Д.Дуламсүрэн: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр иргэдийн сурч боловсрох эрхийг тэгш хангах ёстой

2019-08-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ МАХН-ын мянгатын дарга, эдийн засагч, доктор  Д.Дуламсүрэнтэй ярилцлаа. -УИХ-ын төвшинд ярьж, улс төрийн намуудын  байр сууриа илэрхийлж буй Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудалд та ямар дүгнэлт хийж байна вэ? -Монгол Улсын ЕТГ-ын газар, УИХ-аас хамтран зохион байгуулсан таван удаагийн хэлэлцүүлгийн “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дэх  байгалийн баялаг, эдийн засгийн асуудал” сэдэвт хэлэлцүүлэгт манай намаас  дэд дарга С.Ганбаатар бид хоёр  оролцож байр сууриа илэрхийлсэн. Үндсэн хуулийг өөрчлөх асуудалд МАХН өөр байр суурьтай байгаа. Учир нь байгалийн баялаг бол онцгой өмч, бүх  ард түмний мэдэлд байх ёстой. Энэ асуудлыг Үндсэн хуульд хэрхэн тусгах вэ гэдэг нь маш чухал. Манай улсын байгалийн баялгийн нөөц газар нутаг, хүн амтайгаа харьцуулахад харьцангуй их. Одоогийн   Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 6.2-т “Байгалийн баялаг төрийн өмч” гэж заасан байдаг. МАХН-аас санаачлан эрдэмтэн, судлаачдын хамт боловсруулж, сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд ард түмэндээ танилцуулж, хэлэлцүүлж ирсэн Дээд хуульд “Байгалийн баялаг ард түмний дундын өмч мөн” гэж тусгасан. Тиймээс энэ заалтыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулж өгөөч гэсэн шаардлагыг бид эрх баригчдад  тавьж байгаа. Энэ хоосон яриа биш, Монгол Улсын сүүлийн 27 жилийн ололт, амжилт, алдаа оноо, дутагдалтай болон давуу тал юу байгааг судалж, харьцуулж, үнэлэлт дүгнэлт өгсний дүнд байгалийн баялгийг ард түмний дундын өмч болгоё гэсэн саналыг дэвшүүлсэн юм. -Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл,саналд “Байгалийн баялаг нийтийн өмч мөн” гэсэн заалтыг оруулъя гэсэн байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ? -Ерөнхийлөгчийн төсөлд ингэж тусгасан хэдий ч “нийтийн өмч гэж юуг хэлж байгаагаа тодорхойлж томъёолоогүй байгаа нь асуулт дагуулж байна.Утга санаа, агуулга нь бүрхэг учраас тодруулах шаардлагатай. Одоо хэрэгжиж байгаа хуулиуд, ялангуяа Иргэний хуулийн  99.2-т “нийтийн өмч” гэдгийг нэлээд тодорхой заасан байдаг. Нийтийн өмч нь төрийн болон орон нутгийн өмч, шашны өмч, ТББ-ын өмч гээд олон хэлбэртэй байна. Иймд бид УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанд “Хэлэлцүүлэгт оролцогчид  нийтийн өмч гэдэг сэдвийг тойрч нэлээд ярилаа. Ярьж байгаа нь дэвшилттэй. Гэхдээ байгалийн баялаг нийтийн өмч болж  байгаа нь  юм бол шашны, эсвэл ТББ-ын өмчтэй  нэг түвшинд ойлгох уу?  Байгалийн баялагийн нөөц нь нийтийн өмч юм уу? Та бүхэн дээр аль хэсгийг нь  нь нийтийн өмч гэж үзэж байна вэ. Үүн дээр тодорхой хариулт өгөөч” гэсэн асуултыг  тавьсан. Бидэнд хариу өгөхдөө “МАХН-аас тодорхой саналууд ирснийг судалж байгаа. Гэхдээ та бүхэнд ард түмний дундын өмч гэдгийг судалж тодорхойлсон зүйлүүд байвал өгч болно” гэсэн. Судалж байна гэдэг нэг талаас учир дутагдалтай ч нөгөө талаас Монголын ард түмэнд Үндсэн хууль дотор  байгалийн баялаг төрийн өмч гэж байгааг нийтийн өмч болгох нь зөв үү,  ард түмний дундын өмч болгох нь  зөв үү гэсэн мэдээлэл, маргаан дагуулж  байгаа нь нэг талын давуу байдал үүсгэж байна. -Байгалийн баялаг яагаад ард түмний дундын өмч байх ёстой вэ гэдгийг тайлбарлаж өгнө үү? -Манай намын гишүүд сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд 500 гаруй иргэдээс санал авсан. Д.Лүндээжанцан гишүүн хэлэлцүүлэгт танилцуулахдаа “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар  280 мянган хүнээс санал авсан” гэж байна лээ. Тэд 280 мянган хүнээс санал авсан бол бид сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд 520 мянган хүнээс Дээд хуулийн төслийг дэмжиж байна уу, ямар заалтыг дэмжиж байна вэ гэдэг талаар саналыг нь асуусан. Тиймээс энэ асуудлаар дахиад асуусан. “Та 280 мянган хүний саналыг авсан бол бид 520 мянган  хүнээс санал асуулга авсан. Иймд дэлгэрэнгүй тайлбар өг” гэсэн. Гэтэл тодорхой хариулт өгөөгүй. Байгалийн баялаг бол шавхагддаг нөөц. Үүнийг хүмүүс янз бүрээр ойлгодог. Газрын гүнд байгаа байгалийн баялгийг баялаг гэж байна уу. Эсвэл газрын дээр гарсныг баялаг гэж байгаа юм уу гэж асуудаг. Мэдээж энд бид нөөцийг ярьж байгаа. Эхлээд нөөцийг олборлоно, ашиглана, хөрөнгө оруулалт оруулна, эцэст нь гаргаад ирсэн нь баялаг. Манай улс баялгаа ашиглаад эхэлчихсэн. Оюутолгой, Тавантолгой,Салхитын мөнгөний орд  гээд томоохон ордууд байна. Тэгэхээр өнөөдөр бид Монгол улсынхаа баялагийн тухай тодорхой хэмжээний ойлголттой болсон, байгалийн баялагтай улс орнууд хөгждөг юм байна, баялгаа зөв ашиглавал  үндэсний  хуримтлал үүсдэг.  Үүгээрээ зайлшгүй хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдээ санхүүжүүлж Баялагийн сан байгуулдаг нь  дэлхий нийтэд тогтсон ойлголт . Тиймээс  одоо л энэ асуудлаа тодорхой болгож, хуульчилж  авахгүй бол “төрийн өмч” гэдэг нэрийн дор төрд гарсан цөөн хүн, хэдхэн олигархи, эсвэл төрийн мэдээлэлд ойр байдаг хэсэг бүлэг хүмүүс байгалийн баялгийг ашиглаж хөлжиж ирлээ. Гэтэл ард түмний 40% ядуурсан байна.Төрд гарсан цөөн хүн, хэдхэн олигархи баяжихдаа дандаа үндэстэн дамнасан компаниудад үйлчилж ирсэн нь саяхнаас  ил болж байна шүү дээ. -Энэ талаар ямар  баримт, судалгаа байна вэ? -Статистик судалгаа бий. Монгол Улсын байгалийн баялгийн менежментийн асуудлыг яаж зохицуулж байна вэ гэдгийг  олон талаас судалсан.  Монгол Улс ямар хэмжээний баялгийн нөөцтэй вэ. Хэчнээн лиценз олгож  вэ. Энэ талаарх статистикийн болон АМХЭГ-ын судалгааг харахад зөвхөн энэ оны эхний байдлаар  3084 лицензийн жагсаалт гарчээ.Энэ дотроос 1124 нь ашигт малтмалын онцгой баялгийн, тухайлбал алт, зэс, нүүрсний орд  байна. Өөрөөр хэлбэл, шавхагдаж нөөц нь дуусдаг баялгийг эзэмшсэн гадаадын голдуу компаниуд байдаг, тэд  1200 орчим лиценз авчээ. Тухайлбал, Люксенбургийн гаралтай   “Кью Жи Экс монгол” гэх компани 165 лицензтэй, Нидерландын “Сентерра Гоулд” компани 153 лиценз, Японы иргэний эзэмшлийн “Адамс Майнинг” компани  220 лицензтэй байна. Монголын төр ийм шийдвэрийг аль эрт гаргачихаад явж байна шүү дээ. Тиймээс   байгалийн баялгаа ард түмний дунд өмч гэж Үндсэн хуульдаа оруулж өгөхгүй бол дээр хэлсэнчлэн нөгөө хэдэн олигархи,төрийн нэр барьсан эрх мэдэлтнүүд үлдсэн баялагийг  дур зоргоороо захиран зарцуулах шийдвэр гаргах нь  ойлгомжтой.   Мэдээж “Ард түмний дундын өмч” гэж хоосон уриа маягаар  хуульчилж  орхихгүй,Үндсэн хуулийн  суурь тогтолцооны  өөрчлөлтийн асуудалд оруулж баталгаажуулах ёстой.  Томоохон ордыг ашиглах асуудлаар цаашдаа ард түмний дунд санал асуулга явуулна. Тэгэхгүй бол Оюутолгойн гэрээ шиг Засгийн газрын шийдвэр гарсан ч юм уу, үгүй ч юм уу салбарын яаманд хариуцуулдаг, сайд нь дураараа очоод гэрээ зурчихдаг байж таарахгүй. Бид энэ байдлыг зогсооё, тиймээс “Байгалийн баялгийг ард түмний дунд өмч гэж хуульчилъя” гэсэн саналыг дэвшүүлээд байгаа юм. -Байгалийн баялгаа ард түмний дундын өмч болгосноор ямар ач холбогдолтой вэ. Иргэдийн  амьдралд ямар өөрчлөлт гарах вэ? -МАХН-ын зүгээс Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар дэвшүүлж ирсэн байр суурь бол “косметик” төдий өөрчлөлт битгий хийгээч гэж байгаа. Үнэхээр өөрчлөх гээд байгаа бол суурь тогтолцоог өөрчлөөч. Үүнд байгалийн баялгаас олох орлогоос  боловсрол, эрүүл мэндийн асуудлаа шийдээч гэж байна.Боловсролын талаар дэлгэрүүлж ярьмаар байна.Сүүлийн үед монголчуудын боловсролын төвшин гологдож байна, бичиг үсэггүй залуус хүүхдүүд их боллоо. Социализмын үед  манай улс бүх хүн бичиг, үсэгтэй байх ёстой гэсэн уриаг дэвшүүлж байлаа. Одоо бид бүх иргэдээ дээд боловсролтгой болгох ёстой. Боловсролтой хүн амьдралаа авч явах шийдвэрээ зөв гаргадаг. Дээр нь гэр бүлээ зөв зохион байгуулж, үр хүүхдээ сургаж, зөв зүйлд хөрөнгө оруулалт хийж  чадна. Дэлхий дээр их,дээд боловсролыг үнэ төлбөргүй олгодог  улс орнууд өндөр хөгжилтэй иргэд нь боловсролтой  байна. Европын улсууд Дани, Норвеги,Турк,Швед,Герман Азийн орнуудаас Малайз, Кени, Аргентин гээд 23 улсад дээд боловсролыг иргэддээ үнэ төлбөргүй олгож байна. Тэгэхээр дээд боловсролын асуудлыг   Үндсэн хуульдаа яаж суулгах вэ гэхээр төрийн өмчийн их, дээд сургуулийн төлбөрийг төрөөс санхүүжүүлье гэсэн заалт оруулъя гэсэн саналыг манай нам дэвшүүлж ирсэн. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуульд Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсрол  төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно гэсэн заалттай. Судалгаанаас үзвэл, ихэнх хувийн  дээд сургуульд суралцаж төгссөн  залуусын боловсрол хангалтгүй, дэлхийд үнэлэгдэж чадахгүй зайлшгүй дахин суралцах шаардлагатай байна.Тиймээс Боловсрол  гэдэг нь хувь хүний асуудал бус тухайн улсын нийгмийн хөгжил, нийгмийн өмч болох хандлага түгээмэл болж байна. Хэн мөнгөтэй нь чанартай дээд боловсрол эзэмшдэг шудрага бус тогтолцоог халахгүй бол Монгол улсын хөгжлийн ирээдүй бүрхэг л байна. -Их, дээд сургуулиудын төлбөрийг улсаас санхүүжүүлэх боломж бий юу. Эсвэл МАХН социализмын үеийн зүйлүүд яриад байна уу гэж шүүмжлэх хүн ч бас бий. Үүнд та  ямар тайлбар хэлэх бол? -Ийм боломж хангалттай бий. Би ганц тоо хэлье, 2019 оны БСШУС-ын сайдын төсөв 1,858,6 тэрбум төгрөг нийт төсвийн 10,3% эзэлдэг. Өөрөөр хэлбэл, нэг их наяд 900 тэрбум төгрөг. Үүнийг юунд зарцуулдаг вэ гэхээр урсгал зардлаас гадна эргэж үр өгөөжөө өгдөггүй хөрөнгө оруулалт нэртэй үр ашиггүй зардлуудад их мөнгө үрж байна Тухайлбал, 20 хүүхэдтэй суманд 250 хүүхдийн сургууль барьж яах гээд байна вэ. Гэтэл төвийн сургуулиудын ачаалал ямар билээ. Гурван ээлжээр хичээллэдэг, маш хүнд нөхцөл байдалд байгаа. Энд хөрөнгө оруулалт, төлөвлөлт буруу байгаад байна. Тиймээс төлөвлөлтөө зөв хийгээд, дээр нь боловсролын салбар дахь их  хэмжээний  гадаад, дотоодын зээл тусламж хэрэгжүүлж байгааг зохистой зарцуулж, төсвөөсөө төрийн өмчийн  их,дээд сургуульд суралцагчдын төлбөрийг даахад хангалттай боломж бий. Манай улсын төрийн мэдлийн их,дээд сургуулиуд дээд тал нь 180-192 мянган оюутан шинээр авдаг. Тэдний төлбөрийг дундажаар нэг оюутан  2,1 сая төгрөг гэж  үзвэл,жилд дундажаар 190 тэрбум төгрөг энэ нь   боловсролын салбарт зарцуулж байгаа төсвийн  10% хүрэхгүй  байгаа. Яагаад бүх нийтээрээ дээд боловсролтой байх ёстой вэ гэвэл, ийм шаардлага бий юу гэж иргэд их асуудаг.  Монголын залуус сурч боловсрох хүсэл тэмүүлэлтэй байгаа. Гэтэл тэдний 80 гаруй хувь нь амьдралын боломжгүй, төлбөрийн чадамжгүйгээс сурч чадахгүй байна. Дэлхийн улс орнууд нэг хүнд ногдох ДНБ-ний дундаж хэмжээ 45 мянган ам.доллар байгаа бол манай улсынх дөрвөн мянган доллар хүрэхтэй, үгүйтэй байна.Монгол хүн үр хүүхдийнхээ төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй,үр хүүхдийнхээ төлөө амьдрах хүсэл  эрмэлзэлтэй  байдаг юм байна.Бодит байдалд эмээ өвөөгийн тэтгэврийн , аав ээжийн цалингийн зээлээр сургалтын төлбөрөө төлж,дийлэнх нь  чанаргүй дээд боловсролын диплом авч байгаа нь нуух аргагүй үнэн болсон. Манай улсын хувьд Боловсролын зээлийн сан гэж байдаг ч  дундаж амьдралтай иргэд тэндээс зээл авч чаддаггүй. Дэлхийн топ сургуулиудад Монголоос хэн явж байна гэвэл, албан тушаалтан, эрх мэдэлтэн, УИХ-ын гишүүдийн хүүхдүүд л явдаг. Яагаад гэвэл, тэд төлбөрийн чадамжтай зээлийн  барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгө, орон сууц нь байна. Гэтэл сурч боловсрох эрмэлзэлтэй ч гэр хороололд амьдардаг иргэдийн хүүхдүүд зээлийн барьцаанд тавих орон сууц байдаггүй. Тиймээс Монгол Улс иргэддээ, ялангуяа залуучууддаа тэгш боломж олгож, сурч боловсрох нөхцлөөр хангах ёстой. Залуучуудынх нь 20 хувь өндөр  боловсролтой, 80 хувь нь боловсролгүй  байхад  улс орон яаж хөгжих юм бэ. Тиймээс л байгалийн баялагийн ашгийг бүх нийтээрээ тэгш хүртэх, цөөхөн хүн амтай улсын хувьд дээд боловсролтой иргэдтэй байя гэсэн суурь өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах шаардлагатай байна даа. Эх сурвалж: www.polit.mn
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

8 цаг 9 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

10 цаг 16 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

11 цаг 36 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

12 цаг 41 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

20 цаг 0 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

20 цаг 0 мин
Хөгжлийн төлөөх түншүүд 35 жилийн хамтын ажиллагаа

Европын Холбоо Монгол Улс тэртээ 1989 онд дипломат харилцаа тогтоосноос

20 цаг 0 мин
Нүүрсээ худалдаад бүгдээрээ хувааж идэх үү, нүүрсний хулгайг хэвээр үргэлжлүүлэх үү?!

Монголын төр олон жил гацсан нэгэн том төсөлд ойрын өдрүүдэд цэг тавина.

20 цаг 0 мин
"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

Уржигдар 15 цаг 05 мин