Ай.Төмөр-Очир: “Болор цом” авах найрагч нь айраг, ар гэртэйгээ ирдэг болчихож

2014-01-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ОЛДОХ

Болор цом” наадам  энэ сарын 25-нд Өвөрхангай аймагт болох гэж байна. Айсуй наадмын оршил болгож, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Ай.Төмөр-Очиртой ярилцлаа.

-Та энэ жил “Болор цом”-д шүлгээ унших уу. Яагаад ингэж асуув гэхээр энэ жил яруу найрагчдын олонх нь оролцохгүй гэх сураг чих дэлсч байна?

-“Болор цом”-д шүлгээ унших бодолтой байна. Унших, уншихдаа урд урдахаас урам зориг төгөлдөр уншина шүү.

Би   “Болор цом”-ын шүүлтүүрийг МЗЭ-ийн удирдлага бус  үзэгч сонсогчид  гэж хардаг. Хэрэглэгч хаан гэдэгтэй адил тэнд үзэгч сонсогчид  хаан байх ёстой. Өнөөдөр Монголын тусгаар тогтнол аюулын ирмэг дээр ирлээ гэж дуугарч байгаа найрагч хэн байна вэ. Тэр талаас туурвих учиртай, явах ч ёстой юм.

-”Болор цом” хөдөө орон нутагт болж байгаа тохиолдолд   зохион байгуулалт хэр байдаг юм бол?

-“Болор цом” сүүлийн хэдэн жил хөдөө орон нутагт зохиогдлоо. Эрдэнэт, Дархан, Архангайд хийсэн. Одоо Өвөрхангайд болох  гэж байна. Нэг талаас зам харилцааг дагаж зохион байгуулалт хийж байх шиг. Нөгөө талаас “Болор цом”-ыг маш муу зохион байгуулдаг. МЗЭ-ийн удирдлага ч, тухайн нутгийн нийгмийн бодлого, боловсрол хариуцсан албаны ажилтнууд ч  тэр. Уг нь зохион байгуулж чадах юм бол цаг үе, нийгэм өнгөжин бадрах учиртай.   Мал туувар, хадлан хадах,  ногоо хураалт ч адил. Ер нь ямар ч ажилд зохион байгуулалт чухал. Зүгээр хэдэн хүн  аваачиж салхинд гараад буцахтай адил  байж болохгүй. Архангайд л гэхэд Хөгжимт жүжгийн театр нь дүүрэхгүй байсан. Энэ маш харамсалтай. Аль ч аймгийн төв 20 мянган хүн амтай шүү дээ. Тэгэхэд захын зохиолын дуучин тоглолт хийхэд дууны болоод  дуулаачийн ханш ямар байна вэ. Тэр тоглолтыг Нийтийн дуу дуулаачдын холбоо юм уу, аль нэгэн газар очиж удирдаж зохион байгуулдаггүй.  Дуучин өөрөө эсвэл нэг менежер яваад зохион байгуулчихдаг. Гэтэл “Болор цом” нэр хүндээрээ ч, зохион байгуулалтаараа ч өндөр хэмжээнд болж чаддаггүй. Интернэт,  цахим уншигчид дахин сонордон хүлээж байдгийг анхаармаар юм.

-Сүүлийн үед “Болор цом”-ын эзэд  өөрсдөө  оролцохгүй, үзэгчдээ хүндэлж мялаалгын шүлэг уншихгүй байгаад үзэгчид дургүй байх шиг?

-Манай нэртэй зохиолчид, яруу найргийн аварга, арслангууд оролцохгүй байгаа нь тухайн хүний бие даасан болон  биеэ тоосонтой холбоотой байдаг биз.    Дээр нь оролцсон хүмүүсийн шүлэг чанаргүй байгаад их учир бий. Хэний ч чихэнд наалдахгүй, гоо сайхны ямар ч хэмжүүргүй, чиг урсгал багцаа байхгүй байна. Гэтэл уран бүтээл нийгмийнхээ тусгал нь  байдаг. Өнөөдөр нийгэм маань яаж ягтаа тулж байна вэ. Адаглаад нохой хуцаад байна шүү дээ, “Хотонд чинь чоно өнгийх гээд байна аа”  гээд. Тэгвэл нохойны үүргийг ч гүйцэтгэж чадахгүй байна шүү дээ, яруу найрагчид. Тэгээд бие биедээ шагнал өгч, авдаг. Тухайлбал, Архангайд “Болор цом” болоход нутгийнх нь таван найрагч цуваад байр эзэлсэн. Одоо  Өвөрхангайд “Болор цом” болно, нутгийнх нь найрагчид айргийн тавд багтах  биз.  Тиймээс “Болор цом”-ыг ээлжлэн “барьж” идэх нь муухай,  яасан ч ханаж цаддаггүй юм бэ, ингэхэд тэр чинь алдар цол юм уу гэсэн асуулт аяндаа хөвөрч байна шүү дээ, олны дотор. Манай нутгийн нэртэй сэтгүүлч Дашдондов гуай нэг удаа хэлж байсан юм “Хоёр Алтан гадастай та” гэж. “Та тэгээд хоёр “Алтан гадас” одонгийнхоо  нэгийг ч гэсэн өгөхгүй юм” гэхэд “Гинж биш дээ, хангир жингэр хийлгээд юу хийхэв” гэж байсан. Түүн шиг “Болор цом”-ыг аатай Бавуугийн Лхагвасүрэн гурав авч, Ц.Чимэддорж хоёр аваа биз. Тийм тохиолдлууд бий.Ингэж хувьчилж, хувьцаалж   байхын оронд больчихвол таарна, “Болор цом” хийхээ. Болихгүй гэж байгаа  бол дахин сэхээн амьдруулах, дахин төрүүлэх, эргэж тэнхрүүлэх, хадуурч байгааг нь зөв замд  оруулж шалгуурыг  өндөрсгөх хэрэгтэй байна. Ийм үүрэг МЗЭ-ийн шинэхэн удирдлагуудын өмнө тулгарч байна.

- Эгшиглэнт эхийн хишигт найрагчаар хэн тодрох бол гэж хэвлэлүүд таамаг дэвшүүлж эхэлсэн байна лээ ?

-“Болор цом”-д хэн түрүүлэхийг захын үзэгч, сонсогч мэднэ. Тэр байтугай “Болор цом”-д түрүүлэх найрагчийн ар тал нь айргаа аваад аав, ээжийгээ дагуулаад ирсэн. Нөгөө хүмүүс нь ч аягаа бариад амаа ангайгаад зогсч байх жишээтэй.  Тэгээд ичихгүй тийм комисстоо баярлалаа, тэр даргадаа баярлалаа гээд хэлж байдаг болжээ. Тэр бол нэг талдаа оюун ухааныг дарж, дарангуйлж албан тушаалаар түрий барьж, улс төрөөр дарамталж байгаа явдал. Үнэхээр задгай сэтгэлгээний сайхан яруу найргийн наадам хийж Дуурсахын хөндийд  уралдаж байгаа мянган хүлэг шиг амыг нь сул тавьж, тэр дотроос уралдуулж гаргаж ирвэл ард түмний сонсох дуртай яруу найраг гарна. Ядаж л яруу найрагч бидэнд эх орон аюулгүй байдлынхаа төлөө  үүрэг байх ёстой. Тэр үүргээ бид гүйцэтгэхгүй байгаа. Тэгээд улс төржөөд сонгуулийн байгууллага болоод МЗЭ хоёр, гурав хуваагдаж, гарсан талын гэх юм уу, фракцийн яруу найрагч түрүүлдэг. Өнөө жилийн наадмаас тийм л өнгө аяс үнэртэх вий. Гоо сайхны шалгуураар биш талцсан, намайг дэмжсэн дэмжээгүй гэсэн багцаа баримжаагаар дүгнэх нь буруу. 

-Яагаад ийм болчихов гэж та үзэж байна?

-Бодлого хэрэгжихгүй байна. Уран зохиолын удирдах зөвлөлийн гэдэг юм уу, яруу найргийн гэдэг юм уу,  толгой  хэсэг нь нэг байр суурьт  зогсч чадахгүй байна. Ямар нэгэн санхүүгийн дарамт, аль нэгэн бүлэг фракцийн эрх ашигт үйлчилдэг учраас хаашаа ч хамаагүй   өнхөрүүш шиг бөмбөрөөд байна. Үнэхээр ноён нуруутай байж чадаад, “Болор цом” нь Монголын утга зохиолын оюун ухааны олимп  юм бол нийслэл хотдоо  олон үзэгчийнхээ шүүлтүүрээр, эсвэл юм хөгжсөн цагт цахим   хуудсаар санал авч ард түмнээр хэлэлцүүлж болно шүү дээ. Шүүгчид гэж хэдэн “амьтан” байдаг.  Тэд бол зүгээр л тэжээлийн мал. Тэдэнд мэдээж оюуны хөдөлмөр эрхэлсэн гэж цалин мөнгө өгдөг  л байлгүй. Тэнд бас хахууль  явдаг л байлгүй. Тиймээс хэн түрүүлэхийг  наанаа шүүгчид гэдэг хэдэн амьтан харагдаж байдгаас биш цаанаа удирдлага дарга л зохион байгуулсан байдаг биз  гэж хардах ойлголт ихэслээ.

-Та энэ жил ямар сэдэвтэй шүлэг  уншихаар “сойж” байна. Таны бичих, унших дуртай  улстөрийн сэдэв  хол явахгүй юм биш үү?

-Нэг юм хэлчихэд би “Болор цом”-д их тэнэглэсэн хүн. Цэвэр нэгийн даваанд “нухуулж” л байсан. Дан улс төрийн шүлэг уншаад ч явж  байсан. Гэхдээ би сэдвээ өөрчлөөгүй. Намайг алмасаар цохисон ч, алхаар тоншсон ч би уншдагаа уншаад арав гаруй жил явлаа. Дөрөв, таван жил дараалан “Болор цом”-д  зургаад орж  л явсан. Ноднин айрагдсан. Бие муу хоногоо хүлээж байхдаа ч би үнэнээ хэлээд шүлгээ уншчихаад явж байлаа. “Хятад хэзээ ч Матад болохгүй”  гэж би тухайн үед   хэлсэн. Өнгөрсөн жилийн наадмаас харж байхад миний нөлөө гэх юм уу, миний гаргаж байгаа тэр мөрөөр хүмүүс нэлээдгүй автаж эхэлсэн нь анзаарагдсан. Б.Галсансүх л гэхэд ямар айхтар улс төрийн шүлэг уншив. Өнөөдөр бид хайр дурлал, оймс гутлын тухай хал балгүй  шүлэг уншсаар байтал газар шороогүй болчихвол ямар газар дээр гишгэж шүлгээ уншиж, ямар гээч  оюуны уран барилдаанаа хийх вэ дээ. Тиймээс би  энэ чиглэлд “Болор цом”-ын чиг урсгал, нэр нөлөө, утга санааг  аван хайлж чадаж байгаа гэж дотроо бодож байгаа шүү. Энэ жил  дахиад тийм л  шүлэг уншина. Бид эхлээд л тусгаар тогтнолоо дуулах ёстой, эхлээд үндэсний аюулгүй байдлаа бататгах ёстой. Сонордуулах сэрэмжлүүлэх хэрэгтэй. Сануулах, ухааруулах оюуны үүрэг гэж байдаг бол  тийм л байх ёстой.

-Ингэхэд үнэн хатуу үгээр шүлэг бүтээл туурвих эрдмийг хэн танд өгөв. Таны багш нар...?

-Б.Лхагвасүрэн, Д.Цоодол, Т.Галсан нар миний багш. Яруу найрагт шударга үнэнийг дуулж яваа минь тэднээс эхтэй. Бавуугийн Лхагвасүрэн миний “Дээлтэй мөндөр” номын оршилд “Төмөр-Очирыг шүлгээ уншсаны дараа үзэгч, сонсогчид аавдаа юм уу, ахдаа нэг сайхан алгадуулсан юм шиг болдог” гэж бичсэн бий.

-Өнөөдөр дэлхийн яруу найрагт хандах хандлага ямар байна?

-Өнөөдөр хөгжилтэй орнуудад, тухайлбал   Чилид    Пабло Неруда,  Орост Чингис Айтматов  нар  Ерөнхийлөгчийн дэргэд зөвлөхөөр ажиллаж, ерөнхий чиг баримжааг тогтоож байсан. Манайд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэхэд л сэтгүүлч хүн, өмнөх Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр ч  уран бүтээлч, орчуулагч шүү дээ. Ер нь сэтгэгчид нийгмийг авч явдаг. Түүхийг ард түмэн бүтээдэг, түүнийг гарамгай хүмүүс  удирддаг. Гарамгай хүмүүсээс илүү гайхалтай яруу найрагч өнөөдөр Монголд үгүйлэгдэж байна. Шүгэл хангинахад  жолооч давхийдэг шиг шүлэг цангинахад  жолоодогч давхийгээсэй. Биеийн хүчээр нэгийг дийлдэг бол  билгийн хүчээр түмнийг  дийлдэг. Ордон дотор бугшаад байгаа юмыг  шүлгээр шүүмжилж яагаад болохгүй гэж. Шорооноос тунгаасан алт  мэт шорвог үгтэй найраг шүлгийн мөрөөр төрийн  цонхыг хагалж болно гэдгийг  энд зориуд хэлье. Би ийм л санаагаар уран бүтээлээ туурвидаг. Надтай хамт таван хүн гарч ирээд үнэн үг хэлээсэй. Ташуураас  хүчтэй шүлэг, цонхоор шиддэг чулуунаас илүү байдаг юм. Тийм үгийг олж онож хэлэх олон залуус, найрагчид төрөөсэй.

-Та яруу найрагчдыг үгийн  сан муутай, мохоо байна гэж шүүмжилж байх шиг байна. Гэхдээ та өөрөө үгээр тоглодог гэж шүүмжлүүлж байсан санагдана?

-Би Нямбуугийн Нямдорж гэдэг бурхан шиг хүнтэй нэг удаа тааралдсан. 1991 онд аймгийнхаа “Болор цом”-ыг авсан юм. Дараа нь Н.Нямдорж гуай шүүмж бичсэн байсан. Тэр тухайн үедээ шүүмж байсан, надад бол насан туршийн шагнал болсон. “Наран сумын Засаг дарга Төмөр-Очир гэдэг жаахан бор хүү үгээр жоглёрдож байна” гэж бичсэн байсан. Би яруу найрагч юм бол үгээр жонглёрдохгүй  өөр яах юм бэ. Циркчин хүн жонглёрдож чадахгүй бол ямар байх вэ. Нямбуугийн Нямдорж гуайн “Үгээр жоглёрдож байна” гэснийг  тухайн үед жаахан гоочилж байна уу гэж ойлгосон. Одоо бол харин ч түүндээ эрдэж байна. Түмэн сүргээсээ унах морио олохгүй байгаа юм шиг үгээ онож хэлэхгүй, үг дутаад байгаа мэт тоотой хэдэн үгэнд хашигддаг, эх хэлнийхээ эрхэм баялаг, үнэр амтыг мэдэрдэггүй хөлдүү царайтай дүр эсгэсэн  яруу найрагч  дүрэмт хувцсандаа найдсан цэргийн хүн шиг ойлголт төрүүлдэг. Шүлэг гэдэг үгээр наадаж, оюун ухаанаа  хаана хүрэх вэ, тэр газарт хүрч чаддаг байх ёстой. Хүүхний тухай дурлалын шүлэг ч, хүн төрөлхтөнийг ухааруулах  шүлэг ч  тийм л байх учиртай. Их Нацагдорж л гэхэд одон дээр очсон шүү дээ. Дүгэржавын Маам газар шороогоо хэчнээн магтан дуулсан бэ.  Их жанжин Сүхбаатар сэлмээ бариад байлдсан шиг үгийн сэлмээр “байлдахад”  хангалттай, тэр бол яруу найргийн ид шид, эрдэм  юм.

-Яруу найргийн чиг хандлагыг та юу гэж үздэг вэ. Хөгжил аль тийшээ явж байна вэ? 

-Яруу найраг хэнздэх, давжаарах тал руугаа явж байна. Шалгуур нь буруу учраас нэг л сайхан  торниж өгөхгүй байна. Зөв бойжихгүй байна. Энд судлал шүүмжлэл байх ёстой, байгаа л байх. Гэхдээ бохир заваан байдлыг хуу татаж, хайр найргүй хэлж, шүүмжлэх хэрэгтэй. Өөрсдийнх нь үүрэг шүү дээ, энэ. Гэтэл тийм дорвитой шүүмж судлал алга. Р.Чойномд л гэхэд халгиж цалгисан авьяас байсан.  Гэхдээ тэр нь төрмөл юм. Сайн морь, сайхан хүүхэн цаанаасаа төрдөг шиг яруу найрагч ч бас төрдөг юм. Түүнийг сийлээд, өнгөөр ялгаж будаад гаргачихдаггүй. Яруу найрагч  төрдөг. Тийм учраас төрмөл  яруу найрагчийг хүлээж байна. Төрсөн яруу найрагчаас төгөлдөр оюун ухаан, төгс найргийн ундарга гарна. Өнөөдөр Горькийн сургууль төгссөн гээд гудамжинд мөнгө гуйгаад явж байгаа түмэн амьтан байна шүү дээ. “Ухаантай хүн мөнгөтэй байх ёстой” гэж нэг жижигхэн улстөрч хэлснийг урвуулж ойлгоход  мөнгөтэй хүн ухаантай  байдаг. Ухаантай хүн л мөнгөтэй байх ёстой. Ухаан муутай мөнгөтэй хүн байвал тэр  хулгай хийсэн хэрэг. Түүн шиг авьяастай яруу найрагч өнөөдөр чадалтай байх ёстой, төрийнхөө алтан соёмбыг өнгөлж гялтгануулах ёстой. Ямар ч авьяас  чадалгүй, малын тэжээл шиг, эсвэл хоногийн хоол залгах гэж байгаа юм шиг ядмаг  найрагч  хэрэггүй. Ийм байх юм бол шүлэг зохиол бичих ч хэрэггүй.

-Шүлэг бичдэг болгон ном гаргаж байна. Энэ талаар?

-Яруу найргийн ном эрхэм тансаг байх учиртай. Хаанаас нь ч харсан, уншсан анхилам цэцгийн үнэртэй тийм л байвал эрхэм.  Тэгвэл ямар ч утгагүй, эмх замбараагүй, амт үнэргүй ном их гарч байгаад гомдмоор, гол гороймоор  байдаг. Сайн яруу найрагчийн ном “Би ийм уран бүтээлч шүү, би ийм ухаантай хүн шүү, миний аав ээж, нутаг ус ийм гоё шүү”  гэж  тунхагладаг. Муу ном бол би мулгуу тэнэг амьтан шүү гэдгээ зарлаж, нутаг ус, танил дотныхноо гомдоож байдаг. Хэн ном гарга гэж түүнийг шаардсан юм бэ. Муу ном гаргах хэнд ч хэрэггүй. Авьяас чадалгүй бол шүлэг бичих ч хэрэггүй. Сүүлийн үед тэтгэвэрт гараад шүлэг бичдэг гэнэ, сайд дарга нар дуу хийдэг гэнэ. Тэдэнд хэлэхэд “Болиоч дээ, төрийнхөө ордонд л сууж бай л даа. Чуулганы танхимдаа л унтаж бай л даа”. Дууг тэгж  сэм зэм болгож болохгүй. Нохой үхэр рүү дайрдаг шиг, гоо сайхан тэнэгүүдийг өшиглөдөг  гэдгийг тэр хүмүүс санаж явах хэрэгтэй. Яруу найргийн бурхан Эгшиглэнт эх Янжинлхам гомддог юм шүү дээ.Сайд дарга нарын хийсэн ядмаг дуу, шүлгийг яавч  таалахгүй. Тэр хүмүүс алдар нэр олох гээд байгаа юм уу, өлсөөд байгаа юм уу, эсвэл ёлкны чимэг зүүлт шиг байх гээд байна уу. Яруу найраг, гоо сайхны хэмжүүр  нь цаг хугацааны үнэлэмж болохоос Их хурлын гишүүн тэрний зохиосон дуу, бичсэн шүлэг гэсэн шалгуураар явахгүй. Тэр дундаа нэг морины тухай дуу, нэг хүний тухай дуу, нэг сумын,  байгууллагын дуу  гэгч учир дутагдалтай. Би хувьдаа тийм зүйлүүдийг үзэж чаддаггүй. Монгол Улсын “Төрийн дуулал” Монголын  ард түмний хийморийг сэргээдэг болохоос  байгууллага дотроо дуулдаг нийгмийн даатгалын юм уу, татварын албаны дуу  гэх мэт хотон дотроо боргосон юм нийгэмд халтай. Нэг даргын тийм морины дуу гэж байгаа нь уйтгартай. Гэтэл яасан ч бялдууч юм бэ, тэр хүмүүсийг зүгээр л чигтээ  долигоно гэмээр санагддаг. Гоо сайхнаар шалгуур хийж оюуны ертөнцийг бузарлаж, чадахгүй юмаараа оролдох хэрэггүй шүү дээ. “Болор цом” маань  “хялар” болоод удлаа. Өнөөгийн МЗЭ-ийн шинэ удирдлага үнэн үгэнд сэрж, ухаарахгүй бол цаашдаа “Сохор цом” болж хөглөхийг уншигч, сонсогчид зөвшөөрөхгүй байх шүү.

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

3 цаг 27 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

3 цаг 27 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

3 цаг 27 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

3 цаг 27 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

3 цаг 27 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

3 цаг 27 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

3 цаг 27 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

3 цаг 27 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

3 цаг 27 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

3 цаг 27 мин