Амьдрал хэцүү ч богиносох тусам амттай...

2013-12-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

- Нулимс урсч байна уу, борооны ус уу, мэдэхгүй...  Би баяртай байна аа.

За, өнөөх л гэгээн хайрын домог хөвөрч байна гэж уншигч та эндүүрэв ээ. Энэ бол хэн нэгнийг дийлэх санаандаа хүрсэн айлын эрх охины нулимс биш, хөнгөн баяр, гуниг зэрэг авчирдаг хаврын бороо ч бас биш ээ...

Манай сонины 2013 оны дөрөвдүгээр сарын 26-ны дугаарт нийтлэгдсэн “Намайг хайрласан хайрыг чинь хойд насандаа хариулна аа” гэсэн нийтлэлийг та бүхэн санаж байгаа байх. “Би дэлхий дээрх ДОХ-той бас хавдартай хамгийн сүүлийн хүн баймаар байна” гэсэн өр эмтлэм үгээр яриагаа эхэлж, “Хавдар өөрөө ДОХ тусч үхээсэй” гэх дотор бачимдам үгээр аргыг минь барж байсан 20 гаруйхан настай залуугийн тухай нийтлэлийн мөрөөр олон хүн холбогдож, цахим хуудаснаа сэтгэгдлээ үлдээсээр байсан билээ.

Хүүгийн биеийн байдлаас болж хэн хүнгүй л түүнийг тэнгэрт одсон гэдэгтэй битүүдээ эвлэрч суусан байх. Сэтгэл эмтрэхээс илүүг чадахгүй ядмаг нийтлэлч миний хүлээсэн мөч талаар өнгөрсөнгүй, хүү нутагтаа иржээ. Энэ удаагийн дугаараар дотроосоо гэрэлтэх цөөхөн хэдэн Монголынхоо зөв сэтгэлд л баярлаж, чимээгүйхэн нулимсаа урсган байсан, ухаан зориг, тэвчээрээр үхлийг сөрөн тэмцэж буй залуугийн сэтгэлийг дахин хуваалцая.

Найман сар сураг тасарсан хүн гэнэт л “ Монголд хүйтэн байна шүү. Гадаа гараад л хамрын үзүүр хөлдчих гээд байх юм” гэсээр мессенжерт орж ирсэнсэн.  “Амьдрал хэцүү зүйл дүүрэн ч, богиносох тусам амттай” гэж нийтлэлээ би өөрөө нэрлэж болох уу” гэсэн түүний хүсэлт Монгол түмний төлөө, хүнд өвчнөө үл ажран, цаг бүхэнтэй уралдан буй түүний агуу хүслийн хажууд биелүүлэхэд дэндүү амархан аж....

Тэртэй тэргүй “мордохдоо бэлдэж,  морио эмээллэсэн” энэ залуу хүний амьдралаас юу амталсан болохоороо ийн нэрлэсний учрыг хамтдаа тунгаацгаая.

 

МӨНХ АМЬДРАЛ

“Монгол руу ирэх гэж нэлээн ядарлаа. Биеийн байдлаас болоод замдаа онгоц өөр хотод саатаж байж ирсэн. “Чингис хаан” нисэх буудалд газардах үед өөрийн эрхгүй нулимс гараад, хүлээлгийн танхимд орох гэж байхдаа их сандарсан. Дахин төрсөн юм шиг л санагдаж байлаа. Ямар их хүсч хүлээсэн нутаг минь билээ” Бидний яриа ийн үргэлжилсэн юм.  Амьсгалын аппаратанд ярих чөлөөгүй амаа битүүлж, эд эс бүхнээ хоёрын хоёр аюулт өвчнөөр зэрэг зэрэг үхүүлж, судас болгондоо дусал залгаастай байсан ч амьд гардаг л юм бол Монголдоо очиж заавал хийх ажил байгаа хэмээн санааширч байсан залууг эх орных нь уудам тал ч өндөлзөн тосч авсан байх даа. 

          Улс орныхоо өмнө өчүүхэн ч үүрэг хүлээж алба хашаагүй хэрнээ, өвчнийхөө аясыг даган бие сэтгэл нь баглаастай энэ залуу өнөөдөр ард түмний хувь заяаг атгасан төрийн түшээдийг “халаа солио”-ноос хэтэрч хийсэн дорвитой ажилгүй сэнтийдээ лавхан тухалж суух зуур аль хэдийн ард түмний төлөөх “нүнжигтэй“ ажлаа хэдийн эхлүүлчихэж. Түүний байгууллага өрх толгойлсон эмэгтэйчүүд, асрамжийн газрын хүүхдүүд, ахмадуудад туслах төсөл, залуучуудын боловсролыг дэмжих багц хөтөлбөр гээд аль л хэрэгтэй гэсэн газарт биеллээ олж яваа ч залуу мөн л ялгаварлан гадуурхах арчаагүй үзлээс жийрхэж холбоогоо бас нууцлахыг хүсч байх юм.  Эм тарианы үйлчлэх богинохон хугацааг ашиглан байж хүний нутгаас удирдан, багагүй мөнгө зарж байгуулсан ажлаа “Нөгөө ДОХ-той залуугийн холбоо “ гэсэн нэр авчихаад сайн үйлс явуулахад саад гарахвий гэсэндээ өөрийгөө далдалсаар л...

 Өмнөх нийтлэлд дурдсан мөрөөдлүүд нь нэг нэгээрээ биелж хүү их сургуулийн оюутнуудад хэдэн ч удаа лекц тавиад амжиж. Хийсэн бүгдийг нь сонсоод байхад бахархахгүй байхын аргагүй баярламаар, огшмоор нэг бүрчлэн уншигч танаа тайлагнамаар байгаа ч бас л нууц хадгалдгаараа илүүрхэж сууна.

Эх орныхоо хөдөөг яаравчлан зорихдоо хүчилтөрөгчтэй зөөврийн баллоноо авч явсан боловч хоёр цаг зүүгээд дууссан гэнэ. Одоо хот руу орохдоо том баллонтой хүчилтөрөгчтэй машинаар ирэхгүй бол захын судасны хүчилтөрөгчийн хангамж байнга дутагдаад байгаа гэнэ. 

 “ Эгч ээ би аав ээждээ зориулж ном бичсэн. Бас нэг мэргэжлийн ном орчуулаад дууссан. Миний сэтгэл, хүн чанар, амьдралын үнэ цэнийг харуулсан кино зохиол бичээд одоо гадаадын нэгэн студид зураг авалт нь эхэлчихсэн байгаа.  Киноныхаа талаар хамаагүй ярьж болохгүй. Нэг ёсондоо киног задруулах эрх байхгүй. Зохиолыг бичсэн гэж миний нэр л гарна. Харин киноноос олох орлого энэ тэр надад хамаагүй, студийнх болно л гэсэн үг.  Номны тухайд гэвэл холбооныхоо ирээдүйд хадгалж байгаа...”  

Баахан долларын зураг оруулаад  “share  хийвэл баяжина”,  алимны зураг тавиад “жимсэнд дуртай нь like”, нүцгэн зураг оруулаад “ damn биз comment” гэх зэргээр нийгмийн сүлжээний өрөвдөм эрх чөлөө залуусын “эрүүл сэтгэхүйг ангуучилж” байхад, яс хөрөөдөм мэт өвдөлтийн хажуугаар, хор туяанаас нь айлгүй, интернет утас бүгд хориотой ч, эм тариаг нь хийхээр хамтдаа ирсэн гадаад эмч найзыгаа эзгүйчлэн байж ярилцан, мөн эхлүүлсэн ажилдаа санаа тавина. Өвчтөний сахих дэгийг алдуулан байж энэ ярилцлагыг авч байгаадаа харийн эмч танаас уучлалт гуйя. Учир нь энэ цаг мөч, хүү бид хоёрт дэндүү үнэ цэнэтэй юм.  Хийсэн бүхэнд нь хэлэх үг олдохгүй суухад минь тэрээр “ Мөнх амьдрал гэж энэ шүү дээ эгч ээ. Дүү нь мөнхөд амьдарна аа, та ч гэсэн мөнх амьдраарай” гэж хэлээд нетээс гарчихлаа....

Амьдрал ийм үнэтэй байхад, хором бүр ийм олдошгүй эрхэм байхад,  сэтгэлийн шаналал, ганцаардал, бухимдал, өвчин үхлийн ая данг даах нь бүү хэл цовоо эрүүл оюутан насныхаа ая данг ч даалгүй,  төрөөс гялайлгасан “ 70-аас 70-ын хооронд”  фейсбүүк хуудсыг элдэв зургаараа л чимж суух өнөөгийн залуусын төрх. Даанч хол зөрж байгаа биз....

 

АЗ ЖАРГАЛЫН ЗААГ

Эмнэлгийнхээ цонхоор ганцхан зургийг 1200 удаа дарсан гэнэ. Хүү HDR зураг авах дуртайгаа ийн хэлсэн ч, хичнээн их ганцаардаж, хичнээн ихийг ухаарсан болохоороо нэг л зүйлийг ийм олон өнцгөөс хараа бол гэж бодохоос өр эмтрэм. “Эгчдээ дуу аялж эсвэл шүлэг хэлээч” гэж гуйхад минь “ Би төгөлдөр хууран дээр “ River flows in you” аялгууг тоглох дуртай  Яагаад ч юм энэ аялгуу баяр гунигийн заагийг харуулсан санагддаг” гэж хариулж байх юм.

 “Монголд ганцаараа явж байхад чинь хэн нэгэн мөнгө нэхэж, дээрэмдэх гэвэл яах байсан бол?” гэж амьхандаа гуниг дагуулсан сэдвийг өөрчлөх санаатай асуусан минь доорх дурсамжийг өгүүллээ.

“Байгаа бүх мөнгөө л өгнө дөө. Хулгайч дээрэмчин ч гэсэн цаанаа хэн нэгнийг тэжээдэг байх. Амар аргаар, хүн хохироож мөнгө олж байгаа ч гэсэн сэтгэлтэй л байж таараа. Харин салахгүй зуураад байвал хүзүүн дээрх бичгээ л харуулах байх даа. Хүзүүн дээр минь дөрвөн улсын хэлээр өвчнийхөө нэрийг, мөн түргэн дуудаад цаг алдалгүй яаралтай тийм эмнэлэгт хүргэж өгнө үү, шагналтай гэсэн үг байгаа. Сая энд ирэхээсээ өмнө Монгол хэлээр нэмж бичүүлсэн. Ер нь бол миний цүнх хувцас гээд бүгд дээр л тийм бичиг байгаа.  Нээрээ би хэдэн жилийн өмнө цүнхтэй эмээ хулгайд алдаж байсан. Тэр хулгайчийн хувьд огт хэрэггүй хэдхэн эм төдий. Харин миний хувьд амьдралаас минь үнэтэй зүйл байсан юм. Тэгээд олдоогүй, би их зовсон. Эмнэлэгтэйгээ яриад дараа сарын эмнүүдээ урьдчилж авсан ч тэр үедээ нэлээн хохиролд орсон. ХДХВ-ын хэдэн эм, хавдрын цөөхөн эм байгааг мэдээд долоо хоногийн дараа өөрөө цагдаад хандсан байна билээ. Гэхдээ би тэр хүнийг шагнасан. Ялангуяа миний эмч тэр залууг тэвэрч авах гээд ямар их баярласан гээч. Цүнхийг минь авсан залуу бид хоёр одоо хүртэл холбоотой байдаг. Сая хэвтэхэд эмнэлэгт над дээр эргэж ирсэн байсан. Даанч сэхээнд ямар хүн оруулах биш дээ. Одоо бид найзууд болсон. Тэр ч хулгайч биш болсоон.” / инээв/

 Залуус загвар хөөн дэгжирхэж л зөвхөн бие дээрээ шивээс хийдэг гэж эндүүрч ирсэн жаргалтай бодолдоо гэмшин, нүд бүрэлзэн хоолой зангирахаас илүүг чадахгүй нь ээ.

 “Эгч ээ, би шинэ жилээр юу хийхээ төлөвлөчихсөн. Намайг хайрласан тэр охиныг романтик болзоонд урина. Авсан бүх зургаараа үзэсгэлэн гаргаж бэлэг барина. “Намайг хаяад яваа” гэсээр байхад яваагүй тэр охин амьдралын минь гэрэл гэгээ болсоор ирсэн. Би найз охиноо баярлуулж үзээгүй юм байна билээ. Хамтдаа зугаалж, болзоонд зогсож, гэрт нь хүргэж өгч үзээгүй ч яагаад ч юм намайг л гэх юм.  Өдөржин хамт байсныхаа эцэст түүндээ залуу насаа дэмий үрэх хэрэггүйг хэлнэ. Нэг бодлын гоё боловч нөгөө талаар хайрын маань сүүлчийн болзоо байх нь тун тоогүй. Надаас тийм үг сонсоод ямар их уйлж эсэргүүцэхийг нь ч сайн мэдэж байна л даа.”

Хүсэл мөрөөдлөө, сэтгэлээ мөнхлөхөөр хийсэн ажил бүхнээсээ эцсээ хүртэл өөрийгөө нуух нь ээ гэсэн харууслыг минь мэдсэн аятай мөн л хөөрхөн инээж, “Би хэдэн жилийн өмнө гэрээслэлээ бичсэн. Сая мөн байгуулсан ТББ, хийсэн ажлынхаа тухай өөрөө ч үзээгүй нэг бичлэг үлдээсэн. Тэр бичлэг намайг нас барсны дараа нийтэд задрах юм. Тэндээс намайг мэдэх болно. Би мөнх амьдрах болно оо эгч ээ...”

Бидний яриа мөн л баяртай гэлгүй өндөрлөлөө. Морфин тариад ч намдахгүй өвчнөөр шаналж байгаа хүнтэй ярилцаж байгаагаа би гэнэт нетээс гарах үед нь л мэдэх юм даа... “Эгч ээ их өвдвөл, бас эмч найзыгаа ороод ирвэл гэнэт гарна шүү” гэж эхнээсээ тохиролцоод эхэлсэн бидний яриа олон ч удаа тасалдаж байж, олон ч хоногийг хүлээж байж уншигч таны өмнө очиж байгаа нь энэ.

 Юутай их тэвчээр, юутай их тамир тэнхээ вэ. Уг нь уншигчдад хандаж хэлэх үгийг нь өөрт нь үлдээе гэж санасан ч амжсангүй.  Харин...

“Хүмүүсээ аз жаргалын босго чинь хэт өндөр байхвий. Та энэ өглөөг эрүүл энх угтаж байна уу? Энэ бол хэмжээлшгүй аз жаргал.Та ирээдүйд зорилго мөрөөдөлтэй байна уу? Энэ бол олдошгүй жаргал. Та өдөр болгон тайвшруулах эм ууж, өвчин намдаах тариа хэрэглэхгүй амьдарч байна уу. Энэ бол үгээр хэлэхийн аргагүй аз жаргал. Тийм байхад таны эргэн тойрон байгаа бүх зүйл аз жаргал аа” хэмээн фейсбүүк хуудсандаа үлдээсэн үг нь хүн төрөлхтөнд өргөх сүүлчийн үг нь гэлтэй.

 

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

14 цаг 26 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

23 цаг 31 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

23 цаг 31 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин