
Б.ЭНХЗАЯА
Өнгөрсөн жил барилгын салбарт ноцтой ослууд гарч, мэргэжлийн хяналтын удирдлагууд банга хүртэж байв. Хариуцлагагүй хандаж, зөвшөөрөлгүй барилгууд бариулсан хэмээн буруутаж үүрэгт ажлаа өгсөн Р.Содхүүгийн оронд дэд дарга нь байсан Д.Гүньбазар очсон билээ. Одоо тэрээр энэ байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч. Түүний өнгөрсөн хугацаанд хийсэн ажлыг ажвал дараагийн жинхэнэ удирдлагыг ирэх хүртэл орлосон хэмээн дүрсэлж болох. Ирэх оноос татан буугдах мэдээлэл лавшрах үеэр санхүүгийн ажилтан нь ажилчдынхаа нийгмийн даатгалын мөнгөнөөс 60 сая төгрөгийг завшсан тухай мэдээлэл уг байгууллагыг хөдөлгөөнд оруулаад байна. Эл үйлдэлд Д.Гүньбазар санаатайгаар биш юм гэхэд гарын үсгээр холбогдсон гэх. Д.Гүньбазар яг жилийн өмнө Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргаар Г.Баярсайханыг нэг томилж, нэг эргүүлэн татсан нь багагүй хэл ам дагуулсан.
Нэг жилийн хугацаанд олон нийтэд мэдэгдэхүйц хийсэн “ажил” нь дээрх хоёр. Тэрээр энэ албыг авахын өмнө МХЕГ-т барилгын Хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан гэхээс өөрөөр намтар нь мэдэгдэггүй аж.
МХЕГ-ын хариуцсан салбар бүрт хяналт суларч, хүнд суртал, авлига ноёрхсон жилүүдэд цэг тавихыг ард иргэд хамгийн ихээр хүлээж буй. Улс орны үндэсний аюулгүй байдлыг хангах, хянах чухал үүрэгтэй энэ байгууллагыг шинэчлэх шаардлагатайг тэр хэн хүнээс ч илүү мэдэрч байсан. Гэвч 11 жилийн хугацаанд 10 дарга сольсон энэ газрын даргын түр орлон гүйцэтгэгчийнхээ нэрээр албаа өндөрлөх бололтой.