Т.НАМУУН
Энэ удаагийн онцлох ярилцлагын зочноор “Эх нутаг-иргэдийн хяналт” ТББ-ын тэргүүн Н.Удвалыг урьж, ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвшсэн цорын ганц бүсгүй бол та. Заавал ерөнхийлөгчөөр сонгогдохдоо биш улс удирдах хэмжээнд хүртэл үнэлэгдэж чадна гэдэг өндөр цензур. Энэ хэмжээнд хүртэл үнэлэгдэхэд таны хийж бүтээсэн, мөрдлөг болгосон зүйл юу байна вэ?
-Миний хувьд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн нь их өндөр үнэлгээ авсан гэхээсээ илүү хувь заяа юм гэж ойлгож байгаа. Тухайн нөхцөл байдал яах аргагүй намайг нэр дэвшихэд хүргэсэн. Энэ хүртэлх улс төрийн замнал амархан байгаагүй. Би олон жил улс төрд яваагүй. 2000 оноос улс төрийн идвэхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ хугацаанд миний баримталж ирсэн зүйл бол шударга ёс, ёс зүй. МАХН хоёр хуваагдаагүй байхад анхны ёс зүйн хорооны даргаар ажилласан. Төрийн өндөр алба хашиж байгаа хүмүүсийн ёс зүйн хэм хэмжээг боловсруулж аливаа ёс зүйн асуудалтай холбоотой мэдээлэлд тайлбар авдаг энэ ажлыг МАХН-д эхлүүлж байсан. Ёс зүйн хэм хэмжээ, зарчмыг ярих нь тийм амар байгаагүй. Улстөрчид ч дуртай байдаггүй дандаа эсэргүүцэлтэй тулгардаг, ганцаарддаг, ад үзэгддэг байсан. Энэ нь МАХН-ын нэрийг сэргээн босгоход түлхэц болсон гэж үздэг.
-Өнөөдөр таньтай улс төрийн талаар биш эмэгтэй хүн, хувь хүний мөн чанар, эх хүний элбэрэл хайр, эмэгтэй хүний сэтгэлийн нарийн утсыг хөндсөн, эмзэг гэж хэлж болохоор тийм асуудлаар яръя гэж бодлоо. Таныхаар эмэгтэй хүн гэх үнэлэмж хаанаас эхэлдэг вэ?
-Эмэгтэй хүн гэдэг биологийн талаасаа ’’Х, Х’’ хромосомтой, эрэгтэй хүн бол ‘’Х, У’’ хромосомтой байдаг. ’’У’’ хромосом нь эрэгтэй хүнийг би төвтэй, албан тушаал, эрх мэдэл, ашиг орлогод сонирхолтой болгодог. ’’Х, Х’’ хромсомтой хүн бол бид гэсэн бодьгал байдаг. Эмэгтэй хүн өөрт байгаа бүх зүйлээ эр нөхөр, гэр бүлдээ зориулдаг. Цаг хугацаа, мөнгө төгрөг, баярлах гуниглах гээд бүхнийг ах эгч, найз нөхөд, гэр бүл, үр ач, зээдээ зориулдаг. Энэ нь эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс ялгаж өгдөг гол онцлог. Тиймээс эмэгтэй хүн үр хүүхдээ, эр нөхрөө, гэр орноо хамгийн ихээр хайрладаг, цаанаасаа л тэгээд төрчихдөг хүмүүс байгаа юм.
-Таны хувьд эмэгтэй хүний үүргээ биелүүлж чадсан болов уу?
-Миний хувьд яг сайхан эмэгтэй хүн байж чадаагүй. Энэ амьдралыг би тэгж өнгөрөөж чадсангүй, ядаж хойд насандаа тольтой, уруулаа будсан, гангалчихдаг, аальгүй эмэгтэй болъё гэж боддог. Би найзууддаа энэ нас бол өнгөрлөө, эмэгтэй хүн байж чадсангүй, хойд насандаа л янзын эмэгтэй хүн болж төрье гэж хэлдэг юм. Эх хүн, ханийн хувьд бол тодорхой үүргээ зохих түвшинд гүйцэтгэж чадсан гэж боддог. Цаг хугацаагаа гэр бүлдээ бүтэн зарцуулж чадахгүй ч гэсэн ажил албаны цаг, гэр бүлийн цагаа бланслуулах тал дээр заримдаа алдана, заримдаа ононо. Өгөөтэй, аваатай өнгөрөөсөн. Бид чинь тодорхой үе шат болгонд алдаа оноондоо дүгнэлт хийж боддог шүү дээ. Би өөрийгөө ингэж л бодож, үнэлдэг.
Эмэгтэй хүний хувьд би чинь зүгээр нэг гэрийн эмэгтэй биш байна. Учир нь тодорхой хэмжээнд нийгмийн зүтгэлтэн болсон. Тэгэхээр заавал нэг албан тушаал хашиж байж, заавал эрх мэдэлтэй байж ажил хийнэ гэсэн юм байхгүй. Байнга л нийгмийн зүтгэлтний үүргээ гүйцэтгэж явах үүрэгтэй байдаг. Үүнийг би өөрөө ч хэлж байгаа юм биш. Гудамж талбай, дэлгүүрт хүмүүс таарахдаа “Улс орон хэцүү байна. Та үүнийг засах үүрэгтэй, яагаад юу ч хийгүй байгаа юм бэ, яагаад амиа бодоод алга болчихов” гэж олон хүн асуудаг. Тиймээс хүмүүсийн энэ хүсэлт, миний чин сэтгэл байдаг болохоор сайхан массажинд ороод, саунд суугаад, амарч, зугаалах цаг байхгүй. Нэгэнт энэ амьдралыг зориулаад ирсэн учир одоо ч үүргээ гүйцэтгэсээр байна.
-Эмэгтэй хүн заавал чадварлаг байх ёстой юу?
-Хүн гэдэг аливаа юманд тодорхой хэмжээнд асуудлаа шийдэж чадах боломжтой байх ёстой. Өөрийн мэдлэг, туршлага, зан харьцаа, дадал зуршлын хувьд чадвар гэхээсээ илүү чадамж байх ёстой. Гэртээ сууж байгаа ээж байсан ч, ямар ч түвшинд эмэгтэй хүнд тодорхой хэмжээний чадамж байх ёстой гэж үздэг.
-Удвал гэдэг хүний мөн чанарыг дүгнээд хэлбэл?
-Би нарт хорвоо дээр яах гэж төрсөн, хаанаас ирсэн, хийх гэж ирсэн зүйлээ хийж чадсан болов уу гэж өөрөөсө байнга асуудаг. Тэгээд миний хийх зүйл бол дуусаагүй байгаа, Удвал гэх энэ хүн орчлонд үүрэгтэй, даалгавартай ирсэн.
-Таныхаар сайхан эмэгтэй гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Сайхан хүн гэдэг гаднаа хэчнээн сайхан тогос шиг гоёчихсон дотроо муухай хүмүүс байдаг. Гадаад ертөнц нь зөв, дотоод ертөнц нь зөв. Энэ хоёр нь хоорондоо тохирдог, орчин тойрондоо үргэлж энерги өгдөг, бусдад сайхан ханддаг тийм л хүнийг сайхан эмэгтэй гэж хэлнэ дээ.
-Таны залуу нас хэрхэн өнгөрсөн бэ?
-Социализмын үед миний залуу нас өнгөрсөн. Оюутан цагаасаа эхлээд яръя л даа. Би чинь эмч болохгүй гэж бодож явсан хүн шүү дээ. 10 төгсөх жилээ буюу хавар ногоо дөнгөж цухуйж эхлэх үед олгойн мэс заслад орсон юм. Эмч нь хариуцлагагүй, согтуу орсноос болж мэс заслын дараа хүндрэл өгөөд намар навч унахад хөл дээрээ боссон. Архангай аймгийн эмнэлэгт маргаашийг угтаж чадах нь эргэлзээтэй тийм л өвчтөн байсан. Хөл дээрээ босч, эмнэлгээс гараад л эмч болъё гэж шийдсэн. Нэгэнт тийм хүнд үеийг туулж эмч болохоор сурч байгаа учраас анагаахад сурч байхдаа байнга номын санд суудаг, хаах цаг нь болохоор хөөгдөөд гардаг оюутан байсан. Оюутан цагтаа оюутан шиг байж чадаагүй, номын сан, хичээлийн танхимд л өнгөрөөчихсөн. (инээв) Ажлын гараагаа Архангай аймгийн Хотонт сумын эмнэлгээс эхлүүлсэн. Сумын эмч гээд нэг шүлэг байдаг даа. Тэр шүлгийг надад зориулж бичсэн шүү дээ. Надад зориулсан гэдгийг тэр шүлгийг бичихэд дэргэд нь байсан хүмүүсээс л хожуу мэдсэн.
Тухайн үед өвчлөл их байсан. Сумын эмнэлэгт дуудлага их ирнэ. 30, 40, 60 километр явж өвчтөнөө эмнэлэгт авчирч эмчилнэ. Жижүүрт гарна, шөнөдөө нойргүй хононо. Зогсоо зайгүй л ажилладаг байлаа. Сумын эмнэлгээс аймгийн эмнэлэг рүү шилжиж хүүхдийн эмчээр ажилласан. Ингээд л залуу нас өнгөрчихсөн. Тэр үед улс даяар эрдэм шинжилгээний ажилтны ажлын байр зарлаж шалгалт өгсөн. Тухайн шалгалтыг өгч хөдөөнөөс ЭХЭМҮТ-д эрдэм шинжилгээний ажилтнаар ирсэн. Тэгээд эрдмийн цолоо хамгаалтлаа л ажилласан. Залуу нас маань их л завгүй өнгөрсөн. Анхны хүүхдийг маань хадмууд харж хүн болгосон. Би чинь хүүхэдгүй хүн шиг л ажилладаг байлаа шүү дээ.
-Ханьтайгаа анх хэрхэн танилцсан тухайгаа хуваалцахгүй юу?
-Бид хоёр чинь анагаахын нэг ангид сурдаг байлаа. Гэр ч ойрхон. Нэг ангид хамт суудаг, хамт гэр рүүгээ явдаг, номын санд хамт суудаг байсан нь бидний хувь заяаг холбож өгсөн дөө. Бид хоёр хүүхэдтэй.
-Нийгэмд охид, эмэгтэйчүүд байнгын сэдэв байдаг л даа. Гэхдээ сүүлийн үед тэдний эрх нь зөрчигдөх асуудал ихсээд байна. Таньд ингэж санагддаг уу?
-Тэгж байна. Ер нь дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэсэн үг бий. Нийгэм их бухимдалтай байна. Албан тушаал, хөрөнгө мөнгө гэж ярих нь зөв. Энийг ярьж, олон асуудлыг дэлгэж, шийдэхийн төлөө тэмцэж байгаа Х.Баттулга, У.Хүрэлсүхийн зөв, би дэмжиж байгаа. Гэхдээ үүнээс чухал аминд тулсан асуудал их байна. Үүний нэг нь хүүхэд, хүүхдийн эрхийн асуудал байгаа юм. Ялангуяа, хүүхдийн хүчирхийллийн эсрэг асуудал байна. Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах үндэсний хороо гэж үе үеийн Ерөнхий сайд нар ахалдаг байгууллага байна. Хорооны бүрэлдэхүүнд төрийн болон ТББ, бусад салбар, эцэг эх, иргэний нийгмийн төлөөлөл оролцдог том байгууллага. Монгол Улсад эх хүүхдийн эрх бол үндэсний аюулгүй байдлын асуудал гэж нийгмийн зүтгэлтний хувьд үздэг. Энэ асуудлыг тэр хороо авч хэлэлцээд, дорвитой арга хэмжээ авах ёстой. Сургууль бүр, байр болгон эцэг эхийн оролцоотой хүүхдийн мэдээллийн сүлжээ, хяналтын сүлжээ байгуулах ёстой. Ийм сүлжээтэй болчихвол янз бүрийн асуудал гаргахгүй байж болох. Энэ дээр хүчин чармайлт, улс төрийн хүсэл зориг гаргахгүй байна гэж үзэж байна. Магадгүй их мөнгө шаардахгүй байх. Гол нь улс төрийн хүчин чармайлт, зохион байгуулалт байхад л эдгээр асуудлыг таслан зогсоож чадна.
-Улс төрийн тал дээр биш эмэгтэй хүний хувьд өнгөрсөнд хийж чадаагүйдээ харамсаж явдаг зүйл байдаг уу?
-Харамсах юм байхгүй. Харамсахгүй ч гэсэн бодитой юм байдаг. Улс соёл төрийн зан үйл, дүр төрх гэж байна. Улс төрөөр явсан хүмүүс баян байх албагүй шүү дээ. Намайг улс төрд явсан байж унах машингүй, ядуу, өртэй байна гэж хүүхдүүд минь зэмлэдэг. Монголын байгаа нөхцөл ийм байхад би ичихгүй ээ, юунаасаа ч ичих вэ дээ. Бодит байдал ийм л байдаг. Ер нь бид хэзээ ч өр, зээл тавьж яваагүй юм билээ. Байгаа байдалдаа л тохируулаад амьдраад сурчихсан. Улс төр бол мөнгө их шаарддаг. Өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ байрыг зараад сонгуульд орж байлаа. Ийм маягаар явсаар байгаад эргэн тойрныхоо хүнийг чирчихэж байгаа юм. Бодит байдал ийм л байна. Улстөрч хүний хувьд өрөнд ордог эсвэл шоронд ордог ийм л систем байгаад байна. Өрөнд ордог нь би байхгүй юу. Энэ тал дээр бага зэрэг эмзэглэдэг. Би одоо үүнийг засах ёстой гэсэн итгэл үнэмшилтэй байдаг.
-Та яг одоо ямар ажил хийж байна вэ?
-Зарим хүн улс төр л байхгүй бол амьдралгүй болчихсон юм шиг байдаг. Миний онцлог бол өөрийгөө аваад явчихдаг. Ер нь бид чинь социализмын үед нийгэм журмын онол гэж нийтийн эрх ашгийг номлож байлаа. Энд сайн юм их байсан ч муу юм бас байсан. Тухайлбал, Архангай аймагт хүүхдийн эмч байхдаа ой өнгөрч байсан хоёр ихэр хүүхэдтэйгээ бүтэн сайнд жижүүрт гарах гээд өлгийдөж байтал нэг эмч маань залгаад өөр хүн олсноо хэлсэн. Тэгж л хувийн амьдралаа орхигдуулж байлаа. Тэгэхэд хоёр хүүхдээ тэврээд л жижүүрт гарах гэж байсан л байхгүй юу. Энэ л социализмын нийгмийн алдаатай тал нь. Дараа нь ардчилал эхэлж 30-аад жил өмчит журмын нийгмээр явж байгаа. Энэ нийгмийн үнэлэмж нь хувийн өмч, өнгө, мөнгө. Хүн алхам тутамдаа сурч, ухааждаг. Түүхийг судлаад үзэхэд монголчууд шударга байхдаа эвтэй байсан юм байна. Хүмүүс бүлэглэлүүдийг эвтэй байсан гэх гээд байгаа юм. Тэр чинь хуйвалдаан байхгүй юу. Хүмүүс шударга байхдаа эвтэй, эвтэй байхдаа хүчтэй байдаг юм байна. Эдгээрээс дүгнэлт хийгээд дэлхий нийтийг эв нэгдэлтэй, шударга болгохын тулд Эв эеийн эш нэгдэл буюу шударга журмын онол гэдэг ном гаргасан. Энд Эвийн дуу гэдэг дуу гаргаад, хураангуй болгоод 2015-2016 онд хийсэн.
2018 онд Эх нутаг-иргэдийн хяналт гэсэн газар шороо, байгаль орчноо хамгаалах үндэсний хэмжээний ТББ байгуулсан. Би эмч хүн. 32 жилийн өмнө ханиад, томууны үед эмчлэх эмчилгээг телевизээр заадаг эрдэм шинжилгээний ажилтан байлаа. Тэр үед засаг төр нь эмх цэгцтэй, эмийн бизнес дэлгэрээгүй, эмгүйгээр хүүхдийг эмчлэхийг дэмждэг байлаа. 2018 онд би өөрийн нэрийн ханиад, томууг эмгүй эмчилдэг бүтээгдэхүүнүүдээ гаргасан. Хүүхдийн суурь өвчин гэж байдаг. Намайг хүүхдийн эмч байхад ханиад томуунд өртөмтгий суурь өвчинд сульдаа буюу рахит, цус багадалт, диатиз гэсэн өвчнүүд байлаа. Одоо бол хүүхдүүдийн дархлаа сул, харшилтай, хордомтгой болчихож. Хамгийн эхэнд хүүхдүүдийн дархлааг яаж сайжруулах вэ гээд гурван бэлдмэл бэлдээд анагаахын ёс зүйн хороогоор орох гэж байна. Хүүхдийн мэргэжлийн эмч нарын зөвлөл, монгол уламжлалт анагаах ухааны зөвлөлөөр оруулах гэж байгаа. Энэ бол гүүний саам, адууны тостой “Дархлаа” гэдэг саван байна.
-Наадах чинь яг амьдралд тулсан хэрэгцээтэй зүйл байна?
-Тийм ээ, яг байгалийн саван. Өнгөлөгч ерөөсөө хийгээгүй, адууны тосны өнгөтэй. Энэ савангаар хүүхдийнхээ биеийг угаана. Цагаан сараар 50 ширхэгийг бэлгэнд өгсөн. Эргээд хэрэглэж үзсэн хүмүүсээсээ асуухад хоёр шүүмж ирсэн. Нэгдүгээрт, хөөсрөхгүй байна. Хөөс гэдэг чинь химийн бодис. Хоёрдугаарт, үнэртэхгүй байна. Үүнийг гоё үнэртүүлж болно. Гэхдээ үнэр чинь бас л химийн юм шүү дээ. Үүнийг хүүхдийн арьсанд шингээгээд усанд оруулдаг. Мөн шар тос лимоний хүчилтэй хамрийн тос, сармисны болон хоолойны наалт, хамрийн утлага гаргасан. Эдгээрийг хэрэглээд дархлаа сайжирч, ханиад хүрч эхлээд л даамжирахгүй эдгэнэ. Одоо эдгээрийг албажуулаад эрхээ авахаараа хийх хүнд нь өгнө.
Эх сурвалж: www.polit.mn