Б.БАЯРЖАВХЛАН
“Ачит Ихт” ХХК нь Лондонгийн металлын биржийн бүртгэлтэй лабораториор шинжлүүлсэн 99.999 хувийн цэвэршилттэй, “А” зэрэглэлийн катодын зэсийг үйлдвэрлэн дэлхий дахинд нийлүүлж эхэлснээс хойш таван жил болжээ. Дэлхийн энтэй үйл ажиллагаа явуулдаг компанийнхан таван жилийн ойгоо өнгөрсөн баасан гаригт тэмдэглэв.
Монголын уул уурхайн салбарын онцлох нэгэн үйл явдал болсон хүндэтгэлийн арга хэмжээнд “Ачит Ихт” компанийн шавыг тавилцсан эрхмүүд болон БНХАУ, Япон, АНУ, Казахстан гэсэн олон орны хамтран ажиллагчид, мэргэжил нэгт зочид төлөөлөгчид ирсэн байв. Түүнээс гадна энэ өдрийн чимэг нь энэ үйлдвэрийг дэлхийн компани болтол хөгжүүлж чадсан “Ачит Ихт”-ээр овоглосон залуучууд байсан юм.
“Ачит Ихт” компани зүүн өмнөд Азийн томоохон хэрэглэгч бүрийн шаардлагад нийцсэн зэс үйлдвэрлэж байгаа. Түүгээр ч зогсохгүй Саудын Арабын зах зээлд хүртэл манай катодын зэс худалдаалагдаж байгаа аж.
[caption id="attachment_72723" align="aligncenter" width="800"] “Ачит Ихт”-ээр овоглосон 200 гаруй залуус энэ өдөр тэмдэглэлт ойгоо угтлаа.[/caption]
Хүндэтгэлийн арга хэмжээг “Ачит-Ихт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Эрдэнэцэцэг нээж үг хэлсэн бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар энэ арга хэмжээнд мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрээр “Ачит Ихт компани 2014 оноос Эрдэнэтийн балансийн бус хүдрийн овоолгыг ашиглаж, жилд 10 мянган тонн катодын зэс боловсруулах үйлдвэрийг байгуулж өдгөө тав дахь жилтэйгээ золгож байна. Засгийн газраас уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх эдийн засгийн өсөлтийг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрийг гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдтэй хамтран эрэгжүүлэх замаар хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Балансын бус хүдрийн овоолгоос ашигт малтмалыг ялган авч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг түүчээлэгч танай хамт олон байгаад баяртай байна” хэмээн онцлов.
Мөн “Ачит Ихт” ХХК нь өнгөрсөн таван жилийн хугацаанд 50 мянга гаруй тонн катодын зэс үйлдвэрлэж, экспортод гаргажээ.
Мөн улсын төсөвт 160 тэрбум төгрөгийг татвар хураамж хэлбэрээр хөрөнгө төвлөрүүлж, дотоодын 800 гаруй ханган нийлүүлэгчдэд 168 тэрбум, “Эрдэнэт үйлдвэр”-т ашиглалтын зардалд 10 тэрбум төгрөгийг өнгөрсөн хугацаанд төлжээ. Эрдэнэт хотын уугуул 200 гаруй залуус катодын зэсийн үйлдвэрлэлд гар бие оролцон, эдүгээ тэмдэглэлт ойгоо угтаж байгаа аж.
Баярын үдшийн зочдын ярианы нэг сонирхолтой сэдэв нь “Мөрөөдөл биелэх мөсөн өргөө”-ний тухай байв. Учир нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн “Шинэ Яармаг” хороололд баригдаж байгаа “Мөсөн өргөө”-ний загварын хувилбарыг хүндэтгэлийн танхимын үүдэнд байрлуулсан нь олны анхаарлыг татлаа. 3600 хүний суудалтай “Мөсөн өргөө” баригдсанаар хоккей, уран гулгалтын томоохон тэмцээн уралдаан зохион байгуулах, энэ спортоор хичээллэж тив, дэлхийд мандах хүүхэд залуусыг бэлтгэх том өргөө болох аж. Зөвхөн хоккей, уран гулгалтаар тогтохгүй сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс гээд спортын олон төрлийн тэмцээн зохион байгуулж болохоос гадна соёл, урлагийн тоглолтууд, экспо, хурал зэргээр өргөн ашиглаж болох том ордон байх аж. Энэ том ордныг барих бүтээн байгуулалтын гол санхүүжүүлэгч, санаачлагч нь “Ачит Ихт” компани юм. Арга хэмжээний үеэр энэ үйлдвэртэй холбоотой дотно гадны эрхмүүдийн сэтгэгдлийг нь сонссон юм.
[caption id="attachment_72724" align="aligncenter" width="720"] Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн “Шинэ Яармаг” хороололд баригдаж байгаа “Мөсөн өргөө”-ний загварын хувилбарыг хүндэтгэлийн танхимын үүдэнд байрлуулсан байв.[/caption]
Брус Миддлин: Монголчууд техникийн тал дээр чадвартай
/Electron Consulting PTY компанийн захирал/
-Миний бие анх Монголд өөр ажлаар ирж байсан. Тухайн үед “Ачит Ихт”-ийн хамт олонтой танилцсан бөгөөд 2015 онд үйлдвэрийн үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллах санал тавьсан. Компанийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор намайг урьж ажиллуулсан юм. Үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэхэд зөвлөгөө өгч, залуучуудыг сургаж байсан. Монголчууд техник технологийн тал дээр өндөр чадвартай. “Ачит Ихт” компанийн катодын зэсийн үйлдвэрийнхэнтэй ажиллаж байсандаа миний хувьд их баяртай байдаг.
М.Еркен: бид өдөр, шөнөгүй ажиллаж үйлдвэрийг ашиглалтад оруулж байлаа
(Үйлдвэрийн анхны захирал асан, техникийн ухааны доктор)
-Би “Эрдэнэт үйлдвэр”-ийн анхны Монгол талын геологич байсан хүн. Эрдэнэтийн хоёрдугаар овоолгыг яаж бий болгосон, ямар агуулгатай, ирээдүйд яах ёстой талаар бид тухайн үед хэлэлцэж байлаа. “Ачит Ихт” компанийнхан намайг 2014 онд урьж, би дөрөвдүгээр сараас нь энэ үйлдвэрт ажиллаж эхэлсэн. Бид өдөр, шөнөгүй ажилласаар аравдугаар сар гэхэд үйлдвэрээ амжилттай дуусгаж ашиглалтад оруулсан. Тэгээд би арванхоёрдугаар сарын 31 хүртэл ажиллаад компанийн удирдлагуудтай гар бариад өөрийнхөө ажил руу явж байлаа. Би Казахстан улсад ийм төрлийн үйлдвэрүүдэд зөвлөх хийдэг хүн. Гар бие оролцсон үйлдвэр маань таван жил амжилттай ажиллаад, ойн баяраа тэмдэглэж байгааг харахад сайхан байна. Казахстанд бол үүсмэл ордыг ашиглах үйлдвэр долоо, найм байдаг. Гидрометаллургийн салбар маш эрчимтэй хөгжиж байна. Үүсмэл ордыг ашиглахтай холбоотой хууль эрх зүйн орчин ч сайн. Тийм болохоор төр, засгийн зүгээс эдгээр үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг дэмжиж, бүр шаарддаг. Казахстаны үйлдвэрүүдийн түүхийг харвал хоёр төрлөөр хөгжиж байна. Үүсмэл ордыг ашиглах, овоолгоо уусмал болгодог нэг компани байдаг. Тэд уусмалаа үйлдвэрт зардаг. Үйлдвэр нь худалдаж аваад зэсээ үйлдвэрлэдэг. Энэ нь хууль эрх зүйн орчны хувьд, ажил явуулахад амар байдаг. “Ачит Ихт” компани энэ хоёр үйл ажиллагааг зэрэг хариуцан ажиллаж байна. Мэдээж болохгүй юм байхгүй. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хоёрдугаар овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг анх сонирхож “Central Asia metals” компани Монголд орж ирж байлаа. Би бас тэр компанийн монгол талыг хариуцаж байсан хүн. “Central Asia metals” компани манайхаас яваад Казахстанд орж ирж зэс боловсруулах үйлдвэр барин, Лондоны металлын бирж дээр гарч чадсан.
Ч.Бямбаа: Мөрөөдөл биелсэн үдэш байна
(Үйлдвэрийн анхны төслийн удирдагч, доктор)
-Цаг хугацаа хурдан өнгөрчээ. Энэ сайхан үйлдвэрийг босгоход өөрийн бага ч гэсэн хувь нэмрийг оруулсандаа их баярлаж явдаг юм. Анх үйлдвэрийг байгуулахад Баян-Өндөрийн хоёрдугаар овоолгын урд талын газар зэлүүд эзгүй тал газар байсан. Тэр газар дээр хаана нь шаваа тавих, хаана нь үйлдвэрээ байгуулах, хаана нь уулаасаа урсаж ирэх уусмалаа байршуулах вэ, “Эрдэнэт үйлдвэр”-тэй яаж хамтарч ажиллах вэ, энэ үйлдвэрийн хамгийн чухал хэсэг болох хүхрийн хүчлийн агуулахыг хаана барих вэ, яаж зөөж авчирах вэ гээд олон асуулттай тулгарсан. Учир нь тэр үед ямар ч төсөөлөл байгаагүй. Бид зүгээр л мөрөөдөж байсан. Мөрөөдлийг амьдралд бий болгоод таван жилийн ойг тэмдэглэж байгаа энэ компани агуу амжилтад хүрчээ. Энэ ажил маань Эрдэнэт хотын хөгжил цэцэглэлтэд, Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулаад зогсохгүй, 99.999-тэй цэвэр зэс авах хэмжээнд хүрнэ гэдэг маш том амжилт. Мэдээж миний дараа олон үйл ажиллагаа явагдсан. Хөрөнгө оруулалт хийж, олон бүтээн байгуулалт явагдсан байна. Гэхдээ аливаа нэгэн үйл ажиллагааны суурийг тавина гэдэг чухал. Барилгын суурь өөрөө сайн байхгүй бол болдоггүй. Тиймээс бид анх энэ үйлдвэрийн суурийг зөв тавьсан болов уу гэж бодож байна. Түүгээрээ ч бахархаж байна. Энэ үйлдвэр байгаагүй мөсөн өргөө яригдахгүй байсан. Цаашид Монголын хүүхэд залуус ирээдүйн төлөө, Монгол гэсэн нэрийг дэлхийд гаргахын төлөө энэ үйл ажлыг хийжээ гэж бодож байна.
Yang jiaoyong: Мэддэг чаддагаа зөвлөж байсан
/Үйлдвэрийн технологийн зөвлөх асан/
-Мэддэг чаддагаа хуваалцан зөвлөж байсан үйлдвэр маань маш сайн хөгжиж байгааг харахад таатай байна. Ийм төрлийн үйлдвэр удалгүй хаалгаа барьдаг гашуун түүхүүд байдаг. Менежмент сайтай байгаа учраас үйл ажиллагаа нь хэвийн явж байна. Үүнд их баяртай байна. Миний хувьд катодын цэвэр зэсийг гаргаж авахад технологийн орц ямар байх ёстой тал дээр зөвлөж байсан. Үйлдвэр баригдаж эхэлснээс баригдаж дуустал нь технологийг зөвлөж байсан гэсэн үг.
[caption id="attachment_72725" align="aligncenter" width="800"] Тухайн үед эргэлзэлгүйгээр монгол залууст итгэж хөрөнгө оруулалт хийсэн АНУ-ын Нобель группийн Монгол дахь төлөөлөгч Ханна Бандек үг хэлсэн юм.[/caption]
Энэ үйлдвэрийг барихаар зориг шулуудсан монголчуудад итгэж Катодын зэсийн үйлдвэрийг барихад эргэлзэлгүйгээр зоригтой хөрөнгө оруулалт хийсэн АНУ-ын Нобель группийг дурдахгүй байхын аргагүй биз ээ. Тус группийн Монгол талыг хариуцсан захирал Ханна Бандек хоёр компанийн хамтын ажиллагаа болон цаашдын үйл ажиллагааны талаар ийнхүү ярьсан юм. Тэрээр “Ачит Ихт компанитай хамтран ажиллаж эхэлсэн өдрөөс тус компанийн хамт олон бидэнд өндөр сэтгэгдэл төрүүлсэн билээ. Үйлдвэр дэлхийн зэрэглэлийнх болох нь тодорхой байсан. Ийм компанитай өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байна. Бидний түншлэл цэцэглэн хөгжиж, одоо хоёр талын харилцаа нь харилцан хүндэтгэл, нөхөрлөл дээр тогтдог болсон. Бидний хамтын зам жинхэнэ нөхөрлөл болж цаашид ч үргэлжлэх болно. Катодын зэсийн үйлдвэрийг барьж дууссанаас хойш таван жил болоход тус үйлдвэр нь дэлхийн хэмжээнд хүрсэн. Зүүн өмнөд Азийн томоохон хэрэглэгч бүрийн шаардлагад бүрэн нийцсэн зэс үйлдвэрлэж байгааг хэлэх нь зүйтэй. Нэг зүйл тодруулж хэлэхэд, катодын зэсийн борлуулалтын 95 хувийг БНХАУ-аас гадна бусад улсад худалдаалж байгаа. Саудын Арабын зах зээлд хүртэл манай катодын зэс худалдаалагдсан байдаг. “Ачит Ихт” компанийн катодын зэс брэнд болон олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, Монгол Улсын нэрийг өндөрт гаргасаар байна” хэмээсэн юм. Мөн Японы “Mitsui and Co” компани ч бас “Ачит Ихт” компанийн түншүүдийн нэг билээ. Тус компанийн Улаанбаатар дахь төлөөлөгч Тэцү Анраку “2015 онд Бизнесийн хамтын ажиллагаагаа эхлүүлснээс хойш “Ачит Ихт” ХХК нь Азийн хэрэглэгчиддээ чанартай катодын зэс нийлүүлж, катодын зэсийн зах зээлд найдвартай түнш болсон юм. Танай компани гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлж ирсэнд талархал илэрхийлж байна. Мөн хамтын хөгжил дэвшлийг энэ таван жил биш харин цаашид хэдэн арван жил Монгол Улсын хөгжил дэвшилд гэрэлт ирээдүй хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Үнэхээр түнш байгууллагуудын онцолсноор “Ачит Ихт”-ийн катодын зэс Азийн төдийгүй дэлхийн улс орнуудад хамгийн эрэлттэй, чанартай бүтээгдэхүүн болж хөгжсөөр байгааг хэлэх нь зүйтэй. Катодын зэсийнх нь чанарын хувьд үйлдвэр эхэлснээс хойш таван жилийн туршид олон улсын стандартаас илүү сорьцтой үйлдвэрлэгдэж байгаа нь үүний илэрхийлэл мөн. Тиймээс Лондоны металлын биржид тус компани энэ оноос эхлэн гишүүнээр бүртгэгдэж, олон улсад Монгол Улсын нэр хүнд улам түгсээр байгаа билээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.15 №204 (6171)
“Ачит Ихт” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэрийн таван жилийн үйл ажиллагааг дүгнэлээ
2019-10-15
Нийтэлсэн: Админ
 1 мин