А.Доржханд
Тал нутгийн анч тайга нохойны тэмцээн Хэнтий аймгийн Хэрлэн голын хөвөөн дээр боллоо. Энэ үеэр “Анч нохой үржлийн газар” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Баянхутаг сумын алдарт уяач Р.Цэндсүхтэй ярилцлаа.
-Сайхан намаржиж байна уу. Өнөөдрийн анч тайга нохойны тэмцээн хэд дэх жилдээ зохион байгуулагдаж байна вэ. Энэ удаагийнх юугаараа онцлог болов?
-Сайхан намаржиж байна. Тэмцээн маань гурав дахь жилээ болж байна. Анх Батноров суманд 2016 онд Талын түмэн адуу зохиоход залуучууд тайга нохойны тэмцээн зохион байгуулснаас нь хойш оролцсон. Өнөөдрийн хувьд оролцсонгүй, үзэж сонирхлоо. Өмнөх жилүүдээ бодвол сайн зохион байгуулж байна. Энэ удаа Хэнтий аймгийн ЗДТГ-аас тэмцээнийг дэмжиж нэг сая төгрөг өглөө. Мөн түрүүлсэн нохойн эзнийг улсын сайн малчин Б.Гантуяа хурдан удмын даагаар шагнаж урамшуулсан нь энэ удаагийн тэмцээний онцлог байлаа.
-Тэмцээн эхэлсэн цагаас таныг ажиглалаа. Таны хэлсэн нохойнууд байр эзэллээ. Мөн таныг нутгийн хүмүүс олон жил нохой хөтөлсөн гэж ярьж байна. Яагаад оролцоогүй юм бэ?
-Үнэнийг хэлэхэд өмнө нь зохиосон тэмцээнүүд нь маргаан ихтэй байсан. Хүн бүр нохойгоо түрүүлүүлэх гээд хэтэрхий туйлширдаг байлаа. Энэ чинь зүгээр л нэг нохойны тэмцээн уралдаан биш. Нүүдэлчин бидний ажлын 50 хувийг хоточ сайн нохой хөнгөлдөг байсан. Мөн монголчууд бидний биет бус өв юм шүү дээ. Ах нь багаасаа сургууль соёл гэж яваагүй. Мэдээ орохоосоо малын зах дагаж өвөө, аавыгаа дагаж 30-аад жил нохой хөтөлсөн. Хурдан анч нохойг тодорхой хэмжээгээр мэднэ. Залуучуудын өв соёлоо авч үлдэх гэж буйг дэмжиж байгаа ч нохойны зүс, сэрвээний өндөр, сүүлний уртад стандарт тогтоож байгаа нь таалагддаггүй. Миний бодлоор мөнгө гэхээсээ илүү энэ тэмцээнд оролцож өв соёлоо таниж мэдэж анч нохойг сонирхсон залуучуудад хүртээмжтэй зохион байгуулбал дээр юм болов уу гэж боддог.
-Тэгэхээр анч тайга нохойг мэдэхгүй хүн олон бий. Хэзээнээс зүүн гурван аймаг л хөтөлдөг шүү дээ?
-Анч тайга нохойны хувьд бол Хубилай хааны үеэс л анд мордохдоо хөтөлдөг байсан гэж өвгөд ярьдаг байлаа. Хурд нэг саванд төрнө ч гэж ярьдаг. Энэ нь хурдан адуу, хурдан нохой хоёр нэг айлд байхыг хэлнэ. Хурдан нохой их үнэтэй. Тухайлбал, нэг хурдан нохой долоон адуу хүрч байсан гэдэг. Хурдан адуу, нохой хоёр ижилхэн шинжтэй байдаг. Миний залууд ангийн норм биелүүлнэ гэж аавыгаа нутгийн ах нарыгаа дагаад л ууланд анд явдаг байлаа. Мөн манай Хэнтийгээс гадна Дорнод, Сүхбаатар аймагт анч нохой байсан. Одоо Дорнодын цаад сумдаар хөтөлдөг болохоос Сүхбаатар аймаг руу үгүй болсон гэж дуулдсан.
-Миний багад саахалт айлд маань Өмнөдэлгэрээс нэг хүн ирээд буцахдаа дагуулж яваа нохойгоо орхиод явсан. Хүүхэд байсан болохоор бөмбөгөөр тоглож байгаад тарваганы нүхэнд оруулахад тэр нохой бөмбөгийг маань хазаж гэмтээлгүй авчирч өгсөн. Тэгэхээр яаж анд сургадаг юм бэ?
-Анд сургахын тулд гөлөг байхаас нь ууланд хөтөлнө. Ангийн улирал бол намар, өвөл шүү дээ. Өвлийн гурван сар морьтой ууланд гуринхалтал нь хөтөлнө, идэш хоолыг нь тааруулна. Ихэвчлэн ус долоолгоно. Гэхдээ зоолж байж анд сурдаг нохой ч байна. Нохойгоо талд ч, ууланд ч тэгш сургах хэрэгтэй. Тэгэхгүй бол талын нохой ууланд чадахгүй ууланд сурсан нохой талд барьж чаддаггүй. Өнөөдөр манайхан морь унахаа больж, мотоцикльтой малдаа явж нохой сургаж байна гээд улыг нь гэмтээж байна. Анд сургахдаа гөлөг байхаас нь үнэг, хярсны арьсыг гэмтээхгүй бариулж сургадаг. Ингэж бариулж сургасан нохой ямар ч зүйлийг гэмтээдэггүй.
-Монгол Банхараас юугаараа давуу юм бэ. Социализмын үед Банхарыг их устгаж байсан ч гэдэг. Одоо Банхар бас л ховордож дээ?
-Тийм ээ. Банхарыг дөрвөн нүдтэй ламын нохой гээд их устгаж байсан юм билээ. Хүүхэд байсан болоод ч тэгдэг байсан уу их том бяруу шиг санагддаг байсан. Одоо бас л ховордож байна. Тайга нохойг тэгж устгаж байсангүй. Банхараас давуу нь их хурдан, анд шалмаг, хонио хариулна, хотонд боохой оруулахгүй гээд эзэндээ их үнэнч, олон жил хамт байхаар сайн анд нөхрөөс гадна хүнээс илүү дотно болдог.
-Нохойг хөдөөлүүлэхдээ аманд нь шар тос үмхүүлээд сүүлийг нь тасалж дэрлүүлдэг шүү дээ. Энэ талаар та юу хэлэхсэн бол?
-Анд явахдаа одооных шиг чононд явъя гэж шууд яриад л машинтай шуугиад байдаггүй байлаа. Анд явахын урьд өдөр уулзаж нударган дотроо хомоол дамжуулаад анд явна гэдгээ ойлголцож, барьсан ангийнхаа толгойг оршуулдаг байсан. Энэ уламжилал бүдгэрч байна. Үүнд ахынх нь сэтгэл гонсгор явдаг даа.
-Бидний ярилцлага өндөрлөж байна. Сүүлийн хормыг таньд үлдээе?
-Баярлалаа. Энэ тэмцээн цаашид хүрээгээ тэлээсэй. Аливаа зүйл алдаа, оноотой байдаг. Ангийн арьс тавьж нохойнуудыг хөөлгөлгүй үнэг, хярсыг амьдаар нь хөөлгөж жинхэнэ анч тал нутгийн тайга нохойг шалгаруулах хэрэгтэй. Яагаад гэвэл анч нохой амьтны арьс газраас хөндийрөхийг хараад хөөхөө больчихдог. Тэгэхээр уралдаанд оролцох гэж нохойгоо хөтөлж ирэх биш нэг нэгэндээ анч нохойгоо хэрхэн сургаж байгаагаа үзүүлж, үр хүүхэддээ үлдээх хэрэгтэй.
Эх сурвалж www.polit.mn