Нүдэнд харагдах ертөнцөөс огтхон ч хамааралгүй орших хэрнээ цээжний гүнээ баяр гунигийн зоргоор хөндүүрлэх сэтгэлийн ертөнцийг л тольдохыг хичээж ирсэн “Таван хэмжээст ертөнц” булан минь “бие давхар болов”.
Аль өнцгөөс харахаас шалтгаалж хариу нь ондоо байдаг олон хариутай бодлого шиг хүний нийгэмд хүүхдүүд нь 3D киногоор нүдээ хужирлаж, хүүхнүүд нь 3D хөмсөг нүүрэндээ шивүүлж, харчуул нь 3D машинд хөл дүүжилж байхад хаанаас нь харсан ч “сэтгэлийн тэнхээ” гэдэг нэг л хариутай 5D булангаараа гоёх гээд нэг үзье байз.
Булан доторх булангийнхаа шинэхэн дугаараар 5D камераар дараагүй ч 5D тусгалаар хараалсан “өнгө дүрсгүй фото” мэдээллийг таны сонорт хүргэх гэж байна. Шинэ буланд маань нэр хаягаа нуусан нэгэн бүсгүй оролцлоо. Түүнээс зургаа өгөхийг, өөрийгөө жаахан ч гэсэн тодруулахыг хүссэн ч тэрээр “Энэ нийгэм хүнийг зөв ойлгох уу? Тэгж насаараа нэг нэр хоёр хоч авч, хохирсон дээрээ хохирсноос амаа хамхиад нулимсаа залгих минь...” гэлээ. Надад итгэж ярилцсанд чинь баярлалаа бүсгүй минь...
Нээрээ л хэлье гэвч хэндээ ч хэлэх билээ гэж санааширч суудаг түг түмэн хүмүүсийн сэтгэлийн шарх, хэн нэгний өчүүхэн зүйлд насаараа баярлавч тэр хүндээ сайхан үг хэлж амждаггүй хүмүүсийн урмын үг зэргийг өртөөлөн жиргэхээр эхлүүлж байгаа булан доторх булангаа танд толилуулъя. Уншигч та ч хэлж зүрхэлдэггүй баяр гунигаа 5DW /5 dimensional world/ булантай минь хуваалцаж болох юм шүү.
5DW
ХЭНИЙ ХҮҮХДИЙГ НЬ МЭДЭЭГҮЙ ЭЭ...
/Реалити зохиомж/
-Пээх ямар бузар юм бэ, зайл. Түүний чихэнд энэ үг нь л сонстсоор. Хаалгаар яаж гарснаа, хамгийн сүүлд тэр юу гэж хэлснийг санах юм юу ч алга. Ээждээ очмоор байвч “ Миний охин одоо ээжийгээ зовоохооргүй хашир болжээ. Одоо л ээж нь санаа амарч байна” гэсэн ээжийнх нь үг хөлийг нь тушчихав. Такси барина гэхээс яс нь хавталзана. Үхвэл ч үхэг, алуулвал ч алуулаг. Түүнд найдах юм юу ч үлдээгүй болохоор Баянхошууны шарилтай хэсгээр давж яваад дэнжийн мянгад найзындаа очиж хоножээ.
III курсээсээ эхэлж бие биенээ таньдаг болж, дотносон хайрласаар нэг гэрт ороод жил гаран болж буй ханийнхаа гэрээс юуны учир хөөгдсөнийг нь сонсохоос халшрам.
... Түүнийг өглөө гэрээс нь гарахад цас орж, агаар цэвэрхэн, хайртайгаа зөндөө ихийг ярилцаж мөрөөдөж хоносондоо ч тэр үү сэтгэл тэнүүн, юм бүхэн дэндүү сайхан байжээ. Ажил нь ч муугүй, амьдрал ч муугүй байгаадаа хаа нэгтээ найзуудаа дуудахаар караокед ордог байж. Тэр орой мөн л найзууд нь дуудаж. Ганц нэг пиво ууж, уухаасаа дуулах нь их байсаар тардаг тэдний энэ нийллэгт найз залуу нь ч олон юм хэлээд байдаггүй байж. Тэгтлээ оройтдоггүй болохоор ч тэр биз. Гэрээсээ хөөгдсөн энэ шөнө яагаад ч юм караокед байхад нь гэнэт түгшүүр төрж гэр лүүгээ учиргүй яараад унажээ. Тэгээд найзуудаа тарах хаа ч байсан шинжтэй болоод ирэхээр нь шалтаг тоочиж түрүүлэн гараад такси барьсан гэнэ. Хамтдаа тарсан бол тэд бие биенийхээ таксины дугаарыг харж үлддэг байж л дээ. Таксины урд суудалд суугаад явах газраа хэлэн, түшлэгээ налаад нүдээ хэсэг аньж, бараг зүйрмэглэх нь холгүй юм болов. Такси хүлээж зогсохдоо өглөө орсон цасны жаварт хөөрхөн даарсандаа ч тэр үү, уусан 2 лааз шар айрагтаа ч тэр үү дулаан машинд ороод юу юугүй унтах нь ээ. Тэгээд хэсэг яваад хартал заасан газраас нь нэг л өөр тийшээ яваад байж. Танихгүй газар харагдахаар нь “ Энэ хаана явж байгаа юм бэ? Хаашаа яваад байна аа” гээд уурстал арын суудлаас нь гар орж ирээд цээжээр нь суудлын хашлагатай давхар тэвэрч, алуулах гээгүй бол дуугүй яваарай гэж гэнэ. Машины ард хүн нуугдаж байсан бололтой. Тэд эмэгтэйг хотоос хол аваачиж ээлжлэн хүчирхийлээд, “ Амь нас, мөнгө төгрөгөнд чинь огт халдахгүй болохоор баярла. Харин ч гоё байна уу?” гэх мэт үгээр доромжлоод зугтжээ. Бүсгүйн ухаан бараг балартаж “Яана аа, яасан муухай юм бэ” гэхээс өөр юу ч хэлж, юу ч бодох сөхөөгүй салгалтал чичирч байв. Тэдний буулгасан газар нь хаа очиж гэртэй нь ойр байжээ. Гэрийнхээ үүдэнд ирж зөндөө уйлаад, өөрөө нэг их аймаар хэрэг хийчихсэн ч юм шиг, орчлон хорвоо ийм аймаар гэж төсөөлж байгаагүйгээдээ дотор нь харанхуйлж таксины дугаар харж хоцрохтой манатай байсан гэнэ. Уйлж салгалсаар орж ирэхэд нь харин найз залуу нь туйлын сэжиглэж: “ Ямар бузартай юм бэ? Чи угаасаа яаж чадаж байна аа. Ингээд ороод ирэхээсээ зовохгүй байна уу?. Одоохон гэрээс гар. Гэр орон бузарлалаа.” гэж хөөжээ. Эмэгтэй хүн арай илүү ойлгох байх гэсэндээ хадам ээждээ орж хэлж гэнэ. Гэтэл хадам ээж нь бас сэжиглэн хөөж, буруутган, угаасаа чамаас архи үнэртэж байна. Чи өөрөө... Манай хашаанаас зайл” гэжээ.
Танихгүй балмад хүмүүсийн хүчирхийллээс ч аймаар зүйл нь өчигдөрхөн халуун тэвэрт нь шөнөжин эрхэлж хоносон ханийнх нь, өглөөхөн хамт цайлахдаа “ миний охин одоо цалин өндөртэй юм чинь байр сууцны ая бод. Хоёр зэрэг цалинтай залуу хүмүүс лизингийн байр амархан олдоно гэж саймширч суусан хадам ээж хоёрынх нь хүйтэн хөндий үгс байжээ.
“Хамаг муу нэрийг дуулж хөөгдөхөө мэдсэн бол төрсөн ээждээ үнэнээ хэлж усанд орж хоноод, аажуу уужуу худлаа хэлээд хадмынд очдог байж гэж мөн ч их харамссан даа. Ямар азаар баахан сүр дуулиантай хурим найр хийчихээгүй байсан юм. Хүний ээжийн ийм муухай аашинд дэндүү гомдохдоо, цэцэг шиг охиноо сайн яваа гэж бодсоор суугаа ээжийгээ улам хайрлан өрөвдөж, миний амссан энэ зовлонг даахааргүй тэр их өрөвдмөөр сайхан бодолтой нь үлдээхээр шийдэж би ээжээсээ энэ хэргийг тас нуусан даа. Тийм муухай ээж байдгийг, тийм муухай хүмүүс байдгийг, тийм муухай амьдрал байдгийг бие сэтгэлээрээ мэдэрсэн болохоор, өнөө хүртэл бодлыг минь хиртүүлж, муу санаа суухааргүй цэврүү шиг энхрийлж өсгөсөнд нь хайрлаад ч барахгүйдээ би ээждээ хэлээгүй ээ... Хэллээ гээд юу хожих юм. Хэнд ч муу санадаггүй, хүнийг сайнаар харж ярьж суудаг аавыгаа амьд байсан бол магадгүй би хэлэх байсан байх. Ийм их сэтгэлийн шархыг ганцаараа яагаад ч дийлэхгүй ээ, миний ээж. Хамгийн аймаар зүйл нь сарын дараанаас нь би жирэмсэн болсноо мэдсэн. Хэнийх нь хүүхдийг мэдэхгүй юм чинь..... Эм уугаад зулбуулж орхисон. Нялх хонгор биеэ өвөрт нь гээсэн ханийн минь хүүхэд байсан бол яана аа гэж бодож харамссан ч, “гэр бузарлалаа, зайлаач” гэдэг үг нь дэндүү, бүр дэндүү намайг хөргөсөн байна аа. Хайрлаж, найдаж ирсэн хайрт минь ийм байхад ч ... Танихгүй залуусын тэр хэрэг ч хажууд нь ёстой өчүүхэн байна аа. Бие эрүүл, амьд үлдсэн нь их юм... Хэцүү нь хэцүү... Гэхдээ хэнээс ч илүү сайхан ээжтэй хүн. Ээжийнхээ төлөө амьдарна аа. Цаг байна залуу байна, мартах биз дээ. Гэхдээ мартахгүй л дээ. Гэсэн ч мартсан юм шиг л амьдарна даа. Хэнийг хөөж явуулсныг нь харуулж амьдарна аа. Найз залуу минь хэзээ нэг цагт ухаараад над руу ирэх байх. Надад харин тэр хүнийг гэх эеврүү зөөлөн юу ч үлдээгүй ээ. Түүний л өмнө би харгисын дүрд тоглоно.”
Толгойд юм юм бодогдож, бүсгүйн өмнөөс нь бухимдаж харуусч сууна. Манай сонин дээрээс өөрсдийгөө олоод уншчихаж магадгүй ээж хүү хоёроос харин асуух үг байна аа.
Ганцхан чамд итгэж үнэнээ тоочсон ханийгаа ээжийнхээ өврөөс гараад чиний л тэвэрт ирж нялх биеэ гээхэд нь “ Яасан ч ариун юм бэ дээ?” гэж хайлж уусч угтаж чадсан юм уу, залуу минь???
Үргэсэн янзага шиг хүний охин үр, таны л хүүд итгэсэндээ амьд сэрүүн ээжрүүгээ биш таны гэр лүү зорьж ирэхэд нь “ Яасан ч их өөриймсөө вэ дээ?” гэж самсай чинь шархирах ухааны мэлмий даанч танд байсангүй юу, залуугийн ээж ээ?