М.Ганбаатар: Нүүрс боловсруулах салбарыг том амбийц хүлээж байна

2019-07-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН “Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатарыг урьж, ярилцлаа.  

Манай улс 40-өөд жилийн өмнөөс сайжруулсан түлш хэрэглэж байсан

  -Нийслэлд өнгөрсөн тавдугаар сарын 15-наас түүхий нүүрс оруулахыг хориглох Засгийн газрын шийдвэр хэрэгжиж эхэлсэн. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх гол ажлыг  манай “Тавантолгой түлш” компани хийж байна. Сайжруулсан түлш үйлдвэрлэгч компани нийслэлийн  хэмжээнд төдийлөн хөгжөөгүй, хувийн ганц нэг компани үйл ажиллагаа явуулдаг байлаа. Харин манайх төрийн өмчит үйлдвэрийн хэмжээнд сайжруулсан түлш үйлдвэрлэж эхлээд байна. Өмнө нь нийслэлийг сайжруулсан түлшээр хангах зорилт тавьж байсан. Бараг 40-өөд жилийн өмнө байх шүү. 1978 онд Ж.Батмөнх гуай тухайн үеийн  Герман улсад айлчлахдаа сайжруулсан түлшний тоног төхөөрөмж авахаар болж байсан.  Энэ талаар Төрийн айлчлалын протоколд байдаг. Түүний дараа Л.Энэбиш гуай Шадар сайд байхдаа мөн Япон улсаас сайжруулсан түлшний тоног төхөөрөмж авах санал тавьсан. Харин Ерөнхий сайд С.Баярын үед “ТЭЦ-2”-ыг түшиглэсэн үйлдвэр байгуулагдаж байсан. Үүний зэрэгцээ төрөөс хувийн компаниудыг дэмжих ажлыг нэлээд хийсэн байдаг. Гэхдээ сайжруулсан түлшний үйлдвэрүүд үр дүнтэй ажиллаж чадаагүй. Харин энэ удаагийн Засгийн газраас маш зоригтой арга хэмжээ авсан. Бид одоо үр дүнгээ хүлээж байна.  

Үр дүнгээ үзэх гэж өвөлд яарч байна

Блиц

Мэргэжил: Эдийн засагч Ажлын туршлага: -Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төслийн удирдагч -Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдагч -2018 оноос “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
-Манай компани сайжруулсан түлшээ Тавантолгой ордын сайн чанарын нүүрсээр хийж байна. Илчлэг өндөртэй, шаталт удаан гэдгээрээ онцлог юм. Нэг жилийн хугацаанд нийслэлд 1.2 сая  тонн нүүрс хэрэглэж байна. Үүнийг бид 600 мянган тонн болгож багасгах зорилт тавьсан.  Тэгэхээр агаарын бохирдол 50 хувь буурах магадлалтай. Өмнө нь сайжруулсан түлшний төсөл нийслэлийн тодорхой нэг хороолол, хороонд хэрэгжиж байсан. Хүчин чадлын хувьд бага, энд тэнд, алаг цоог хэрэглэсэн учраас үр дүн гараагүй.  Мөн зуухны төсөл байна. Улаанбаатар хотыг бүгдийг нь хангах хэмжээнд төлөвлөсөн боловч гүйцэтгэл дээрээ алдсан. Харин одоо бүх айл сайжруулсан түлш түлнэ. Нэг жор, нэг стандарттай. Одоогоор 220 мянган айл гэр хороололд амьдарч байгаа. Тэд бүгд Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогыг дагана байх аа.  Бид агаарын бохирдлын эсрэг нэгэн зэрэг, нэг сэтгэлээр хөдөлж байж л үр дүнд хүрнэ шүү дээ. Түүнээс биш нэг газар сайжруулсан түлш түлээд, нэг газар нь нүүрс түлээд байх юм бол үр дүнгүй. Өөрөөр хэлбэл, 10 айлын найм нь түлш түлээд хоёр нь нүүрс түлээд байж болохгүй. Тэгэхээр иргэд маань маш ухамсартайгаар оролцож, төсөл хөтөлбөртэй хамтарч ажиллах хэрэгтэй байна. Бүгд  хамтдаа нийлж, зүтгэж байж л агаарын бохирдлыг арилгана. Манай компанийн хувьд ирэх өвлийн бэлтгэл сайн хангасан. Одоо үйл ажиллагаа явуулаад яг нэг жил болж байна. Энэ хугацаанд бид ирэх өвөлд л бэлдлээ. Тоног төхөөрөмжөө ч сайжруулсан.  Одоогоор 100-гаад мянган тонн сайжруулсан түлш нөөцлөөд байна. Хадгалалтын асуудал жаахан хүндрэлтэй. Зун бороо орно, шороо, салхи, хурц нар гээд л. Түлш өөрөө шатамхай материал учраас хурц нар нэлээд эрсдэлтэй байна. Түүнээс биш үр дүнгээ үзэхээр ирэх өвөлд яарч байна.  

Сайжруулсан түлш, хийн хэрэглээ, орон сууцжуулах...

  -Бүх том хотод агаарын бохирдлын асуудал тулгарч байсан. Учир нь ер нь нөмөр ээвэр газар бараадаж байгуулагддаг шүү дээ. Өөрөөр хэлбэл, салхинаас хамгаалагдаж уулын нөмөрт хонхор газар, усаа дагаж байрладаг. Тэгэхээр агаарын бохирдолтой бүгд тэмцсэн түүх, туршлага байдаг. Энэ туршлага нь бүгд л сайжруулсан түлшээр дамжсан байдаг. Сөүл гэхэд Сөүлийн олимп болохоос өмнө сайжруулсан түлшийг 100 хувь хэрэглэх шийдвэрийг гаргасан. Угаасаа ОУОХ-ноос ч агаарын бохирдлоо бууруул гэсэн шаардлага хүргүүлдэг. Бээжин хот  бас л агаарын бохирдол өндөр байлаа. Тэд сайжруулсан түлшинд тулгуурлаж тэмцсэн. Бээжин хотоо хоёр, гурав, дөрөвдүгээр тойрог гэж хуваагаад хэсэгчлэн түүхий нүүрс оруулахыг хааж байсан туршлага байна. Одоо ч гэсэн хотууддаа түүхий нүүрс оруулдаггүй.  Харин  Европын улсуудаас Турк улс байна. Турк улсад хийн хэрэглээ их байдаг ч гэсэн захын хотуудад өнөөдрийг хүртэл түлш хэрэглэсээр байна. Тэд мөн  сайжруулсан түлшинд найдаж байв. Сайжруулсан түлш, хийн хэрэглээ, орон сууцжуулах гэсэн энэ шат дамжлагуудыг зайлшгүй дамжина.  

Нүүрс боловсруулалтын салбарт маш их ирээдүй харагдаж байна

  -Нүүрс боловсруулалтын салбар нь олон улсад маш өндөр хөгжсөн. Тиймээс түлшний борлуулалт, зохион байгуулалтыг өндөр түвшинд хийж чадвал бид цаашлаад боловсруулалтын салбарт орж ажилламаар байна. Монгол Улс маань өөрөө нүүрс экспортлогч орон. Тиймээс нүүрсний боловсруулалтын салбарт маш их ирээдүй харагдаж байна. Түүнчлэн Тавантолгой орд нь чанараараа олон улсад танигдсан.  Тийм байхад нийслэлчүүд хэн ч тоож авахгүй, хортой, бохирдолтой нүүрс хэрэглэж болохгүй.  Цаашлаад уурын зуухнуудыг цахилгаанд холбох, дулааны шугамд холбох төслүүд Эрчим хүчний яаманд яригдаж байгаа. Өнөөдөр бүх иргэнээ орон сууцжуулах боломж бололцоо байхгүй шүү дээ. Тэгэхээр сайжруулсан түлш нь тохирсон хамгийн зөв шийдэл юм. Өнөөдөр гал түлж буй иргэдийг битгий түл гэж хэлж чадахгүй шүү дээ. Тиймээс л түлж байгаа бүтээгдэхүүнийг нь бид боловсруулаад утааг багасгах нь хамгийн зөв шийдэл гэж үзэж байна. Үүнээс өөр шийдэл байвал шүүмжлэгчид санал болгож болно. Одоо бүх зүйлийг үр дүн харуулна. Мэдээж хамгийн асуудалтай, эрсдэлтэй зүйлийг бид хийж байна. Агаарын бохирдлыг хүн бүр ярьж байна. Түүний дээр хүний гал голомттой бүтээгдэхүүнийг хийж байна. Гэвч бид зоригтойгоор ажиллаж байна. Сайжруулсан түлш үр дүнгээ өгнө.

Нийслэлийн “хар бор” ажлыг бүгдийг нь хийсэн

  -Би 2004 оноос хэд хэдэн төсөл удирдаж ажилласан. Нийслэлийн хар бор ажлыг хийж, аль болохгүй бүтэхгүй зүйлтэй ноцолдож байсан.  Үүний нэг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төслийн удирдагч байлаа.  Тэр үед бүгд л мод ургахгүй, хайрга зэргээр шүүмжилж байлаа. Харин одоо цэцэрлэгт хүрээлэн ямар болсон билээ. Түүний дараа дахин төлөвлөлт, гэр хорооллын барилгажилтын төсөл удирдсан. Гэр хороололд шугам сүлжээ татагдаад явж байна. Алаг, цоогтой ч гэсэн энэ ажил 2010 онд Г.Мөнхбаяр даргыг Хотын дарга байх үед шав нь тавигдаж байсан. Анх “Нарантуул” захын ар хэсэг, 100 айл орчмын долдугаар хороолол, Радио телевиз, Хан-Уул чиглэлийн орчмын дөрвөн байрлалд  дахин төлөвлөлт байсан. Одоо олон хороолол сүндэрлэж байна. Одоо Улаанбаатар маань Засаг захиргааныхаа нэгжийг нүүлгэх хэрэгтэй. Үүн дээр би санал нэг байгаа. Мөн хот ачааллаа дийлэхээ больсон. Тиймээс дагуул хоттой болох зайлшгүй шаардлагатай.  

Монгол Улсыг үйлдвэрүүд “босгоно”

  -Өнөөдөр Монгол Улсад үйлдвэр байгуулах, их бүтээн байгуулалтын ажлууд явагдаж байна. Төмөр зам баригдаж байна. Төмөр зам дагаж хот суурин газрууд, үйлдвэр, аж ахуйн нэгжүүд хөгжинө. Мөн гадны хөрөнгө оруулалт даган орж ирнэ. Хоёрдугаарт, шатахууны үйлдвэр баригдаж байна. Монгол Улс гадаадаас хамгийн их хараат байгаа зүйл бол шатахуун. Шатахуунаа өөрсдийнхөө нефтийг ашиглан үйлдвэрлээд эхэлбэл шатахууны үнийг хэд ч болгон өөрчлөх боломж бүрдэнэ.  Харин өндөр валютаар худалдаад авчихсан зүйлийг яаж ч өөрчилж болохгүй. Тэгэхээр шатахууны үйлдвэр байгуулна гэдэг бол асар том ажил, асар том бүтээн байгуулалт. За мөн агаарын бохирдолтой холбоотой манай түлшний үйлдвэр баригдаж байна. Хувийн секторуудын том үйлдвэрүүд байна. Ингэхээр ажлын байр бий болно. Монголчууд бүгд ажилтай болно. Ажилтай болоод ирэхээр орлоготой болно. Орлогоо дагаад хүмүүс хөрөнгөжнө. Хөрөнгөтэй байвал хүн модон жорлонд суухгүй, шөнө босож гал түлэхгүй шүү дээ. Орлоготой бол ахуй амьдралаа сайжруулна. Орон байраа сайжруулна. Тэгэхээр энэ асуудлуудыг шийдэх гарц бол орлогын эх үүсвэр юм. Өнөөдөр бол ийнхүү том бүтээн байгуулалтын үе явагдаж байна. Монголчууд маань ч гэсэн үүнийг л хүсч 20 жил болохгүйг нь буулгаж, болохыг нь дэмжиж хүлээсэн байх. Өнөөдөр бол тэр цаг нь ирсэн байна гэж хэлэх байна даа.  Монголчуудыг үйлдвэрүүд босгоно.  

Ахмад, залуу үеийнхээ хамтын хүчээр үйлдвэрээ босгосон

  -Манай “Тавантолгой түлш” компанид ажиллаж байгаа хүмүүсийн 70 хувийг залуучууд эзэлж байна. Тэр дундаа эрэгтэйчүүд ажилладаг. Салбар маань өөрөө хүнд үйлдвэрийн салбарт тооцогддог. Үлдсэн 30 хувь нь ахмадууд ажиллаж байгаа. Тэд маань үйлдвэржилт, түүний зохион байгуулалтыг сайн мэдэх учраас манай үйлдвэрт ажилладаг. Үйлдвэрийн гол бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг ахмадууд удирддаг. Тэдний оюун санаа, урьд хийж, хэрэгжүүлж байсан туршлага дээр үндэслээд үйлдвэрлэлээ явуулж байна. Харин залуучууд бид гүйцэтгэх ажлаа хийж байгаа. Залуучууд маань маш их ажилсаг болсон. Социализмын үеийнхнээс илүү хүчтэй ажиллах инженер, техникийн ажилчид бий болсон байна. Нэг жилд үйлдвэр байгуулна гэдэг богино хугацаа. Гэхдээ бид залуу үе ахмадуудынхаа мэдлэг туршлага, тэдний хамтын ажиллагаан дээр тулгуурлан үйлдвэрээ босгож чадсан. Анх өмнө нь Монголд хэрэгжүүлж байсан түлшний үйлдвэрүүдийн алдаа оноог судалсан.  Мөн манайд одоо Япон, Солонгос, Чехийн мэргэжилтнүүд ажиллаж байна.  Монгол Улсын хөгжлийн гарц бол гагцхүү үйлдвэрлэл юм.  Өөр хэн ч биш. Улсыг хэн нэгэн эрх мэдэлтэн биш, үйлдвэрлэл л хөгжүүлнэ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.1  ДАВАА  №131  (6098)
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

5 цаг 26 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

5 цаг 26 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

5 цаг 26 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

17 цаг 35 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

19 цаг 42 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

21 цаг 1 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

22 цаг 7 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

Өчигдөр 06 цаг 00 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

Өчигдөр 06 цаг 00 мин