“Өмнөд Африкийн эцэг” хэмээн нэрлэгддэг Нельсон Мандела удтал хүндээр өвдсөний эцэст 95 насандаа таалал төгслөө. Түүнд Нельсон хэмээх нэрийг сургуулийнх нь багш эмэгтэй сургуульдаа орсон анхных нь өдөр өгсөн гэдэг. Харин аав нь түүнд төрөхөд нь Ролилала буюу “тайван байдаггүй нэгэн” гэсэн нэр өгчээ. Тэрээр насан туршдаа арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэгч хувьсгалч байсан бөгөөд улс төрийн үзэл баримтлалын хувьд Африкийн үндэсний үзэлтэн, түүнчлэн ардчилсан социалист үзэлтэн байсан аж.
Тэрээр 1963 онд төрийн эргэлт хийхийг завдсан хэмээн буруутгагдаж, тухайн үеийн дэглэмийн хараат шүүхээс түүнд насан туршид нь шоронд хорих ял оноожээ. Тэрээр нийтдээ 27 жил шоронд суусан юм. Түүний хэлэх дуртай үг “Амьдрал бол тэмцэл мөн”.
Мандела 1990 онд ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Де Клеркийн шийдвэрээр шоронгоос суллагдаж, 1993 онд Де Клерктэй хамт Нобелийн энх тайвны шагналыг хүртэж, улмаар 1994 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд оролцон ялж, ӨАБНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогджээ.Тэрээр Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Үнэний болон эвлэрлийн комисс байгуулжээ. Энэ байгууллагын үйл ажиллагааны гол зарчим шийтгэхэд биш харин үнэнийг тогтоож, эвлэрүүлэхэд чиглэгдэж байсан байна. Ийнхүү ӨАБНУ хүнд хэцүү өнгөрсөн түүхээ үнэнээр нь мэдсэнээр түүнтэйгээ зууралдахаа больж, өнөөдрийн тулгамдсан асуудалд анхаарлаа хандуулж, ирээдүйд хөгжил дэвшлийн зам дээр гарах аргаа олж чадсан гэж үздэг.
Ер нь Н.Мандела олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн зүтгэлтэн болох нь түүний эрх дархтай болсныхоо дараа өшөө хонзон өвөрлөж, бусдыг хэлмэгдүүлээгүй, албан тушаалтайгаа үхэн хатан зууралдаагүйтэй шууд холбоотой гэж үздэг. Хэрэв өшөө хонзон авахын тулд өрсөлдөгчдөө хэлмэгдүүлж, албан тушаалтайгаа үхэн хатан зууралдаж, элдвийн аргаар эрх дархаа хамгаалах гэж оролдсон бол ээлжит дарангуйлагч болж хувирах байсан бизээ.
Н.Манделатай салах ёс гүйцэтгэх ёслолд 90 гаруй төр, засгийн тэргүүн нар оролцсон байна. Энэхүү ёслолын үеэр болсон сонирхолтой үйл явдлын тоонд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Кубын тэргүүн Рауль Кастротой гар барьсан, олон эхнэртэй, олон дагавар хүүхэдтэй ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Жакоб Зумаг эсэргүүцэн шүгэлдэж хашгиралдсан, АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Данийн Ерөнхий сайд Х.Э.Шмидт, Их Британы Ерөнхий сайд Д.Камерон нартай хамт “сельфи” зураг (Энэ онд Оксфордын англи хэлний тайлбар толь бичигт оруулсан шинэ үг. “Сельфи” гэдэг нь гар утсаараа өөрийнхөө зургийг авна гэсэн утгыг илэрхийлнэ) авсан, тус ёслол дээр үг хэлсэн хүмүүсийн үгийг сонсгол муутай иргэдэд дохионы хэлээр орчуулж байсан хүн ойлгогдохгүй хөдөлгөөн хийсэн, тэгснийгээ өөрөө сэтгэцийн өвчтэй учир нүдэнд нь тэнгэрээс лха тэнгэр бууж ирсэн мэт харагдсан, чихэнд нь элдвийн дуу чимээ сонсогдсон мэтээр тайлбарласан зэрэг орно.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Нельсон Манделатай салах ёслолд оролцохдоо “Солонгын орон гэдэг Өмнөд Африкийн иргэд та бүхэн эцгийгээ алдсан, хүн төрөлхтөн нэгэн агуу багшаа алдсан. Тэрээр үгээр биш үлгэр жишээгээрээ сургадаг байсан” гэж хэлжээ.