
Ромын католик шашины сүүлийн 600 гаруй жилийн түүхэнд анх удаа Ромын Пап амьд сэрүүндээ албан тушаалаасаа сайн дураараа огцорч, 16 дугаар Бенедикт сэнтийгээ дараагийн Ромын Папт шилжүүлсэн нь 2013 оны томоохон үйл явдлын нэг болов. Арга ч үгүй юм даа. 1415 онд 12 дугаар Грегорий амьд сэрүүндээ албан тушаалаасаа огцорсноос хойш анх удаа Ромын Пап албан тушаалаасаа огцорсон нь энэ. 14 дүгээр Бенедикт ямар шалтгаанаар албан тушаалаасаа сайн дураараа огцорч байгаагаа тайлбарлахдаа “Эзэн тэнгэртэй нууц харилцаа холбоо тогтооход (нэг ёсны бясалгал хийж байхад хэмээн хялбаршуулан тайлбарлаж болно) тийнхүү өөрт нь огцрох тухай айлдсан” гэж тайлбарлажээ. Нөгөө талаар дэлхийд 1.2 тэрбум католик шашинтан байдаг гэсэн тооцоотой, тэгээд ч Ром дахь Католик шашины төв нь бие даасан улсын статустай байдаг учир энэхүү үйл явдал бүх дэлхийн анхаарлын төвд байсан нь ойлгомжтой. Тийм учраас аль ч улсын төрийн тэргүүн Ромын Паптай уулзахыг хүсч байдаг бөгөөд Ромын Папын айлдсан үг, гаргасан шийдвэр нь үгүйдээ гэхэд 1.2 тэрбум католик шашинтнуудад Эзэн тэнгэрийн зарлиг мэтээр буудаг билээ. Саяхан хүртэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Ромын Паптай уулзсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн дэлгэр сурталчилсаныг манай уншигчид, үзэгчид сайн санаж байгаа бизээ.
Бенедиктын оронд хэн шинэ Ромын Пап болох вэ гэсэн асуултын хариу Аргентины кардинал Бергольо Ромын Папаар сонгогдсоноор тодорхой болов. Ийнхүү анх удаа Латин Америкаас Ромын Пап тодрон сонгогджээ. Тэрээр Аргентинд Буэнос-Айрес хотын католик шашинтны тэргүүн епископоор ажиллаж байхдаа энгийн даруу байхын үлгэр жишээг өөрийн биеэр үзүүлж, сүжигтэн олны итгэл дэмжлэгийг авсан нэгэн байжээ. Аргентины кардинал Бергольо Ромын Папаар сонгогдсоныхоо дараа уламжлалын дагуу шинэ нэр авахдаа XIII зууны католик шашинтны ариун явдалтан Францисын нэрийг авсан юм.
Ариун Францис Христ бурханд үнэн сэтгэлээсээ сүжиглэн биширч байсан учир Христ бурхныг цовдлоход түүний хоёр хөл, хоёр гар болон бөөрнийх нь хавьд үүссэн нийт таван шарх олон зуун жилийн дараа түүний бие дээр аяндаа тодрон гарсан гэж тооцогддог. Тийнхүү католик шашинтны дунд Христ бурхан цовдлогдоход түүний бие дээр бий болсон шарх жинхэнэ сүжигтний бие дээр сүжиг бишрэлийнх нь хүчээр тодрон гардаг уламжлал ариун Францисаас эхлэн буй болж тогтжээ. Ариун Францис энгийн байхыг эрхэмлэдэг, ядуучуудад тусалдаг нэгэн байжээ. Түүний нэрийг авсан шинэ Ромын Пап Францис ч гэсэн католик шашинтны сүмийг өөрчлөх ажилд ханцуй шамлан идэвхтэй орсон байна. Тухайлбал католик шашинтны сүмийн уламжлал ёсоор Ромын Папын хувьд шоронд хоригдож байгаа бага насны хоригдлын хөлийг угааж үнссэн байна. Түүнчлэн арваннэгдүгээр сарын сүүлээр тэрээр Ромын Папын хувьд илтгэлээ танилцууллаа.
Тэрээр илтгэлдээ ямар ч зохицуулалтгүй зах зээлийн эдийн засаг, баян хоосны ялгаа, ядуурал, өлсгөлөн, баялгийн шударга бус хуваарилалт зэргийг шүүмжилж, энэ бүхнийг өдөөж байдаг, эсхүл шийдэж чаддаггүй орчин үеийн эдийн засгийн тогтолцоог шинэ дарангуйлал мөн хэмээн буруушаажээ. Ромын Пап Францис илтгэлдээ гагцхүү ашиг хонжооны хойноос үхэн хатан хөөцөлддөг тогтолцоог зөвтгөсөн үзэл суртал зохицуулалтгүй зах зээлийг бурханчилдаг нь туйлын буруу. Гудамжинд өлссөнөөсөө болж үхэж байгаа хөгшин хүний тухай нэг ч үг дуугарахгүй байгаа мөртлөө хөрөнгийн биржийн индекс нэг хоёр хувиар дээш, доошоо хөдөлснийг шуугилдан дамжуулж байгаа нь өнөөгийн нийгэм ямар ч байсан эрүүл саруул биш байгаагийн тэмдэг хэмээн дүгнэжээ.
Ямар ч байсан Ромын Пап Францис католик шашинтны сүмийг өөрчлөх, тэрхүү өөрчлөгдсөн сүмээр дамжуулан өнөөгийн дэлхий дахиныг өөрчлөх, жирийн хүний эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг сүмтэй, төр засагтай болох их аянаа эхлүүллээ хэмээн олон хүн үзэж, түүнд итгэл найдвар тавьж байгаагийн илэрхийлэл болж, түүнийг нэр төртэй “Тайм” сэтгүүл оны хүн болгон зарласан билээ.