
Сүүлийн жилүүдэд цаг агаарын хэт дулаарал явагдаж, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж олширч, тэдгээрийн учруулах хор хохирлын хүч улам нэмэгдсэн гэж үзэж байгаа билээ. Энэ жилийн арваннэгдүгээр сард “Хайяан” хар шуурга Зүүн Өмнөд Азийн бүс нутаг, ялангуяа Филиппинд үлэмж хэмжээний хохирол учруулсан байна. Энэхүү хар шуурга нь оргил үедээ нэг цагт 370 орчим километр буюу нэг секундэд 100 гаруй метр хурдтайгаар салхилж, 7000 орчим хүний амь насанд хүрч, барилга байшин зэрэг бусад хохирол нь үлэмж их хэмжээтэй болсон юм.
“Хайяан” нь Филиппины түүхэнд хамгийн хүчтэй хар шуурга болсон, түүнчлэн салхины хурдны хувьд дэлхийд тэмдэглэгдсэн хар шуургануудын дотроос хамгийн их хурдтай шуурга болжээ. Олон улсын байгууллагуудын тооцоолсноор тус хар шуурганд нийт 11 гаруй сая хүн өртсөн байна.
Яг “Хайяан” хар шуурга ид хүчээ авч Зүүн Өмнөд Азийн бүс нутагт өөрийн аймшигт аяллыг хийж байсан тэр үед Польшийн Варшав хотод НҮБ-аас Цаг уурын өөрчлөлтийн бага хурал болсон юм. Тус бага хурлын төлөөлөгчид цаг уурын өөрчлөлт, байгальд учруулж буй хор хохирлын уршгаар “Хайяан” мэтийн хар шуургын гарах давтамж олширч, үзүүлэх хор хохирол үлэмж нэмэгдсэн тухай мэдэгдэж байсан юм. Тэр бага хурал дээр Филиппиний төлөөлөгч Е.Саньо “Хайяан” хар шуурга Филиппинийг хүчтэй дайран өнгөрч олон мянган хүний амь насыг хөнөөж, олон сая хүн хоол хүнсгүй зовж байгаатай холбогдуулан тэдэнтэй сэтгэл санааны эв нэгдэлтэй байгаагаа илэрхийлж, өөрөө сайн дураараа хоол идэхээ больж, нэг ёсны өлсгөлөн зарласнаа мэдэгдэхэд бага хурлын төлөөлөгчид түүний тийнхүү эр зориг гарган шийдвэрлэснийг дэмжин суудлаасаа босч алга ташсан юм. Америкийн төлөөлөгч К.Рийз болон байгаль орчны чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын төлөөлөгч нийт 60 гаруй хүн Е.Саньогийн өлсгөлөнг дэмжиж бас өлсгөлөн зарласан байна. Түүнчлэн яг тэр үед Филиппиний алдарт мэргэжлийн боксчин М.Пакьяао Хонконгт тоглолт хийж, ялалт байгуулсныг Филиппин даяараа баяртайгаар хүлээн авч, “Хайяан” хар шуурганд нэрвэгдэж хохирсон хүмүүст нэг ёсны сэтгэл санааны дэм өгсөн чухал үйл явдал болсон гэж үзсэн юм.
“Хайяан” хар шуурга дайрч өнгөрсний дараа Филиппиний Засгийн газар удаан, болхи ажилласан гэсэн шүүмжлэлд өртсөн билээ. Орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын ажилтнууд өөрсдөө “Хайяан” хар шуурганд нэрвэгдэж, бусдад туслах битгий хэл өөрсдийгөө яах вэ гэсэн хүнд байдалд орсон байсан тул тийнхүү Засгийн газрын туслалцаа хар шуурганд цохиулж хохирсон хүмүүст удаан хүрсэн гэж тайлбарладаг билээ. “Хайяан” хар шуурга зөвхөн Висаяа аралд ямар хэмжээний хор хохирол учруулсан бэ гэдгийг дараах тоо тод томруун харуулна. Тус хар шуурганы уршгаар 1,9 сая хүн орон гэргүй болсон, 6,0 хүн оршин сууж байсан газраасаа өөр тийшээ нүүн шилжсэн байна.
“Хайяан” хар шуурганы улмаас учирсан гамшгийн ул мөрийг арилгахын тулд НҮБ-аас дэлхийн улс орон, байгууллагуудад хандаж тусламж дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Нийт 300 гаруй ам.долларын хэмжээний тусламж хэрэгтэй гэж тооцжээ. “Хайяан” хар шуурганы хор хохирлыг даван туулах үйл хэрэгт Австрали 28 сая ам.доллар, Канад 40 сая ам.доллар, Япон 52 сая ам.доллар, Кувейт 10 сая ам.доллар, Норвеги 22 сая ам.доллар, Саудын Арави 10 сая ам.доллар, Өмнөд Солонгос 5 сая ам.доллар, Швейцари 5,4 сая ам.доллар, АНЭУ 10 сая ам.доллар, Их Британи Улс 131 сая ам.доллар, АНУ 37 сая ам.доллар зэргийн хандив өгчээ. Эдгээр болон бусад улс орон аврагчдыг явуулах, эм явуулах, хоол хүнсний зүйл илгээх зэргээр мөнгө бус хэлбэрээр тусалсан байна.
Энэ үед олны анхаарал татсан нэг асуудал бол БНХАУ Филиппинд “Хайяан” хар шуурганы учруулсан хор хохирлыг давж туулахад нь 1,4 орчим сая ам.долларын мөнгөний туслалцаа үзүүлсэн байна. Үүнийг ажиглагчид Хятад ба Филиппиний хооронд Спрэтли арлууд хэнийх нь газар нутагт хамаарах вэ? гэсэн асуудлаар маргаан зөрчил байдаг учир БНХАУ тийнхүү ихээхэн бага хэмжээний туслалцаа үзүүлсэн гэж дүгнэсэн байдаг.
Ямар ч байсан “Хайяан” хар шуурга Зүүн Өмнөд Азийн бүс нутаг, ялангуяа Филиппинд үлэмж хэмжээний хор хохирол учруулж, хүн төрөлхтөн байгаль орчиндоо ухаалаг хандахгүй бол цаг агаарын өөрчлөлтөөс үүдсэн байгалийн гамшгийн гарах давтамжийн тоо олширч, учруулах хөнөөл нь нэмэгдэх нь гэдэг тод томруун дохио боллсон юм.