Н.Мишигдорж: Гадаад  бодлогын ноён нуруу “шохойжчихоод” байна

2019-10-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Орос-Монголын найрамдалт хамтын ажиллагааны өдрийг тохиолдуулан ОХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан, ахмад дипломатч Н.Мишигдоржтой ярилцлаа. -Та 1990-1994 он буюу зах зээлийн нийгмийн шилжилтийн үед одоогийн ОХУ-д Элчин сайдаар  ажиллаж байсан.  Тэр үеийн хоёр орны харилцааны онцлогийн тухай яриагаа эхлэх үү? -1980-аад оны дундуур ЗХУ-д сүржин эхэлсэн өөрчлөн байгуулалт, ил тод байдал гэгч авантурист бодлого нь дөрөвхөн жилийн дараа улс орноо сүйрлийн ирмэгт аваачсан хүнд бэрх үед би ЗСБНХУ-д БНМАУ-ыг төлөөлөн суухаар Москвад томилогдон очсон байдаг.  Байдал хүнд байсан гэвэл юу ч хэлээгүйтэй адил юм. М.Горбачевыг дэлхийгээр явж өөрчлөн байгуулалт, шинэ санаачлагын талаар “үлгэр” ярьж явах хооронд  улс орон нь эзгүйрч, систем задарч байв. Юм юм ховордож, хүнсний хомсдол ч гаарсан. Алт зарж хүнсний хангамжийг тогтворжуулахыг оролдсон боловч алтны нөөц нь барагдсан тухай тэр үед хэвлэлд мэдээлж байв. Гэхдээ нэг зүйл онцлоход ЗХУ ийм хүнд үедээ ч Монголоос их өр, зээлийн төлбөр нэхээгүй юм. Зээлийн асуудлаар ЗХУ-ын зүгээс ямар ч асуудал сөхөж тавиагүйг хэлэх ёстой. Монголын эдийн засаг, ард түмний аж байдалд ямар ч хохирол үзүүлэхгүйгээр шийдвэрлэнэ гэдгийг ЗХУ-ын нам, төрийн дээд удирдлага албан ёсоор мэдэгдэж байсан ийм л үе юм даа. -Дараа нь Их өрийн асуудлыг манайд ашигтай шийдэж өгсөн л дөө. Энэ нь мөн л хоёр орны хамтын ажиллагаанд гарсан нэг шинэ дэвшил байсан? -Тийм ээ. ОХУ өр зээлийн асуудлыг шийдвэрлэж цэг тавьсан.  БНМАУ  1922-1989 он хүртэлх 70 жилийн хугацаанд Зөвлөлт-Орос Улсаас авсан зээл 10 орчим тэрбум рубль болсон байлаа.  Энэ зээлийн эргэн тойронд үнэн, худал хэчнээн шуугиан дэгдээснийг ард түмэн маань мэдэх хойно дахин нурших хэрэггүй биз. Одоо Монгол Улс гэхэд 27.5 тэрбум ам.долларын ихээхэн хатуу нөхцөлтэй зээлийн өртэй сууж байна. Хамгийн гол нь  хэнд ашигтай, юу  бүтээв гэдэг асуудал анхаарал татаж байна.  ЗХУ задран бутарсны дараа хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа  Монголын талаас төлбөр хийж  чадахгүйн улмаас үе үе мухардалд орж байв. Валютын болон экспортын бараа хомс, хамгийн наад захын хэрэгцээ дутагдах, шатахууны хомсдол үүссэн. Энэ үед  оюутан сурагчдаар  10-20 литрийн бетоноор шатахуун зөөлгөх хөгтэй бөгөөд хариуцлагагүй үүрэг даалгавар ЭСЯ-д ирж байсан. Улс хоорондын харилцааны асуудлыг бусад руу чихэх, Зөвлөлт Оросыг үгүйсгэх, тусламж дэмжлэгийг нь харлуулах бэхдэх оролдлого Монголд байсныг нөгөө талд сайн мэдэж, мэдэрч байсан юм шүү. Тэгэхдээ ОХУ-ын талаас асуудлыг хурцатгахыг хүсээгүй, тийм оролдлого огтхон ч хийгээгүй.  Ардын хэлээр ярьвал “тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй, ямаа туйлаад янгиа эвдэхгүй”  гэсэн зарчмаар зөнд нь орхиж байсныг энд дурдах нь зүйтэй. -Тухайн үед улс хоорондын харилцаанаас гадна иргэд хоорондын ах дүүгийн харилцаа их хүчтэй байсан юм шиг санагддаг.  Одоо ч хэвээрээ байна. Тийм ээ? -Монголчууд бидний санаачлага, бүтээлч хөдөлмөрийн эхлэл эс ширхэг бүрийн үндэс нь  зөвлөлтийн ард түмний тусламж, дэмжлэг байсан юм шүү. Тоо баримт дурдахаа болъё. Нүдэнд харагдах, гарт тэмтрэгдэх баримт зөндөө. Тааламжтай сэтгэгдэл төрүүлсэн олон зүйл Монголд тааралдаж байсны дотор аж үйлдвэр, ХАА ялангуяа, гэгээрэл, боловролын салбарт үнэхээр бахархам амжилтад хүрчээ гэдгийг нүүр бардам хэлнэ. -Ер нь Монгол Улсад хөршийн харилцаа их чухал. Хоёр том гүрний дунд байдаг. Та Элчин сайдаар ажиллаж байхдаа ямар бодлого хэрэгжүүлж байсан юм бэ. Ямар томоохон ажлуудыг эхлүүлж байв? -Дэлхийд цартай хоёр их гүрэнтэй хаяа хатган оршихыг хүмүүс янз бүрээр  тайлбарлах байх.  Би хувьдаа завшаантайд тооцдог.  ЗХУ-тай харилцах манай мэтийн буурай орны хувьд дэлхийтэй харилцахтай адил гэж би хэдэн жилийн өмнө бичсэн удаатай. Санаа нь ойлгогдоно байх гэж бодож байна. Хөрш зэргэлдээ орнуудын хооронд бэрхшээлтэй асуудал бишгүй гардгаар барахгүй, бүр зэвсэгт мөргөлдөөнд хүргэх нь бий.  Манай улсын хувьд ялангуяа, хойд хөрштэйгөө улс үндэсний хэмжээнд яригдахаар хэцүү, хурц асуудалтай хэзээ ч тулгарч байгаагүй. Түүгээр ч барахгүй  ЗХУ Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болж байсан билээ. 1939 оны хэрэг явдал, Гурван их гүрний тэргүүн нарын Ялтад болсон  уулзалт, И.Сталины Монголын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалсан хатуу байр  суурь, 1970-1980 онд Монголд зөвлөлтийн цэрэг байрлаж байсан зэрэг нь хэн ч няцаашгүй нотолгоо мөн. Зөвлөлтийн тал бүрийн тусламж, хожим нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа нь Шинэ Монгол Улс хөл дээрээ зогсох, эдийн засгийн талаар биеэ даах боломжийг бүрдүүлсэн. -Саяхан  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчиллаа.   Хоёр орны өнөөгийн хамтын ажиллагааг та  юу гэж дүгнэх вэ? -ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин манай оронд  хоёр дахь айлчлалаа хийлээ. Амжилттай болсон гэхэд эргэлзэх юм алга. Төмөр зам манай орнуудын хамтын ажиллагааны чухал объект. Энэ асуудалд хоёр хөрш маань аль аль нь сонирхолтой байгаа. Бид үндэсний эрх ашгийн дэнслүүр тавин байж оновчтой тохиролцоонд хүрэх ёстой. Владимир Путин Хятадын нутаг руу байгалийн хийн хоолой тавих  хамгийн дөт бөгөөд үр ашигтай маршрут нь Монголын нутгаар дамжуулан тавих явдал байж болохыг  Миллерт сануулсан.   Судалж үзэхийг санал болгосон. Бид идэвхтэй ажиллах хэрэгтэй байна.  Түүнчлэн Халх голын ялалтын ойг  тэмдэглэхдээ ОХУ- тай урьдчилан саналаа  зөвлөлдөхийн зэрэгцээ геополитик, бүс нутгийн аюулгүй байдлын асуудалтай холбож үзэж байх нь зүйтэй гэж боддог.  Мөн намайг сайдаар ажиллаж байх үед хоёр орны иргэд харилцан визгүй зорчдог байсныг болиулах тухай Монголын талын саналыг нөгөө тал ихэд гайхаж дахин тунгааж үзэхийг анхааруулж байж билээ. Хэдэн жилийн өмнө В.Путины манай оронд хийсэн анхны айлчлалын үеэр иргэд харилцан визгүй зорчихыг сэргээснийг хүмүүс санахаар барахгүй сайшаан дэмжиж  байсан даа. -Дэлхийд тэргүүлэгч хоёр  гүрний дунд оршиж буйн хувьд бидэнд ямар  боломж байна гэж харж байна вэ? -Экспортын нөөц хомс, нэр төрөл нь цөөн, задгай импорттой манай орны хувьд гадаад харилцаа чухал нөлөөтэй. Ёстой л хийгүй, өөгүй ажилладаг зохицуулах төв хэрэгтэй. Гэтэл гадаад харилцаа хариуцдаг бүтцийнх нь нөлөө харагдахгүй байгаагийн дээр өөрийнх нь бүтэл муутай ажиллагааны улмаас нэр хүнд нь унах хандлагатай байна. Энэ нь маш том аюул шүү. Нөгөө талаар манай орны үүх түүхтэй холбоотой баялаг материал, ном зохиол тэмдэглэл урд, хойт хөршүүдэд элбэг байдаг юм. Харамсалтай нь бид эдгээрийг эзэмшиж чадахгүй байна. Тухайлбал,  Монгол судлалын үндсийг тавьсан Миллер, Фишер, Паллас, Иериг, Шмидт нарын зохиол бүтээл монгол хэлээр гараагүй.  Эд цөм немец гаралтай боловч Оросын эзэн хааны Академич, докторууд, монгол-судлаачид, эрдэмтэн судлаач Пржевальский, Потанин, Певцов, Козлов, Обручев, Роборовкий нарын бандгар бандгар зохиол бас л монгол хэлнээ одоо хэр нь орчуулагдаагүй. Хятад хэл дээр илүү сонирхолтой материал байгаа нь Бээжинд сууж байсан Оросын лам-судлаач  П.Кафаров  Монголын нууцын араас уйгагүй хөөцөлдөж байж нэгэн танил эрдэмтнээрээ эзэн хааны номын сангаас эх бичвэрийг сэм авч орчуулан гаргаснаар нийтийн хүртээл болгож чадсан нь харуулж байгаа юм. Бирваа гуaйн хэлснээр монголын түүхийг хэн дуртай нь эрээчдэг болсон энэ  цагт хэнээс ч, юунаас ч хамааралгүй бүтээсэн судалгаа, тэмдэглэл ихээхэн үнэ цэнэтэйн дээр үнэнийг өгүүлж байгаараа ач тустай юм. -Мөн дипломат албатай холбоотой таагүй мэдээллүүд гарах болов. Ахмад дипломатын хувьд  сэтгэл эмзэглэж л суудаг байх? -Энэ салбарын угийн угжирсан “өвчин” дээр эрхтэн дархтан, танилуудынхаа захиалгад  дарагдах болсон нь илт харагдах боллоо. Даяаршил, дэлхийн аж ахуйн интернационалын нөхцөлт харилцааг тоо үзүүлэлтээр өсгөх, өргөтгөх, улс “гэрээ” сурталчилах нэрийдлээр орон алгасалгүй, дамжин төрийн айлчлал хийх, зардал, чирэгдэл ихтэй олон улсын хурал зөвлөлгөөнд тогтмол оролцох, эдгээрийг эх орондоо зохион байгуулах нь улс төр, эдийн засгийн хувьд өчүүхэн ч ач холбогдолгүй юм.  Үлгэрлэн хэлбэл “ус өрөмдөхтэй” адил хоосон зүйл. Төрийн өндөрлөгүүд богино хугацаанд шил шилээ даран нэг оронд  төрийн айлчлал хийдэг хачирхалтай үйлдэл Монгол Улсаас л гарлаа. Адууныхаа хэрээр исгэрч, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийвэл дээрсэн. Миний бодлоор гадаад бодлогын ноён нуруу “шохойжиж” зохицуулагч төвийн ажилтнууд үйл ажиллагааны  агуулга, үр дүнг биш, хэлбэрийг эрхэмлэн олон намын сүүдэр дайрчихаад байна даа. Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.18 №207 (6174)
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

6 цаг 38 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

8 цаг 45 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

10 цаг 4 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

11 цаг 10 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

18 цаг 29 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

18 цаг 29 мин
Хөгжлийн төлөөх түншүүд 35 жилийн хамтын ажиллагаа

Европын Холбоо Монгол Улс тэртээ 1989 онд дипломат харилцаа тогтоосноос

18 цаг 29 мин
Нүүрсээ худалдаад бүгдээрээ хувааж идэх үү, нүүрсний хулгайг хэвээр үргэлжлүүлэх үү?!

Монголын төр олон жил гацсан нэгэн том төсөлд ойрын өдрүүдэд цэг тавина.

18 цаг 29 мин
"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

Уржигдар 15 цаг 05 мин