Б.Адъяахүү: Э.Оюунболд унаа холтой, их мэдрэмжтэй, үүнийгээ маш сайн ашиглаж барилддаг

2019-08-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
“Комментатор” нэвтрүүлгийн хөтлөгч Ц.Энхбат Улсын баяр наадамд түрүүлсэн Э.Оюунболд аваргын багш, Монгол Улсын начин Бүдээбазарын Адъяахүүтэй хөөрөлдсөн байна. Уг ярилцлагыг Э.Оюунболд аваргыг сэргээшийн асуудалд холбогдохоос өмнө хийсэн болохыг тодотгоё.   -Шавь наадамд түрүүллээ. Багшийн хувьд үүнээс дээд баяр гэж байхгүй л болов уу? -Шавь л бол шавь гэж хүмүүс ярьдаг. Шавь нар дотор ялгаа бий. Бага нялхаас нь олж авсан, оюутан цагийнх, эс бөгөөс тодорхой төслийг богино хугацаанд хэрэгжүүлсэн шавь нар бий. Э.Оюунболдын хувьд 14 настай, улаан хацартай хүүхэд анх ирж байсан. Гарын шавь минь түрүүлсэн учраас би баяртай байгаа. Ер нь бол энэ хүүхдийг аварга болгочих юмсан гэсэн бодлыг тээж явсан. -Э.Оюунболд 2015 оны улсын наадамд арслан П.Бүрэнтөгсийг давж улсад анх удаа түрүүлсэн.Энэ барилдааныг дурсвал? -П.Бүрэнтөгс 2012 онд улсад түрүүлсэн байсан. 2015 онд Э.Оюунболд харцага цолтой барилдсан. Зүүн давхар золгооноос мөргөж П.Бүрэнтөгс арсланг давсан. Мөргөхийн өмнөх үеийг нарийн ажвал хутгаа орсон байдаг. Э.Оюунболд зүүн талдаа огт хутгадаггүй. Тухайн нөхцөлд хутгаж хаяхдаа биш, мөргөөндөө зай гаргахын тулд хутгаж П.Бүрэнтөгсийн барьцийг нь тавиулаад, түрж хөөгөөд давж байсан. Энэ үед дөнгөж 22 настай, 138кг жинтэй залуу байсан. -Э.Оюунболдыг түрүүлэхэд, 22 насандаа түрүүлнэ гэдэг хол явах бөхийн шинж гэж хүмүүс хэлж байсан.Үндэсний бөх судлаач, энэ сэдвээр эрдмийн цол хамгаалсан эрдэмтэн хүний хувьд та юуг тодотгох вэ? - 22 нас бол зарим бөхөд төрийн наадамд түрүүлэх нь байтугай сумын заан, аймгийн начин цол мөрөөдөж байдаг нас. Э.Оюунболд бол гоц авьяастай, байгалиасаа бөхийн үүдэл сайтай хүн. 22 насандаа улсад түрүүлсэн бөх хуруу дарам цөөн. Анхных нь Ж.Мөнхбат аварга. Ж.Мөнхбат аварга 1963 онд түрүүлсэн бол Э.Оюунболд аварга 52 жилийн дараа 2015 онд энэ амжилтыг давтсан. Энэ эрчээ хадгалсан бол хол явах боломж байсан. Гэвч тэгж чадаагүй. -2015 оноос хойш гурван жил завсардсан. Хувийн сахилга бат алдсан, жин нэмсэн, бэлтгэл дутсан зэрэг асуудлууд байсан нь нөлөөлсөн болов уу? -Алдагдсан гурван жил нь 23, 24 настай, улсын арслан цолтой, яах аргагүй бөх хүний хувьд ид оргил үе нь байсан. Бэлтгэлээ орхигдуулснаас болж амжилт нь ч буурсан. 2017 оны наадмын барилдаанд тохойны бэртэл нь нөлөөлсөн. Тэр наадмын тавын давааны амыг шавьтайгаа хэлэлцэх үеэр хуруу гараа гозойлголоо гэдэг хэл ам хожим дагалдсан. Би тэр жилийн наадмаад аймгийн арслан О.Хангайг бэлдсэн. Нэг жилийн хугацаанд улсын цолд хүргэнэ гэж багш, шавийн гэрээ байгуулсан байсан. Э.Оюунболд тохой бэртэлтэй. Цаашид барилдахад бэрх. О.Хангайг амлах хүн олдохгүй ийм нөхцөл үүссэн. “О.Хангай та хоёр яаж барилдлаа” гэж намайг асуухад, Э.Оюунболд өмнө нь О.Хангайд гурван удаа унасан гээд хуруугаа гозойлгосон нь тэр. Тэгээд Э.Оюунболд “Тохойны бэртэл барилдахад саадтай байна. Энэ удаа хэн нэгнийг дэмжье. Би өөрөө цаашаа даваагаа ахиулах боломж алга” гэсэн. “Тэгвэл чи О.Хангайд дөрөв дэхээ унах болж дээ. Үнэхээр боломжгүй бол О.Хангайг ав” гэсэн яриа бидний хөөрөнд өрнөсөн. -О.Хангайгаас гадна, Ховдын зарим бөх таны шавь гэдэг. -“Аварга” дээд сургуульд сургуульд үндэсний бөхөөр багшлаад 20 дахь жилтэйгээ золгож байна. Саяхан л 30 настай залуучууд багшаар ирж байснаа тодхон санаж байна. Тус сургуулийн бөхчүүдээс гадна Ховдын Б.Пүрэвсайханыг бэлдсэн. Одоогоор Б.Пүрэвсайхан заан бол Ховдын барилдаж буй бөхчүүдээс хамгийн том цолтой нь. Ч.Батзориг зааны төрсөн ахынх нь хүүхэд. Анх 2007 онд 18 настай хүүг Төв цэнгэлдэхийн гадна надад шавь оруулсан. Биеэр жижиг ч, яс томтой, булуунууд болон өвдөг тойгных нь залгаа томтой хүүхэд авчирч өгөөд “Бөх болно гээд болдоггүй ээ” гээд гарыг нь надад атгуулсан, бөхийн хувь заяаг нь даатгасан. Б.Пүрэвсайханы онцлог нь бэлтгэл их сайн хийнэ.Заалнаас салахгүй.Тэгээд богино хугацаанд том цолонд хүрсэн. Дээр нь бөхийн авьяастай, гол нь хэлсэн сургасныг ажил болгодог. За гэчихээд хэрэгжүүлдэггүй хүн байдаг. Б.Пүрэвсайханы хувьд хүн хүнээс давуу тал нь хэлсэн юмыг яг хэлсэнээр нь хийдэг байсан юм. Дорноговийн А.Цацабшир харцагад цацдуулаад унаад болдоггүй.Тэгэхээр нь түүнд хариу бэлдэж, А.Цацабширийн зүүн талд нь хонгодох мэхийг бэлдсэн. Одоо зүүн хонгодоондоо их сайн гаршсан. Багшдаа итгэж, заасан хэлсэнд үнэмшдэг. Харилцан итгэл үнэмшилгүй амжилт дагуулдаг. -Энэ жилийн хувьд хүмүүс О.Хангай харцага дээгүүр барилдана гэдэг тааварт багтаж байсан.Гэтэл явсангүй? -О.Хангайгийн бэлтгэл хангалттай сайн байсан. Толгойдоо бага зэргийн бэртэл авсан байсан нь нөлөөлсөн байх магадлалтай. Гар бөмбөг тоглож байгаад шагайгаа гэмтээснийг нь хожим сонссон. Одооноос л эдгэж буй гэсэн. Гуравдахь унасан хүчин зүйл бол ам буруу авсан гэж багшийн хувьдаа үзэж байна.Тэрийг, энийг авах байсан гэвэл нөгөө хүмүүст буруугаар ойлгогдох учир нэр заагаад яахав.Тэгтэл Л.Цэрэнтогтохыг амласан. Л.Цэрэнтогтох бол шийдсэн мэх хийдэг, их догшин барилдаантай. Арай номхон, аядуу зөөлөн барилдаантай бөхчүүдээс сонгох боломж байсан. О.Хангай харцагын үндсэн багш нь Ц.Мягмарсүрэн заан.Багштайгаа л сайн зөвлөх л хэрэгтэй байсан гэж бодогддог. Ам авна гэдэг өөрөө урлаг. Гарцаагүй хаях хүнээ л амлах нь зөв. Нэг нутаг ус, анги, найз, цол ахихыг бодож байгаа юм гэж хандаж огт болохгүй. Энэ бол ам авахын нэгдүгээр дүрэм. -Таны хэлдгээр, Н.Батсуурь аварга нутгийн С.Мөнхбат аваргыг амлалаа шүү дээ, наадмаар? -Хаях хүнээ л авах хэрэгтэй. Том аваргууд бол наадмын, цэнгэлдэх хүрээлэнгийн уур амьсгалыг анзаарч, мэдэрдэг.Жишээ нь, Ш.Мөнгөнбаатар шиг аймгийн арсланг тавын даваанд өмнө нь дөрөв бүдэрчихсэн байхад нь улсын начны даваанд том цолтой бөх авахад үзэгчид эгдүүцэн дургүйцэх хандлага ажиглагддаг. Тэгэхээр ам авахдаа аль болох багштайгаа зөвлөх хэрэгтэй. -Ам авахад бөхийг хаяхаас гадна бас бөхийн жудаг гаргах явдал байна? -Тийм. Наадмынхаа уур амьсгалыг харна шүү дээ.Олон түмэн хэнийг их дэмжээд байна.Зарим үед, энэ хүнийг энэ жил нэг таслуулахад гэмгүй гэсэн хүнээ эсвэл залуу бөхчүүдээс шилж авах нь чухал.Ер нь бол ам авах их чухал. О.Хангай бол их бяртай, бэлтгэл сайтай хүнийг их л зоригтой ам авсан. Энэ нь алдаа байсан гэж харж байна. -Энэ жилийн наадмаар дээгүүр, сайн барилдах бөхчүүдийн тоонд Б.Бат-Өлзий, Д.Анарын нэр багтаж байсан. Ингэхэд Д.Анар харцага “Аварга” дээд сургуулийн бөх гэсэн байх аа? -Тийм. Манай сургуулийн 2016 оны төгсөгч. “Аварга “ дээд сургуулиас дөрвөн төгсөгч улсын цолд хүрч, шөвгөрч, цолоо ахиулсан гэхээр сургуулийнхаа 20 жилийнхээ ойд том бэлэг барьцгаасан. Д.Анар бол сайн бөх. Зүүн тийшээгээ угаасаа бөх цөөнтэй. Бөхийн гал голомт болох Увс, Завхан, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган аймгаар бөхчүүд ихтэй. Зүүн талаас Д.Анар, Э.Оюунболд, Ш.Мөнгөнбаатар, Б.Батжаргал дөрөв л сайн барилдаж байна. “Аварга” дээд сургуулиас Д.Анар улсын харцага, Өвөрхангайн Б.Цэдэнсодном начин, Э.Оюунболд аварга. Мөн энэ жил дөрөвдүгээр курст орох миний нэг шавь Б.Орхонбаяр энэ жил начин боллоо. Дорноговь аймагт зохиогдсон тэмцээн дээрээс анх түүнийг олж авсан. Одоо бол Т.Өсөх-Ирээдүй харцага дээр бэлтгэлдээ хийж буй. Сэлэнгэ аймгийн Цагааннуурын хүүхэд. Оюутан ахуй цагтаа тунаж начин болсон хүү . Д.Анар, Э.Оюунболд хоёр долоогийн даваанд тунасан. Д.Анар бол үндэсний бөхөөс гадна жудо, самбоор хичээллэдэг тул өргөж байгаад дутуу тавибал хөмрөө эсвэл араар нь хашиж мордох зэрэг хариу мэх Д.Анараас ирэх учир Э.Оюунболд тахимдаад суурьгүй болгож хаясан байдаг. -Э.Оюунболд, Д.Анар хоёрын тунасан даваанд Д.Анар эхэлж барьц сонгосон байдаг? -Тийм. Э.Оюунболд масс ихтэй болохоор Д.Анар үнэхээр барьцаа алдсан.Уул нь ч зааны цолонд хүрэх боломжоос атгасан гэж хэлж болно. -Э.Оюунболдыг өмнө нь Д.Анараас биеэр намхан гэж төсөөлдөг байлаа. Гэтэл Э.Оюунболд чацархуу харагдлаа? -Нуруугаар хэнд ч чацдуулахгүй. Э.Оюунболд 181 см өндөртэй, биеийн жингийн хувьд 140 кг орчимтой. -Э.Оюунболдыг энэ жил Дагестанд бэлтгэлээ хийсэн дуулдсан. Дагестаныг бөхийн орон гэдэг? -Оросын чөлөөт бөхийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан хүн нь Дагестан үндэстэн. Тэр хүн тэтгэвэртээ суугаад, төрөлх нутагтаа ажиллаж, амьдарч байгаа юм билээ. Чөлөөт бөхийн холбооны шугамаар ОУХМ Д.Батням багш Э.Оюунболд, Ш.Отгонтөгс, М.Лхагвагэрэл болон Хэнтийн хэсэг залуучууд нэг сарын хугацаанд буюу арванхоёрдугаар сараас нэгдүгээр сарын 20-ыг хүртэл Дагестанд бэлтгэл хийсэн. Маш оюунлаг, гадаад хэлний мэдлэг сайтай Д.Батням багшийн ахалсан тэр бэлтгэл сургуулилтад Э.Оюунболд хамрагдаж, бэлтгэлээ хангаж, жингээ ч сайн буулгасан. Ер нь Э.Оюунболд өнгөрсөн жилийн наймдугаар сараас жингээ хасаж эхэлсэн. Өнгөрсөн наадмын гурвын даваанд унасан нь их зүйлийг бодогдуулахад хүргэсэн гэж ойлгосон. 20 хоног гэрээс гаралгүй бодол болсон гэдэг. Буруу замаар будаа тээж байж гэдгээ ч ухаарсан тэрбээр наймдугаар сарын 5-нд Хотын захиргаанаас зохиодог Даншиг наадамд зодоглосноос хойш нэг ч барилдаан алгасалгүй барилдсан нь ухаарсныг илтгэдэг юм. Тууштай, зорилготой болсон гэж анзаарагдсан. 181 см бол өндөр нуруунд орохгүй. Дундын нуруутай хүнд 160,170 кг бол их жин. Э.Оюунболд үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхийн зааланд чөлөөтийн бэлтгэл их хийнэ. Барилдаандаа чөлөөт бөхийн суурийг түлхүү ашигладаг.  Чөлөөтөөр дагнаж барилдахгүй ч гэсэн чөлөөт болон жүдогийн бэлтгэл давхар хийнэ гэдэг чинь үндэсний бөхөд их давуу тал үүсгэдэг. Хоёроос дээш буугаар зэвсэглэсэн гэж зүйрлэж болно. Ганц үндэсний бөхийн бэлтгэлээр явах нь өрсөлдөгчөөсөө дутах болсон. Тэгэхээр үндэсний бөхөөр хичээллэж буй бол жүдо болон чөлөөтөөр барилдахгүй ч гэсэн давхар бэлтгэл хийж байх нь зөв гэж үздэг.  -Э.Оюунболд Ц.Содномдорж арслантай наймын даваанд таарсан. Ц.Содномдорж арслан улсад нэг түрүүлсэн. Биеийн хөгжил сайтай, суурьтай  тун унаа холтой холтой бөх? -Ц.Содномдорж арслан бэлтгэл маш сайн хийдэг. Үеийнхэн нь түүнээс түрүүлээд аварга, арслан цолтой болцгоосон. Содном арслан араас нь нэхсээр байгаад л үеийнхэнтэйгээ ижил цолонд хүрсэн. Бэлтгэл сургуулилтыг тууштай, системтэй, тасралтгүй хийгээд л байвал хэзээ нэг цагт амжилтад хүрнэ гэдгийг Ц.Содномдорж арслан өөрийн биеэр баталж чадсан. Бэлтгэлийг маш чамбай хийнэ, барилдааны хий багатай сайн бөх.Э.Оюунболдтой улсын наадамд хоёр удаа таарсан. 2015 онд долоогийн даваанд таарч унасан. Сая бол наймын даваанд өөрөө эхэлж мушгиад, мушгиан дээрээ хөл алдаад өвдөглөсөн. Түүнийг нь Э.Оюунболд дайрч гүйцээсэн. -Э.Оюунболд давчихаад учиргүй хурдан гүйгээд байсан гээд Цэнгэлдэх дэх үзэгчид инээлдэж, баясаж байсан? -Өөрийнх нь төрөлх хүүхэд зан бий. Тэрүүгээрээ өөрийгөө ирлэж хурцалдаг. Ер нь хүн хаячихаад ийм масстай хүн ингэж жавхаалаг гүйнэ гэдэг наадамчин олныг нэг талаар баясгасан байх. -Тахимаа өгөхгүй удах байдал Ц.Содномдорж арслангаас ажиглагдсан? -Тэд хоорондоо нэлээд юм ярьсан. Юу ярилцсаныг нь сонирхоогүй, тэр өөрөө ч яриагүй. Э.Оюунболд давчихаад ийш, тийшээ хараад удаан дэвсэн. Бас удаан гүйсэн .Тэрэнд Содном арслан жаахан шаралхсан байж болох. Эргэж очихгүй, тахимаа авахгүй дэндүү удсан. Ингэж хаялаа шүү дээ гэсэн маягтай Э.Оюунболд харагдсан. Энэ бол тухайн үед болсон процесс. Бие бие рүүгээ зангасан, дохисон зүйл биш. Иймэрхүү зүйл бөхөд байдаг. -Б.Гончигдамба гарьд их сайн бөх юм гэж бодогддог. Маш ухаалаг барилдаантай. Улсын заан Д.Мягмар гуай л нэг тиймэрхүү барилддаг байсан нь санаанд зэрэгцэн буух юм. Хэнийг ч хаячихдаг бөх шиг? -Манай нутгийн бөх. Манай Завханы дэвжээ гэж бий. Би өнгөрсөн оны зургаан сараас жил гаруй хугацаатай дэвжээндээ зөвлөхөөр ажиллаж байна. Өнгөрсөн жил Т.Бэгзсүрэн “Даян” дэвжээнээс харцага болсон. Сая цэргийн наадамд дүү Т.Дүгэрдорж нь түрүүлсэн, Б.Гончигдамба гарьд их шөвөгт үлдлээ. Манай Завханыхан чинь 1930 оноос хойш наадмын түрүү авч чадаагүй. Бөхтэй аймаг гэгддэг мөртлөө түрүү авч чадалгүй ирлээ. Гониогоо түрүү бөх болгочих юмсан гээд бэлтгэлийг нь хийлгэсэн. Э.Оюунболд, Б.Гончигдамба хоёрыг сүүлийн бэлтгэл дээр хооронд нь их үзүүлсэн. Хоорондоо таарчихгүй хоёр талаас нь хамаад, үзүүр түрүүнд нь хүргэнэ дээ гэсэн багш хүний том бодол байна шүү дээ .Нэг л хүн түрүүлэх юм чинь нэгийг нь үлдээх юмсан гэж бодож байсан.Б.Гончигдамбад нэг даваа дутсан даа. -Н.Батсуурь аварга Б.Гончигдамба гарьд хоёрын барилдааны тухайд гэвэл Б.Гончигдамба гарьд өөрийнхөө мэхийг дутуудуулсан тал байх шиг? -Түүний өмнөхөн Н.Батсуурь аварга юм уух гээд алхаад би Гониоруу цай, үзэмний шүүс хүргэж өгсөн. Түүнийгээ уулгангаа “Шөвгийн дөрөвт барьц сонгодоггүй. Барьц сонгодоггүй юм чинь золгоон дээрээс унана гэх ямар ч айдас байхгүй. Чи анхааралтай л барилдвал унахгүй. Харин чирэн хутгаа ирэх юм бол унана шүү” гэж дахин дахин сануулаад байхад л тэр мэхэнд уначихсан. -Энэ мэхээр Ч.Санжаадамбыг бас хаяж байсан байх аа? -Улсын баяр наадмаар бол хаяж байгаагүй. Харин заалны барилдаан дээр хийж байсан байх.Хамгийн гол нь зүүн талын сугадааны барьцан дээр Б.Гончигдамба алдаа гаргасан юм. Б.Гончигдамбын элэг бүс хэдий сул ч гэсэн Б.Гончигдамба баруун гараараа сугадчихсан байсан. Дарж хутгадаг хүнд бол тэр хутгаа их эвтэйхэн байгаа юм. Сугадаагүй байсан бол тэр хутгаа орж ирэхгүй байсан юм. Өөрийнх нь барьцанд орчихоод, жаахан унтуулж байгаад хутгасан юм. -Б.Гончигдамба чинь өөрөө их хүнтэй наалдаж барилддах дуртай.Их тэвэрч барилддаг хүн билүү? -Тийм шүү. Гар урттай тэвэрч барилддаг. Ер нь бол сугадаанаас тосгуулж өшиглөнө. Хөнтрөөд алсын сүвээнд хүрнэ гэсэн бодолтой. Гэхдээ тэрнээсээ өмнө хутгаанд орсон. Мөн хальтираа ч орсон. Зүүн хөл нь их цөмөрсөн. Дагаж яваад чирээд хутгуулсан. Мөн Н.Батсуурь аварга их зоригтой хийсэн. Хүмүүс ихэвчлэн золгоон дээрээс хийдэг. -Н.Батсуурь аваргын хувьд их хөдөлгөөнтэй барилддаг? -Ерөнхийдөө түүний аав , улсын харцага Г.Намсрайжав нь ч тэгж барилддаг байсан. Ухаалаг барилддаг. Хөдөлгөж барилдана, хөдөлгөөнтэй барилдана гэдэг чинь сэтгэлзүй нилээн өндөртэй зоримог хүний л шинж юм. Хашир хүн нам бариад зогсоно.Х амаагүй илүү хөдөлгөөн хийхгүй. Б.Бат-Эрдэнэ аварга шиг. Б.Бат-Эрдэнэ аварга бол хаячихмаар боломж байсан ч илүү хөдөлгөөн хийдэггүй.100 хувь болгож байж л хаядаг. Э.Оюунболдын хувьд ч хашир биш. Өөрийнх нь давуу тал бол унаа холтой, хүний мэхэн дээр үлддэг. Их мэдрэмжтэй .Ер нь бол давуу талаа ашиглаж их амжилт гаргаж байгаа. -Э.Оюунболд аварга дөрвөн жилийн дараа дахин түрүүлж аварга боллоо. Аварга болсон давааны талаар ярилцъя? -Түрүүлчихээд дэвэхгүй, тахимаа авалгүй аав руугаа, бас над руу гүйсэн. Тэгэхээр “Тахимаа ав, тугаа тойр дараа нь наад баяр хүргэх ажлаа хийгээд загнаад явуулсан. Тэр хооронд нь Н.Батсуурь барьц жаахан дутуу байсан гэж хэлсэн байна лээ. Нарийн яривал Н.Батсуурь,Э.Оюунболд хоёр хоёулаа барьцаа авсан байсан.Г эхдээ ууцаар түгжих хайрцаглах, доошоо сууж өгөх тэр агшинг авч чадаагүй байхад нь Э.Оюунболд дайрсан.Тэгэхээр Э.Оюунболдын буруу байхгүй. Шүглийн дуутай хамт явсан. Энэ бол анхаарал овсгоо сайтай байна гэсэн үг. Н.Батсуурь харин маргалгүй тахимаа өгсөн. -Н.Батсуурь аварга “Би үзүүр, түрүүний барилдаанд ингэж хүч түрүүлж, мөргүүлж унаж үзээгүй. Би л ингэж хийдэг сэн.Барьц жаахан дутуу байсан” гэж хэлсэн байсан? -Барьцнаас гадна байрлал гэж нэг юм байна. Байрлалдаа арай орж амжаагүй байсан болов уу гэж харж байна. Үндсэндээ тэр мөргөөнөөс хамгаалах байрлалаа авч чадаагүй байхад нь Э.Оюунболд дайрсан. Ийм л юм болсон. -Энэ жил Н.Батсуурь аваргын бэлтгэл мөн л сайн байлаа. Сүүлийн найман бөхөөс С.Мөнхбат аваргыг авсан? -Насны хувьд ах, мөн нутгийн аварга. Гарцаагүй хаях хүнээ авах хууль л үйлчилсэн. Яах ч аргагүй. -С.Мөнхбат аварга их үзсэн шүү? -2016 онд байх аа. Г.Эрхэмбаяр аваргыг наймын даваанд С.Мөнхбат аварга авч унасан. Хүмүүс аварга, аваргаа авлаа гээд шуугиж байсан. Энэ бол бөхийн эрэмбэ. Нэгэнт бөхийн эрэмбэ үйлчилж буй хойно гурвын даваанд биш, долоо наймын даваа буюу их шөвөгт аварга аваргаа амлаж авахад болохгүй юм байхгүй. С.Мөнхбат аварга бол сайн аварга, мөн жудагтай бөх. Хүнтэй нэг их маргахгүй, тахимаа өгчихдөг. Барилдаж байхдаа янз бүрийн юм ярьдаггүй. Жудаг яривал С.Мөнхбат аваргаас л жудаг ханхална даа. -Шинэ залуу, цолд хүрч байгаа бөхчүүдийн хувьд тавийн даваа бол их түгшүүртэй даваа байх. -Э.Оюунболд энэ жилийн наадмын тавийн даваанд Н.Мустафа гэдэг залууг амласан. Казакуудаас миний гараар нилээн хэдэн бөх дамжсан. Би Н.Мустафаг сайн мэднэ. Э.Оюунболд тавын даваанд ам авах гээд гарахдаа арай өөр хүнийг ярьж байсан .Д.Амарсайхан начныг авдаг юмуу гээд. Тэгсэн чинь Н.Мустафаг авчихаад ирсэн.Өмнө нь, заалны барилдаанд яс үзээд бие биедээ жаахан шаралхсан юм билээ.Тэрэндээ авчихлаа гэж бодсон. Н.Мустафатай барьц сонгуулсан. Тэр барилдааныг би харж чадаагүй. Н.Мустафа хүчтэй, энэ цагийн сайн арслан. Би жаахан бухимдаад бөхчүүдийн байрладаг хонгил руу доошоо орчихсон. Доороос чих тавьж сонссон. Тэгсэн Э.Оюунболд давлаа гэхээр нь гарч ирсэн. Н.Мустафа цолонд ойрхон. Ирэх жилээс улсын цолонд хүрнэ. Бэлтгэл сайн хийдэг, барилдаантай, бяртай, сайхан бөх. -Э.Оюунболдын хувьд дэвээ шаваа тааруухан харагдаж байна. Урлаг муутай? -Харин тийм. 26 настай залуу аварга дэвээ шаваандаа анхаарах л хэрэгтэй. Аварга хүн чинь сайхан дэвж, үзэгч түмний баяр талархлыг ч хүлээх ёстой. -Урилгыг хүлээн авсанд талархъя.Үндэсний бөх хөгжүүлэх, судлах, заах ажил үйлсэд тань амжилт хүсье.Олон олон шавь чинь улсын цол зэрэгт хүрч, багшийгаа, Монгол түмнийгээ байрлуулж явахын өлзийтэй ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе. Танд баярлалаа. -“Комментатор” нэвтрүүлэгт урьсанд талархлаа. Мэдээлэл тун бодитой, зөв байх ёстой гэж би боддог. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.20  МЯГМАР  №165  (6132)
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

6 цаг 25 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

8 цаг 32 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

9 цаг 51 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

10 цаг 57 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

18 цаг 16 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

18 цаг 16 мин
Хөгжлийн төлөөх түншүүд 35 жилийн хамтын ажиллагаа

Европын Холбоо Монгол Улс тэртээ 1989 онд дипломат харилцаа тогтоосноос

18 цаг 16 мин
Нүүрсээ худалдаад бүгдээрээ хувааж идэх үү, нүүрсний хулгайг хэвээр үргэлжлүүлэх үү?!

Монголын төр олон жил гацсан нэгэн том төсөлд ойрын өдрүүдэд цэг тавина.

18 цаг 16 мин
"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

Уржигдар 15 цаг 05 мин