Ц.Саруулбилэг: Эндээс олсон туршлагаа эх орноо хөгжүүлэхэд ашиглана

2019-08-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА “Зууны мэдээ” сонин  дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй элэг нэгт монголчуудынхаа үзэл бодлыг хүргэх үүднээс “Миний Монгол” буланг санаачлан эхлүүлсэн. Энэ удаа “RE/MAX” компанийн Бээжин дэх салбарт Гадаад харилцааны менежерээр ажиллаж буй Ц.Саруулбилэгийг уншигчидтайгаа уулзуулж байна. Түүнтэй “WeChat”-аар холбогдож ярилцлаа.   -Хятад улсыг яагаад зорих болов. Мөн ажлынхаа онцлогийг танилцуулахгүй юу?  -Би олон улсын зах зээлд тэргүүлэx “RE/MAX” компанийн Бээжин дэх салбарт гадаад харилцааны менежер хийдэг. Манай компани хятадын үйлчлүүлэгчдэд гадаадад үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, хөрөнгө оруулалт хийхэд нь туслах үйлчилгээ үзүүлдэг. “RE/MAX” компани АНУ-ын Денвер хотоос эхлэлтэй. Одоогоор дэлхийн 100 гаруй оронд үл хөдлөх хөрөнгийн франчайзингийн үйлчилгээ үзүүлж байна. Дэлхийн хэмжээнд хамгийн их үл хөдлөх хөрөнгө борлуулсан учраас номер нэг компани. Мөн агентууд нь үл хөдлөх хөрөнгийн туршлага, мэргэжлийн ур чадвар, хийсэн гүйлгээний тоо болон шимтгэлийн орлогоороо зах зээлд тэргүүлдэг учраас энэ компанид ажиллахыг зорьсон. Дотоод, гадаадын үйлч­лүүлэгчтэй харилцдаг учраас миний ажил харилцааны өндөр ур чадвар шаарддаг. Мөн Хятад, Монголоос гадна Европын орнуудын хүмүүстэй харилцах онцлог гээд тухайн улсын соёл, хүмүүсийг маш сайн судалсан байх ёстой. Өөрөөр хэлбэл, миний ажлаа амжилттай хийх хамгийн гол шалгуур бол сайн харилцаа. Түүнээс гадна үл хөдлөх хөрөнгийн бизнест итгэлцэл  чухал байдаг. Хоёр өөр улсын иргэн хоорондоо тохиролцоо хийхэд гурав дахь иргэн болж орж байгаа учраас гадаад харилцааны менежерээс бүх зүйл хамаарна. Тиймээс хоёр талд итгэлцэл бий болгоход ур чадвар их шаарддаг даа. Эхэндээ хэцүү байсан ч одоо бага багаар суралцаж, туршлага хуримтлуулсаар байна. -Монголдоо ямар ажил хийж байв. Мэдээж маш том боломжийг харж энэ ажлаа сонгосон байх? -Би олон улсын эдийн засагч мэргэжилтэй. Өмнө нь Монголдоо ч бас үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр ажиллаж байсан. Хятад бол Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн гол хөрөнгө оруулагч. Тиймээс том зах зээлтэй улсад мэргэжлээрээ мэдлэг, чадвар, туршлагаа нэмэхээр Хятад улс тэр дундаа Бээжин хотыг зорьж ирсэн. Зөвхөн Бээжин гэхэд 30 сая хүн амтай. Мөн гадаад, дотоодын олон компани үйл ажиллагаа явуулдаг учраас маш их боломж харагдсан.  -Одоо юун дээр төвлөрч ажиллаж байна вэ. Ажиллах явцад Монголдоо нэвтрүүлэх шинэ санаа цөөнгүй төрнө биз дээ? -Европын орнууд болоод Хойд Америкийн үл хөдлөхийн бизнест төвлөрч байна. Тэнд бизнесийн болоод хөрөнгө оруулалтын салбарт Хятад улсын зүгээс оруулж байгаа дэмжлэг нь эргээд хэр үр өгөөжтэй байгаа тал дээрх судалгааг хийж байна. Хойд Америкийн болоод Зүүн Өмнөд Ази доторх Сингапур, Тайландын төслүүд дээр ажиллаж байна. Мөн мастерын ажлын хүрээнд Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарын хөгжилд Хятад улсын зүгээс оруулж болох хувь нэмэр, дэмжлэг болоод хоёр улс хамтран ажиллах ямар гарц боломжууд байгаа талаар судалгаа хийж байгаа. -Монгол хүн аливаад хурдан суралцах, ажлын эв олох гээд олон давуу талтай. Мэдээж, энэ бүх чадваруудыг ажилдаа тусгаж ажилладаг байх? -Монголчууд хаана, хэнтэй ч харилцсан арга эвээ сайн олж чаддаг. Тиймдээ ч аливаа ажлыг хурдан сурдаг, гарц гаргалгааг эрэлхийлж илүү сайн олж хардаг  болов уу. Дэлхийн өнцөг булан бүрт монголчууд ажиллаж, амьдарч байна. Монгол залуус дэлхийн хэмжээний томоохон компаниудад ажиллаж байна. Ингээд харахаар бидэнд дэлхийд гарах хангалттай ур чадвар, боломж байна. Дайчин өвөг дээдэстэй болохоор ч тэрүү, дэндүү тэвчээртэй, тууштай ард түмэн. -Гадаадад ажиллаж, амьдрахаар эх орноо их санадаг байх? -Эх орон гэснээс нэг зүйлийг хэлмээр санагддаг. Хятадад маш олон монгол залуу сурч, ажиллаж байна. Тэднийг эх орноо муулахыг олон удаа сонссон. Монгол ядуу, утаатай, бохирдолтой гэж муулна. Монголд минь хэдийгээр асуудал их байгаа ч харамлах сэтгэл төрдөг. Ер нь монголчууд өөрсдөө эх орноо муулахаар өөр хэн эх орныг минь өмөөрөх юм бэ. Эх орноо муулна гэдэг ээж, аав, элгэн саднаа муулж байгаагаас ялгаагүй. Эх орноо голж, өөчлөхийн оронд хөгжүүлэх ямар гарц гаргалгаа байгаа талаар ярилцдаг болоосой л гэж боддог. Хамгийн түрүүнд өргөн уудам тал, уул, усаа их санана. Тэр дундаа цэвэр цэнгэг агаараа маш их санадаг. Эх орондоо очоод цээж дүүрэн амьс­галах үнэхээр сайхан. Бас монгол малын махаа санагалзах үе бий. -Монгол Улсынхаа хөгжилд ямар хувь нэмэр оруулахыг хүсдэг вэ? -Мэдээж улс орныхоо үл хөдлөхийн салбарын хөгжилд өөрийнхөө хэмжээнд хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Улаанбаатарт тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол утаа. Агаарын бохирдлыг хэрхэн бууруулах вэ гэхээр яах аргагүй гэр хороолол хамт  яригдана. Гэтэл гэр хороолол өөрөө үл хөдлөхийн салбартай холбогддог. Тиймээс үл хөдлөхийн салбарт шинэчлэлт хийх юм сан гэж бодож, зорьдог. Дан ганц би гэлтгүй монгол залуус гадаадад сурч, ажиллаж, соёлтой нь танилцаж мэдлэг чадвараа дээшлүүлж байгаа нь сайшаалтай.  Харин тэндээс олж авсан мэдлэг, туршлагаа эргээд эх орондоо хэрэгжүүлэх нь чухал. Энд ажиллаж, амьдрахдаа хятад хүмүүсийн ажилсаг, хариуцлагатай, цаг төлөвлөлт сайтай гээд их олон зүйлд суралцаж байна. Мөн ажлаа өглөө маш эрт эхэлж хүн бүр чин сэтгэлээсээ  хөдөлмөрлөдөг нь таалагддаг. Тэр бүхнээс маш их урам авдаг. -Монголынхоо талаар хэр сурталчилж, таниулж байна вэ? -Би эх орныхоо 19 аймагт очиж үзсэн. Эх орныхоо үзэсгэлэнт байгальд дурлаж, биширдэг. Тиймдээ ч үзэсгэлэнт сайхан байгаль, ард түмнийхээ уужуу ухаан, найрсаг зан чанарын тухай очсон газар, тааралдсан хүн бүрт ярьж, чадлынхаа хэрээр сурталчилдаг. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.1  ПҮРЭВ  №152  (6119)
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

7 цаг 45 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

9 цаг 52 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

11 цаг 11 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

12 цаг 16 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

19 цаг 36 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

19 цаг 36 мин
Хөгжлийн төлөөх түншүүд 35 жилийн хамтын ажиллагаа

Европын Холбоо Монгол Улс тэртээ 1989 онд дипломат харилцаа тогтоосноос

19 цаг 36 мин
Нүүрсээ худалдаад бүгдээрээ хувааж идэх үү, нүүрсний хулгайг хэвээр үргэлжлүүлэх үү?!

Монголын төр олон жил гацсан нэгэн том төсөлд ойрын өдрүүдэд цэг тавина.

19 цаг 36 мин
"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

Уржигдар 15 цаг 05 мин