П.АМГАЛАНБААТАР
Энэ удаагийн “Бизнес хөгжил” буланд “Энхжин сувинер” компанийн захирал Э.Урьханыг урьж, ярилцлаа.
-Үндэсний өв соёлыг харуулсан монгол брэнд гэхээр хүмүүс “Урьхан” брэндийг санал болгодог. Танай бараа бүтээгдэхүүн ардын өв соёл, гар урлалын уран нарийн хийц гээд монгол ёс заншил, соёлын онцлогоо илүү түлхүү тусгаж өгсөн байдаг. Бизнесийн гараагаа хэрхэн эхэлж байсан бэ?
-Би Дүрслэх урлагийн дээд сургуулийг 2003 онд уран зураач мэргэжлээр төгссөн. Хүүхэд байхын гар урлалын бүтээл сонирхдог байлаа. Таван настай байхдаа картон цаасаар гутал хийж өмсөөд гудамжинд явж байсан удаатай. Мөн ээжийнхээ үнэтэй хоргой торгыг хайчлаад хүүхэлдэйндээ хувцас хийгээд, ээждээ зэмлүүлж байлаа.
Эргээд бодоход миний хүсэл мөрөөдөл, өнөөдрийн бизнес багын минь сонирхол байжээ. Одоо энэ бүхэн миний амьдралын салшгүй нэг хэсэг болсон байна. 1997 онд Дүрслэх урлагийн дээд сургуульд орохдоо анх сувинер хийж эхэлсэн. “Цэцэг” төвийг анх ашиглалтад ороход лангуу авч бизнесийн гараагаа эхэлж байлаа. Харин 2005 онд албан ёсоор “Энхжин сувинер” компанийг байгуулсан. Бидний анхны бүтээл “Амьд зохиомж” гэдэг нэртэй ургамлын хатаамал, модон хүүхэлдэй байв. Мөн бүтээлүүддээ монгол орны байгалийн гоо сайхныг шингээж өгөхыг зорьдог байсан. Өөрөөр хэлбэл, монгол байгалиар чимэглэлийн зураг хийдэг байлаа. Энэ бол аавын минь санаачилсан оюуны бүтээл байлаа. Үүнийг бид үйлдвэрлэлд шилжүүлээд, бэлэг дурсгалын зүйл, сувинер хэлбэрээр хийж байсан юм. Аав минь зураач мэргэжилтэй. Аавынхаа мэргэжлийг өвлөж , хоёр нь зураач болсон. Ер нь манайхан бүгд урлагийн хүмүүс байдаг. Тиймээс бүгдээрээ нэгдэж, Монголд үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхээр сэтгэл зүтгэл нэгдэн ажиллаж байна.
-Гадны жуулчдад танай монгол хатдын зурагтай, арьсан хэтэвч их таалагддаг. Монгол уран зургийг арьсан дээр буулгах санаа анх хэдийд төрөв?
- Гар урлалын бүтээл бол эсгий тавчик, энгийн бэлэг дурсгалын зүйлсээр хязгаарлагдах ёсгүй. Энд мэдлэг, инноваци шингэсэн, хүний хэрэглээг тал бүрээс нь бодож хийсэн зах зээлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ёстой гэдэг утгаараа бид 2003 онд солонгосын зурагтай түрүүвчний технологийг судалсан юм. Тэгээд арьсан дээр зураг хэвлэх технологийг анх үйлдвэртээ нэвтрүүлсэн. Арьсан дээр зураг хэрхэн буулгах вэ гээд найман жилийн турш судалгаа хийсэн. Мэдээж, энэ технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хүндрэлтэй зүйл их байсан. Гэсэн ч бид судалж шинжилсээр, туршсаар 2008 оноос бүтээгдэхүүн маань худалдаанд гарч эхэлсэн.
- Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, дэвшилтэт технологийг дэлгэн үзүүлдэг олон улсын үзэсгэлэнд танайх “Дэлхийд өрсөлдөх монгол брэнд”-ээр шалгарсан байсан. “Урьхан” брэндийн санаа шийдэл, загвар дизайны талаар сонирхуулаач?
-“Урьхан” брэнд нэрийн хувьд бид шинэ шийдэл, өнгө үзэмжтэй бүтээгдэхүүн гаргаж байгаа болохоор нэр өгөхөөр болсон. Өөрөөр хэлбэл, бидний маркетингийн бодлого явуулах эхний алхам бол тухайн бүтээгдэхүүнийг эзэнжүүлэх асуудал байсан. Тэгээд ямар нэр өгөх вэ гээд ажлынхантайгаа ярилцсан. Гэтэл манайхан “Та өөрийнхөө нэрээр нэрлэвэл зүгээр юм биш үү. Таны нэр ховорхон, брэнд нэр гэж хэлсэн. Тэгээд бүтээгдэхүүнээ “Урьхан” гэж нэрлэсэн. “Энхжин” сувинер компаниа бас охиныхоо нэрээр нэрлэж байлаа. Өөрсдийнхөө бүтээлийг ингэж нэрлэсэн нь бас учиртай. Маркетингийн сургалтад сууж байхад дэлхийд гаргасан судалгаагаар компанийнхаа нэрийг үр хүүхэд, ээж аав, ойр дотныхоо хүний нэртэй холбож өгөх ач холбогдолтой. Дараа нь брэндийг үүсгэхдээ өөрийнхөө нэрээр нэрлэвэл амжилтад хүрдэг гэж сонссон. Гэхдээ бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ эхлэхдээ энэ бүхнийг мэдээгүй ч дараа нь сонсоод их билэгшээж байлаа.
Алив бүтээл бас цагаа олно гэж байдаг. Анх арьсан дээр зураг буулгахад хүмүүсийн хандлага тийм ч сайн биш байсан. Энгийн арьстай байхгүй юм уу ,яагаад ийм эрээн, мяраан юм бэ гээд бага зэрэг дургүй хүлээж авдаг байсан. Харин 2008 онд энэ загвар дэлхийд трэнд өнгө болж хувирсан. Бид нар арай түрүүлээд эхэлчихсэн байна гэж харж байсан. Харин одоо “Урьхан” брэндийн өнгө, дизайн шийдлүүдийг сонирхдог, эрж хайдаг цаг нь ирчихсэн. Хүмүүс маш их сонирхож хүлээж авдаг. Энэ бүтээлдээ бид үндэсний урлаг, өв соёлоо шингээж өгөхийг хичээдэг.
-Одоо хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа вэ?
-Үйлдвэрээс гарч байгаа бүхий л бүтээгдэхүүнийг маань хэрэглэгчид худалдан авах дуртай байдаг. Олон жилийн судалгааны үндсэн дээр тулгуурлан хийж байгаа эдгээр бүтээгдэхүүнүүд маань хэрэглэгчдийн сайшаалд нийцэж, байгааг хараад баярладаг. Одоо 64 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Эдгээр нь дотроо бас төрөл төрлөөрөө хуваагдчихдаг. Нэг бүтээгдэхүүндээ зориулаад дөрвөн зураг гаргачихсан байгаа. Цаана нь бас хоёр зураг эхэлчихсэн. Бүтээгдэхүүн болгон маань 4-5 зурганд хуваагдаж хийгддэг гэсэн үг.
-Бизнесийн хамгийн чухал зүйл нь маркетинг, зар сурталчилгаа байдаг. Танайх хэрхэн анхаарч ажилладаг вэ?
-Манайх анх бүтээгдэхүүнээ чанартай л гаргавал хүмүүст амархан танил болно гэж боддог байлаа. Гэтэл одоогийн маркетингийн чиглэл бас өөр болчихож. Аливаа бараа бүтээгдэхүүн чанартай байхаас гадна сав баглаа боодол, зар сурталчилгаа маш сайн байхад бүтээгдэхүүн илүү сайн зарагддаг юм байна. Үйлдвэрлэгчийн хувьд, хийж байгаа зүйлдээ хамаг цаг зав, сэтгэл зориулаад урландаа суудаг байсан. Харин одоо зар сурталчилгаа, маркетинг-борлуулалт гээд олон чухал зүйлд анхаарч ажилладаг болсон. Мөн дотоодын үйлдвэрлэл, бэлэг дурсгалын зүйлс борлуулалтын хувьд улирлын чанартай байх нь элбэг байдаг. Тиймээс бид монгол үндэсний баяр, цагаан сарын бэлгийн багцыг цогц байдлаар хэрэглэгчиддээ хүргэхээр бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ одооноос эхлэн анхаарч ажиллаж байна.
-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд, худалдан авалт хийе гэхээр хэтэрхий үнэтэй байна гэсэн шүүмжлэл байдаг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Ямар ч бүтээгдэхүүний үнэлгээ чанараас ихээхэн шалтгаалдаг. Тийм болохоор манай бүтээгдэхүүн цэвэр арьс, оргинал материалаар хийдэг болохоор зах зээлд бага зэрэг үнэтэй гардаг. Гэхдээ бүтээгдэхүүн бүр хэрэглэгчдийн гарт хүрэхдээ маш их цаг зав болон олон хүний хөдөлмөр шингэж бүтдэг. Нэг түрүүвч 5-6 хүний хөдөлмөрөөр бүтдэг. Тиймээс зах зээлд гарч байгаа нэг түрүүвчний үнэ 30-40 мянган төгрөгийн хооронд байх жишээтэй. Харин манайхтай төстэй бүтээгдэхүүнийг хуурамч арьс, лидерин дээр Хятадад хэвлүүлээд, зарж байгаа хүмүүсийн хувьд нэг ширхэгийг нь 18 мянган төгрөгөөр зардаг. Даавуун дотортой, хиймэл материалаар хийсэн бүтээгдэхүүнийг урдаас оруулж ирээд зарчихдаг. Үүнд хөдөлмөр хийгээд, чанарын маш их ялгаа гардаг. Тиймээс худалдан авагчид маань хэрэглэж үзэж байж л ялгана. Хятадад үйлдвэрлэсэн, хямд түрүүвчийг гурван сар хэрэглэнэ. Харин цэвэр арьсаар хийсэн түрүүвчний хэрэглээ доод тал нь тав жилийн баталгаатай байдаг. Энэ хугацаанд чанараа алддаггүй. Ялангуяа зурагтай бүтээгдэхүүн. Яагаад гэвэл, бид бүтээгдэхүүндээ хамгаалалтын бүрэлт хийдэг учраас эдэлгээ нь удаан байдаг. Дотор талыг нь хиймэл лидерин болон заримыг цэвэр арьсаар доторлож, оёсон учраас тасрахгүй. Ер нь аливаа бүтээгдэхүүнийг хүмүүс эдэлж, хэрэглэж байж л чанарыг нь мэднэ. Тийм болохоор бид адил төстэй үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудаас өнгө үзэмж, чанараар ялгарахыг хичээдэг. Монгол арьсаар хийсэн бүтээгдэхүүн бол насан туршийн хэрэглээ юм.
-Арьсан эдлэл бол дэлхийн зах зээл дээр ч эрэлттэй байдаг. Танайх бараа материалаа хаанаас авдаг вэ?
-Бид дотооддоо боловсруулсан арьсан дээр бүтээгдэхүүнээ урладаг. Монголын арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, “Дархан нэхий” зэрэг олон компанитай хамтран ажилладаг. Тиймээс “Урьхан” брэндийн бүтээгдэхүүнүүд нь цэвэр монгол арьсаар үйлдвэрлэгдсэний зэрэгцээ монгол дизайнеруудын ур ухаан шингэсэн загвар хийц, сав, баглаа боодолтой,100 хувь эх орондоо үйлдвэрлэсэн брэнд юм. Нөгөөтэйгүүр манай технологичид ч гэсэн үйлдвэрлэлийнхээ үндсэн түүхий эд болох арьсны чанараа сайжруулсаар байгаа болохоор арьсаар хийсэн бараа бүтээгдэхүүнийг өнөөдөр хааш нь ч экспортолсон хэрэглэгчдийн таашаалд нийцсэн, чанартай бүтээгдэхүүн гардаг болсон байна. Мэдээж даавуун дээр хийж болно. Гэхдээ даавууг гаднаас оруулж ирдэг болохоор аль нэг улс орны хараат болно гэсэн үг. Дээрээс монголчуудын томоохон өв соёлын нэг бол мал аж ахуй яах аргагүй мөн. Тиймээс арьсаар бүтээгдэхүүнээ хийх зөв юм байна гэж бодсон.
-Зарим хүн сонирхсон бараа бүтээгдэхүүн дээрээ өөрсдийнхөө зургийг хэвлүүлэх хүсэлт гаргадаг гэж сонссон?
-Торго, даавуун дээр урладаг бүтээгдэхүүний хувьд, бид торгоо Хятадаас импортлодог. Бусад бүх процессийг дотооддоо хийж,бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Хүмүүс өөрсдийн хүссэн бүтээгдэхүүн дээр өөрийн хүссэн зургаа зуруулах санал их ирдэг. Бид энэ дагуу хэрэглэгчийн хүссэн бүтээгдэхүүнийг гаргаж өгдөг. Гэхдээ иймэрхүү хүсэлт нь ихэвчлэн хэтэвч зэрэг жижиг эдлэл дээр ирдэг.
-“Энхжин сувинер” компани бизнесээ тэлэх, өргөжүүлэх тухай ямар бодлого барьдаг вэ. Дэлхийн зах зээлд гарах боломж хэр харагдаж байна?
- Дэлхийн зах зээлд гарах боломж бидэнд нээлттэй байна. Гэхдээ бидний үйлдвэрлэж байгаа хүчин чадал, гаргаж байгаа бүтээгдэхүүний тоо хаанаа ч хүрэхгүй шүү дээ. Бидэнд бараг гурван саяулаа хийгээд ч барахгүй тийм их санал ирж байсан. Тиймээс зах зээлээ өргөжүүлэх хэрэгтэй гэж боддог. Жижиг хэмжээгээр гадаадад аваачиж борлуулдаг хүмүүс бол байдаг. Бид экспорт гэж яриад байгаа хэдий ч судалгааны явцад, дэлхийн зах зээлд гарах хараахан бүрдээгүй юм байна гэсэн хариултанд хүрдэг. Ямартай ч дэлхийн зах зээл дээр бараа бүтээгдэхүүний шуурга дэгдэж байгаа энэ үед хэрэглэгчдэд жинхэнэ чанарыг таниулах монгол брэндийг дэлхийн зах зээл дээр таниулах хүсэлтэй байдаг.
-Ирээдүйн зорилго,чиг хандлага, тодорхойлвол ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
-Бидний хийж буй бүтээгдэхүүн, үйлдвэрлэл нэг талаасаа урлагийн бүтээл, санаа шийдэл, зохиогчийн эрх, үйлдвэрлэл, борлуулалтын нийлбэр юм. Нэг үеэ бодвол бидний хамтын бүтээл тодорхой хэмжээний түвшинд хүрчихлээ. Тийм болохоор бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээ цаашид өргөжүүлэхийг хичээж ажиллана. Мөн миний өөрийн нэг зорилго байдаг . Өөрт тулгамдаж байгаа асуудлыг зорилгоо болгож, Монголд үйлдвэр эрхэлж буй бусад хүмүүст юу хэрэгцээтэй байна, үндэсний үйлвэрлэлээ яаж эрчимтэй хөгжүүлэх вэ гэсэн асуудалд бага ч болов заавар, зөвлөгөө өгч, дэмжиж ажиллахыг хүсдэг. Үүн дээр миний гаргасан дүгнэлт бол мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, материал түүхий эдээ маш сайн боловсруулах хэрэгтэй юм байна. Худалдаан дээр маш сайн анхаарч өрхийн үйлдвэрлэлийг үүсгэх. Үндэсний үйлвэрлэлийг маш сайн хөгжүүлж, баялагтай, баян улс орон болохын төлөө нэгдэж, хамтарч ажиллах хэрэгтэй гэж боддог.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.11.6 ЛХАГВА №220 (6187)