Ц.МЯГМАРБАЯР
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор “Монголиан бизнес гайд” ХХК-ийн захирал, эдийн засагч, судлаач Р.Шинэгэрэлийг урьж ярилцлаа.
Судлаач, шийдвэр гаргагчдын дунд маш том орон зай үүссэн
-Судалгаагүйгээр ямар нэгэн асуудалд шийдвэр гаргана гэдэг эрсдэлтэй алхам хийж байна гэсэн үг. Харамсалтай нь манайд аливаа ажлыг судалгаа шинжилгээгүйгээр, араас нь нөхөж хийх нь түгээмэл. Манай зарим салбар, төрийн байгууллагууд бодлогын судалгаа хийдэггүй. Том төслүүд хэрэгжүүлснийхээ дараа араас нь нөхөж судалгаа хийж буй нь ажиглагддаг. Уг нь судалгааг байнга хийж мэдээлэл нь үргэлж шинэчлэгдэж хөдөлгөөнтэй дата бааз, архив үүсгэх байдлаар авч явдаг зүйл. Гэвч манай ихэнх салбарт судалгааны ажил бага хийж заримд нь огт хийдэггүй. Хуулийн салбарыг онцлоход сайд солигдох бүрт бодлогын баримт бичиг, хууль зэргийг шинээр боловсруулах гээд шинэ баг бүрдүүлж зууралдаж байгаа харагддаг. Харин том бизнесийн байгууллагуудад байнгын судалгаа хийдэг тусгай албатай. Өөрөөр хэлбэл, улс оронд болон өөрсдийн ашиг орлого нэр хүндэд чухал нөлөөтэй бизнесийн шийдвэр гаргахад судалгаа чухал үүрэгтэй гэдгээ тэд мэддэг. Гэхдээ улс орны нийгэм эдийн засгийн болон санхүүгийн зах зээлийн судалгааг холбогдох байгууллагууд сүүлийн үед тогтмол хийдэг болсон нь сайшаалтай. Харин шийдвэр гаргагчид авч ашигладаг эсэх нь эргэлзээтэй. Ямар ч шийдвэрийг судалгаанд үндэслэж гаргах ёстой. Судалгаанд үндэслээгүй шийдвэрээс болж эдийн засагт сөрөг нөлөө үзүүлсэн үйл явдал олон. Ялангуяа халамжийн бодлогын талаар гарсан шийдвэрүүд ямар ч судалгаагүйгээр бэлэн мөнгө тараасан хэлбэрт шилжиж эдийн засагт инфляци үүсгэж байсан. Түүнчлэн малаас гарч буй бүх түүхий эдэд малчдыг дэмжих зорилгоор бэлэн мөнгө тараасан нь судалгаагүйгээр хийсэн ажил. Үүнд улстөрчид ард түмнээс богино хугацаанд оноо авахын тулд хүчээр хийснээр эдийн засгийн хөгжилд саад болсон байх жишээтэй. Нөгөө талаар гадаадаас зээл авахдаа ямар шинэ дэвшил авчрах зээл юм гэдгээ мөн л судалгаа хийлгүйгээр авдаг. Түүнээс болж Засгийн газрын өрийн тааз нэмэгдсээр. Энэ зээл эдийн засагт урт хугацаанд үр ашиг өгч чадах уу гэдэг нь тодорхойгүй.Төмөр зам барихад зориулсан 800 тэрбумын зээл шороон овоолго далан болсон. Мөн Монгол Улсын хэрэглээг 2-3 дахин нугалах цементийн үйлдвэрүүд баригдсан ч борлогдохгүй олон орон сууц бий болсон гэх мэтээр тооцоо судалгаагүй хийсэн ажлын үр дүн олон. Хөгжлийн банк гэдгийг байгуулж байгаад ямар ч судалгаагүй олгосон зээлүүд бүгд царцсан.Ялангуяа том мөнгө тойрсон эдийн засгийн асуудлууд дээр судалгааг үндэслэж шийдвэр гаргадаггүй. Нөгөөтэйгүүр судлаачдын үгийг сонсдоггүй. Тиймээс судалгаа шинжилгээний институт, ялангуяа эдийн засаг, хууль эрх зүйн гээд салбар бүрээр судлаач, эрдэмтдээс бүрдсэн багтай хүрээлэн байгуулах хэрэгтэй.Том бизнесүүдийн дэргэдэх жижиг, дунд бизнесийн кластерийг хөгжүүлэх л чухал
- ЖДҮ-ийн зээл хагас жил маргаан дагууллаа. Монголын хэмжээнд 90 мянга орчим ЖДҮ эрхлэгчид бий. 2018 онд нэг тушаал гаргаад л 134 аж ахуйн нэгжид жижиг, дунд үйлдвэрийн зээл олгосон. Гэтэл үүний 120 нь УИХ-ын гишүүд, тэдний ах дүү хамаатан садан, хамаарал бүхий этгээдүүдийн компани байсан. ЖДҮ-ийн салбарыг дэмжих олон аргын нэг нь урт хугацааны хөнгөлөлттэй зээл. Гэтэл энэ зээлээ ямар ч судалгаагүй олгосон. Ямар судалгааг үндэслэж олгосон юм бол гээд судлаад үзсэн чинь зөвхөн өөрсдийнхөө компаниудад өгнө гэсэн судалгаатай байсан. Энэ нь төрийн шийдвэр гаргалт судалгаагүйгээс гадна гэмт хэргийн шинжтэй бүлэглэсэн хэрэг болж хувирсныг харуулсан. МУИС-ийн эдийн засагч багш нар маш их судалгаа хийдэг. Гадаадын байгууллагын захиалгаар ч хийнэ. Харамсалтай нь мэргэжлийн судлаачид, эдийн засагчдын үгийг сонсдоггүй. Шийдвэр гаргалтад ашигладаггүй. Нэг үгээр хэлбэл, судлаачид нь нэг талдаа, шийдвэр гаргагчид нь нөгөө талдаа энэ хоёрын дунд маш том орон зай үүссэн. Судалгааны компанид ажиллаж байхдаа ноолуурын, хүнсний салбарт, махны экспортыг нэмэгдүүлэх зэргээр дагнасан судалгаа хийж байсан. Сүүлийн гурван сарын хугацаанд ЖДҮ-ийн салбарт дагнасан судалгаа хийж байна. “ЖДҮ-ийн салбарын хөгжил эдийн засагт ямар ач холбогдол өгөх вэ” сэдвээр бодлогын судалгаа хийж буй юм. Энэ салбар ДНБ эзлэх хувиараа 20 хүртэлх хэмжээг эзэлдэг том салбар. Гадны судлаачдын үр дүнгээс харахад аливаа улс орон ажлын байр бий болгох, ажилгүйдлийг бууруулая гэвэл энэ салбараа зөвхөн зээлээр бус, бусад 10 гаруй төрлийн аргаар дэмжиж хөгжүүлдэг. Татвар, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, инкубаторт бойжуулах, сургалт, хууль эрх зүйн хүрээнд гээд. Тэр дундаас татварын бодлого нь маш их таалагдсан. Өөрөөр хэлбэл, бичил бизнес эрхлэгч, жижиг дундынхнаас татвар огт авдаггүй. Харин том компаниудаас татвараа авдаг. Энэ нь босготой. Түүнчлэн борлуулалтын орлого нь томрох боломжийг төр нь бүх талаар олгодог. Нөгөөтэйгүүр жижиг дунд үйлдвэрийг том компаниуд нь дагуулж хөгжүүлдэг. Манайд бол жижиг дундынхан хийчих жижигхэн ажлыг хүртэл том компаниуд нь авчихаад тэднийг хоолгүй хоцроодог. Тэгвэл бусад оронд хичнээн жижиг компанийг томруулж борлуулалтаар нь дэмжиж байна тэр компанид татварын хөнгөлөлт эдлүүлдэг хууль эрх зүйн орчин үйлчилдэг. Бид дундаж иргэдээ яаж эдийн засгийн баталгаатай, цалин нь амьдралд нь хангалттай хүрэлцдэг болгоё гэвэл жижиг дунд бизнесийн салбараа хөгжүүлэх л хэрэгтэй. Хэдхэн том компани бүх ажлыг нь авчихдаг. Тэд ажлын байрыг жижиг дунд үйлдвэрийн салбар шиг олноор нь бий болгодоггүй. ЖДҮ-ийг хөгжүүлэх 10 гаруй төрлийн арга байхад манайх зөвхөн зээлээр л дэмжлэг үзүүлэхээс өөр дэмжлэг алга. ЖДҮ-ийн салбарынханд маркетинг, менежмент, бизнесийн ур чадвар эзэмшихэд хүндрэлтэй. Тухайлбал, арав хүртэлх ажилчинтай компанид нэг л хүн бүх шийдвэрийг гаргадаг. Өөрөөр хэлбэл, ня-бо, санхүү, хөрөнгө оруулалт, маркетинг хариуцсан мэргэжлийн олон хүн ажиллуулах боломжгүй. Тэгэхээр энэ бизнесийг дэмжсэн мэргэжлийн зөвлөгөө, ур чадвар олгодог үйлчилгээ хэрэгтэй. Түүнчлэн борлуулалт, түгээлтийг саадгүй хийх дэд бүтцийн сүлжээ манайд хөгжөөгүй. Шуудангийн үйлчилгээ манайд алга. Жишээлбэл, Баян-Өлгийд гоё гутал хийдэг хүнд Улаанбаатараас интернетээр захиалга хийе гэхэд нэг өдрийн дотор тэрхүү захиалга биелж байдаг бол энэ нь жижиг дунд үйлдвэрийн хөгжил юм. Мөн нийгмийн даатгалын шимтгэл жижиг бизнес эрхлэгчдэд татвараас дутахгүй дарамт ачаа. ЖДҮ-ийг дэмжихийн зэрэгцээ экспортыг хэрхэн хийх талаар судалгаа хийх хэрэгтэй. Европын Сэргээн босголтын банк, Азийн хөгжлийн банк, жижиг дунд экспортыг дэмжихэд хамтран ажилласан “Хадлан дээл” гэдэг брэнд бий. “Хадлан дээл” брэнд нь бизнес төлөвлөгөө, борлуулалтын зургаа гаргаж ажилласнаар ӨМӨЗО-ы зах зээлд захиалгаа дийлэхгүй хэмжээний борлуулалттай болж өссөн. Монгол дээл урладаг компани хадлан хэмээх дээл урлаж түүнийгээ үйлдвэрийн хэмжээнд оруулсан. Гадны туршлагуудыг судлахад маш энгийн. Менежментийн зөвлөгөө өгдөг 50 ажилтантай компани дэлхийн 60 орчим жижиг компанид үйлчилгээгээ үзүүлдэг. Гурван улсад оффистой. 50 ажилтан нь гурван улсад сууж тэндээс 60 орон руу үйлчилгээ үзүүлдэг. Бусад улсад ийм маягаар ЖДҮ-ийн салбараа хөгжүүлж байна. Үүнтэй адил манайд ийм компаниуд байгуулагдаж үйлчилгээ үзүүлж эхэлбэл жижиг, дунд үйлдвэрийн хөгжил илүү хурдацтай болно. Том бизнес эрхлэгчдийн яриагаар зарим нэг үйлчилгээ, үйлдвэрлэлийг жижиг дундынхнаар гүйцэтгүүлэх гэхээр бидний шаардлагыг хангадаггүй гэдэг. Тиймээс бид охин компани байгуулж хамгаалалтаа , цэвэрлэгээгээ ажлын хувцас оёулах, зарим бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг хариуцуулдаг гэж ярьдаг. Гэхдээ энэ нь яваандаа том компаниудын дэргэдэх жижиг дунд бизнесийн кластер хөгжих зам руу явах нь тодорхой. Ингэснээр том компаниуд нь экспорт руу чиглэсэн бизнесийн үйл ажиллагаа нь тэлж үндэстэн дамнасан том корпораци үүсч Монгол Улсын брэндүүд дэлхийд танигдах болно. Эдийн засгийн хөгжлийг нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр үнэлдэг. Хэдийгээр нийт эдийн засаг өнгөрсөн онуудад өсөлттэй байгаа ч гэсэн нэг хүнд ногдох ДНБ, бодит орлогод ахиц дэвшил гарсангүй.Цалингийн өсөлт, инфляци, барааны өсөлт өссөн ч өрхийн бодит орлого, дундаж давхрагын эдийн засгийн бэхжилт, чанарт нөлөөлсөнгүй. Нэг хүнд ногдох ДНБ 1000-2000 ам.долларт хүрч байж л манай эдийн засаг сайн байна. Тэр цагт л улс орны хөгжил өндийж ард түмэн аз жаргалтай амьдрах болно. Ийм цагийг хурдасгахад ЖДҮ-ийн салбарыг л түлхүү дэмжиж хөгжүүлэх нь түлхэц болно.БЛИЦ
Боловсрол: 1997 - 2002 он, Монгол Улсын Их Сургууль, Маркетинг мэргэжлээр, бакалавр 2002 - 2005 он, Монгол Улсын Их Сургууль, Маркетинг, Бизнесийн удирдлагын магистр 2010 - 2012 он, Австрали улс, Central Queensland их сургууль, менежмент, мастер 2016 - оноос, Монгол Улсын Их Сургууль, Эдийн засгийн докторантурт сурч байна. Ажлын туршлага: 2002 - 2006 он, “MMCG” ХХК-ийн Гүйцэтгэх захирал 2006 - 2009 он, “Монгол тамхи со” ХХК-ийн Маркетингийн албаны дарга 2012 - 2013 он, “CAMS” ХХК-ийн Маркетингийн менежер 2013 - 2016 он, “Туушин зочид буудал” ХХК-ийн дэд захирал 2016 оноос “Монголиан бизнес гайд” ХХК-ийн захирал