Гашуунсухайт руу хатуу хучилттай замаар нүүрс тээвэрлэж эхэллээ

2019-07-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Тавантолгойн ил уурхайн олборлолт, нөхөн сэргээлт, компанийн нийгмийн хариуцлага, үйл ажиллагааг сурвалжлахаар өнгөрсөн баасан гаригт хэсэг сэтгүүлч Улаанбаатараас хөдөллөө.    Тус орд нийслэлээс 540 км, Цогтцэций сумаас 12 км, харин Гашуунсухайтын боомтоос 270 км зайд байрлана. Бид өглөөний 09:00 цагт хөдөлж, үдшийн бүрийтэй зэрэгцэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Цанхи” хотхонд очив. Улаанбаатараас Өмнөговь хүртэлх төв зам нэлээд эвдрэл, гэмтэлтэй байна. Зам хаасан, засвартай газар олон учраас тухайн хэсгүүдэд шороон замаар зорчиж байлаа. Биднийг “Цанхи” хотхонд очиход уурхайн удирдлагууд хүлээж авсан. Харин уурхайчид аль хэдийнэ амарчээ. Хотхонд 22:00 цаг гэхэд бүхий л үйл ажиллагаа өндөрлөж, уурхайн ажилчид амарсан байх хуваарьтай. Энэ хуваарийг уурхайд хууль мэт мөрддөг. Тавдугаар сарын 29. Өглөө эртлэн Цанхи хотхоноос тав орчим км зайд байрлах Тавантолгойн ил уурхайтай танилцлаа. Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани  2010 оноос  ил уурхайд  нүүрс олборлолт явуулж байна. Баруун, зүүн Цанхи, Бор тээг, Оорцог, Бортолгой, Онч хараат гэсэн ордуудтай. Одоогийн байдлаар дөнгөж Цанхийн ордод олборлолт явуулж байна. Нийтдээ бүлэг ордууд нь зургаан тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Үүний 2.1 тэрбум нь коксжих нүүрс бол, 3.9 тэрбум нь эрчим хүчний нүүрстэй байна. Коксжих гэдгийг энгийнээр тайлбарлахад металл хайлуулдаг гэж ойлгож болно. Энэ ч утгаараа Тавантолгойн бүлэг орд нүүрсний чанар, агууламжаараа олон улсад тэргүүлж, нүүрсний экспорт нэмэгдэж байгаа юм.   Тухайлбал, тавдугаар сарын 29-ний  байдлаар Тавантолгойн ордын зүүн, баруун Цанхиас найман сая тонн нүүрс олборлож, экспортод гаргажээ. Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ХАБХ-ийн дарга Ц.Баярмагнай “ Уурхай маань байгуулагдсанаасаа хойш 50 сая тонн  нүүрс экспортложээ. Үүнээс өнгөрсөн жил түүхэндээ хамгийн их буюу 10  сая тонныг олборлосон.  Энэ жил давуулан биелүүлж, 15 сая тонн нүүрс  олборлох  төлөвлөгөөтэй байна. Өнөөдрийн байдлаар найман сая тонныг нь олборлож экспортлолоо” гэв. Тавантолгойн ордод уурхайчид  24 цаг тасралтгүй олборлолт явуулж байна. Дөрвөн ээлжийн ажилчид  хоёр ээлжээр 12, 12 цагийн зайтай ажилдаа гарна.    Техник, тоног төхөөрөмжийн хувьд жилээс жилд сайжирсан бөгөөд одоо монголдоо анхдагч цахилгаан эксковаторууд нүүрс олборлолтод хүчин зүтгэж байна. Тэдний  олборлосон нүүрсийг эргэлтэд оруулж, Гашуунсухайтын боомт руу зөөж,  экспортлохоор 9000 гаруй жолооч ажиллаж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс эдгээр жолооч нарын тав тухтай, амрах орчинг бүрдүүлэх зорилгоор хотхон хүртэл байгуулжээ. Ер нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс нэгдүгээрт хүн гэсэн бодлого баримтлан  ажилладаг байна. Уурхайн хажууд ажилчдын амрах Цанхи хотхон байрлана. Амрах гэрүүд нь дотроо ариун цэврийн өрөө, дүүштэй. Хотхонд спорт заал, бялдаржуулах клуб, караоке, бүжгийн гэр, номын сан гээд уурхайчдыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх бүхий л боломжоор хангаж өгсөн байна.  Мөн ажилчдын хоолны илчлэг, амрах цаг гээд бүгдийг олон улсын стандартын дагуу нарийн зааж өгсөн.  Тэр л заавар зааварчилгааны дагуу үйл ажиллагаа явуулдаг байна. Үдээс хойш. Уурхай, “Цанхи” хотхоны үйл ажиллагаатай танилцсаны дараа сэтгүүлчид компанийн нөхөн сэргээх талбай руу явлаа. Өмнөговь аймгийн удирдлагаас нэг тонн нүүрс, нэг мод гэсэн агуулгатай захирамж гаргажээ.   Модыг тариад орхих биш ургуулах зарчим баримталж байна. Үүнийг тус аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд хэрэгжүүлж байна. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компаниас “Ногоон говь” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.  Өмнийн говийг ногооруулах зорилгоор одоогийн байдлаар 28 мянган мод тариад байна. Говьд мод тарина гэдэг амаргүй учраас “Эрдэнэс Тавантолгой” компани, ХААИС-ийн багш нартай хамтран ажиллаж байна. ХААИС-ийн  Агроэкологийн сургуулийн захирал, доктор А.Буянбаатар “Байгаль орчны асуудал дэлхий даяар нэлээд хурцдаж байна. Нөхөн сэргээлт, зөв зохистой ашиглалт яригдаж, өндөр технологи ч шаардаж эхэллээ. Хүчилтөрөгч байхгүй бол хүн байхгүй. Нөгөө талаар ногоон байгууламж нь тоосжилтыг бууруулдаг.  Одоо уурхайн орчимд ямар их тоосжилттой байгааг та бүхэн харж байна. Энэ нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.  Тиймээс “Ногоон говь” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байна” гэв.  Сургуулийн багш нарын зүгээс говийн ургамлын тухай судалгаа хийж,  нутагшуулах туршилтуудыг тэнд явуулж байна. Ер нь улсын хэмжээнд говийн бүс нутагт ургадаг  ургамлуудын үрийн нөөц хангалтгүй, бүр тасрах хэмжээнд хүрчээ.   Тэгэхээр энэ үрийн нөөцийг хамгаалж үлдэхээр ажиллаж байгаа” гэв. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК уурхайн хажууд хэд хэдэн туршилтын талбай, хүлэмж байгуулаад байна. Энэ талаар тус компанийн байгаль орчны мэргэжилтэн А.Аззаяа бидэнд мэдээлэл өглөө. Тэрээр “Бид 2011 оноос эхлэн нэг га талбайд нөхөн сэргээлтийн туршилт хийж байна.  Манай туршилтын талбайд сухай, шар хуйс, хайлаас, бургас, чацаргана гэсэн 10 гаруй төрлийн модлог ургамал ургаж байна.  Үүнээс говийн  нөхцөлд ургах боломжтойг сонгож, 10 га мод үржүүлгийн талбайдаа ургуулдаг.  Түүнээс шалгарсныг нь нөхөн сэргээх талбайдаа суулгаж нөхөн сэргээх юм. Говийн нөхцөл хайлаас, сухай, шар хуайс зэрэг моднууд сайн ургаж байна” гэлээ.    Уул уурхайн компаниудад нөхөн сэргээлтийн асуудал нэн чухалд тооцогддог. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд энэ асуудалд нэлээд санаачлагатай ажиллаж байгаа юм. Мөн тус уурхайн нөлөөллийн бүсэд одоогоор 10 орчим малчин өрх амьдарч байна. Нийгмийн  хариуцлагын хүрээнд компанийн зүгээс тэдэнд худаг гаргаж өгөх, булгийн эх ундаргыг хамгаалах ажлуудыг хийжээ. Тавдугаар сарын 30.  Нэлээд чухал өдөр байв. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайгаас Гашуунсухайтын боомтын чиглэлд 8.2 км автозамыг нээлээ. Үүнийг нүүрс тээвэрлэгч жолооч нар хамгийн баяртай угтав. Тэд тухайн чиглэлд өдөр бүр тээвэрлэлт хийж байна. Замын асуудал нэлээд хүндрэлтэй. Харин энэхүү зам ашиглалтад орсон нь томоохон бүтээн байгуулалт болов. Түүнчлэн сум орон нутаг, уурхайн нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэд ч баяртай байна. Уул уурхай дагасан хөгжил сайхан ч гэлээ хүндрэлтэй асуудал олон бий. Үүний нэг нь тоосжилт.  Тэгвэл автозам ашиглалтад орсноор тоосжилтын асуудал нэлээд багасна гэж тооцоолжээ. Түүнчлэн хатуу хучилттай замаар тээвэрлэлт хийх нь   нүүрсний эргэлт, экспорт хэмжээ ч нэмэгдэх нь тодорхой. Автозамын нээлтэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, замын гүйцэтгэгч компани болох “Арж капитал” компанийн гүйцэтгэх захирал Ч.Батбаяр, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар болон орон нутгийн удирдлагууд оролцлоо. Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Олон улсын стандартад нийцсэн хатуу хучилттай замыг нээж байна. Жил гаруйн хугацаанд 14.3 тэрбум төгрөгөөр дангаараа автозам барилаа. Ер нь 2019 он манай компанийн хувьд бүтээн байгуулалтын жил болно.  Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын ажил эхэллээ. Удахгүй Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замаа барьж эхэлнэ.  Мөн Хангимандал чиглэлийн автозамын ажил байна. Удахгүй Нүүрс баяжуулах үйлдвэр, усан байгууламжийн төслүүдийн ТЭЗҮ-г батлах гэж байна. Их бүтээн байгуулалтын ажлууд энэ мэтчилэн цааш үргэлжилнэ” гэв.   Мөн автозамын нээлтийн үеэр жолооч нар сэтгэгдлээ хуваалцав. Жолооч Ж.Нямбаяр “Шороон замаар явахад тоосжилт ихтэй хэцүү байсан.  Энэхүү Гашуунсухайт чиглэлийн автозам тавигдсанаар жолооч нарын эрүүл мэндэд тустай. Түүнчлэн автомашины эвдрэл, гэмтэл багасна.  Маш их баяртай, урамтай байна” гэлээ. Ийнхүү Өмнийн говийн уул уурхай дагасан их бүтээн байгуулалт,  хүмүүсийн аж, амьдрал, уурхайчин, нүүрс тээвэрлэгч жолооч нарын зовлон, жаргалын нэгхэн хэсгийг сурвалжлаад ирлээ. Тэнд улс орны эдийн засгийг өөд татахаар уурхайчин залуус өдөр шөнөгүй ажиллаж байна. Уул уурхай дагасан их бүтээн байгуулалтууд ч өрнөж эхэлжээ. Тавантолгойн ордын үйл ажиллагаа 2010 оноос эхэлсэн.  Ирэх жил 10 жилийнхээ ойтой золгоно.  Тэгвэл энэ ойн босгон дээр их бүтээн байгуулалтынхаа ажлыг эхлүүллээ хэмээн уурхайчид ихэд баяртай үлдлээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.2  МЯГМАР  №132  (6099)
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

6 цаг 46 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

6 цаг 48 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

6 цаг 49 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

8 цаг 44 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

10 цаг 6 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

11 цаг 5 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

11 цаг 37 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

11 цаг 58 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

15 цаг 32 мин