Эрийн гурван наадам ба Монгол триатлон

2019-08-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Хуульч Э.Эрдэнэжамъян Монголын их баяр наадам бол өнө эртнээс нүүдэлчин соёлт ард түмний маань цэнгэн нааддаг том наадам юм. Аль ч улс үндэстэн бусдаас юугаар өөр, юугаар давуу болохоо эрэлхийлж ирсэн байдаг. Сүүлчийн нүүдэлчдийн соёлыг тээж яваа бид моринд эрэмгий баатруудын удам угсаа гэдгээ үндэсний баяр наадмаар, тэр тусмаа хурдан морины уралдаанаар үзүүлэх гэсэн эрмэлзэлтэй. Харамсалтай нь морин дээрээс харвалдан байлдаж, хэдэн өдөр шөнө морьтойгоо давхилддаг байсан эрчүүд маань өнөөдөр сур харвахдаа хүртэл нэг байран дээрээс зогсч байгаад харвадаг болсон. Мөн бөх барилдахдаа хүртэл барьц шодолцож байж хэн илүү сугалаандаа азтай нь дийлдэг болчихсон ажээ. Үүнийгээ цаг үеэ дагасан хувьсал хэмээн нэрийдэж байдаг.  Магадгүй зөв ч байх. Харин хэл мэдэхгүй адгуус, гомдоллож чадахгүй үрсээ уралдуулдаг хурдан хүлгийн уралдаан маань л хэвээрээ. Хүүхдээ хайрлах гэхээр өөдөөс ёс уламжлал ярьчихна. Хэзээнээс гарсан ч ёс уламжлал юм бүү мэд. Миний мэдэхээр “Монголын нууц товчоо”, “Хөх судар” хоёрт лав хүүхдүүдээрээ морь унуулаад баясаж суугаа хаад ноёд, баатруудын тухай хэсэг байдаггүй юм даг. “Хөх судар”-т Чингис хаан цэргүүдийнхээ дунд хэн хамгийн хүчтэй, эрэмгий, мэргэн болохыг шалгаруулан шинээр баатруудыг тодруулан, удам угсаа гэж ялгалгүй цэргийн дарга, даамлаар томилж байсан тухай бичсэн байдаг. Арай манай зарим улсын яриад байгаа эрт үеэсээ гэдэг нь Гурван настай гунан улаан баатар гэхчилэн үлгэр домгийг эш татаад байдаг юм биш байгаа даа гэж хүртэл бодох юм.  Түүх шинжихээсээ илүү орчин үед улсын наадмыг спорт гэж үзэх үү эсвэл баяр наадам гэж үзэх үү гэдгээс хамаарч цаашдын зохицуулалтыг нь хийх ёстой байх. Хэрэв спорт гэж үзвэл мэргэжлийн спортод шаардагддаг дүрэм журам, стандартыг гаргах хэрэгтэй болох ба миний бие спортын нарийн ширийнийг мэдэхгүй тул илүү дутуу зүйл бичээд хэрэггүй биз. Ямар ч байсан зам, тамирчин, дасгалжуулагч, хурд, дээд амжилт гээд олон янзын зүйлийг нь бүрэлдүүлэх хэрэгтэй болох байх. Харин наадам, цэнгүүн гэдэг утгаар нь авч үзвэл хэд хэдэн өөрчлөлтийг хийх санаа байна. Нэгдүгээрт, морин уралдааны баяр наадмыг үзэгч, наадамчин олонд хүртээмжтэй, сонирхолтой болгож өөрчлөх. Өнөөдрийн маягаар морины уралдаан зөвхөн морь уяачид, морины эздэд зориулагдсан байдлаар зохион байгуулагдаж байна. Бариан дээр ирж байхад нь эсвэл телевизийн зураглаач дагаж явж үзүүлдгийг эс тооцвол шүү дээ. Үзэгчдэд илүү хүртээлтэй болгохын тулд: -Морь уралдаж буй зайг ойртуулах. Морьд ядраагүй, цуцаагүй эрч хүчтэй байхдаа барианд орж ирж байвал үзэгч олны сэтгэлд  таатай. Зарим уралдааныг харж байхад тээр холоос ядарсан сажилсан морьд ирж, зарим нь бүр цуцсандаа алхаж явдаг. - Морины гарааг үзэгчдэд харуулах. Морин тойруулгын үзэгчид яагаад тийм гал халуун цогтой үздэг, тойруулгын уралдаан тэгж их хүний сэтгэлийг татдагийн нэг шалтгаан нь зөвхөн бариандаа биш, гарааны хурд, барианы хурдыг мэдэрдэгт байдаг байх. -Бооцоо тавьдаг болгох. Бооцоог хэрэв булхай будлиангүй болгоё гэвэл морь унаач нь хэнд бооцоо тавьсныг мэдэх боломжгүй байлгах талаар анхаарах талаарх дүрэм, журмыг бас хийх хэрэгтэй. -Одоогийн зохион байгуулдаг уралдаанаа сунгаа болгох /гэхдээ уралдах зайг нь бас бодолцох хэрэгтэй байх/. Сунгаа уралдаанаас барианд орсон эхний цөөн тооны /15-30/ морийг гараа бариаг нь нэгэн зэрэг үзэх бололцоотой ойрын зайд уралдуулж ялагчийг нь тодруулдаг байх. Ингэвэл жинхэнээсээ гадаад дотоодын үзэгчид, наадамчин олонд илүү сонирхолтой байна. Хоёрдугаарт, морины уралдаанд хүүхдийн амь нас эрүүл мэндээр эрсдэл хийдгийг болиулах. Монгол ёс уламжлалаа бодож үндэсний бахарлын нэг хэсэг хэвээр үлдээхийн тулд зөвхөн ойрын зайд, цөөн гараагаар уралдах уралдаанд хүүхдүүдийг морь унаж уралдахыг зөвшөөрч болох юм. Хөдөө гэртээ, морь унаж, хонь хариулах хэмжээнд номхон мориноос унахад хүүхдүүдэд эрсдэл бага байдгийг уяачид ихээхэн зөвтгөл болгодог юм билээ. Гэхдээ тэр олон омголон, хурдан хүлгийн дунд хэн нэг нь унаж бэртэхийг хянах бололцоогүй. Унаж бэртсэн хүүхэд эмнэлгийн яаралтай тусламж авах бололцоогүй олон км-ийн зайнаас уралдах нь тэс ондоо гэдгийг бодолцох ёстой. Зарим хүн томчууд морь унаж уралдвал морины нуруу аваад хаячихна гэх үндэслэгээ хэлдэг юм билээ. Яаж ч бодсон хүн, тэр тусмаа хүүхдийн амь нас, эрүүл мэнд нэгдүгээрт шүү дээ. Ямар адгуусны нуруу гэхээрээ бүхэл бүтэн хүүхдийн амь наснаас илүү үнэтэй байх билээ дээ. Төв цэнгэлдэх хүрээлэндээ жижигхэн ч гэсэн тойрог замд хүүхдийн морины уралдааныг зохион байгуулж болно шүү дээ. Өсвөрийн бөхчүүдийн барилдаан гэж тусад нь зохиодог шиг. Хүүхдийн морьны уралдаан гэж тусдаа ойлголтыг шинээр бий болгож наадамлаж сурах нь хүүхдээ ч бодсон, ёс уламжилал, үндэсний бахархлаа ч бодсон зөв зүйтэй санаачлага болох буй заа. Гуравдугаарт үнэхээр олон км-ийн зайд хурдан хүлгийн шандас сорьсон, уртын замд монгол адууны тэсвэр хатуужлыг илтгэдэг гэх тэр шалтгаанаар уралдаан зохиох бол зөвхөн тодорхой насанд хүрсэн хүмүүс оролцдог болгох. Тэгэхдээ хэд хэдэн өдөр, хэдэн зуун км-ийн цаанаас уралдуулсан ч болох биш үү. Өвгөд дээдсийн дайнч  түүхээс үзэхэд хэд хэдэн өдөр битгий хэл, хэд хэдэн сар жилээр аян дайнд ордог л байсан шүү дээ. Монгол морины, монгол эрсийн яс чанар тэгтлээ муудчихаагүй л юм бол ингэж болох л байлгүй. Автомашины эсвэл унадаг дугуйн ралли шиг хэдэн зуун км-ийн цаанаас биш юм аа гэхэд өнөөгийн уралдаж буй зайндаа насанд хүрсэн эрчүүд нь шандастай хүлгүүдээ унаад өөр хоорондоо уралдаж болох биз ээ. Эсвэл хэд хэдэн км-ийн зайд буухиа уралдаан зохиож, багийн тэмцээн болгосон ч болохоор. Аварга улаач шалгаруулна гэж нэрлэсэн ч яадаг юм бэ. Дөрөвдүгээрт, хамгийн сүүлчийн санаа гэвэл нэгэнт эрийн гурван наадам гэж зохион байгуулж байгаа тул хамгийн эрэмгийн сайн эр хүнийг шалгаруулах наадам болговол ямар вэ. Триатлон гэж гурван төрөлт спортын наадам байдаг. Үүнтэй адил тодорхой зайд морьтойгоо уралдаад, нэг барианд ирж сур харван бай оноод, цэнгэлдэх хүрээлэндээ ирж хоорондоо барилддаг байж бас болох л юм. Монголын мистер гэж шалгаруулж байснаас илүү нэр хүндтэй ч болох юм билүү. Гурван төрөлд авсан онооных нь нийлбэрээр ялагчийг нь тодруулж аварга, арслан гэх үү, аль эсвэл баатар, жанжин гэж нэрлэн цоллож болмоор санагдана. Ингэвэл харин илүү олон нийтэд зориулсан цэнгүүн, спортын нэг томоохон шинэ төрөл болно. Морины уралдаан бол өнөөдөр зөвхөн уяж байгаа уяач, морины эздийн л кайф авахад зориулсан хоцрогдмол наадам болсон байна. Эрх биш эртнээс моринд хайртай ард түмэн тулдаа л жилдээ нэг хоёр удаа үзэхдээ уйдахгүй байгаа юм. Үзэгчид олонтой, үзэгчиддээ байнга таалагддаг болгохын тулд ямар нэг өөрчлөлт хийх л ёстой. Танд бүр өөр сайхан санаа ч байж магад. Тийм бол доор сэтгэгдлээ үлдээгээрэй. Надад бол наадмын бүх үйл явцыг үзэх боломж байдаггүй тул наадмын дараа зохион байгуулагддаг Уяачдын баяр л хамгийн сайхан санагддаг. Цөөхөн чанартай бөх, ойрхон зайд уралдалдсан цөөхөн морьд илүү сайхан. Тиймээс зарим хүнд сумын наадам л жинхэнэ наадам гэж санагддаг биз ээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.6  МЯГМАР  №155  (6122)
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

5 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

5 мин
Хөгжлийн төлөөх түншүүд 35 жилийн хамтын ажиллагаа

Европын Холбоо Монгол Улс тэртээ 1989 онд дипломат харилцаа тогтоосноос

5 мин
Нүүрсээ худалдаад бүгдээрээ хувааж идэх үү, нүүрсний хулгайг хэвээр үргэлжлүүлэх үү?!

Монголын төр олон жил гацсан нэгэн том төсөлд ойрын өдрүүдэд цэг тавина.

5 мин
"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

15 цаг 0 мин
"Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү"

Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү?

15 цаг 8 мин
Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

15 цаг 29 мин
Нэг уут бэлгэнд 36-72 ширхэг ёотонтой тэнцэхүйц сахар агуулагдаж байна

Шинэ жилийн баяртай холбогдуулан ХАБҮЛЛ, СХЗГ, НЭМҮТ хамтран нийсл

15 цаг 49 мин
П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

17 цаг 0 мин
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2024 оны онцлох ажил

Манай улсын орон сууцжуулалтын ойрын ирээдүйн бодлогыг хэлэлцэх олон

Өчигдөр 06 цаг 00 мин