Н.Даваадорж: Байлдааны онцлог, зөв тактик бидэнд ялалт авчирсан

2019-09-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН “Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт Хил хамгаалах ерөнхий газрын Түүхийн секторын судлаач, дэд хурандаа, цэргийн ухааны доктор Н.Даваадоржийг урьж, ярилцлаа.  

Баруун хилийн тулгаралтыг мартаж эхэлсэн нь судалгааны чиглэлд цагаан толбо болж байна

  -Би 1998 онд МУИС-ийн түүхийн ангийг төгсөөд  хил хамгаалах байгууллагад 20 орчим жил хилийн түүх судлаачаар ажиллаж байна.  Монгол Улсын хил хязгаарын бүрэлдэн тогтсон түүх, түүнтэй холбоотой бүхий л чиглэлд судалгаа шинжилгээний ажил хийдэг. 2016 онд ҮБХИС-д Баруун хязгаарын хилийн хамгаалалтын судалгаа сэдвээр Цэргийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Монголын түүх бичигт 1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайны талаар олон дурьдсан байдаг. Харин баруун хилийн тулгаралтын тухай төдийлөн сайн мэддэггүй.  Оспаны хэдэн дээрэмчин орж ирсэн юм байна. Тэгээд удалгүй гараад явсан л гэсэн ойлголттой байдаг.  2005 онд манай урдаа барьдаг түүх судлаачид нийлж  Монголын түүхийн таван боть бүтээл гаргасан. Энэ бүтээлд ч баруун хилийн тулгаралтын тухай төдийлөн тусгасангүй.  Ердөө ганц хоёр өгүүлбэр л бий.  Ер нь аливаа түүхийн сурвалж бичигт Баруун хилийн тулгаралтыг орхигдуулж ирсэн нь Монголын түүх дэх цагаан толбо болж байна.   Энэ асуудлыг хөндөж, эрдэм шинжилгээний ажлаа хийж байгаа.  Докторын зэргээ энэ сэдвээр хамгаалсан нь ч ийм учиртай.  

Зэвсэг бариад улсын хилийг манаж байгаатай агаар нэгэн

Блиц Намхайдоржийн Даваадорж -1994-1998 онд МУИС-ийн Түүх, нийгмийн анги -2000-2003 онд Отгонтэнгэр их сургуулийн хууль, эрх зүйн анги тус тус төгссөн. -2008 онд МУИС-д түүхийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. -2014 онд ҮБХИС-д Баруун хилийн тулгаралтын асуудлаар докторын зэрэг хамгаалсан. “Байтаг богд” уран сайхны кино, “Цэнхэр хаяа” баримтат кинонд түүхийн зөвлөхөөр тус тус ажиллажээ.
-Аливаа улс нэгдүгээрт газар нутагтай, түүнийгээ тогтоон тэмдэглэсэн хил хязгаартай байх ёстой.  Мөн цэрэг арми нь хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг хангаж байх үүрэгтэй юм.  Энэ бүхнийг хилийн түүх судлаач цогцоор нь авч үздэг.  Цэргийн шинжлэх ухааны нэг салбар болж хөгжиж байна. Манайд хилийн түүх судлаач гэсэн тусгай мэргэжилтэнг бэлтгэдэггүй.  Түүхийн анги төгссөн болон бусад  цэргийн сургуулийг төгссөн энэ чиглэлд судалгаа хийх сонирхолтой судлаачдаас л энэ салбар маань бүрдэж байна.  Монгол Улсын тусгаар тогтнол нутаг дэвсгэр, улсын хилийн аюулгүй, халдашгүй дархан байдал үүний үр дүн ач холбогдлыг залуу хойч үед тайлбарлан таниулах, хилчдийн байгуулсан гавьяа зүтгэлийг түүхэн ном зохиолд тусгах, сурталчилан таниулах үүрэг хүлээж байна.  Мөн улсын хил хязгаарын бүрэлдэн тогтсон түүх гэж бий.  Өнөөдөр хэдий тайван амгалан байгаа ч гэлээ 50, 100 жилийн дараа ямар ч байдал үүсч мэднэ.   Дэлхийн улс гүрнүүд өөрчлөгдөж, хилийн маргаан ч гарахгүй гэх баталгаа байдаггүй.  Тийм учраас улируулан судалж, уламжлан үлдээх зорилготой ажилладаг.  Эртний Хүннүгийн үеэс эхлээд өнөөг хүртэлх газар нутаг, хил хязгаарын түүхийг судлаж байна.  Энэ нь Зэвсэг бариад улсын хилийг манаж байгаатай агаар нэгэн.  Улсынхаа түүхийг судлаад улсын хилийг хамгаална гэдэг бол маш том асуудал юм.  

Халх голын байлдаан биш, дайн юм

  -Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг өмнөх жилүүдээс илүү ач  холбогдол өгч өргөн тэмдэглэж байна.  ОХУ-ын зүгээс өндөр ач холбогдол өгч, анхаарал хандуулж ирлээ. “Сэлэнгэ-2019” хээрийн сургууль, Армийн тоглолт хийсэн.  Байлдааны буудлагатай хээрийн сургууль боллоо.  Зэвсэгт техникийг харуулсан ёслолын жагсаал болсон.  Байлдааны онгоцоор ур чадварын тоглолт үзүүллээ.  Энэ бүхнээс ОХУ-ын төр засгаас ямар их ач холбогдол өгч байна гэдэг нь харагдаж байна. Ер нь бол Халх голын дайн юм.   Цэргийн шинжлэх ухааны үүднээс дайн, байлдаан гэдэг үг эрс ялгаатай.  Улс төр, эдийн засгийн байдал, стратеги талаасаа ч,  биелүүлж буй даалгавар, хамрах хүрээ, хүч хэрэгсэл, цэргийн зэвсэг техникийн тоо гээд ялгаатай л даа.  2009 онд Халхын голын дайны ялалтын 70 жилийн ой болсон.  Энэ үеэр   манай түүхийн болон цэргийн ухааны эрдэмтэд, Япон, ОХУ, БНХАУ-ын төлөөлөлтэй хуралдаад нэрний  хувьд нэгдсэн санал дүгнэлтэд хүрсэн байдаг.  Японы талаас бол Номун Хааны хэрэг явдал,  ОХУ-ын эрдэмтэд байлдаан, манайхан дайн гэсэн санал дэвшүүлж, эрдэмтэд дайн гэдэг  дээр санал нэгдсэн.  Үүнээс хойш Халхын голын дайн гэж нэрлэхээр болсон юм.  Гэвч  манайхан зөв нэршлээрээ явахгүй байна.  Засгийн газрын зарим тогтоол  шийдвэрүүд дээр хүртэл Халхын голын байлдаан  гэсэн байх юм.  Зүгээр нэг үг мэт боловч  цаагуураа асар том агуулгын алдаа гэдгийг хэлмээр байна.  Дайн гэдэг нэр томьёог хэрэглэснээр Монгол Улсын түүх бичигт,  Халх голын ойролцоо болсон энэ үйл явдлын  ач холбогдлыг илүү өндөрт өргөж байгаа чухал хүчин зүйл юм. Мөн олон нийтийн дунд ч ийм төөрөгдөл байна.  Байлдаан гэхээс илүү Монгол цэргүүд энэ дайнд ерөөсөө оролцоогүй гэсэн ойлголт ч байдаг.   Үүнийг мөн л анхаарч бид зөв чиглүүлэх хэрэгтэй.  

Нэгдүгээр дайнд сэтгэл дундуур үлдсэн гүрнүүд II дайныг өдөөв

  -1930-аад оны эхэнд дэлхийн цэрэг, улс төрийн байдалд нэлээд өөрчлөлтүүд гарсан. Дэлхийн нэгдүгээр дайнд зарим нэг томоохон их гүрнүүд сэтгэл дундуур үлдсэн.  Дэлхийн хоёрдугаар дайн 1930-аад оны сүүлчээр гарах нь тодорхой болсон.   Ийм учраас тухайн үеийн тэргүүлэх гүрнүүд болох ЗХУ, Япон, АНУ, Англи, Франц, Герман өөрсдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах газар нутгаа тэлэх, геостратегийн бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн.  Тухайлбал Япон 1930 онд Солонгосыг эзлээд, 1932 онд Хятадын зүүн хойд хэсэг Өвөрмонгол, Манжуурыг эзэлж аваад,  Манж-го гэх улсыг байгуулсан.  Цаашдаа манай улсын зүүн хязгаараар халдан түрэмгийлэх үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг.  Энэ нь манай улсын бүрэн бүтэн байдалд хэдий халдаж байгаа ч  тухайн үед ЗХУ-ын эрх ашгийг хөндөж эхэлсэн.  Манай улсын баруун хязгаарыг эзэлснээр түшэц газраа болгон ОХУ-ын алс дорнод руу дайрах ийм төлөвлөгөөтэй байсан.  Нөгөө талаас  Японтой нэг эвслийн орон болох Герман нь Зөвлөлтийн баруун талаас довтлох ийм төлөвлөгөөтэй байсан.  Тэгээд ОХУ-ын тал өөрсдийн ашиг сонирхол, геостратегийн бодлогыг хэрэгжүүлэх үүднээс Монголд өөрсдийн цэргийг оруулж эхэлсэн.  Мөн  1936 онд Монгол Улстай харилцан туслалцах гэрээ байгуулсан.  Энэ гэрээгээр Монголд цэргээ оруулахаас гадна, өөрсдийн Алс дорнодын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн.  Энэ гэрээг Монголтой байгуулсныхаа дараа мөн Монгол Улсын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг өөрсдийн нутаг дэвсгэрийн нэгэн адил үзэж хамгаалах болно гэдгээ дэлхий нийтэд зарласан байдаг.  

2-10 дахин их хүчний эсрэг тулалдаж ялалт байгуулсан

  -Япончууд 1935 оны эхээр манай улсын зүүн хязгаарын хэсгээр цэрэг зэвсгийн хүчээр цөмөрч өдөөн хатгалга явуулах, тагнан турших, хилийн харуул байгуулах, хилийн овоо тэмдэгтүүдийг нураах зэргээр улсын хилийн халдашгүй дархан байдалд аюул занал учруулж байлаа. Халхын голын дайны үед П.Чогдон даргатай Сүмбэрийн застав, С.Төмөрбаатар даргатай Эрс уулын застав анх байгуулагдахдаа 40-өөд хүнтэй, цомхон хүн хүч багатай байлаа. 1938 оны эхнээс 1939 оны есдүгээр сарын 17-н хүртэл бараг хоёр жил орчим дайнд үүрэг гүйцэтгэхдээ өөрсдөөсөө 2-10 дахин их хүчний эсрэг Япон-Манжийн цэргүүдийн маш олон удаагийн тулгаралт байлдаанд оролцож ялалт байгуулсан байдаг.  Ингэж тэд газар нутаг хил хязгаарынхаа халдашгүй дархан байдлыг сахиулж байлаа.  Тухайлбал  Сүмбэрийн застав 40, Эрс уулын застав 30 гаруй удаагийн тулгаралтад оролцож дандаа ялалт байгуусан. Олон зуун дайсан этгээдийг устгаж, амьд хэл  олзлон, дайснуудыг маш хүнд байдал оруулж байсан.   Энэ бүхэн нь хилчдийн байлдах урлаг, тактиктай холбоотой.  Хилчид маань хариуцсан хэсэг газар орноо нэвтэрхий сайн мэддэг байсан. Өдөр шөнө ялгаагүй дов гүвээ, элсэн манхан, Халх голын гарамыг сайн мэднэ.  Мөн агт уналгаа бүрэн эзэмшсэн, өнгөлөн далдлалт сайн хийдэг байжээ.  Гэв гэнэт гарч ирэх, галын хүчтэй дайралт өгч, үүгээрээ дайсны удирдлагыг алдагдуулж чаддаг байжээ. Мөн Хамар даваанаас Их бурхант хүртэл цэргийн томоохон анги хориглолтын төхөөрөмж байгуулж байгаа мэт хуурамч үйлдэл, хөдөлгөөн хийх зэргээр дайсныг Халхын гол гатлуулахгүй долоо хоног барьж, Зөвлөлт Монголын армийн анги, нэгтгэлүүдийг Хамар даваанд иртэл байлдааны тушаалаа нэр төртэй биелүүлсэн нь уг дайны ялалтыг авчрахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гэж үздэг билээ.  

Хил хязгаарыг мэргэжлийн тусгай цэргээр хамгаалахын ач холбогдлыг харуулсан

  -Тухайн онд жилүүдийн дайны талбар нэлээд хүндхэн байсан.  Түүнээс гадна Монгол орны дотоодод ч зүүний алдаатай бодлогоос нийгмийн тогтвортой байдал алдагдаж, нугалаа завхралд дургүйцсэн ард олон 1930-аад оны эхнээс хил даван нүүж дүрвэх явдал гарч байжээ. Гадаад, дотоодод өрнөсөн дээрх үймээн самуун, зэвсэгт халдлага, түрэмгийлэл нь улсын хил хязгаарыг мэргэжлийн цэргээр хамгаалуулах шаардлагыг буй болгосон юм. 1930-аад оны дорнод хилийн хамгаалалт нь аливаа улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдалд улсын хил, түүний хамгаалалт шийдвэрлэх нөлөө үзүүлдгийн нэгэн жишээ болсон төдийгүй улсын хил хязгаарыг мэргэжлийн тусгай цэргээр хамгаалахын ач холбогдлыг харуулж өгсөн.   Манай улсын дорнод хилийг хамгаалж байсан Хязгаарын цэргийн Халх гол, Тамсаг, Хэрлэнгийн отрядын хилчин дайчид нь уг дайныг эхнээс нь авахуулаад дуустал фронтын тэргүүн шугаманд үүрэг гүйцэтгэж, улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харийн түрэмгийллээс хамгаалж чадсанд тэдний гавъяа үеийн үед мөнхөд оршино.  

Аль болох түүхэн үнэнийг барьж, ажиллалаа

  -Түүнээс гадна Баруун хилийн тулгаралт нь 1930-1950 оны эхэн хүртэл байсаар ирсэн. Үүнийг Монголын түүхэнд бага тусгаж ирсэн гэдгийн би дээр дурьдсан. Монголын түүх бичигт Баруун хилийн тулгаралт, Хятадын түүхэнд Байтаг Богдын маргаан, харин ОХУ-ын түүхэнд Баруун хилийн мөргөлдөөн гэж нэрлэж ирсэн.  Би сүүлд   “Байтаг Богд” уран сайхны кинонд  цэргийн болон  түүхийн зөвлөхөөр ажилласан. Энэ сэдэв нь өөрөө миний  докторын ажил байсан. 2017 онд яг байлдаан тулаан болсон тухайн газар оронд буюу Ховд аймгийн Үенчийн отряд Байтагийн застав дээр очиж зураг авалт хийсэн байдаг.  Тэнд хоёр сар орчим болж байлаа.  Тулгаралтын он  жилүүд дэх цэрэг, улс төрийн байдал, үзэл суртал, ар тал хангалтын үйл ажиллагаа, байлдагч, цэрэг дарга нар ямар хувцас хэрэглэл өмсч байсан, байлдааны тактик гээд энэ бүхэнд зөвлөж ажилласан.  Аль болох түүхэн үнэнийг барьж хийхийг хичээсэн.  Гэхдээ үзэгчдэд сонирхолтой байх үүднээс ганц нэг уран сайхны дүрийг оруулсан. Мөн үүнээс өмнө “Цэнхэр хаяа” гэдэг баримтат кинон дээр зөвлөж ажиллаж байлаа.   Баруун өмнөд хязгаарт болсон байлдааны ажиллагааны тухай гардаг. 1939 оны нэгдүгээр сарын 1, 2-ны хооронд болсон эрэлхэг найман хилчинг Хасагийн 200 гаруй зэвсэгт этгээдүүдтэй тулгаран байлдсан. Энэ үйл явдлыг тусгасан.   Тус бүтээлд мөн л зөвлөхөөр ажилласан. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.2  ДАВАА  №174  (6141)
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

5 цаг 47 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

7 цаг 54 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

9 цаг 14 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

10 цаг 19 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

17 цаг 38 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

17 цаг 38 мин
Хөгжлийн төлөөх түншүүд 35 жилийн хамтын ажиллагаа

Европын Холбоо Монгол Улс тэртээ 1989 онд дипломат харилцаа тогтоосноос

17 цаг 38 мин
Нүүрсээ худалдаад бүгдээрээ хувааж идэх үү, нүүрсний хулгайг хэвээр үргэлжлүүлэх үү?!

Монголын төр олон жил гацсан нэгэн том төсөлд ойрын өдрүүдэд цэг тавина.

17 цаг 38 мин
"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

Өчигдөр 15 цаг 05 мин