Б.ДОЛЖИНЖАВ
Энэ удаагийн “Өөр зочин” буландаа зөвхөн Монголын бус дэлхийн уран бүтээлч гэгддэг Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын зураач До.Болдыг урилаа. Тэрээр 1980-аад оны Монголын дүрслэх урлагийн салбарт шинэчлэл авчирсан манлайлагчдын нэг билээ.
-Таныг хоёр настайгаасаа зураг зурсан гэж сонссон. Бага нас тань хэрхэн өнгөрсөн юм бэ. Хүүхэд насны тань дурсамжуудаас яриагаа эхлэх үү?
- Багаасаа хамгийн ойр байсан зүйл минь дэвтэр, харандаа хоёр. Хоёр настайгаасаа ямар нэг зүйл сараачиж, зурж эхэлсэн. Зургаар дамжуулан эргэн тойрноо таньж, амьдралтай танилцсан гэхүү дээ. Тэр үед зурагт байхгүй болохоор янз бүрийн дүрс, гэрийн дотор болон гаднах эд зүйлсийг зурж өөрийгөө зугаацуулна. Үргэлж зураад байхгүй, бороотой, уйдсан үедээ зурна. Хааяа радио сонсоно, “араажав” гэж ярьдаг байсан даа.
Манайх Мөрөнд ээж аав хоёрын ажилладаг эмийн сангийн хажуугийн жижиг өрөөнд амьдардаг байлаа. Тэгэхэд зуухны яндангийн хажуу талд ханатай нийлсэн нүхэн дээр хав хар таваг шиг хавтгай радио байдаг байсан. Тэр радио дуугарахаар их гайхаж, баярладаг байснаа тод санадаг юм. Намайг тав, зургаан настай байхад манайх хотод шилжиж ирсэн. Комбинат хавьцаа юу ч байхгүй хов хоосон тал, дэнж дээр ганц, хоёр хашаа, хотын төвд хэдхэн байшинтай дүнсгэр уулсын дунд нүүж ирсэн. Бороотой өдөр байсныг ч хэлэх үү. Одоогийн III, IV хороололд юу ч байхгүй. Гандангийн дэнж дээр лам нарын ганц, хоёр байрнаас өөр айлгүй. Хот нов ногоон толгодтой, зун болохоор өнгө өнгийн цэцэг ургадаг байсан нь нүдэнд харагдаж байна. Нийслэлийн ойд зориулсан фото зургийн үзэсгэлэн үзэхээр тэр үеийн дурсамж сэдэрдэг шүү. Одоо дүүрэн байшин, машин болсон байна лээ. Аав, ээж ажилтай учраас өвөө эмээгийнд өнжинө. Хоёр дүүтэйгээ Ард Аюушийн гудамжинд пижигнэтэл гүйлдээд, унадаг дугуйны дотор талын раммыг түрээд л, хоёр бүлэг болж бөмбөг тоглож өссөн дөө.
-Зураач болох үндэс суурийг нь хэн тавьсан бэ. Өөрийн хүсэлдээ хөтлөгдөж энэ замыг сонгосон уу?
- Төмөр замын соёлын ордон гэж олон төрлийн дугуйлан хичээллэдэг, орой бүр үдэшлэг, тоглолт болдог инээд хөөр цалгисан хөгжилтэй газар байсан сан. Энэ ордны зургийн дугуйланд нь барималч Энхтайван бид хоёр багаасаа явсан. Анх юу зурахаа ч мэдэхгүй хүүхдүүд орчихоод гурвалжин, дөрвөлжин, конус, цилиндр гэсэн геометрийн дүрс зурна. Тэрнээс хойш зурагтай салшгүй нөхөрлөсөн гэж болно. Долдугаар ангиа төгсөөд Энхтайван, Раднаа бид гурав Дүрслэх урлагийн музейн байранд шалгалт өгөөд Хөгжим бүжгийн дунд сургуулийн зургийн ангид ороход манай анги дөрөвхөн хүүхэдтэй байсан. Киноны зураач Нямдаваа, Амгалан, Энхтайван, Эрдэнэтөгс, Энх-Амгалан, Да.Болд бид хэд дээд сургуульд ортлоо нэг анги харин Эрдэнэ-Очир, морин хуурын чуулгын удирдаач Батчулуун манай нөгөө анги байсан юм. Чуулгын бүжигчин Сүхбаатар, Уранчимэг, Цэрэннадмид, Тунгалаг, дуурийн театрын орхестрын бөмбөрчин Баатар бид хэд ерөнхий эрдмийн хэл бичиг, математик, уран зохиол, алгебрын хичээлийг цуг үзнэ. Нэг нэгнээ өргөөд цонхны жижиг завсраар бүжгийн ангийнхнаа харчихна. Хөгжим бүжгийн дунд сургууль олон дурсамж үлдээсэн сайхан сургууль. Саяхан хажуугаар нь өнгөрсөн сэтгэлд дотно санагдаж байна лээ.
-Саяхан Б.Чогсом багштай хамтарсан “Урлагийн амьдрал” үзэсгэлэнгээ гаргасан. Таньд ур ухаанаа хайрласан багш нарынхаа талаар дурсвал?
- Хөгжим бүжгийн зургийн ангид Цэвэгжав, Амгалан, Чогсом гээд зургийнхаа төлөө гэсэн сэтгэлтэй сайхан сайхан багш нар хичээл заана. Мөн “Ховдгийн гай” киноны ноёнд тоглодог гоё сахалтай, том биетэй “сахал” Доржсүрэн багш, Чүлтэм гуайн эхнэр Ичинхорлоо багш , орос хэлний Чимгээ багшийн нөхөр биеийн тамирын багш Ганболд гээд нэрлээд байвал олон мундаг багш бий. Ганболд багшаар заалгаад нэг хэсэг цөмөөрөө бокс тоглодог байлаа. Биеийн тамир спортын нийгэмлэгүүдийн янз бүрийн тэмцээнүүдэд нууцаар оролцоно. Гараа эвдчихнэ гэж хориглоноо.
- Б.Чогсом багшийн 1961 онд зурсан “Орхоны хүрхрээ” зургийг энэ онд та зурсан. Зураач хүний хувьд байгаль гэдэг зургийн нэг талбар болохоос гадна зурах хүслийг нь бадраадаг уу?
- “Орхоны хүрхрээ” бол бид цөмөөрөө очдог манай үзэсгэлэнт газруудын нэг. Чогсом багшийн “Говь” гэж өвөрмөц, өөрийнхөөрөө сэтгэсэн гоё зураг бий. Говийг бид цэлийсэн тал, элсэн манхан гэж хардаг бол багш босоо гонзгой хэлбэрээр үелж шаталсан, зэрэглээтсэн байдалтайгаар зурсан. Зураач аливаа зүйлийг энгийн хүний харааны төвшин, фото аппарат, кино дурангаас өөр өнцгөөс хардаг учраас нэг ижил зүйл атлаа өнгө нь өөр өөр байдаг. Зураач хүн аливаа зүйлийг өөрийнхөөрөө ухаарч ойлгож янз бүрээр илэрхийлж болно. Говь, Алтайн уулс, тайга, зүүн аймгуудын тал бол тэр чигтээ гайхамшиг. Энэ гайхамшгийг дээд зэргийн шийдлээр харуулах нь зураач хүний үүрэг. Өглөө нар мандахтай зэрэг гэрээс гараад бүтэн өдөржингөө байгальд зураг зурж суухад агаарын хувирал, байгалийн сонин үзэгдлүүдийг харж нүд минь баясдаг сан. Манай Монгол шиг гайхалтай байгальтай орон ховор. Гадаад хүмүүс ирээд толгой сэгсрээд “Ямар гоё өнгөтэй юм бэ. Ийм тансаг байгалийн музейд амьдарч байгаа юм чинь та нар ингэж зурахаас өөр аргагүй” гэж хэлдэг. Зураачид сонин,содон юм үзэх дуртай тэнэмэл хүмүүс байдаг. Тиймдээ ч Монгол нутгийн гайхамшигтай тансаг газар, нутгийг олж мэдэж, судалж, хэрэгтэйг нь өөртөө шингээж авах нь чухал. Фото зураг шиг буулгах бус дотор нь гүнзгий орох хэрэгтэй. Байгальд байхад “Би хэн бэ, би яах гэж төрсөн юм бэ” гэсэн бодол үргэлж орж ирдэг. Ойрд аялаагүй, сайхан аялах юмсан гэж хорхойсож сууна. Аялж явахад сэтгэлд тод дурсамж үлдээсэн газартаа очоод агаараар нь цээж дүүрэн амьсгалж байна гэж зүүдэлдэг шүү.
-Таны “Барималч Ц.Амгалан”, “Усанд орж буй эмэгтэй” зургийг XX зууны дэлхийн шинэ урсгалыг дэлгэрүүлсэн гэж үздэг. Энэ тал дээр?
-Ер нь хүн кубизм, абстракционизм, реализм гэсэн янз бүрийн урсгал, чиглэлийг судалж заримыг нь өөрийн болгож уран бүтээлдээ ашиглах нь маш чухал. Гэхдээ нэг дор бүх урсгалыг дуурайж болохгүй. Эхлээд бүтэц байгуулалт дараа нь өнгөний зохицол, хөдөлгөөний онол, практикийг судлаад хэрэгтэйг нь өөртөө шингээж авна. Бидний нээгээгүй, нууцлаг, шинэлэг, тайлагдаагүй олон хэлбэр, арга, өнгө, зураас, урсгал чиглэл байгаа. Тиймээс зураач хүн бүтээлч,эрэл хайгуулч байх ёстой. Урлаг дуусашгүй мөнхийн хөдөлгөөнд оршдог зүйл. Үүл зурлаа гэхэд ганцхан цагаан өнгөөр будаж болно эсвэл үй түмэн өнгөөр цэглэж зурах, ганц, хоёр зураасаар илэрхийлэхээс эхлээд олон арга байна. Урлаг гэдэг бидний гоо сайхан, ертөнцийг үзэх үзэл, сэтгэлгээ, тархинд нөлөөлж байдаг асар том зүйл. Тэгэхээр хүний нээгээгүй шинэ зүйлийг олчих юм сан гэж бодож мөрөөдөөд байгаарай.
-1990-ээд оны үед өөр орны шинэ урсгалаар зурахад зөвшөөрдөггүй байсан гэж сонссон. Таньд тийм зүйл тохиолдож байв уу?
- 1990-ээд он бол захирагч, эрх баригчид хүнийг дарангуйлах, боолчлох, сэтгэл зүйгээр нь гартаа атгаж байхын төлөө хоорондоо тэмцэлдэж байсан үе. Энэ хугацаанд харгис урлаг ч байсан хүнлэг мөртлөө эрх баригчдад дулдуйдсан урлаг ч байсан. Нийгэмд гарч байсан янз бүрийн хувьсгал, коммунист фашист үзэл суртлаас үүдэн урлаг социалист реализм, капиталист гэж хоёр хуваагдсан. Уран бүтээлч хүн учраас капиталист орнуудын сонгодог бүтээн байгуулалт , социалист реализм дахь хүнийг дарангуйлсан үзэгдлийг зурахад энэ хоёр хоорондоо зөрчилдөж эхэлсэн. Тэр үед хүний тархийг угаах маш том механизм ажиллаж байлаа. Гэхдээ энэ капиталист, социалист дэглэмийн зөрчил биш хүний зөрчил байсан.
-Монголын орчин үеийн уран зураг хөгжиж байгаа гэж та боддог уу?
-Ардчилал бол хүн төрөлхтний түүхэн дэх сэтгэлгээний том ялалт байсан. Шинэ урлагийн орчин, ертөнц бий болох суурь тавигдаад хөгжиж байна. Үүнийг цааш нь улам гүнзгийрүүлж хөгжүүлэх ёстой. Монгол хүн аугаа том сэтгэлгээтэй, саруул ухаантай, ямар ч зүйлээс сайныг олж хардаг хүмүүс. Оюун санаагаар баян байх юм бол хүн хэр баргийн зовлон, бэрхшээл, дарангуйллыг тэсээд хөгжиж чаддаг. Тэгэхээр хүн ямар ч мэргэжлээр эх орондоо сураад чадварлаг боловсон хүчин болон төлөвших, хүчтэй сэтгэх хэрэгтэй байна. Сэтгэлгээгээ хүчирхэг болгохын тулд зүтгэж, шинийг эрж хайж өөрийгөө золиослож Монгол гэж омог бардам хэлэх хойч үеийг бэлтгэх шаардлагатай. Бид цөөхөн мөртлөө аугаа хүмүүс. Эдийн засагтаа санаа зовохоо больчихвол талх бодож зурахгүй. Пабло Пикассогийнд нэг сурвалжлагч очжээ. Тэгсэн будаг, бийрээ хайрцаг хайрцагаар нь өрөөд тавьчихсан байж гэнэ. “Яагаад ийм их будаг нөөцөлсөн юм бэ” гэсэн чинь “би ядуу байж үзсэн хүн” гэж хариулсан гэсэн. Бид нэг өнгө нь дутвал хуруу хумсан дахь будгаараа түүнийгээ нөхнө дөө.
-Эхнэр, охин Сарнай нь бас зураач. Гурван зураач нэг гэрт байх хэцүү юу?
- Хувь хүн, бие хүн гэдэг өөрийн гэсэн гүн ухаан, хүсэл мөрөөдөлтэй байгалийн цор ганц бодгаль. Энэ хүний ертөнц бол тухайн хүний л ертөнц. Нэг гэр бүлд олон зураач байхаар хоол ундаа бэлтгэх зэрэг зүйлсэд зарим талаараа бэрхшээлтэй. Тэрнээс зургаа зурахад өөр өөрийнхөөрөө зурна. Хүний хувь ертөнц рүү орж болохгүй гэдгийг маш сайн мэддэг учраас энэ тал дээр бид хангалттай ухаалаг ханддаг.
-Өглөө босоод шууд зураг зурдаг уу. Зарим зураач нар босоод зураг зурахаар нойр нь сэргэдэг гэх юм билээ?
-Өглөө босоод цонхоор харагдаж буй гудамж, мод, манан, нарны туяа, үүлний хөдөлгөөнийг зурах нь өөрийгөө сэрээх өглөөний дасгал болдог. Цөөхөн хэдэн өнгө, дүрсээр бүхэл бүтэн байгалийг илэрхийлж болно. Нэг их гүн ухаан, янз бүрийн урсгал чиглэл бодолгүйгээр жижигхэн юмнаас хүн уураг тархи, бие организмаа цочоож сэрээх нь чухал. Зураач хүн үргэлж ямар нэг зүйлийг ажиглаж байх хэрэгтэй. Зурагт үзэхэд бидний хараагүй амьтан, очиж үзээгүй газар, байгаль гарч байдаг. Үргэлж зураг зураад байх нь энгийн хүнд ядаргаатай санагдаж магадгүй. Гэхдээ зураач хүн үүндээ баясч баярлаж байдаг. Учир нь уйтгарлаж гуниглах завгүй байна гэдэг сайхан зүйл.
- Саяхан Энэтхэгт очоод бясалгал хийгээд ирсэн. Бясалгах нь уран бүтээлээ туурвихад нөлөөлдөг үү?
- Бясалгал гэдэг “Би хэн бэ, би хаана хүрэх вэ” гэсэн амьдралынхаа өнгөрсөн, одоо, ирээдүйн бүх үйл явдлыг төсөөлж, өнгөрсөнд нь дүн шинжилгээ хийж өөрийгөө ариусгадаг сайхан зүйл. Бид их “бохирдсон” тархи, эд эс, бодол санаа, ухамсар, сэтгэлтэй хүмүүс. Үүнийгээ цэвэрлэх нэг арга нь бясалгал. Бясалгал хийснээр хүний сэтгэлгээ хязгаарлагдмал хүрээнээс хальж, юмыг тал талаас нь гүн хардаг, хүчирхэг, хүнлэг, гэгээлэг болж улмаар үүнийгээ бүтээлдээ тусгана. Хүн өөртөө зориулж цаг гаргаж сурах хэрэгтэй. Заавал бэлтгэлийн хувцас өмсөөд, тусгай гудсан дээр суух бус гадаа зүлгэн дээр бясалгаж болно. Бясалгал хийснээр хүний биеийн хэмнэл гоё болж нүд сэргэлэн, ухаан санаа ариун, бие хөнгөн, хүчирхэг болчихдог юм билээ.
-Зураач байхын хамгийн сайхан нь юу байдаг юм бэ. Залуу зураачдад хандаж мэргэжлээ сайхан магтаж болох уу?
-Бидний сэтгэл хангалуун сайхан амьдрах оршихуйн гол нөхцөл нь урлаг. Урлаг гэдэг цаг мөч бүрт бидний нүдэн дээр байдаг амьдралын минь нэг хэсэг. Харилцааны соёл, бие биеэ хайрлах урлаг, сэтгэлийн дэм тэжээл бүх зүйлтэй урлаг салшгүй холбоотой. Хүн сайхан хөгжим сонсох, кино, үзэсгэлэн үзэх зэргээр өөрийгөө баясгаж урлагтай холбогдож байдаг. Ашиглаж чадвал том боломж, гайхалтай ирээдүй бидний өмнө байна. Зураг зурахад хамгийн гол нь дур хүсэл, юмны учрыг олох гэсэн тэмүүлэл маш чухал. Яриад байвал хатуу,хэцүү зүйл их бий. Гэрэл байгаа газар сүүдэр байдаг шиг. Нэг хэвэндээ баригдахгүй, шинэ зүйлийг судалж, туршиж, үргэлж өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Хүн сурсаар байгаад л үхдэг. Дуртай газраа явж, өөрийн хүсэл санаа юу байна түүнийгээ дагах нь зүйтэй. Амьдралд янз бүрийн юм их тохиолдоно. Тиймээс ялагдахад нь гутрахгүй, ялахдаа онгирохгүй сэтгэл хангалуун, толгой гэдгэр, алсын хараатай байж урлагаа хөгжүүлэхийн төлөө хүн бүр хичээх хэрэгтэй. Хүн үргэлж дутаж, тэмүүлж байдаг зүйл бол хайр. Тиймээс гэр бүл, ах дүүсээ хайрлаж бүх зүйл сайхан болно гэж бодож, мөрөөдөж байгаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.8.30 БААСАН №173 (6140)