М.Наранпүрэв: Эрчимт эмчилгээг даатгалд хамруулахгүйгээр энэ салбар урагшлахгүй

2019-07-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА “Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Анагаах ухааны доктор, Эрчимт эмчилгээний тэргүүлэх зэргийн эмч М.Наранпүрэвийг урьж ярилцлаа.  

Эрчимт эмчилгээний тусламж эрүүл мэндийн салбараас орхигдсон

  -Эмнэлэгт биеийн байдал хүнд өвчтөн эмчлүүлэх ёстой  гол цэг нь эрчимт эмчилгээ буюу манайхны хэлж заншсанаар Сэхээн амьдруулах тасаг. Эрчимт эмчилгээний тасаг нь олон эрхтэний дутагдалтай хүнд өвчтөнүүдийг эмчилж, оношилдог, техник технологийн дэвшлийг ашиглаж амин эрхтэнүүдийг эмчилдэг салбар юм. Гэтэл манайхан энэ тасагт зүрх нь зогсч буй өвчтөнийг хүлээн авч сэхээн амилуулдаг хэсэг л гэсэн ташаа ойлголттой. Угаас иргэдийн эрүүл мэндийн тусламжаас хүлээдэг гол хүлээлт нь яаралтай эсвэл амь тэнссэн үед эмнэлгийн тусламжийг шуурхай, чанартай авах юм. Энгийнээр тайлбарлахад, олгойн мэс заслын дараа хүндрэл гарахад эрчимт эмчилгээний тасагт эрхтэн системийг дэмжих бусад эмчилгээ хийснээр өвчтөний биеийн байдал сайжрах боломж бүрддэг. Ингэж хүнд өвчтөний амь насыг авардаг учраас дэлхий нийт ялангуяа, эмнэлгийн тусламж хөгжсөн улс орнууд энэ салбарт их хөрөнгө оруулж анхаарлаа хандуулж байна. Гэтэл манайд эсрэгээрээ. Яаралтай тусламж үнэ төлбөргүй, улсын төсвөөс санхүүжинэ хэмээн хуульд заах нэрийдлээр олон тусламжийг үнэгүйдүүлсэн. Үүнээс болж эрчимт эмчилгээний тусламж даатгалд хамрагдахгүй, бас төсвийн санхүүжилт ч тодорхойгүйгээс эмнэлгийн хамгийн их зардал гаргадаг, хасах баланстай салбар болсон. Яаралтай тусламж болон амь тэнссэн үеийн тусламж гэдэгт олон үйлчилгээ, тусламж, амь аврах эмчилгээ, оношилгоо хамаардгийн нэг нь эрчимт эмчилгээний тусламж байдаг тул энэ цогц тусламж үнэгүйдүүлж орхигдсон. Ганцхан жишээ хэлэхэд, 2015 онд хийсэн эрчимт эмчилгээний тусламж авч чадаагүй нас барсан тохиолдлуудыг Улаанбаатарын зургаан том эмнэлэг, зургаан дүүргийн эмнэлэг, есөн аймгийн эмнэлэгт хагас жилийн судалгаа хийсэн. Үүнээс харахад өвчтөнүүдийн 27 хувь нь энгийн тасагт нас барсан. Хэрэв тэднийг эрчимт эмчилгээний тасагт шилжүүлж зөв эмчилсэн бол 30 хувь нь буюу 54 хүний амийг аврах боломжтойг тогтоосон. Өөрөөр хэлбэл, эрчимт эмчилгээний тусламж хүртээмжтэй, чанартай бол зургаан сард 54 хүний амийг аврах бүрэн боломжтой байсан. Зургаахан сард шүү дээ. Хэдэн жилээр нь тооцвол ямар тоо гарахыг таашгүй. Эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан 54 хүн амьд байсан бол хөдөлмөрийн бүтээмж ямар байх вэ гэдгийг өртөг рүү шилжүүлж анхаарал татахыг оролдсон. Бодлого боловсруулагчид хүний амь насыг тоодоггүй юм бол мөнгөний тоог харах юм болов уу гэж бодсон. Магадгүй энэ тоо бага байж мэднэ. Хэрэв 54 хүн нас бараагүй бол 9.5 тэрбум төгрөгийн баялаг бүтээх байж гэсэн судалгаа гарсныг Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн. Харамсалтай нь мөнгө ярьсан ч анзаарахгүй байна л даа.  

Эрчимт эмчилгээний тусламж  даатгалаас санхүүждэггүй

БЛИЦ

Боловсрол: -БНХАУ-ын Анагаах ухааны их сургуульд хүний их эмч, Эрчимт эмчилгээний магистрын зэрэг хамгаалсан. Ажилласан байдал: -Улсын нэгдсэн төв эмнэлэг, Интермед эмнэлгийн Эрчимт эмчилгээний эмч, тасгийн эрхлэгчээр ажилласан. -Анагаахын ухааны их сургуулийн ЯТМСТ-д багш, МЯСЭ-т эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч. -Анагаах ухааны доктор, Эрчимт эмчилгээний тэргүүлэх зэргийн эмч.
-Эрчимт эмчилгээ хэвтэн эмчлүүлэх тасаг мөртлөө даатгалаас санхүүждэггүй. Зөвхөн эмчлүүлж байсан оношийн бүлгээр бусад тасгийн нэрээр даатгалын мөнгөө авдаг гэсэн үг. Тухайлбал,  олгойн мэс засал 200 гаруй мянган төгрөг авдаг. Гэтэл олгойн хүндрэлтэй өвчтөний эмчилгээний зардал 200 мянгаас арав дахин их. Үлдсэн 1.8 сая төгрөг эмнэлэг болон хувь хүнээс гардаг. Бид эрчимт эмчилгээнд эмчлүүлсэн хүмүүст хэдэн төгрөгийн зардал гарч, хэдийг нь ар гэрээс нь гаргадаг талаар судалгаа хийсэн юм. Судалгаагаа нэгдүгээр эмнэлэг дээр суурилсан бөгөөд нэг өвчтөнд дор хаяж 2.9 сая төгрөг зарцуулдаг юм билээ. Энэ мөнгөний 200 мянган төгрөгийг даатгалын сангаас гаргадаг. Албан ёсны санхүүжилт төрөөс шийдэгдээгүй  учраас үлдэгдэл 2.7 сая төгрөгийн  багахан хэсгийг эмнэлгээс, ихэнх нь өвчтөний халааснаас гарч байна. Нэг үгээр хэлэхэд зардал өндөр, ямар ч орлогогүй учраас эмнэлэг  эрчимт эмчилгээний тусламж үзүүлдэг ороо цөөлөх сонирхолтой. Тиймээс цөөхөн орон дээр азтай нь ч юм уу эсвэл үнэхээр зүрх зогсох агшинд л эрчимт эмчилгээнд шилжсэнээр тусламж оройтож авах нь элбэг. Гэтэл эмчилгээ үйлчилгээ сайтай хувийн эмнэлгүүдэд бол технологи, эм тарианы хүчээр нэг өвчтөний амийг аврахад 40-50 сая төгрөг зарцуулдаг юм билээ. Энэ бол хүнд өвчтөнийг эмчлэх буюу хүнийг хэвийн байдалд оруулахад шаардагдах дэлхийн дундаж үнэ гэж ойлгож болно. Би өөрөө хувь, хувьсгалын аль алинд нь ажиллаж байсан  учраас энэ бол хүний амь настай тэнцэхүйц бодит өртөг гэж боддог. Ингээд бодохоор манай улсад яарч сандарсан, хүндэрсэн хүмүүст хамгийн түрүүнд туслах, анхан шатан дээр хүний амь аврах учиртай эрчимт эмчилгээний салбар ямар байгаа нь дэндүү харамсмаар санагддаг. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар талаас нь Америкаар жишээ авахад 100 ортой эмнэлэг байлаа гэхэд 20 ор нь эрчимт эмчилгээний ор байх стандарттай. БНХАУ болон Солонгос улс ч ижил. Хүнд өвчтөнд тусламж үзүүлэх бэлэн байдал болон аюулгүй байдлыг бүрдүүлж байж л эмнэлгийн тусламжийн аюулгүй байдлын тухай ярина шүү дээ.  Гэтэл манай нэгдүгээр эмнэлэг 500 гаруй ортой байлаа гэхэд 100 нь эрчимт эмчилгээний ор байх ёстой атал одоо бол эрчимт эмчилгээний есөн ор л ажиллаж байна. Тиймээс санхүүжилтийн тогтолцоог нь сайжруулбал эмнэлгүүд аяндаа эрчимт эмчилгээний тусламжиндаа илүү анхаарал тавьдаг болно.  

100 хүн сэхээний тасагт эмчлүүлэхэд дөрвөн хүний нэг нь нас барж байна

  -Эрчимт эмчилгээ буюу сэхээний талаар ойлгож ярьдаг хүн цөөн учраас асуудлыг гаргаж тавьдаггүй. Учир нь энэ мэргэжлийн боловсон хүчний тоо цөөн, ажиллаж байгаа эмч нар нь ачаалал ихтэй. Эмнэлгийн дарга нар нь төсөв мөнгөний талаар мэддэг ч мэргэжлийн онцлогийг сайн ойлгоогүйгээс ч юм уу эсвэл төсөв мөнгөгүй салбар учраас хайхардаггүй, өөрөөсөө холдуулдаг. Дэлхий нийтэд эрчимт эмчилгээний тасаг дахь нас баралт 8-10 хувь байхад Монголд 25-50 хувь байдгийг бид хэд хэдэн удаа судалж тогтоосон. Монголд 2016 оны байдлаар жилд 15 мянган хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлсэн байна. Гэтэл 100 нь сэхээнд ороход дөрвөн хүний нэг нь нас бардаг. 21 аймаг болон нийслэлийн хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэг болгон эрчимт эмчилгээний тасагтай гэдэг ч  ор, боловсон хүчнээс эхлээд эм тариа, тоног төхөөрөмж маш дутмаг бөгөөд харилцан адилгүй байдаг. Олон улсын холбооноос гаргасан удирдамжид нэг оронд ногдох талбай, аппарат, боловсон хүчин, багаж төхөөрөмжийн стандарт гэж бий. Гэтэл энэ стандартаар бол хоёрдугаар шатлалын эмнэлэгт эрчимт эмчилгээ байхгүйтэй адил. УНТЭ, УГТЭ, ГССҮТ гэсэн зөвхөн гуравдугаар шатлалын хэдхэн эмнэлэгт л харилцан адилгүйгээр гадны хөрөнгө оруулалт, тусламжийн хүчээр бий болсон ч дэд бүтцийг хэвийн хэмжээнд сайжруулах тал дээр мөн л төсөв мөнгө дутагдалтайгаас түр зуурын байдалтай гэж ойлгож болно. Ингэж хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тусламж үзүүлдэг бүтэц зохион байгуулалт, тоног төхөөрөмж ялгаатай байгаа нь жилд тусламж авч байгаа 15 мянган хүнд харилцан адилгүй тусламж үйлчилгээ үзүүлж байна гэсэн үг. Гэтэл амь тэнссэн өвчтөнд үзүүлдэг эмнэлгийн тусламж үйлчилгээ бол дэлхийн нийтэд тогтсон удирдамжтай, ялгаагүй тусламж үзүүлж байж хүний амь нас аварна шүү дээ. 2015 оны байдлаар манай улсын эрчимт эмчилгээний тасгийн дундаж нас баралт 26 хувь байсан бөгөөд  гэмтлийн эмнэлгийн эрчимт эмчилгээний дундаж нас баралт 40 хувь байсан. Эдгээр үзүүлэлт нь манай эмнэлгийн тогтолцооны чадавхи маш сул байгааг харуулж байна. Тэгвэл бусад улс орон энэ салбарыг амжилттай ажиллуулж байгаа нь санхүүжилтээ тодорхой болгосонтой холбоотой. Зарим нь даатгалын системээ сайжруулж төлбөрийн олон хувилбартай, иргэн болон эмнэлгээс гарах зардлыг багасгах хувилбарыг тооцсон байдаг. Тухайлбал, БНСУ-ын АСАН эмнэлэг эрчимт эмчилгээний 200 ортой. Төлбөрийн 10 хувийг иргэнээс авч, 90 хувийг нь өвчний оношийн код, хүндрэл, ажилбараар тооцож даатгалаас санхүүжин тооцдог.Ингэснээр эмнэлэг ч ашигтай ажиллаж чаддаг тул улам хөгжүүлэх сонирхолтой болдог. Эрчимт эмчилгээний салбарт хүний амь насны асуудал яригддаг учраас өндөр өртөгтэй. Ухаан алдсан хүнийг аппаратаар амьсгалуулна. Бөөр нь ажиллахгүй байгаа бол хиймлээр ажиллуулна. Судсаар хооллоно гээд системээр нь эмчилдэг орчин өндөр өртөгтэй байхаас гадна тэр хэрээр эмч оюун ухаанаа зарцуулна. Энэ талаас нь харвал энэ салбарын ажилтнууд хангалттай цалин авдаг, өндөр чадвартай байх ёстой. Гэтэл өнөөдөр энэ салбарт ажиллах сонирхолтой эмч, сувилагчийн тоо улам цөөрч хүний нөөцийн хомсдолд орсон. Дэлхий нийт эрчимт эмчилгээний эмч нарыг 5-6 жил бэлтгэдэг бол манайх хоёр жил л сургадаг. Нөгөө талаас сэхээний эмч нарын ачаалал бусдаас 10-20 дахин их хэрнээ авдаг цалин нь адил учраас хэн ч сонирхдоггүй.  

6-7 өвчтөнийг нэг сувилагч хариуцдаг

  -Эрчимт эмчилгээний тасагт хамгийн чухал хүний нөөц бол сувилагч. Өөртөө үйлчилж чадахгүй хүмүүсийн бүх зүйлийг сувилагч хийдэг. Энэ мэргэжлийн сувилагч нарыг мэргэжлийн хувьд бэлтгэдэг боловч сүүлийн үед мэргэжилтэй сувилагч олдохоо больсон нь өнөөх л нийгмийн асуудалтай холбоотой. 2018 онд хийсэн судалгаагаар 6-7 хүнд өвчтөнийг нэг сувилагч хариуцаж байна. Монгол Улсын эмнэлгийн стандартаар хоёр өвчтөнийг нэг сувилагч хариуцна гэж заасан. Үүнээс харвал олон улс байтугай Монголынхоо стандартыг ч хангаж чадахгүй байна. Тоног төхөөрөмжийн хангамжийн талаар бүр ярих ч боломжгүй.  Олон улсад ариутгасан хиймэл амьсгалын аппарат өвчтөний ор болгонд байдаг бол манайд дөрвөн ортой тасаг байлаа гэхэд хоёрт нь л байх жишээтэй. Аппараттай орон дээр байгаа хүнээ хүлээх хооронд нөгөө хоёр нь эрсдэлд орно. Энэ байдал дүүрэг, орон нутгийн эмнэлэгт бол таван орны нэгэнд л хиймэл амьсгалын аппараттай. Хөдөө орон нутагт хиймэл амьсгал хийх аппаратад холбох хүчилтөрөгчийг том баллоноор Улаанбаатар хотоос тээвэрлэдэг. Зарим хүнд өвчтөнд нэг баллоныг нэг өдөр хүрэхгүй ашиглана гэхээр олон баллонтой хүчилтөрөгч хэрэгтэй. Гэтэл эмнэлгийн төсвийн байдлаар ийм олон баллон хүчилтөрөгч тээвэрлэх боломж муу. Хаа холоос нэг баллоныг 150 мянгаар тээвэрлэхийн оронд хүчилтөрөгчөө хэмнэхийг боддог нь нууц биш шүү дээ. Тиймээс эрчимт эмчилгээний салбар руу дахин өнгийж харах ёстой. Тоног төхөөрөмж, хүний нөөцийг алхам алхмаар шийдэх хэрэгтэй. Хамгийн гол нь санхүүжилт буюу даатгалыг нэвтрүүлж байж амьсгаа авахтайгаа болно. Эдгээр асуудалтай холбоотойгоор өнгөрсөн намар эрчимт эмчилгээний нийгэмлэгийн чуулган хийж салбарынхныхаа дунд хэлэлцүүлсэн. Эрүүл мэндийн яамны удирдлагуудыг урьсан ч ирээгүй. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргыг урьсан боловч жижиг нийгэмлэгийн хуралд очихгүй гэсэн хариу өгсөн. Арга барахдаа зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг яаманд хүргүүлсэн ч одоогоор хариу авч чадаагүй. Хувийн зүгээс ч эрчимт эмчилгээ сайжирснаар салбарын тогтолцоо сайжрах үндэслэлүүдээ 2017 оны хавар ЭМЯ-нд хүргүүлсэн ч уншсан эсэх нь тодорхойгүй. Хувь хүн, нийгэмлэгээрээ хандаад үр дүнд хүрсэнгүй. Одоо ямар замаар энэ олон хүний амьтай холбоотой асуудлыг шийдвэрлүүлэх  ёстойгоо сайн мэдэхгүй байна. Бид хоёр удаагийн зөвлөмждөө эрүүл мэндийн даатгалыг хэрхэн шийдэх хувилбар, боловсон хүчин бэлтгэх санал, салбарын мэргэжилтнүүдийн нийгмийн асуудлаар дэмжлэг үзүүлье гэсэн гарц гаргалгаагаа хүргүүлсэн.  Дарга нар сайхан зүйл ярьж, тууз хайчлахаас биш асуудлын гүн рүү ордоггүй.  

Африкийн улсуудтай адил тусламж үзүүлж байгаагаа хүлээн зөвшөөрөхөөс аргагүй

  -Олон улсад хүнд өвчтөнийг бүрэн тоноглосон тээврийн хэрэгслээр, мэргэжлийн, тусгай зөвшөөрөлтэй баг тээвэрлэдэг. Бид хүнд өвчтөнүүдээ орон нутгаас, тэр бүү хэл хот дотроо тээвэрлэж чадахгүй байна. Гэтэл аюулгүй тээвэрлэх тоноглосон машингүй, эмч, сувилагч, эм тариа хангалтгүй.Ар гэрийнх нь зардлаар эрсдэлтэй нөхцөлд тээвэрлэдэг. Үүнээс болж замдаа улам хүндрэх, нас барах тохиолдол их. Эрүүл мэндийн яам болон дарга нар байсхийгээд л тоноглосон машин бэлэглэлээ гэдэг. Гэтэл тэр машин нь энгийн хүн тээвэрлэхээс биш хүнд өвчтөнд тохирохгүй. 800 км амьсгалын аппараттай тээвэрлэх боломжгүйгээс арга ядсандаа ар гэрийнхэн нь онгоцоор авчирдаг. Онгоцоор авч явах ч аюултай. Энэ бол эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийг үнэгүйдүүлсний уршиг. Хүний амь авардаг чухал салбараа олон улсын стандартаар  ажиллуулъя  гэвэл одоогийн төсөв, хууль дүрмээр эмнэлэг ажиллах боломжгүй. Энэ бол эрүүл мэндийн салбарын гажуудал. Хамгийн чухал салбараа санхүүжүүлэхгүй, чадвартай эмч мэргэжилтнүүд бэлтгэхгүй байгаа юм чинь эмнэлгийн тусламж муу байж хүний амь эрсдэх нь тодорхой шүү дээ. Манай улс элэг, бөөр амжилттай шилжүүлэн суулгаж байгаа нь сайн. Гэхдээ эмнэлгийн тусламжийн суурийг үзүүлж чадахгүй л бол нас баралт буурахгүй. АНУ болон бусад хөгжингүй орны салбарын хөгжилтэй өөрсдийгөө жишихээ болъё. Харин хөгжиж буй улс оронтой харьцуулахад маш муу түвшинд байгаа шүү дээ. Жишээлбэл, Вьетнам, Шри Ланкаас муу, Африкийн улс болох Тонго, Танзани, Конготой адил тусламж үзүүлж байгаагаа салбартаа хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Би БНХАУ-д боловсрол эзэмшиж энэ мэргэжлийг эзэмшсэн хүний хувьд манай улсын эрчимт эмчилгээний салбар Хятад улсын хаана нь ч дөхөхгүй байгаа гэдгийг баттай хэлнэ. Гэтэл манай салбарын олон хүн бид дэлхийн хэмжээний тусламж үзүүлж байна, чадаж байна гэж ярьж, зарлахыг хараад ичдэг. Эрүүл мэндийн тусламж чухал гэдэг мөртлөө үхлүүт байгаа хүндээ тусалж чаддаггүй, салбарынхаа гажуудлыг анзаардаггүй. Үүнээс болж олон хүн амиа алдаж байгааг эмнэлгийн тусламж үйлчилгээ муу байна гэж ярьдгаас тогтолцоог өөрчлөх талаар хэн ч ярихгүй байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.29  ДАВАА  №149  (6116)
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

8 цаг 29 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

10 цаг 36 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

11 цаг 55 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

13 цаг 0 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

20 цаг 20 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

20 цаг 20 мин
Хөгжлийн төлөөх түншүүд 35 жилийн хамтын ажиллагаа

Европын Холбоо Монгол Улс тэртээ 1989 онд дипломат харилцаа тогтоосноос

20 цаг 20 мин
Нүүрсээ худалдаад бүгдээрээ хувааж идэх үү, нүүрсний хулгайг хэвээр үргэлжлүүлэх үү?!

Монголын төр олон жил гацсан нэгэн том төсөлд ойрын өдрүүдэд цэг тавина.

20 цаг 20 мин
"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

Уржигдар 15 цаг 05 мин