
Б.ЗАЯА
Шударга өрсөлдөөнийг зохицуулж, хэрэглэгчийн эрхийг хамгаалж болдгийг сүүлийн нэг жилд мэдрүүлсэн байгууллага гэвэл та ШӨХТГ-ыг нэрлэх байх. Энэ байгууллагыг олон нийтэд “таниулсан” эрхэм бол О.Магнай. Нэгэн цагт хууль, шүүхийн өмнө дуудагдаж байхдаа улсдаа хамгийн олон буюу 18 мянган хавтаст хэргийн эзэн болсноо онцолж байсан. Тэрээр хавтаст хэргийн тоо шигээ баялаг түүхтэй нэгэн юм.
Түүний ажил, мэргэжлийн түүхийг сөхвөл 1982 онд нийслэл хотод төрж 2002 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль, 2004 онд Хууль зүйн сургуулийг эрх зүйч, эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. Ажлын гараагаа 2002 оноос эхлүүлж тухайн үеийн Санхүү, эдийн засгийн яаманд мэргэжилтнээр ажилд орж байсан гэдэг. Харин яг 10 жилийн дараа төрийн албанд дахин орж ирж, ШӨХТГ-ын даргаар томилогдсон. Энэ хугацаанд тэрээр төрийн албаны “гадна”, олны дунд үйл хэргээ үргэлжлүүлж байсан. Ээжийнхээ түүхч мэргэжлийн ачаар Монголын үе үеийн түүхийг сонсч өссөн тэрээр 2005 оноос “Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн”-ий ерөнхий зохицуулагч болж үе үехэн жагсаал цуглаан хийж, олон нийтийг уриалдаг болсон. Энэ л үеэс Г.Уянга, Ж.Батзандан нартай мөр зэрэгцэн төр засгийн үйл ажиллагааг шүүмжилж, олон нийтэд танигдсан юм. Түүний амьдралыг орвонгоор нь эргүүлэх дөхсөн жагсаал нь 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийнх. Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшээд сонгуулийн саналаа луйвардуулсан хэмээн жагссанаар олон нийтийн жагсаалд уруу татсан хэргээр торны цаана 60 хоногийг өнгөрөөсөн. Энэ үед “Ж.Батзандан, О Магнай нар нийгмийн үзэгдэл юм. Энэ хүмүүс шоронд ороод тэр чигээрээ дуусах юм бол энэ нийгэмд дахиж жагсах, дахиж тэмцэх, дахиж үнэний дуу хоолой болох залуучууд гарч ирэхгүй” гэсэн нийтлэлийн мөрүүд сонины шарласан хуудаст үлджээ.
Түүний тэмцэгч чанар одоогийн албанд ч тохирсон гэдэг. Ямартаа л Ерөнхий сайдын хамгийн оновчтой томилгоо байсан гэлцэх вэ дээ. О.Магнай ШӨХТГ-ын даргын албыг аваад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Иргэдийн санал гомдлыг авах тусгай утас ажиллуулж, олон нийтийн эрхийн төлөө тэмцэлдэж эхэлсэн. Нефтийн компаниуд өмнөх удирдлагатай нь үгсэн хуйвалдсан үйлдлийг зарлаж торгуулийг сэргээсэн. Албаа авахдаа хэрэглэгчдийн эрхийг зөрчиж буй үйлдэлд цэг тавихаа зарлаж үндэслэлгүй хураамжуудыг цэгцэлж, Өрсөлдөөний хуулийг бүрэн утгаар нь хэрэгжүүлсэнд хүмүүс ам сайтай байдаг юм билээ. Түүнээс гадна салбарын ажилчдаа чадамжтай байхыг сануулж есөн ажилтнаа халсан нь багагүй шуугиан тариад амжсан. Гэхдээ тэр ажилтнууддаа тийм их халтай биш. Хамт олныхоо нийгмийн асуудалд ихээхэн анхаарал тавьдаг хэмээн даргадаа битүүхэндээ баярлах цөөнгүй ажилтан байдаг юм байна. Залуу ажилтнуудаа хувь, төрийн шугамаар зургаан хувийн орон сууцны зээлд хамруулж өгсөн нь энэ салбарын сүүлийн 10 жилд байгаагүй ажил хэмээн онцолдог юм байна лээ. Алив бүтээн байгуулалтад алдаа оноо бий. Өнгөрсөн зун такси үйлчилгээний үнийг нэмэгдүүлэх болсноо мэдэгдсэнээр олон нийтийн хатуу эсэргүүцэлтэй тулсан. Гэхдээ тэр одоогийн эрх ямбатнууд шиг нэг талыг баримталсангүй, таг чиг болохгүйгээр ард түмнээс уучлалт гуйсан. “Нийгмийн үзэгдэл”-ээс нийтийн эрхийг хамгаалагч болж чадсан түүнийг үнэлэгчид олон. Тэр утгаар нь түүнийг өнөөгийн Ардчилсан намын “нүүр царай” гэх улстөрчид ч олширчээ.