Ц.БАЯР
Барилга, хот байгуулалтын яам салбарын бодлого, үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй томоохон төсөл арга хэмжээний талаар /2019.6.20/ хэвлэлийн бага хурал зохион байгуулж, салбарынхаа үйл ажиллагааг тайлагналаа. Хэвлэлийн бага хуралд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Дэд сайд Б.Мөнхбаатар, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон газар, хэлтсийн дарга, харьяа байгууллага, агентлагийн удирдлагууд, төслийн зохицуулагч нар оролцлоо. Барилга, хот байгуулалтын салбар бол Монгол улсын бүтээн байгуулалтын гол талбар. Энэ ч утгаараа нийгэм, эдийн засгийн хөгжилд хүчтэй нөлөө үзүүлж байдаг. Монгол улсын барилгын салбар зах зээлийн давлагаа, эдийн засгийн хямралын үед хүнд нөхцөл байдалд орж байсан ч эдийн засаг сэргэхийн хэрээр салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж, үйл ажиллагаа өргөжин тэлж, хямралаас гарч эхэллээ гэж салбарын сайд мэдэгдсэн юм. Энэ үеэр салбарын сайд Х. Баделхан болон бусад холбогдох албаныханаас сэтгүүлчид сонирхсон асуултад хариулт авсан юм.
-Түрээсийн орон сууцнаас иргэд түрээслээд өмчлөх тохиолдолд түрээсийн төлбөрөөс ипотекийн зээлийн урьдчилгааны 30 хувиа бүрдүүлэхэд суутгагдах уу?
-Түрээсийн орон сууцны сан"-д энэ жил 1542 айлын орон сууц нэмэгдсэнээр уг сан 3000 орчим айлын орон сууцтай болж байгаа юм. Өмнө нь иргэд түрээсийн орон сууцыг таван жилийн хугацаагаар түрээсэлж амьдардаг байсан бол одоо түрээсэлж байгаад өмчилж авах боломжтой болсон. Харин орон сууцаа түрээсэлж байгаад өмчилж авахдаа таван жилээр түрээсэлж амьдрах хугацаандаа сар бүр түрээсийн төлбөрөө төлөхөөс гадна урьдчилгаа төлбөр 30 хувиа бүрдүүлэн үлдэгдэл 70 хувь дээрээ ипотекийн зээлд хамрагдах юм. Түүнчлэн таван жилээр түрээсэлж амьдрах хугацаандаа сар бүрийн түрээсийн төлбөрөөс гадна уг байрны нийт төлбөрийг тэнцүү хувааж төлөх гэсэн хоёр хувилбараас нэгийг сонгоно. Түрээсийн төлбөр Улаанбаатар хотод м.кв нь 6000 төгрөг, орон нутагт 4500 төгрөг байхаар журамд тусгасан бөгөөд одоо ч мөрдөгдөж байгаа. Харин түрээслээд өмчлөх хүсэлт гаргаж, гэрээ хийсэн тохиолдолд түрээсийн м.кв-ын төлбөрийг 70 хувь бууруулахаар Засгийн Газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар баталсан "Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх тухай журам"-д заасан. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод төрийн түрээсийн орон сууцанд 50 м.кв талбайтай байр түрээслэн амьдарч буй иргэн одоогийн байдлаар 300.000 төгрөг түрээсийн төлбөрт төлж байгаа. Тэгвэл түрээсэлж байгаад өмчлөх гэрээ хийсэн тохиолдолд тухайн иргэний түрээсэнд төлж байсан 300.000 төгрөгийн 30 хувь болох 90.000 төгрөг нь түрээсийн төлбөртөө, 70 хувь буюу 210.000 төгрөг нь урьдчилгаа бүрдүүлэх хуримтлалдаа орж явах юм.
Иргэдийн түрээсэнд төлж байгаа мөнгө нь "Түрээсийн орон сууц"-ны санд төвлөрөх үү?
-"Түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулах тухай журам"-д өөрчлөлт оруулах, НИТХ-аар хэлэлцэн батлах зэрэг асуудал ойрын үед шийдэгдвэл ирэх сарын эхээр бүртгэх боломжтой. Түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулах, цахимаар бүртгэх ажлыг НОСК хариуцан ажиллана. Цахим бүртгэл эхлэхээс өмнө олон нийтэд тодорхой, дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх учраас иргэд төрийн байгууллагын хаалга үүд сахиж цаг заваа алдах хэрэггүй гэдгийг холбогдох мэргэжлийн хүмүүс анхааруулж байгаа . Түүнчлэн "Түрээсийн орон сууцанд бүртгүүлж өгнө" гэх залилангийн гэмт хэргийн хохирогч болохгүй байх тал дээр анхаарахыг сануулая.
Эх сурвалж:www.polit.mn
Түрээслээд өмчлөх тохиолдолд төлбөрөөс урьдчилгаанд суутгагдана
2019-06-20
Нийтэлсэн: Админ
 1 мин