Ч.ГАНТУЛГА
Германы алдарт дуучин Нана Квамэ Аброкова Азийн аялан тоглолтоо манай улсаас эхлүүлсэн юм. Тэрээр өнгөрсөн бямба гаригт “Remember the time” тоглолтоо “UB Palace”-ийн концертийн их танхимд амжилттай тоглолоо. Энэ үдэш түүний шүтэн бишрэгчид нь хайртай дуучныхаа хит дуунуудыг дуулж, түүнтэй чин сэтгэлийн яриа өрнүүлж байв. Нэгэн үе дэлхий нийтийг “Lonely” дуугаараа байлдан дагуулж байсан Гана гаралтай дуучин Нана нь хөнгөн хөгжмийн урсгалыг дэлхийд таниулсан юм. Тэрээр дуучин, шилдэг продюссер төдийгүй нийгмийн сайн сайхны төлөө хүчин зүтгэдэг хүмүүнлэгийн элч юм. Тоглолтынх нь өмнө түүнтэй ярилцлаа.
-Сайн уу Нана. Сайн явж ирэв үү?
-Сайн байна уу монголчуудаа танай сайхан оронд ирсэндээ сэтгэл хангалуун байна. Танай ард түмэн найрсаг, зочломтгой юм. Намайг сая онгоцны буудлаас хэвлэлийнхэн болон миний тоглолтын зурагт хуудсыг барьсан фэнүүд маань тоссон. Ийм сайхан хүндэтгэлтэй хүлээж авна гэж төсөөлсөнгүй.
-Гадаа их хүйтэн байна. Манай орны уур амьсгал танд тохирч байна уу?
-Монголыг их хүйтэн гэж сонссон учраас дулаан хувцсаа бэлдээд ирсэн. Гэхдээ би тоглолтоо хийчихээд үүрээр явна. Тиймээс даарах зав гарахгүй байх.
-Онгоцноос буухад танд ямар мэдрэмж төрсөн бэ. Өмнө нь манай улсын тухай төсөөлөл байсан уу?
-Анх онгоцноос буухад цав цагаан тал харагдсан. Монгол бол Чингисийн нутаг шүү дээ. Чингис хааны тухай мэдэхгүй хүн дэлхийд ховор байх. Би мэдээж ирэхийнхээ өмнө сайн судалсан. Хүн амын тоо, хөгжмийн ертөнц гээд л. Монгол хэдий хүн ам багатай ч хөгжмийн урлаг нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхөөр авьяаслаг уран бүтээлч олон юм билээ. Танай гайхалтай дуучдад амжилт хүсье.
-Яагаад аялан тоглолтоо манай улсаас эхлүүлэхээр шийдсэн бэ?
-Монгол-Австрийн залуучуудын холбооноос Монголд тоглооч гэсэн санал тавьсан. Энэ нь надад гайхалтай санагдсан юм. Монголд очиж үзэхсэн гэсэн хүсэл байсан учраас саналыг дуртайяа хүлээж авсан. Анхны бүхэн сэтгэлд сайхан дурсамж үлдээдэг учраас танай улсын тухай, найрсаг ард түмнийг чинь мартахгүй санаж явах болно.
-Тоглолтоосоо өмнө очиж үзмээр байгаа газар бий юу?
-Надад “Цонжин болдог” гэдэг газрыг үзүүлнэ гэсэн. Чингисийн хөшөө байдаг гэж дуулсан. Түүнийг л очиж үзмээр байна. Хэрвээ хэд хоногийг энд өнгөрөөх төлөвлөгөөтэй байсан бол Монголын тал нутаг, хөдөө очиж үзэх хүсэл дэндүү их байна. Даанч төлөвлөгөөний дагуу явж байгаа учир тийм боломж гарахгүй байх. Гэхдээ дахиад заавал Монголд ирнэ.
-Таныг тоглолтынхоо орлогыг мазаалайд туслах үйлст зориулна гэж сонссон?
-Дэлхийд мазаалай тун ховор байгаа. Монголд ч гэсэн ховордож байгаа гэж сонссон. Тиймээс энэ хөөрхөн амьтдад туслах гэсэн юм. Танай улсад нэг ч болтугай мазаалай нэмэгдвэл би чин сэтгэлээсээ баярлана шүү. Ховордож байгаа амьтнаа хайрлаж, хамгаалаарай, тэдний төлөө чин сэтгэлээсээ залбираарай гэж танай ард түмнээс хүсэх байна.
-Таныг хүмүүнлэгийн үйлсийн элч дуучин гэдэг. Дэлхийн олон орноор явж амьтдад туслаж байсан уу?
-“Хүмүүнлэгийн элч” гэж тодотгосонд таатай байна. Энэ үйлсийн төлөө хичээж ажилладаг. Аль ч орны уран бүтээлчид тухайн улсынхаа нүүр царай байдаг. Тиймээс улс орныхоо хөгжил, цаашлаад дэлхийн хэмжээнд тулгамдаад байгаа асуудалд өөрийнхөө чадах хэмжээнд оролцож, туслах үүрэгтэй юм болов уу. Би энэ үүргээ ухамсарлахыг хүсдэг юм.
-Та шинээр төрөх мазаалайн зулзагад өөрийнхөө нэрийг өгч болно гэсэн. Таны нэртэй өөр амьтад байдаг уу?
-Үнэхээр хүсвэл өгч болно шүү. Би олон газар хүмүүнлэгийн ажил хийж байсан учраас миний нэртэй өөр амьтан байгааг үгүйсгэхгүй. Харин ч сайхан санагдана. Магадгүй шинэ төрөх зулзагат миний нэрийг өгвөл Монголын сонсогчид баярлах байх.
-Та анх онгоцноос буугаад танай Монголд дандаа цагаан машин явах юм гээд гайхаж байсан гэсэн. Танай улсад цагаан машин ховор байдаг юм уу?
-Манайд эсрэгээрээ бараан өнгийн машин элбэг байдаг юм. Анх онгоцноос буугаад хотын төврүү явж байхдаа их гайхсан шүү. Харин манай тоглолтын зохион байгуулагчид үүнийг монгол хүний сүү шиг цагаан сэтгэлтэй холбоотой гэж тайлбарласан.
-Танай орны залуус чөлөөт цагаа яаж өнгөрөөдөг вэ?
-Манай улсад чөлөөт цагаа өнгөрүүлэх олон сайхан газар бий. Зарим нь спортоор хичээллэдэг бол нэг хэсэг нь үдэшлэгт явж, бүжиглэдэг.