арга хэмжээг өөрчиллөө. Тухайлбал, өмнөх Засгийн газрын баталсан олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах Цалинтай ээж хөтөлбөрийг үргэлжлүүлсэн. Харин тэтгэврийн насыг жилд зургаан сараар нэмэгдүүлснийг судалгаа тооцооллын үндсэн дээр өөрчлөлт оруулсан. Судалгаагаар  монголчуудын дундаж наслалт жилд 3.5 сараар нэмэгдсэн байхад тэтгэврийн насыг нэг жилд зургаан сараар уртасгах нь иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлнө гэж үзэж УИХ-д оруулж жилд гурван сараар нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Энэ мэтчилэн зөв бодлогыг нь үргэлжлүүлж, заримыг нь засч сайжруулаад явж байна. Хоёрдугаарт, төрийн алба тогтвортой ажиллах ёстой гэсэн зарчмаа хэрэгжүүлж   сайдаар очоод халаа сэлгээ бүтцийн өөрчлөлт хийгээгүй. Манай яам найман газартай. Нэг газрын дарга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, долоон газрын дарга нь хэвэндээ ажиллаж байна. Албан тушаалд томилогдохдоо багаа бүрдүүлнэ гэдэг хоёр талтай. Үнэхээр мэргэжлийн чадвартай хүмүүсийг авч ажиллуулна гэдэг нэг хэрэг. Гэтэл өөрийн баг гэсэн нэрийдлээр мэргэжлийн бус, дадлага туршлагагүй, ойр дотны хүмүүсээ ажиллуулах нь сөрөг нөлөөтэй. Цаашид төрийн албыг тогтвор суурьшилтай ажиллуулах, мерит зарчмыг хэрэгжүүлэх үүднээс хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж гишүүнийхээ хувьд Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулсан. -Уул уурхай, боловсролын салбар зөвхөн энэ салбартаа чиглэсэн бодлого хэрэгжүүлдэг. Гэтэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 0-100 настнаас гадна амьдралын түвшин харгалзахгүйгээр хүрч үйлчлэх ёстой. Ялангуяа, халамж хүртэх хэсгийг орхигдуулахгүй байх гээд юм юманд хүрч үйлчлэхийг шаарддаг онцлогтой яам л даа? -Хөдөлмөр, нийгмийн хамгааллыг салбар гэж харахаас илүүтэй макро эдийн засгийн бодлого хариуцсан яам гэж ойлгодог. Хөдөлмөр эрхлэлт гэхэд зөвхөн манай яамны хүрээнд шийдэгдэх биш макро эдийн засгийн бодлоготой уялдаж салбар хоорондын зохицуулалт шаарддаг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 3.2 сая иргэний амьдралын чанарыг хариуцаж, эрх ашгийг нь хамгаалж ажилладаг. Энэ утгаараа орон нутгийн бүтцийн байгууллагуудаараа дамжуулж хүн бүрт хүрч ажиллах бодлого баримтлахыг хичээж байна. Мэдээж олон хүний ажлын арга барил, зан чанар, ажлын дадлага туршлагаас үр дүн хамаарна. 3.2 сая иргэний хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлыг дан ганц салбарын яамны ажил гэж ойлгож болохгүй. Аймаг, нийслэл, сум, баг, дүүрэг, хороодын удирдлагуудын хамтын ажил, хичээл зүтгэл байдаг. Орон нутгийн удирдлагууд иргэнээ мэдэж хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх боломжийг нь бүрдүүлж өгөх ёстой гэсэн зарчим баримтлан ажиллаж байна. Халамж хавтгайрлаа гэх шүүмжлэл хоёр талтай. Нэгдүгээрт, монголчуудын 2.7 сая иргэн ямар нэг хэлбэрээр нийгмийн хамгааллын үйлчилгээ хүртэж байна. Үүний нэг  сая нь хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байгаа юм. Хүүхдийн мөнгө, цалинтай ээж бол халамж гэхээс илүүтэй хүн амын өсөлтийг дэмжсэн төрийн бодлого. Цаашид хүн амын өсөлтийг дэмжсэн бодлогыг тусад нь гаргаж тусгай хуулиар зохицуулдаг болох, нөгөө талд халамжид хамрагдах зорилтот бүлгээ зөв тодорхойлох шаардлагатай байгаа. Хоёрдугаарт, өнөөдөр халамжаас олгож байгаа тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг харахад олон хүн хамрагдаж байгаа мэт боловч нэг хүнд ногдох хэмжээ нь маш бага. Амьжиргааны түвшнээс доогуур халамж олгож байгааг өөрчилж, анхаарах шаардлагатай иргэдээ амьдралаа хэвийн авч явах хэмжээнд хүргэх ёстой. Энэ хүрээнд хөдөлмөрийн хөлснөөс багагүй хэмжээтэй тэтгэвэр тэтгэмж олгох тогтолцоог бий болгохоор нэлээн ахицтай ажиллаж байна. Харин хөдөлмөрийн чадвартай иргэдээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ рүү чиглүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Хамгийн чухал нь халамж эзнээ олж байж үр дүнтэй байх юм.
- Төрийн албанд ажиллаж байгаа хүн эрх ашгаа эрэмбэлж, хүсэл сонирхлоо хойш нь тавьж чаддаг байх учиртай. Эцэст нь бусдын төлөө гэсэн сэтгэл, зүтгэлтэй хүн л төрийн албанд үр бүтээлтэй ажиллана.
-Яамны бодлогын нэг гол цөм нь малчид байдаг. Нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн нас гээд малчдыг онцгойлж авч үзэх шаардлага бий? -Манай улсын хувьд малаа төрийн хамгаалалтад авсан бараг цорын ганц улс гэж хэлж болно. Сүүлийн 20 жилд мал хувийн өмч болсон нэрийдлээр малчдын нийгмийн хамгааллын асуудал, малын эрүүл мэнд, удмын сан төрийн бодлогын гадна орхигдож ирсэн. Улсын хэмжээнд байгаа 250 орчим мянган малчин  байгалийн хатуу ширүүнд, нар салхинд  гандаж элээгдэж, амаргүй нөхцөлд хөдөлмөр эрхэлж байна. Гэтэл тэдгээрийн дөнгөж 20 хувь нь л нийгмийн даатгалын шимтгэл төлж, үлдсэн 80 хувь нь нийгмийн хамгааллын бодлогын гадна байна. Тиймээс Засгийн газраас хүнд нөхцөлд хөдөлмөр эрхэлж байгаа малчдыг дэмжих ёстой хэмээн үзэж гишүүний хувьд малчдын тэтгэврийн насыг таваар урагшлуулах хууль батлуулж өнгөрсөн жилээс мөрдөж эхэллээ. Ингэснээр мал маллаж байсан бол эрэгтэй 55, эмэгтэй 50 настай тэтгэвэрт гарах боломжийг бүрдүүлсэн. Гэсэн ч малчид нийгмийн даатгалын шимтгэл маш бага төлж байгаа учраас энэ хуулийн үр шимийг хүн бүр хүртэж чадахгүй байна. Тиймээс малчнаар ажиллаад нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй бол 1995 оноос өнөөдрийг хүртэлх хугацааны шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Өнгөрсөн жил Засгийн газраас малчдын нийгмийн хамгаалалтай холбоотой бас нэг чухал шийдвэр гаргасан нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхээр малчдын эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт өндөр болдог. Үүнтэй холбогдуулаад зөвхөн малчдын эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг хоёр дахин бууруулж нэг хувь болгосон. Цаашид ч гэсэн малчдын нийгмийн хамгааллыг сайжруулахад үе шаттай олон ажил хийнэ. -Ирэх жилээс нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэнэ гэсэн бухимдал нийгэмд  үүслээ. Энэ бодлого хэр оновчтой вэ? -Нийгмийн даатгалын сан алдагдал ихтэй. Энэ онд улсын төсвөөс 600 тэрбум төгрөгийн татаас авч үйл ажиллагаа явуулж байгаа учраас нэг талдаа нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах шаардлагатай. Засгийн газар 2016 онд Олон улсын валютын сантай хамтарч Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд нийгмийн даатгалын сангийн шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх талаар олон улсын санхүүгийн байгууллагуудтай тохиролцож 1997 оны дөрөвдүгээр сард баталсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах хууль баталсан. Зарим хууль тогтоомж манай улсын нөхцөлд нийцэхгүй байгаа учраас тэтгэврийн насыг зургаан сараар нэмэгдүүлэх хуулийг өөрчилсөн. Харин нийгмийн даатгалын сангийн шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх хуулийг өөрчилж чадаагүй. Цаашид алдагдлыг бууруулна гээд шимтгэлийг нэмэх асуудлаар хязгаарлаж болохгүй. Шимтгэл нэмэгдүүлэхээс гадна даатгал төлөлтөд анхаарах ёстой. Тухайлбал, малчдын нийгмийн даатгалыг нэг удаа нөхөн төлүүлснээр шимтгэл төлөгчдийн хамрах хүрээг нэмэгдүүлнэ гэж харж байгаа. Ингэснээр ирэх жилийн нийгмийн даатгалын сангийн татаас 300 тэрбум төгрөгөөр буурна.
- Монголчуудын 2.7 сая иргэн ямар нэг хэлбэрээр нийгмийн хамгааллын үйлчилгээ хүртэж байна. Үүний нэг сая нь хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байгаа юм.
-Олон жил шимтгэлээ төлчихөөд түүнийхээ үр шимийг хүртэж чаддаггүй, тэтгэврийн зөрүү хэт их гэсэн шүүмжлэл их гардаг. Ер нь манай улсын тэтгэврийн тогтолцоо хэр зөв бэ? -1995 оноос одоогийн тэтгэврийн тогтолцоо буюу эв санааны зарчимд тулгуурласан хууль хэрэгжиж байна. Цаашид нийгмийн даатгалын сангийн хуулийг өөрчилж олон давхаргат тогтолцоонд шилжих чиглэлээр ажиллаж байна. Нийгмийн даатгалын тогтолцоог гурван давхаргатай болгоно. Нэгдүгээрт, суурь тэтгэвэр авна. Хоёрдугаарт, ажилласан жил, авч байсан цалин, төлсөн шимтгэлээсээ хамаараад суурь тэтгэвэр дээрээ нэмэгдэл тэтгэвэр авна. Гуравдугаарт, хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоог оруулж ирэхээр Дэлхийн банк, олон улсын байгууллагуудаас зөвлөмж авч ажиллаж байна. Удахгүй Засгийн газар, УИХ-д өргөн барина. Тэтгэврийн зөрүү арилгах асуудлыг ахмадууд их ярьдаг. Шийдэх ёстой асуудал мөн. Үнийн өсөлт инфляцийн түвшин, цалингийн нэмэгдлээс болж тэтгэврийн зөрүү үүсдэг. Зөрүүг арилгана гэдэг хүн болгоны авч байгаа тэтгэврийг ижил түвшинд тогтооно гэсэн үг биш. Тэтгэвэрт гарч байгаа хугацаанаасаа үл хамаарч адил албан тушаал хашиж байсан иргэдийн тэтгэврийн зөрүүг ойртуулах юм. Тухайлбал, багшилж байгаад 1995 онд тэтгэвэрт гарсан хүнийх 2000 онд тэтгэвэрт гарсан хүнийхтэй ойролцоо түвшинд байна гэсэн үг. Итгэлцүүрээр тэтгэврийн зөрүүг арилгахад 500 орчим тэрбум төгрөг шаардлагатай учраас ирэх оны төсөвт тусгаж чадаагүй. Цаашид итгэлцүүрээр болон шинэчлэн тогтоох замаар тэтгэврийн зөрүүг ойртуулах бодлого хэрэгжүүлнэ. -Яам гэлтгүй Монгол төрийн бодлогын  цөм нь хүүхэд хамгааллын асуудал байдаг. Гэтэл хүүхэд хамгаалал нэг л үр дүнтэй байж чаддаггүй? -Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүүхдийн хөгжил хамгааллын асуудал харьяалагддаг. Гэтэл энэ бол зөвхөн нэг салбар биш эрүүл мэнд, боловсролоос авахуулаад салбар хоорондын уялдаа холбоо, хариуцлага шаарддаг ажил. Шинэ Засгийн газар хүүхдийн хөгжил хамгаалалд нэлээдгүй ач холбогдол өгч эхний ээлжинд бие даасан агентлаг байгууллаа. Ингэснээр тодорхой хэмжээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулж байна. Мөн Хүүхдийн хөгжил, хамгаалал, Хүүхдийн эрхийн хуультай болсон. Хамгийн гол нь салбар хоорондын уялдаа холбооноос гадна хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, асрамж халамж гээд бүх нийтийн оролцоо чухал. Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудалд төрийн байгууллагаас гадна эцэг эхчүүдийн үүрэг, оролцоо, хариуцлагыг сайжруулах шаардлагатай. Хүүхдийнхээ эрүүл мэндийг эмчид, боловсролыг багшид даатгаад орхичихдог эцэг эх олон байгаа учраас Гэр бүлийн хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Ингэснээр эцэг эх гэр бүлийнхээ өмнө үүрэг хүлээх байдлыг хариуцлагажуулна. Хүүхдийн хүмүүжил төлөвшилд анхаарч эерэг хандлагыг бий болгох бие даасан телевизийн сувагтай болохыг зорьж байна. Улсын хэмжээнд хүүхдийн асрамж халамжийн 31 төв ажиллаж байгаагийн гурав нь улсын төсвөөс санхүүждэг. Бусад нь олон улсын болон төрийн бус байгууллагуудын санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдагт шүүмжлэлтэй ханддаг. Монголын төр хүүхдийн хөгжил хамгааллынхаа асуудлыг олон улс, хувийн байгууллагуудад даатгаад орхиж болохгүй. Тиймээс энэ чиглэлийн төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, орон нутгийн бодлого үйл ажиллагааг эрчимжүүлэх ёстой.
- Монголын төр хүүхдийн хөгжил хамгааллынхаа асуудлыг олон улс, хувийн байгууллагуудад даатгаад орхиж болохгүй.
-Их хурлын гишүүний хувьд асууя. Парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад цөөн сар үлдлээ. Дотор нь ажилласан хүний хувьд энэ парламентыг хэрхэн дүгнэж байна вэ? -УИХ-ын гишүүн байна гэдэг олон түмний итгэлийг нуруун дээрээ үүрсэн амаргүй алба. Зөв сайн ажиллаж чадвал нэр хүндтэй. Нэгэнт итгэлийг нь дааж тулгамдсан асуудлыг төрийн бодлогод тусгуулж төрд төлөөлж ажиллахаар сонгогдсон хүн энэ амлалт, үүрэг хариуцлагаасаа ухарч няцах эрхгүй. Энэ удаагийн их хурлын нэр хүнд янз бүр л байна. Уулын мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай байдаг хойно хүн бүр өөрсдийнхөөрөө дүгнэх байх. Миний хувьд нэгэнт ард түмний төлөөлөл байж чадна гэж сонгогдсон учраас тойргийнхоо иргэдийн дуу хоолойг төрд хүргэх тулгамдсан асуудлыг төрийн бодлогод тусгуулах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэхэд хичээн ажиллаж байна. Тойргийн иргэдийнхээс өөр эрх ашиг байхгүй гэсэн зарчмыг баримталдаг. Төрийн түшээ хүн хариуцлагатай байх ёстой. Өнгөрсөн дөрвөн жилд сонгогчиддоо амласан малчдын тэтгэврийн насыг таван жилээр бууруулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх болон ээжүүдтэй холбоотой хэд хэдэн хуулийг батлууллаа. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд хариуцаж байгаа салбарынхаа хүрээнд нэлээд анхаарсан. 2014 оноос цалин нэмж чадаагүй бол сүүлийн гурван жилд энэ Засгийн газар гурван удаа нэмэгдүүллээ. Ирэх жил мөн адил нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний албан хаагчдад удаан жилийн нэмэгдэл олгох гээд санаачилж батлуулсан хууль, хийж байгаа ажил бий. Улс төрийн албан тушаалтны ам, үйлдэл зөрөх ёсгүй гэсэн зарчмаас хазайхгүйг хичээдэг. -“Давхар дээл”-тэй гишүүд шүүмжлэлд их өртдөг. УИХ, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахад давуу, сул тал ажиглагддаг л байх? -Ард түмэн “давхар дээл” гэж ёгтолж хэлдэг. Үндсэндээ хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх засаглалыг холих нь буруу гэж хэлж байгаа нь зарчмын хувьд зөв. Улс төрийн намууд хэрэндээ мэдлэг боловсролтой, тулхтай хүмүүсээ УИХ-д нэр дэвшүүлдэг гэж ойлгодог. Гэтэл Засгийн газрыг гаднаас байгуулах нь чадавхи сулрах сөрөг тал бий. Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүнээр давхар ажиллахаар хувь хүнд цаг наргүй их ажлын ачаалал ирдэг. Чуулганд сууж УИХ-ын үйл ажиллагаанд оролцоно. Бусад цаг үед яамны ажлаа зохицуулах шаардлага гарна. Миний хувьд  өглөө эрт болон ажил тарсны дараа яаман дээрээ сууж ажлаа амжуулдаг. Нөгөө талаас мэргэжлийн хүн сайдаар ажиллавал санаж бодсоноо парламентаар арай илүү шуурхай дэмжүүлж богино хугацаанд төрийн бодлого болгож гаргах давуу талтай. Манайх шиг парламентын засаглалтай оронд бол ерөнхий чиглэлийн яамны сайдуудаа УИХ-аас сонгох тохиолдол байдаг юм билээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.13  ЛХАГВА  №225  (6192)  
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

43 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

1 цаг 49 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

9 цаг 8 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

9 цаг 8 мин
Хөгжлийн төлөөх түншүүд 35 жилийн хамтын ажиллагаа

Европын Холбоо Монгол Улс тэртээ 1989 онд дипломат харилцаа тогтоосноос

9 цаг 8 мин
Нүүрсээ худалдаад бүгдээрээ хувааж идэх үү, нүүрсний хулгайг хэвээр үргэлжлүүлэх үү?!

Монголын төр олон жил гацсан нэгэн том төсөлд ойрын өдрүүдэд цэг тавина.

9 цаг 8 мин
"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

Өчигдөр 15 цаг 05 мин
"Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү"

Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү?

Өчигдөр 14 цаг 57 мин
Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

Өчигдөр 14 цаг 36 мин