Насанд хүрсэн хүн бүрт хэзээ нэгэн цагт буйл хөндүүрлэн мэдрэг болж үрэвсэх асуудалтай тулгарч байсан туршлага бий гэдэгт эргэлзэхгүй байна. Шүд угаахад буйлнаас цус гарч, шүд угаах, шүдний завсар цэвэрлэх, хоол идэх үед ч тэр хэсэгтээ хөндүүрлэн эмзэг болж байсан байж болох юм. Энэ бол буйлны үрэвсэлт өвчин юм. Буйлны үрэвсэл нь шүдэн дээр хуримтлагдсан өнгөр ба нянгийн гаралтай био хальсны хорт бүтээгдэхүүнүүдээс шалтгаалан үүсдэг үрэвсэлт өвчин юм. Биеийн бусад эрхтэн тогтолцооны үрэвслүүдээс ялгаатай нь үрэвслийн шинж тэмдэг төдийлөн хүчтэй тод илрэхгүй тул буйлны үрэвсэлийг дийлэнх хүмүүс үл тоомсорлосноор илүү хүнд үе шатанд орсон хойно нь эмнэлэгт хандах нь элбэг. Буйлны үрэвсэл бол эмчлэгддэг өвчин юм. Харин үүнийг цаг тухайд нь эмчлэлгүй үл тоомсорлох юм бол илүү ноцтой үр дагаварт хүргэх дараагийн үе шат буюу шүдний тулгуур эдийн үрэвсэлт өвчин болон хүндэрдэг. Иймд буйлны үрэвслийг цаг тухайд нь таслан зогсоож, эмчлэх шаардлагатай.
Буйлны үрэвсэл шүд, буйлаа угаах үед бага зэрэг цус гарах, буйлны хэсэгт сойз хүргэж угаах үед болон шүдээ чигчилэхэд хөндүүрлэж цус гарах, шүлсээ сороод хаяхад цустай байх, буйл хавагнаж үрэвсэх, буйлны өнгө улаан, ягаан туяатай байх, амнаас эвгүй үнэр гардаг. Цэвэрлэлгүй орхисон шүд нь өнгөр үүсэх, хуримтлагдах гол шалтгаан болно. Өнгөр нь аажимдаа хатууран буйлны гүн хэсэгт шүдний чулуу болон хувирснаар буйланд сөрөг нөлөө учруулна. Амны эрүүл ахуйг сахилгүй, шүдний чулууг авалгүй энэ чигт нь орхивол тэр хэсэгт буйлны үрэвсэлт өвчин үүсэх бөгөөд үүний улмаас амны хөндийн хөнөөлт нян бактериуд цусны урсгалд нэвтрэн амны хөндийгөөс бусад эрхтэн тогтолцоо руу дамжин халдварлах боломж нээгдэнэ. Үүнийг таслан зогсоохын тулд өдөрт шүдээ хоёр удаа угаах, шүд хоорондын завсараа ердөө ганцхан удаа цэвэрлэхэд л хангалттай. Хэрэв боломжтой бол хоол идэх болгоныхоо дараа шүдээ угаадаг байх нь илүү тустай.
Буйлны үрэвсэлийн гол шалтгаан бол нян бактери бөгөөд түүний ялгаруулж буй хорт бүтээгдэхүүнүүд юм. Хэрэв та витамин ба тэжээлэг найрлагаар баялаг хоол хүнс хэрэглэж байгаа бол энэ нь таны биеийг нянгийн довтлогооноос хамгаалах хамгаалалт үүсгэхэд туслана. Болж өгвөл хоол хүнсэндээ хүсний ногоо, жимс ихээр хэрэглэж давс чихрийн агууламж өндөр боловсруулсан хоол хүнснээс зайлсхийх нь зөв. Хэрэв та өөртөө буйлны үрэвсэл үүссэн байна гэж сэжиглэж байгаа бол тулгуур эдийн өвчлөлийн чиглэлээр мэргэшсэн шүдний эмчид хандах нь зүйтэй. Мэргэжлийн эмч таны шүдийг шаардлагатай түвшинд хүртэл цэвэрлэж өгч, буйлны үрэвсэлээс сэргийлэх болон үрэвсэлийг таслан зогсоох баталгаатай эмчилгээ, үйлчилгээг үзүүлэх болно. Хэдийгээр шүдээ угаах болон шүд хоорондын завсараа өөрөө цэвэрлэх нь шүдний өнгөр тогтохоос сэргийлэх боловч зарим нэг шүдний нүдэнд үл харагдах, хүрэхэд хэцүү хэсгүүдийн өнгөрийг иж бүрэн цэвэрлэж чаддаггүй сул талтай. Иймд зургаан сар тутамд шүдний эмчид очиж шүд болон буйлны хэсгүүдээ хянуулж, мэргэжлийн амны хөндийн эрүүл ахуйн үйлчилгээ авч байх нь зөв.
Шүдээ угаахаасаа өмнө шүд хоорондын завсараа зориулалтын утсаар цэвэрлэх нь зөв. Энэ нь шүд хоорондын завсарт тээглэсэн хоол хүнсний үлдэгдлийг цэвэрлэхэд туслана. Үүний дараа шүдний гадаргуунуудыг шүдний оо ашиглан сойзоор угааж цэвэрлэнэ. Шүд хоорондын завсараа утсаар цэвэрлэхдээ нэг завсарыг олон удаа давтан цэвэрлэхээс зайлсхийх хэрэгтэй ба ийнхүү олон удаа ухаж төнхөх нь хоол хүсний үлдэгдэл болон нян бактерийг буйлны гүнлүү чигжих шалтгаан болж болзошгүй. Дээр дурдсан зүйлсийг анхааралдаа авч мөрдлөг болгосон байхад буйлны үрэвсэл үүсэх, хүндрэх эрсдлээс өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой. Шүд ба буйлны үрэвсэлт өвчнүүд нь таны биеийн ерөнхий эрүүл мэндийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлдөг гэдгийг байнга санаж шүд, буйлны үрэвсэл үүсэхээс байнга сэргийлж, үүссэн бол цаг тухайд нь эмчид хандаж байхыг “Миракл” шүдний эмнэлгийн эмчилгээний эмч Т.Нямүсрэн зөвлөж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.11.7 ПҮРЭВ №221 (6188)
Буйлны үрэвслийг эмчлүүлээгүйгээс тулгуур эдийн үрэвсэлт өвчин болдог
2019-11-07
Нийтэлсэн: Админ
 1 мин