С.УЯНГА
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор “Веритас Партнерс” хуулийн фирмийн захирал хуульч, өмгөөлөгч Б.Мэргэнийг урьж ярилцлаа.
ҮГ ХЭЛЭХ, ХАЛДАШГҮЙ БАЙХ ЭРХ ХАМТДАА БАЙЖ ЧАДВАЛ ПАРЛАМЕНТ ДАРХЛААТАЙ БАЙНА
-Англи, Францад язгууртнууд болоод парламентын хооронд тэмцэл өрнөсөн. Парламент иргэдийн эрх ашгийн үүднээс улсын бодлогыг тодорхойлдог бол хаад ноёд парламентад нөлөөлөх явдал их байснаас тэмцэл эхэлсэн байдаг. Ингэж парламент гэдэг бол ямар нэг байдлаар бусад субьект, институцийн нөлөөнд автахгүй байх ёстой гэсэн үзлийг гаргаж ирснээр парламентын дархлаа анх яригдсан. Үүнийг одоогийн нөхцөлд буулгавал парламент Засгийн газар, шүүх эрх мэдлийн нөлөөнөөс ангид ажиллах ёстой. Хууль сахиулах байгууллага Засгийн газрын бүтцэд байна. Гэтэл Засгийн газарт хяналт тавьсан парламентын гишүүнийг бүтцийн байгууллагуудаа ашиглаж улс төрийн зорилгоор гэмт хэрэгт холбогдуулан шалгаад эхэлбэл яах вэ. Шүүх үндэслэлгүйгээр яллаад эхэлбэл парламентын хараат бус ажиллах нөхцөл алдагдана. Иргэдийн эрх ашгийг хамгаалахаар сонгогдсон парламент Засгийн газар, шүүх эрх мэдлээс хамааралтай болчихвол бие даан ажиллаж чадахгүй. Тиймээс парламент ямар ч нөхцөлд хараат бус ажиллаж, өөрийн гэсэн дархлаатай байх ёстой. Гишүүд парламентын бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хэнээс ч айхгүй үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж байгаагаар парламентын дархлаа илэрч байдаг. Хэлсэн үг нь хэн нэгэнд таалагдахгүй бол буцаад дарамт ирэх вий гэдгээс айж, мөн цөөнх нь олон суудалтай намаас эмээдэг бол парламентын дархлаа сул байна гэсэн үг. Түүнчлэн улс төрийн зорилгоор гэмт хэрэгт гүтгэж халдашгүй байдалд нь нөлөөлөх эрсдэлтэй бол мөн л дархлаа сул. Өөрөөр хэлбэл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, халдашгүй байх эрх нь хамтдаа байж чадвал парламент дархлаатай байна гэсэн үг. УИХ-ын гишүүнд эдгээр эрхийг олгож байгаа нь хувь хүн биш парламентын бие даасан байдал, дархлаатай холбоотой. Парламентын дархлааг хамгаалахын тулд гишүүд улс төрийн зорилгоор эрхээ барьцаалуулах ёсгүй. Гэтэл манай гишүүд халдашгүй эрхийг хувь хүнд олгогдсон мэт аашилдаг нь парламентын дархлааг сулруулдаг. АТГ, НҮБ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх алба, авлигатай тэмцэх олон улсын байгууллагууд “Танай улсад УИХ-ын гишүүний халдашгүй байдал хэтэрхий өргөн хүрээнд байгаа учраас гэмт хэргийн илрүүлэлтэд сөргөөр нөлөөлж байгаа. Гишүүд чинь халдашгүй байдлаараа халхавчлаад авлигын хэргүүдийг шалгуулдаггүй. Прокуророос хүсэлт тавиад ч хэрэгждэггүй” гэсэн саналыг удаа дараа тавьж ирсэн. Хууль нь ч саяхныг хүртэл хязгаарлагдмал байсан. УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байхдаа нотлох баримттайгаа баригдсан тохиолдолд л бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах эрхтэй байсан. Бусад үед орон гэр, ажлын байр, машин, гар утас, биед нь нэгжлэг хийж шалгаж болдоггүй. Гэтэл үзлэг нэгжлэг хийхгүйгээр хэргийг илрүүлэх боломжгүй. Дээрээс нь авлигын хэрэг үйлдэл дээрээ баригдах магадлал маш бага. Тиймээс бидний хэсэг хуульчид 2017 онд энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж эрх бүхий байгууллагаас шалгаж байгаа тохиолдолд санал оруулж УИХ бүрэн эрхийг түдгэлзүүлэх зохицуулалтыг нэмсэн. Гэвч прокуророос хэд хэдэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах хүсэлтийг УИХ-д оруулсан ч хүлээж аваагүй. Хууль нь байгаад хэрэгжүүлэхгүй байгаа нь гишүүдийн мэргэжлийн ёс зүй, ёс суртахуун ямар байгааг харуулж байна. Хуульзүй, дотоод хэргийн сайд нь наад хэргийг чинь нь илрүүлсний дараа түдгэлзүүлье гэсэн утгатай юм хэлээд авч үлдсэн. Нотлох баримтаа цуглуулаад хэргийг илрүүлчих юм бол түдгэлзүүлэх ямар шаардлагатай юм.ГИШҮҮН СОГТУУГААР МАШИН БАРЬЖ ЯВААД ТОРГУУЛАХААР БОЛ УИХ-Д БҮРЭН ЭРХИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ САНАЛ ТАВИНА
-Парламентын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хүнийг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх, доромжлохоос бусад тохиолдолд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн ганцхан заалт бий. Тэгэхээр гэмт хэрэгт холбогдуулахгүйгээр доромжилж болох юм шиг. Гэтэл гэмт хэрэгт холбогдуулж гүтгэсэн бол ямар хариуцлага хүлээлгэх нь тодорхойгүй. Бусад улс оронд бол төрийн албан хаагчтай адил сануулж, цалинг нь бууруулж, үг хэлэх эрхийг нь хасч, ноцтой бол чөлөөлдөг. Иргэний нэр төрд халдлаа гэж үзэх юм бол их хурлын гишүүн бичгээр тайлбар өгдөг. Мөн бүх улс оронд “Та парламентын бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоос бусад бүх үгэндээ хариуцлага хүлээнэ шүү” гэсэн ерөнхий зохицуулалт байдаг. Гэтэл манайд хаана ч юу ч хэлсэн хариуцлага хүлээх нарийн зохицуулалт байхгүй. Хууль хэт ерөнхий байхаар ямар ч байдлаар тайлбарлаж, өөрсдөдөө ашигтайгаар хэрэглэх боломж олгодог. Тиймээс хууль тодорхой, ойлгомжтой, тогтвортой байх нь эрхзүйн хэм хэмжээний шалгуур юм. Парламентын гишүүний үг хэлэх эрх чөлөөтэй холбоотой ганц заалт нь хэт эрх мэдэл олгосон. Үг хэлэх эрх чөлөө ямар үед хэрэгжих, хэзээ эхэлж дуусах. Дуусгавар болох үндэслэл, хүлээх хариуцлага гээд нарийвчлах ёстой. Манай одоогийн хуулиар бол Их хурлын гишүүн хэн нэгнийг гэмт хэрэгт холбогдуулж гүтгэж, доромжиллоо гэхэд энгийн иргэний адил Зөрчлийн хуулиар цагдаад хандаж болно. Гэтэл Их хурлын тухай хуульд Захиргааны буюу одоогийнхоор бол Зөрчлийн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж заасан. Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй байхад Зөрчлийн хариуцлага хүлээлгэж болохгүй гээд Дэгийн хуульд заачихсан. Уг нь ямар нэг зөрчил гаргасан бол 7-30 хоног баривчлагдах юм уу эсвэл торгуулах хуультай ч өндөр албан тушаалтанд үйлчлэх боломжгүй. Жишээлбэл, Их хурлын гишүүн согтуугаар машин барьж яваад торгуулахаар бол УИХ-д бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал тавих эсвэл гишүүнийг торгуулахын тулд чуулган хуралдах юм. Зөрчлийн хууль батлагдсаны дараахан дөрвөн гишүүн Төрийн ордны зүүн талд гарцгүй газраар явж байсан зураг нийтлэгдэж цагдаа ч торголоо гээд өнгөрсөн. Гэтэл тухайн үед ямар үндэслэлээр торгосон нь тодорхойгүй. Яахав тухайн үед гишүүд өөрсдөө торгуулья гээд торгуулсан байж болно. Зөвшөөрөхгүй бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хэрэг гарна. Ийм л нөхцөл байдалтай байна. Дан ганц Их хурлын гишүүн биш Үндсэн хуулийн цэц, ҮАБ-ын Нарийн бичгийн дарга, Дээд шүүх, ШЕЗ-ийн гишүүд бүгд ийм дархан эрхтэй. Гэмт хэрэгтэй холбогдуулж бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэнгүй гээд байгаа ч энэ мэт жижиг мөртлөө “том” асуудлыг яагаад хэн ч ярихгүй байна вэ. Гэтэл Зөрчлийн хуулиар хэдэн зуун үйлдлээр хүмүүс алхам тутамдаа хариуцлага хүлээж байна.Блиц
Мэргэжил: Хуульч, өмгөөлөгч Боловсрол: 2009 он: МУИС-ийн Хуульзүйн сургуулийн бакалавр 2014 он: МУИС-ийн Хуульзүйн сургуулийн магистр Ажлын туршлага: 2009-2012 он: Хувийн хэвшилд 2012-2017 он: Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанд ахлах референт 2017-2019 он: “Веритас Партнерс” хуулийн фирмийн захирал хуульч, өмгөөлөгч