Э.Баттулга: Байгаль орчны асуудлуудын шийдлийг өөрөөс нь олж болдог

2019-08-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.СОЛОНГО “Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулгыг зочноор урилаа.  

БҮХ ХАЯГДЛЫГ БАЯЛАГ БОЛГОХ АРГА БИЙ

БЛИЦ

Э.Баттулга “MBA, MSc” Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Ажлын туршлага: -2002-2006 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын газрын мэргэжилтэн, -2006-2016 он хүртэл Зам, тээвэр, аялал жуулчлалын яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын дарга, орлогч дарга, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байгаад -2016 оноос Нийслэлийн Байгаль орчны газрын даргаар ажиллаж байна. Боловсрол: -Улсын Багшийн Их Сургуулийн лаборатори дунд сургууль, мөн сургуулийн Байгалийн ухааны факультет, Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургууль, Австрали улсын Жеймс Кук их сургуулийг тус тус төгссөн. Газар зүйн ухааны болон бизнесийн удирдлагын магистр.  
-Дөнгөж сая би нийслэлийн хөрсний бохирдлын асуудлаар эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагынхны хамтарсан уулзалтаас орж ирлээ. Олон хоног орсон борооноос үүдээд хөрсний бохирдлын асуудал гол сэдэв болчихоод байна л даа. Миний хувьд хөрсний бохирдлыг эдийн засгийн аргаар шийдэх ёстой гэж боддог. Гэр хорооллын хөрс бохирдуулагч гурван гол эх үүсвэр нь ахуйн хог хаягдал, үнс, ялгадас. Хогны тухайд Улаанбаатар хотын гурван цэг дээр ландфиллдэж байгаа. Яахав сайхан гадаад нэртэй л болохоос газарт булж байгаа л арга шүү дээ. Хаягдлаас ашиглаж болохыг нь ялгаад үлдсэнийг нь “хогноос эрчим хүч гаргах” станцад түлш болгон ашиглах аргыг том хотууд өргөн хэрэглэдэг болж байгаа. Гарсан үнсээр нь замын хавтан, дүүргэгч хийж байна. Хаягдлаа баялаг болгож байгаа нь тэр. Хогноос гадна нүхэн жорлон, ялгадасны асуудал байна. Энэ хавар бид БХБЯ-тай хамтран Төв цэвэрлэх байгууламжийн лагаас гаргаж авсан бордоог ойжуулалтад ашигласан. БОАЖЯ-тай хамтраад гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг боловсронгуй болгох замаар хөрсний бохирдлыг бууруулах төслийг гурван хороонд хэрэгжүүлж байгаа. Гол зорилго нь битүүмжлэлтэй жорлонд хуримтлуулсан ялгадсаар бордоо үйлдвэрлэж болно гэдгийг батлан харуулж иргэдийн хандлагыг өөрчлөх гэсэн юм. Бордооны хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд хар шорооны олборлолтыг хориглох шийдвэрийн төсөл боловсруулаад байна. Нэг газарт ногоон байгууламж бий болгохын тулд өөр нэг газрын шимтэй хөрсийг хуулж болохгүй биз дээ. Цөлжилт, тоосжилтынхоо эх үүсвэрийг нэмэхийн оронд тохижилт, ойжуулалтын ажилд ялгадас боловсруулж гаргасан бордоо ашиглах хэрэгтэй. Хотын агаарын бохирдлын нэг том эх үүсвэр болж байгаа цахилгаан станцуудын үнсийг барилгын материалын түүхий эдийн олборлолтоос үүссэн карьеруудыг нөхөн сэргээхэд ашиглах талаар судлаачид, талуудыг оролцуулан хэлэлцээд зарчмын хувьд нэгдсэн шийдэлд хүрээд байгаа. Нийслэл хотын хэмжээнд 1600 орчим га талбай уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн байдаг юм. Байгаль орчны газар шийдэл гаргаж өөрсдөө үлгэрлэх ёстой гэж үздэг. Хятад улс хуванцар хог авахаа больсны дараа бид хуванцар дахин боловсруулсан материалаар хашаа хамгаалалт, тохижилтын ажлуудаа хийлгэж эхэлсэн. Модон, төмөр хашааны оронд хулгайд алдагдахгүй, хуучирч өнгө чанараа алдахгүй хуванцар дахин боловсруулсан материал их сайн сонголт болж байна. Хашаандаа мод тарьж байгаа хир нь шинэхэн банзаар хашаа барьчихаар л агуулгаараа буруу болоод байгаа юм шүү дээ. Өнөөдөр ахуйн хэрэглээний хуванцар нэг кг-ийг нь 400 төрөгөөр худалдан авдаг болсон. Хэрэглээ бий болгосны үр дүн юм даа. Эдгээр жишээгээр 21 дүгээр зууны ногоон хот болохын тулд бид хаягдлыг баялаг болгодог тогтолцоонд хурдан шилжих ёстой гэсэн санааг хэлэх гээд байна.  

ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛСЭН ИРГЭНД УРАМШУУЛАЛ ОЛГОХ ХУУЛИЙН ЗААЛТ ХЭРЭГЖИХГҮЙ БАЙНА

  -Байгаль хамгаалагчдын толгойны өвчин болж байгаа нэг асуудал бол ой болон усны сан бүхий газар хашаа, байшин барьж байгаа явдал. Хотын хэмжээнд судалгаа гаргаж үзэхэд Ойн тухай болон Усны тухай хуулийг зөрчөөд өнгөрсөн бүх хугацаанд 20 гаруй мянган нэгж талбарт газар олгогдсон байгаа юм. Газар олгосон байдлыг кадастр дээр дэлгээд харах юм бол зүрх шимшрэм дүр зураг харагдаж байгаа. Улаанбаатар хотын уушги болж байгаа ой хэдэн жилийн дараа хашаагаар дүүрэх эрсдэл байна. Ямартай ч Байгаль орчны газрынхан шинээр барилга байгууламж барих үйл ажиллагааг зогсоох чиглэлтэй ажиллаж байна. Харин цаашид ямар шийдэл байна гэдгийг судлаачийн хувиар хэлэхэд ихэнх улс орнуудад бас л эдийн засгийн аргаар үүнийг шийдсэн байдаг. Ойн захад, голын эрэгт амьдарч байгаа иргэн экосистемийн үйлчилгээг илүү авч байгаа учир төлбөр төлөх ёстой. Өөрөөр хэлбэл, газрын төлбөрийг шаталсан байдлаар тогтоох. Тэр төлбөр эргээд байгаль орчныг хамгаалах, өөр доройтсон газрыг нөхөн сэргээхэд зарцуулагдах ёстой гэсэн үг. Өнөө маргаашдаа гэж хэлэхгүй ч ирээдүйн хандлага энэ чиглэл рүү явах болов уу гэж бодож байна. НБОГ-ын даргын тушаалаар хариуцсан нутаг дэвсгэрийнхээ ой, усны санд хашаа бариулсан, газрыг нь хөндүүлсэн тохиолдолд эхний удаад сануулаад хоёр дахь удаад нь халах арга хэмжээг авч байгаа. Энэ шийдвэрийн хүрээнд он гарснаас хойш дөрвөн байгаль хамгаалагч чөлөөлөгдсөн. Эхний хүмүүст хариуцлага тооцоод ирэхээр байгаль хамгаалагчид маань иргэдтэйгээ эргэх холбоо үүсгэж эхэлж байна, хуулиа сурталчилж байна, иргэдээс зөрчил мэдээлэл ирүүлэхийг хүсч байна, хамтран ажиллаж байна.  Саяхан Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлгээр байгалийн баялгийг нэр томъёоны хувьд  төрийн өмч гэх үү, ард түмний өмч гэх үү гэдэг дээр хамгийн их маргалдаж байсан.  Юу гэж нэрлэхээсээ үл хамаараад байгалийн баялгийг бидний л өмч гэж хандах, хайрлах хэрэгтэй санагддаг. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн нэг сөрөг нөлөө түймрээр илэрч байна. 2018 оны Калифорнийн түймэр Хойд Америкийн түүхэн дэх хамгийн хөнөөлтэй, их талбай хамарсан түймэр болсон. Одоо Сибирийн түймэр унтраагүй байна. Баруун хойд, хойноос зонхилсон салхитай, хотоо хойд хэсгээрээ бүтэн эмжсэн ойтой бидний хувьд түймрийн эрсдэл маш бодитой. 1960-1992 оны хооронд хийгдсэн түймрээс хамгаалах шороон зурвасууд одоо эдгэсэн. Норматив зардал нь шинэчлэгдээгүй, хүрэлцээгүй байгаа болохоор зурвас шинэчлэх аж ахуйн нэгж гарахгүй л байна. Улаанбаатар хотын байгаль орчинд учирч болзошгүй дараагийн эрсдэл бол хууль бус мод бэлтгэл. Хэдэн байгаль хамгаалагчидтайгаа шөнө өдөргүй хөөцөлдөж байж хууль бус мод, хулгайн анг эрс бууруулсан. Нэг үеэ бодвол хотын байгаль хамгаалагчид дрон, сансрын холбооны төхөөрөмж, туулах чадвар сайтай автомашин, мотоцикл ашигладаг болсон. Энэ жил харин Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглосонтой холбоотойгоор байгалийн ойд тодорхой хэмжээний эрсдэл учирна гэж тооцоолж урьдчилан бэлтгэж байна. Одоогоор цөөхөн хэдэн цэгт хөдөлгөөн, дулаан мэдрэгч нууц камерууд суурилуулсан. НҮБ-ын дэмжлэгтэйгээр ондоо багтаад хотын ойн ихэнх хэсгийг камержуулахаар ажиллаж байна. Зүүн өмнөд Азийн орнуудад модны хулгайгаас сэргийлэх зорилгоор хөрөөний дуу таних мэдрэгчийг хуучин утасны эд анги ашиглан хямдаар хийсэн байдаг юм билээ. Энэ мэт шийдлүүдийг эрэлхийлж байгаа. Улаанбаатар хотын ой хамгаалалтын ой гэсэн ангилалд багтдаг тул ашиглалтын ойтой аймгууд шиг нөхөрлөлийн дэмжлэгтэйгээр ойг хамгаалах боломж нь хязгаарлагдмал байдаг. Иймд идэвхтэн байгаль хамгаалагчийн эрхийг түлхүү олгож байна. Байгаль орчны зөрчлийн мэдээллийг баримттайгаар илгээх боломжтой “Зуслан” аппликэйшнийг мөн нэвтрүүлсэн. Байгалиа хамгаалах сэтгэлтэй хүмүүст аль аль нь их хэрэг болдог юм. Эрх зүйн талаасаа хүндрэл бэрхшээлүүд байсаар байна. Зөрчлийн тухай хуулиар зөвхөн улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагч л торгууль тавьдаг болсноор энгийн байгаль хамгаалагч хүн сахиулаас ялгарахгүй болсон. Завдсан гэж ойлголт байхгүй болж ан агнасных нь дараа, мод тайрсных нь дараа баримтжуулж буруутныг шийддэг болох зам руу орлоо. Байгаль орчны гэмт хэрэг, зөрчил мэдээлсэн, илрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн иргэнийг үнийн дүнгийн 15 хувиар урамшуулах хуультай ч зохицуулсан журам нь гарахгүй байгаагаас модны хулгай, хулгайн ангийн мэдээлэл өгөх явдалд ахиц гарахгүй байна.  

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ БАЙГАЛИЙН АРГААР, ТЕХНОЛОГИЙН ТУСЛАМЖТАЙ ДАВАН ТУУЛНА

  Хотод тулгамдаад байгаа байгаль орчны төдийгүй олон асуудлын шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлт гэж хардаг. Хэдэн жилийн дараалсан ган, зуд хот руу чиглэсэн их нүүдлийг бий болгож, төлөвлөлтгүй тэлэлт нь орчны бохирдол, замын түгжрэл үүсгэж байна. Агаарын хэм, хур тунадасны горим олон жилийн дунджаасаа өөрчлөгдөж, таамаглахад төвөгтэй болж, байгалийн гамшгийн эрсдэл нэмэгдэх энэ үйл явц цаашид ч үргэлжилнэ. Манай бүс нутагт температурын өөрчлөлт дэлхийн дунджаас гурав дахин илүү байна. Усны барилга байгууламжуудаа сайжруулахыг, гол ус, ой модноос хол амьдрах шаардлагатайг түймэр, үер хангалттай харуулж байна. Цаашилбал газар тариалан, мал аж ахуйн салбараас эхлээд орон сууцны дулаан өгдөг, хичээл сургууль эхэлдэг хугацаагаа хүртэл эргэн харах шаардлага үүсэж байна даа. Өмнөд хөрш Аляскийн нутаг дэвсгэр шиг том талбайд цаг агаарт зориудаар нөлөөлөх хэдэн арван мянган төхөөрөмжүүдийг суурилуулж, хур тунадасны тохируулга хийж эхэлсэн байгаа. Аль 2008 онд Бээжингийн олимпийн үеэр бороо оруулахгүй байх арга хэмжээг авсан гэж бахддаг шүү дээ. Ингээд хур тунадас бага ордог Төвдийн өндөрлөгт энэ ажлыг эхлүүлснээр үржил шимгүй, ашиглалтгүй шахам байсан газраа эргэлтэд оруулах нь. Умард Квинслэнд гэж Австралийн хамгийн халуун нутагт хоёр жил амьдрахдаа сэвэлзсэн салхиа мөн ч их санасан даа. Их халуунд машины голын толь жирэлзээд юм харагддаггүйсэн. Тэгсэн одоо түүнээс ч халуун болоод жимс дотроосоо жигнэгдэж, сарьсан багваахай модноосоо унаж, ус халснаас загас олноороо үхэж байна гэнэ. Энэтхэгийн зарим нутагт хүн амьдрахын аргагүй халуун болж байна гэнэ. Саяхан Кувейтэд 68 хэм хүрсэн. Арктик 2030 онд энэ явцаараа бол мөсгүй болно гээд байгаа. Уур амьсгалын өөрчлөлт бизнес, нийгмийн өөрчлөлтийг тодорхойлдог болж байна шүү. Нарны туяаг сарниулж дэлхийг хөргөх, агаар мандлаас СО2 соруулах технологийг НҮБ-ийн Байгаль орчны ассамблейн хурлаар хэлэлцэж буй нь уур амьсгалын өөрчлөлт хир ноцтой болсныг харуулж байна. Хэдэн жилийн өмнө бол зөгнөлт кино зохиол шиг сонсогдох байсан байх. Сарын өмнө танилцуулагдсан судалгаагаар дэлхий өнгөрсөн хугацаанд тайрсан, сүйтгэсэн ойгоо бүгдийг нь сэргээн тарьвал уур амьсгалын өөрчлөлтийн шалтгаан болж буй хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн гуравны хоёрыг шингээнэ гэсэн байна билээ. Ерөнхийдөө ойжуулалт бол үндсэн шийдэл нь гэж байгаа хэрэг. Одоогийн манай ойжуулалт бол модоо тарихад нь мөнгийг нь өгөөд гурван жил болоход 75 хувийн ургалттай бол боллоо гэдэг механизмаар явж байгаа. Орон нутагт бол хэрэгжиж болно. Хотод бол хашаа хамгаалалтаасаа эхлээд хүндрэлтэй тулдаг. Энэ аргаар хотод үүссэн ой, төглийг нэрлэж чадах хүн байхгүй байх. Тэгэхээр бид эхэлж ойжуулах газраа зааж гэрээ байгуулаад иргэн, аж ахуйн нэгж тариад ургуулсных нь дараа хөлсийг нь төлдөг өөрөөр хэлбэл хүн, малаас хамааралгүйгээр ургах чадвартай болсон ой, төглийг улсын ойн санд худалдан авах аргыг нэвтрүүлж эхлээд байна. Эхний хэдэн газартайгаа гэрээ хийчихсэн байгаа. Томоохон байгууллагууд өөрсдийн нэрэмжит байгалийн ойтой болох боломж байна. Энэ менежмент амжилттай хэрэгжвэл хотын эргэн тойронд маш их ойтой болж чадна гэж харж байгаа. Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад хүн бүрийн жижиг алхам ч чухал үүрэгтэй. Том хотын өндөр барилгууд дээвэртээ зөгийн үүртэй байх нь элбэг бөгөөд хотын ногоон байгууламж, ургамжилт, цэцэрлэгжүүлэлтийн ажилдаа зөгий ашигладаг. Айлууд тагт, байшингийн дээвэр дээрээ хуучных шиг цэцэг, жимсний мод тарьж арчлаад эхэлбэл амьдрах орчин нь илүү тоосгүй, дуу чимээний бохирдолгүй, хүчилтөрөгчөөр баялаг бас амьд болох юмаа. Дээврийн усаа хуримтлуулдаг, тагтан дээрээ цэцэг тарьдаг явдал бол бидний хувьд мартагдчихсан л болохоос шинэ зүйл уг нь биш.  

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ БОЛ БОЛОМЖ

  -Дараагийн чухал шийдэл нь манай хотын хувьд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл болоод хэрэглээ юм. Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээр Монгол одоо ч дэлхийд тэргүүлэгчдийн нэг гэж боддог. Хөдөө айл болгон нарны хавтантай. Айл өрх өөрийн эзэмшлийн газартаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс цахилгаан үйлдвэрлээд төв сүлжээнд зарж борлуулах журам гарах гэж байгаа юм билээ. Өдөр нь үйлдвэрлэснээ зараад шөнө нь эргүүлээд худалдаж авна гэсэн үг. Тэгвэл гэр хороолол, зуслангийн айлууд үйлдвэрлэгчид болж хувирна. Олон улс сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд боломжит бүх эх үүсвэрээ ашиглаж байна. Хэдэн жишээ дурдъя. Шведийн Стокхольм хот дата төвийн серверүүдээс ялгардаг дулааныг хотын төвлөрсөн шугамын халаалтад ашигласан байгаа юм. Одоогоор хотын хэрэгцээний 1 хувийг шийдэж байгаа. 2035 онд 10 хувьд хүргэнэ гэнэ. Дани, Шотландад далайн давалгаанаас эрчим хүч гарган 200 мянган өрхийг цахилгаанаар хангах төсөл хэрэгжиж байна. Газар нутаггүй улсууд усан дотор салхин сэнс тавьж байна. Уурхайд ашигласан газрууддаа хүртэл нарны хавтангууд суурилуулж байна.  

НОГООН ТЕХНОЛОГИ, НОГООН ХЭРЭГЛЭЭГЭЭР ӨӨРИЙГӨӨ ИЛЭРХИЙЛ

  -Ногоон хөгжил, ногоон технологи гэдэг зүйлийг дэлхий даяар ярьсаар удлаа. Манай улсад үүний дажгүй сайн эхлэл, загвар бол цахилгаан машин болсон шүү дээ. Жил гаруйн өмнө цахилгаан машиныг дугаарын хязгаарлалтгүй явуулах, зам ашигласны төлбөрөөс чөлөөлөх шийдвэрүүдийг санаачлан боловсруулж байсан. Цахилгаан машинууд ногоон дугаараа аваад эхэлж, олон ч болж. Харахад сайхан байна. Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл борлуулдаг дэлгүүрүүдийн захирлуудтай бид уулзалт хийсэн юм. Одоо дэлгүүрт ороод харвал ихэнх бүтээгдэхүүний цахилгаан зарцуулалтын хэмжээг бичдэг болсон. Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр та жилдээ эрчим хүчний ийм хэмнэлтийг хийнэ гэж танилцуулдаг болсон. Энэ санааг захирлууд маш таатайгаар хүлээж авсан. Манайд эхлэлийн төдий байгаа ч ногоон санхүүжилтээр ногоон хэрэглээг бий болгох бол зайлшгүй асуудал. Австралид “Ergon Energy” гэж компаниас тогоо авдаг байсан юм. Тэд байнга эрчим хүч хэмнэх тухай мэдээлэл, зөвлөмж өгдөг байв. Бүтээгдэхүүнээ борлуулж байвал ашиг нь нэмэгдэх байтал хэмнэ гээд байдаг гэж бодож л явлаа. “Standard Chartered” зэрэг банкууд нүүрсний станцуудыг санхүүжүүлэхээ зогсоож уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж байгаагаа нотолж байх жишээтэй. Бизнесийн соёл, үнэт зүйл, хариуцлага гэж тэр. Байгальд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй хандлагыг төлөвшүүлэх нь тодорхой цаг хугацаа орох ч гэлээ үүнийг хурдасгахад бизнесийн байгуул­лагуудын оролцоо их чухал юм. Байгальд ээлтэй шийдэлд маш бага хүүтэй хөрөнгө оруулалт, зээл олгох боломж нь олон улсын хэмжээнд бүрдчихсэн. Парисын хэлэлцээрээр дэлхийн улс орнууд их хэмжээний мөнгөн хуримтлалыг дундаасаа үүсгээд түүгээрээ ногоон технологи, ногоон хөгжлийг дэмжих шийдвэр гаргасан. Энэ эх үүсвэрийг банкууд иргэддээ хурдан хүргэх хэрэгтэй. Би өөрөө сайхан зүйл яриад байгаа боловч манай зуслангийн байшин нүхэн жорлонтойгоо л байгаа. Хэрэв надад эко жорлонгоо шинэчлэх зээлийн үйлчилгээ санал болговол би хийчихмээр л байгаа байхгүй юу. Үүн дээр манай бизнесийнхэн маш гоё мэдрэмжтэй ажилламаар байна. Гэх мэтчилэн байгаль орчны асуудлуудыг орчин үеийн ухаалаг шийдлээр шийдэх олон гарц байна. Сонины зай талбай хязгаартай тул энэ талаар дараа үргэлжлүүлэн ярилцахдаа таатай байх болно. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.12  ДАВАА  №159  (6126)
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

8 цаг 45 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

10 цаг 52 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

12 цаг 11 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

13 цаг 17 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

20 цаг 36 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

20 цаг 36 мин
Хөгжлийн төлөөх түншүүд 35 жилийн хамтын ажиллагаа

Европын Холбоо Монгол Улс тэртээ 1989 онд дипломат харилцаа тогтоосноос

20 цаг 36 мин
Нүүрсээ худалдаад бүгдээрээ хувааж идэх үү, нүүрсний хулгайг хэвээр үргэлжлүүлэх үү?!

Монголын төр олон жил гацсан нэгэн том төсөлд ойрын өдрүүдэд цэг тавина.

20 цаг 36 мин
"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

Уржигдар 15 цаг 05 мин