Х.ОЮУНБОЛД
Монгол Улсын ууган их сургуулиудын нэг СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн ярих урлагийн тэнхим байгуулагдсаны 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ талаар тус тэнхимийн эрхлэгч Б.Даваатай ярилцлаа.
-Танай тэнхим үүсч байгуулагдсаны 25 жилийн ой болж байна. Энэ талаар?
-Соёл урлагийн их сургуулиас энэ жилийн хичээлийн жилийг манай тэнхимийн 25 жилийн ойг тэмдэглэхэд зориулж байна. Гэхдээ бие даасан тэнхим болоод 25 жил болж байгаа тэнхимийн сургалтын түүх 1957 оноос эхэлсэн байдаг. Дээд мэргэжилтэй урлагийн боловсон хүчнийг МУИС-ийн дэргэд нээж байсан энэ ангид 1959 онд Багшийн дээд сургуулийн хажууд анхны жүжигчинг бэлдэж эхэлсэн кино драмын анги байгуулагдсан түүхтэй. Энэ үеэс орж эхэлсэн жүжигчний дуу хоолой, хэл яриаг хөгжүүлдэг,тайзны ярианы сургалтын анхны багш нь Богдын дүрийг бүтээсэн гавьяат жүжигчин Н.Цэгмид байлаа. Түүний дараа 1959 онд ардын жүжигчин Г.Гомбосүрэн, гавьяат жүжигчин Ө.Рэнцэнноров нар анхны хичээлийг зааж байсан. 1994 онд анхны тэнхимийг “Сити” их сургуулийн захирал Ц.Байгалмаа,гавьяат багш Р.Уртнасан, гавьяат жүжигчин Н.Мягмар нар байгуулж байсан. Мөн 1994 онд байгуулагдсан энэ тэнхимд ярих урлагийн тэнхимийг санаачлан байгуулсан гавьяат багш Р.Уртнасан, ардын жүжигчин Н.Сувд, гавьяат жүжигчин Л.Чаминчулуун нарыг урьж эгнээгээ өргөжүүлсэн. Жүжигчний дуу хоолой, хэл яриаг хөгжүүлдэг, тайзны яриаг оюутнуудад зааж эзэмшүүлдэг манай тэнхим байгуулагдсаны ой өнөөдөр тохиож байна.
Энэ хүрээнд “Жүжигчний дуу хоолой, хэл ярианы сургалт судалгаа” нэртэй хурал болно. Энэ хурлын эхний хэсэг нь өнгөрсөн, одоо цагийг холбосон тэр цагт хэлэлцэгдэх гурван илтгэлээс бүрдэнэ. Дараагийн хэсэгт хэлэлцэх зургаан илтгэлээр өнөөдөр бидэнд ямар асуудал тулгамдаж байгаа болон ирээдүйд бид хаашаа яаж хөгжих чиг хандлагыг илэрхийлсэн илтгэлийг танилцуулна. Мөн энэ тэнхимд амьдралаа зориулж явсан сургалт судалгаатай холбоотой судлаачид, ахмад багш нарынхаа арга туршлага, уран бүтээл, амьдралын замналыг судалсан манай тэнхимийн багш нарын бэлтгэсэн 17 постер илтгэлийг гаргаж байна. Харин есөн илтгэлийг манай сургуулийн Оюутан театрт театрын урлаг, тайзны яриатай холбоотой салбар судлалын эрдэмтэд тавьж байна.Тухайлбал, МУИС-ийн урлаг судлал, гоо зүйн тэнхимээс доктор н.Дэлгэрмаа, Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлгийн мэргэжлийн дуучин, жүжигчдийн хоолойг эмчилдэг, дуу судлаач н.Нэргүй нар оролцоно. Нэргүй судлаач манай багш нар, жүжигчид, уран бүтээлчдийн эрүүл ахуйд тулгамдаж байгаа асуудлын талаар орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан хийсэн судалгааныхаа үр дүнг танилцуулсан илтгэл тавих юм. Мөн манай тэнхимийн ахмад багш, ардын жүжигчин Н.Сувд, ардын жүжигчин, яруу өгүүлэхүйн мастер Г.Равдан, театрын урлагийн сургуулийн тэргүүлэх профессор Н.Ганхуяг, Урлаг судлалын тэнхимийн эрхлэгч П. Батхуяг гэсэн илтгэгчид илтгэл хэлэлцүүлнэ. Түүнээс гадна манай тэнхим 25 жилийн түүхэндээ юу хийж бүтээснийг дэлгэн харуулсан үзэсгэлэн гарна. Тухайлбал, ахмад багш нарын ажил, амьдралаар хийсэн судалгаа, түүхэн баримтуудыг үзэх болно.
-Үзэсгэлэнд ямар үзмэрүүд тавигдах вэ?
-Манай тэнхимийн 10, 20 жилийн ойд зориулан хийсэн баримтат кино, ажиллаж байсан багш нарын хөрөг, хийж байсан ажлын зураг, нотлох баримтууд, хамгийн анхны хичээлийн хөтөлбөрүүд, багш нарын сургалт арга зүйтэй холбоотой бичсэн ном товхимлууд, уран уншлага уншдаг багш нарын нэртэй зохиолчдын бүтээлийг уншиж гаргасан болон бие даан гаргасан уран бүтээлээс бүрдсэн цомог тавигдана. Үзэсгэлэнг үзэхээр ирсэн хүмүүс сонирхвол энэ бүтээлүүдээс худалдан авч болно.
-Оюутнуудын дунд уран уншлагын уралдаан зохион байгуулах уу?
-Гурван жилд нэг удаа “Сэтгэлээс төрөх үгийн ур” гэсэн уралдаан болдог. Мөн Л.Чаминчулуун багшийн нэрэмжит “Үгээр урлах ухаан” уралдааныг дөрөв дэх удаагаа зохиогоод байна. Энэ нь улсын хэмжээний уралдаан учраас зөвхөн театр, соёл, урлагийн сургуулийн оюутнууд биш,энэ мэргэжлээр сургалт явуулж байгаа бүх сургуулийн оюутнууд оролцдог юм.Тухайлбал,“Зохиомж”, “Сити”, “Кино урлаг”-ийн дээд сургуулийн оюутнууд оролцдог. Оюутнууд энэ уралдаанд оролцсоноор нэгнээсээ харилцан суралцах, өөрийгөө ур чадвараараа хаана яваа болон байр сууриа тодорхойлох, уран бүтээлч сэтгэлгээтэй болох, юмыг өөрөөр харах, цаашид юун дээр анхаарах ёстой вэ гэдгээ олж харах боломж олгодог уралдаан юм. Түүнээс гадна МУИС-тай хамтраад “Давалгаа” гэдэг богино өгүүллэгийн уралдаан, Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран “Миний бяцхан найзууд” нэртэй хүүхдийн өгүүллэг, шүлгийн уралдааныг зохиодог. Олон улсын онгодын уралдаан гэдэг уралдааныг оюутнуудынхаа дунд тогтмол зохиодог байгаа. ОХУ, Польш, Буриад, Халимаг оролцдог уралдаанд манай оюутнууд гурав дахь удаагаа оролцлоо. Манай сургууль, тэнхимээс зохиож байгаа уралдаанд МУИС, Улаанбаатар дээд сургуулийн сэтгүүлч, утга зохиол, хэл шинжлэлийн мэргэжлээр суралцдаг оюутнууд оролцдог. Мөн мэргэжлийн жүжгийн ангийн оюутнууд энэ зохиолыг яаж ярьж байгааг харж судалдаг.
-Өөр ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна?
-Дээр дурдсан оюутнууд оролцдог “Давалгаа” богино өгүүллэгийн уралдааныг ирэх оны гуравдугаар сард хийнэ. Харин дөрөвдүгээр сард “Жүжигчид дуулж байна” уралдааныг зохион байгуулна. Мөн манай тэнхимд жүжигчний дуу хоолой, яриаг хөгжүүлдэг хоёр хичээл ордог. Дуу дуулах ур зүйн хичээлийг заадаг багш нар манай тэнхимд харьяалагддаг. Тиймээс энэ хичээлийг анх зааж байсан гавьяат жүжигчин Д.Банди багшийн нэрэмжит дөрөв дэх удаагийн уралдаан үргэлжилж байна. Түүнчлэн жилийн хугацаатай үргэлжлэх тэнхимийнхээ 25 жилийн ойн хүрээнд олон нийтэд хандсан арга хэмжээ сургалтыг явуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, илтгэх болон ярих урлагийн сургалтыг явуулахаар төлөвлөж байна. Ярих урлагийн сургалт нь хөдөө орон нутагт театр, продакшнд ажиллаж байгаа төгсөгчдийнхөө мэргэжлийг дээшлүүлэх, АНУ, ОХУ, БНХАУ-ын орчин үеийн жүжигчний хэл яриаг хөгжүүлэх аргуудаас зааж сургана. Гурав дахь сургалт нь ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад хандсан юм. Өнөөдөр манай хүүхдүүд гадаад хэл дээр юм үзэх, техник технологи, цахим хэрэглээ газар авч хөгжсөн энэ үед гар утас, таблет хэрэглэх болсноор амьд харилцаанд орохоо больсон. Үүний улмаас хэл ярианы хөгжил нь доройтож монгол хэлний дуудлага гадаад хэлний хэрэглээнд түрэгдсэнээр эвдэрч байна. Тиймээс монгол хэлний дуудлагыг засч төлөвшүүлэх сургалтыг явуулна. Сургалтын үеэр хэлний ямар нэгэн олдмол гажиг, дуудлага зүйн ямар нэг алдаа байдаг бол засна. Мөн хотжилт гээд байгаа бидний амьдралын хэвшлийн улмаас монгол хүний дуу хоолойг их хумиж байгаа. Тиймээс хүүхдүүдийн дуу хоолой ч гарч ирэхээ больсон. Тэр дуугардаггүй, хөгжөөгүй байгаа дуу хоолойны эрхтэн тогтолцооных нь үйл ажиллагааг нь эрчимжүүлэх,сэдэлжүүлж өгөх, өөрийгөө бусдад чөлөөтэй илэрхийлэх ямар арга байдаг талаар хүүхдүүдэд сургалт явуулна.
-Энэ сургалтуудаа хэрхэн нийтэд хүргэх вэ?
-Бид энэ намраас манай сургуулийн гадаа байгаа самбар болон тэнхимийнхээ цахим хуудаст нийгэмд чиглэсэн сургалтын талаар мэдээлэл тавьсан байгаа. Тэнхимийн ойн хүрээнд хийх ажлын нэг учраас ЕБС-ийн сургуулиуд, байгууллагуудад зар тараана. Тухайн байгууллага, сургууль хүсэлт гаргавал багш гаргаад сургалт явуулах боломжтой. Банк, радио, телевизийнхэн манай сургалтад хамрагдаж байсан. Сургалтын хугацааны хувьд оюутнуудын өвлийн амралтаар манай тэнхимийн багш нар ачаалал багатай байх үеэр явуулна. ЕБС-ийн сурагчдад сар, нөгөө хоёр сургалт нь эрчимжүүлсэн маягаар долоо хоногоор заадаг. Дашрамд хэлэхэд ирэх жил манай сургуулийн 30 жилийн ой болно. Тэгэхээр одоо бидний хийж байгаа, хийхээр төлөвлөсөн ажлуудыг сургуулийнхаа ойг угтан хийж байгаа ажил гэж ойлгож болно. Мөн манай багш нар сүүлийн үед бичсэн бүтээлээрээ ном гаргаж байна. Л.Чаминчулуун, Н.Сувд багш нар ном гаргасан. Н.Сувд багш манай сургалтын үндсэн сурах бичиг болсон “Дэлхийн театрын түүх” гэдэг их үнэ цэнэтэй сайхан ном бичиж гаргалаа. Монгол Улсад театр хөгжөөд 100 жил болох гэж байхад одоо дэлхийн театрын түүхийн тухай ном гарч ирж байна. Өмнө нь зөвхөн Өрнөдийн театрын тухай манай театр судлаач Д.Батсайхан багшийн номоор хичээл заадаг байлаа. Багш нар гадаад хэлнээс материал орчуулаад заадаг байсан бол одоо нэг ном ашиглах боломжтой болж байна.
-Танай сургуулийн зүгээс ном товхимол хийж гаргадаг гэсэн. Одоо ямар ном гаргахаар ажиллаж байна вэ?
-Театрын урлагийн сургуулийн зүгээс “Монголын орчин үеийн драмын урлаг судлал” гэсэн цуврал номыг гаргадаг. Үүний дөрөв дэх цувралыг манай ярих урлагийн тэнхимийн түүх, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, уран бүтээлийг харуулсан ном болно. Номонд манай тэнхимийн 20 болон 25 жилийн ойн үеэр танилцуулсан эрдэм шинжилгээний бүх илтгэлийг багтаасан мэдээллийг нэг дороос авч болох агуулгын багтаамжтай,нягтаршил сайтай тийм ном болно гэж харж байгаа. Тэр номоо энэ хичээлийн жилд гаргаж дуусгана.
-Танай сургууль, тэнхимийн үе үеийн төгсөгчид хэр холбоотой ажилладаг вэ?
-СУИС жил бүр хичээлийн жилдээ зорилго тавьж ажилладаг. Энэ хичээлийн жилийг “Хамтын ажиллагааны жил” гэж зарласан. Тиймээс оюутнууд, багш нар, төгсөгчид гэсэн гурвалсан холбоог нэг тойрогт оруулж явуулах шаардлага үнэхээр үүссэн байна. Үүний нэг нь манай тэнхимийн ойн хүрээнд явагдсан миний төгссөн ангийн 20 жилийн ой боллоо. Манай ангийнхан сургууль дээрээ ойгоо тэмдэглэсэн. Сургуулийн зүгээс ч их сайхан хүлээн авч төгсөгчиддөө сургуулиас гаргасан сургалт судалгааны ажлуудаас бүрдсэн багц номыг бэлэг болгож барьсан. Мөн манай ангийн уран чадварын багш, урлаг судлалын доктор С.Сугарын нэрэмжит танхимаар биднийг оруулахад нэрт найруулагч Ч.Найдандорж багш бидэнд оюутнуудынхаа ажлыг үзүүлсэн сайхан байсан. Мөн манай сургуулийн төгсөгчидтэй хийх дараагийн уулзалтыг товлосон байгаа. Тухайлбал, ярих урлагийн чиглэлээр суралцаж төгсөөд ажиллаж байгаа нэрт сэтгүүлч, нэвтрүүлэгч, хөтлөгч Д.Цоодол, С.Чимгээ, ардын жүжигчин, хүндэт профессор Г.Равдан гэсэн хүмүүстэй уулзах юм.
-Оюутнууд ойн арга хэмжээнд өөрсдөө дэглэсэн ямар нэгэн уран бүтээлээр оролцож байгаа юу?
-Сургалт болон оюутны бүтээлийг сурталчлах ажлын хүрээнд үлгэр хэлэх цаг төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа. II дамжааны оюутнууд нэг улирлын турш монгол ардын аман зохиолын сэдвээр ажилладаг. Адгуус амьтан, шидэт болон баатарлагийн үлгэр гэсэн бүх үлгэрийг яаж ярихав. Орчин үеийн арга хандлагаар физикл театр гээд бүх чиглэлээр болон уламжлалт монгол үлгэрчийн язгуур намба төрх хэлбэрээр яаж хийж болохыг туршиж үздэг оюутны ажил бол өөрөө туршилт юм. Тиймээс янз бүрийн хэлбэр, театрын урсгал чиглэлээр үлгэрүүдийг хийж байгаа. Тэндээс шалгарсан хамгийн сайн ажлуудыг СУИС-ийн III байранд байдаг найман ханатай ёс заншлын өргөөнд үлгэр хэлэх цаг төслөө долоо хоногийн бямба, ням гаригт тоглоно. Хүүхдүүддээ үлгэр үзүүлж сонсгохыг хүсдэг аав ээж, хүссэн хүмүүс нь ирж үзэж болно. Одоо төсөл нь бичигдээд, тоглох үлгэрүүд нь сонгогдоод бэлтгэл ажилдаа ороод явж байгаа. Мөн ирэх жилийн нэгдүгээр сараас тоглож эхлэх энэ төсөлд таван их сургуулийн оюутнууд хамтран ажиллах юм. Энэ сургуулиудын оюутнууд өөрсдөө хөгжимдөн, жүжиглэн бүжиглэж, уран бүтээлээ сурталчилж, тайз,хувцсыг нь хийх үлгэрээ толилуулна. Энэ нь тэдэнд туршлагатай болоход нь тусална гэж бодож байна. Төслийн удирдагч, найруулагчаар магистрантурын I дамжааны оюутан жүжигчин, хөөмийчин гэсэн хос мэргэжлээр төгссөн Д.Хишгээ,би өөрөө зөвлөхөөр нь ажиллаж байна. Хүмүүст толилуулах үлгэрээр өмнө нь тоглож байгаагүй баатарлаг үлгэр “Гурван настай гунан Улаан баатар”, домгийн шинжтэй “12 жилийн үлгэр”, аж байдлыг харуулсан “Ойн анчин хүү” үлгэр, саяхан хэвлэгдсэн Дорно дахины буддын сургаалт “Үлгэрийн далай” номоос “15 толгойт усны мангас” гэсэн үлгэрийг сонгож авсан. Энэ үлгэрийг сонгосноор хүн энэ насандаа бие, хэл сэтгэлээрээ ямар үйлийг үйлдэнэ. Түүнийхээ үйлийн үрийг хойд насандаа амсч явдаг. Үйлийн үрээс хэн ч зайлах аргагүй. Хүн бүр явдал мөрөө хичээж явах ёстой гэсэн санааг хүмүүст өгөх нь зүйтэй байх гэж бодож байна. Тиймээс хүмүүсийг таван сургуулийн оюутнууд хамтран тоглох үлгэрийг ирж сонирхохыг хүсч байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.11.8 БААСАН №222 (6189)