Японы ерөнхий сайд Шинзо Абэ болон Рейва эриний уран бичлэг (каллиграф) ("Гайхамшигтай зохицол ")
© AP Photo/Eugene Hoshiko
-Жиньпин Си, Ун Жон Ким биш харин Си Жиньпин, Ким Жон Ун гэж ярьдаг тийм л шалтгаантай-
Артур Громов
Эхэнд нь овог, дараа нь нэр. Япон хэлэнд нэрийг бичихэд яг ийм л журмыг баримталдаг. Тийм болохоор “Хий үзэгдлээр алга бологсод” киноны зургийг Миязаки Хаяо авч, Марио ус дамжуулагчийг Миямото Сигэру бүтээж, улс орны ерөнхий сайдыг Абэ Шинзо хэмээн нэрлэнэ. Харин Баруунд эхлээд нэр, дараа нь овог байх өөр дараалалд аль эртнээс дасаж хэвшчихсэн. Яагаад ийм болсон, Токио үүнийг засахыг яах гэж хүсч байгаа юм бол?
Шинэ эрин – шинэ бичвэр
Японы Гадаад хэргийн яамны тэргүүн Таро Коно япон нэрийг гадаад үсгээр бичихдээ нэгдсэн журмаар эхлээд овгийг, дараа нь өөрийн нэрийг бичиж байхыг гадаадын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд хандаж хүсэх бодолтой байгаагаа тавдугаар сарын 21-нд мэдэгдлээ. Сайдын бодлоор улс оронд Рейва (“Гайхамшигтай зохицол”) хэмээх шинэ эрин эхэлж байгаа нь өөрчлөлт хийхэд одоо хамгийн тохиромжтой цаг үе ажээ. Нөгөөтэйгүүр шинэ бичвэрийг хэвшил болгож бэхжүүлэх боломжтой олон улсын хэд хэдэн чухал арга хэмжээ (Их 20-ийн чуулга уулзалт, Олимпийн тоглолтууд) удахгүй Японд болно.
Гадаадын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд хятад, солонгос нэрийг мөн яг ийм дараалал буюу эхлээд угийн овог, дараа нь өөрийн нэрийг (Си Жиньпин, Мун Жэ Ин) дурдаж бичдэгийг Таро Коно сануулав. “Тийм учраас Японы Ерөнхий сайдын нэрийг одоогийнх шиг Шинзо Абэ гэж биш, харин Абэ Шинзо гэж бичихийг хүсэмжилж байна” хэмээн сайд онцлов.
Тусгайлан зохион байгуулсан өөр нэгэн хэвлэлийн бага хурал дээр боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн сайд Масахико Сибаяма гадаад хэл дээр япон нэрийг “овог – нэр” гэсэн дарааллар бичихийг мөн уриалжээ. Тэрээр улс орны төрийн бүх бүтэц, нутгийн өөрийн удирдлагын байгууллагуудад энэ тухай заавар чиглэл өгөхөө амласан байна.
Уламжлал vs барууны моод
Гадаад хэлээр үндэсний нэрийг барууны маягаар бичих ёс заншил улс орон нээлттэй, баруунжих, шинэтгэлийн замд шилжсэн Мэйжигийн эринд (“Гэгээрсэн засаглал”, 1886-1912 он) үүсч бий болсон. Ер нь япон, хятад, солонгос хэлэнд нэрийг овгийн өмнө бичдэггүй. Тийм болохоор Таро Коногийн саналыг Азийн уламжлалт өөрийн ёс заншлыг сэргээж байгаа трендийн илрэл гэж үзэж болно.
“Нэр-овог” гэх формат бол гадаадын хэвлэл, албан ёсны хэл, захидал харилцаа, гэрээ хэлэлцээр, болон бусад олон салбарын стандарт. Гэхдээ тусгайлан авч үзсэн тохиолдлууд бас бий. Баруунд японы түүхэн бие хүмүүсийн нэрийг байнга “овог-нэр” гэсэн форматаар бичсээр ирсэн. Жишээлбэл: Ода Нобунага (1534-1582)-улс орны нэгдлийн төлөө тэмцэгч, японы түүхэн дэх хамгийн гарамгай самурай нарын нэг. Ода ургийн овог, Нобунага өөрийн нэр.
Гадаад нэрийг Японд бичих тухайд бол гол төлөв төрөлх хэл дээр бичигддэг дарааллаар нь буулгаж бичдэг. Өөрөөр хэлбэл, Брэд Питт хэмээх нэрийг японоор яг мөн тийм дарааллаар “Бураддо Питт” гэж (“Питто Бураддо” гэж биш) бичдэг.
Өөрсдийнх нь нэрийг гадаадынхан хэрхэн бичих ёстой талаар япончуудын санаа бодол харилцан адилгүй байдаг юм байна. 2000 онд явуулсан санал асуулгаар 34,9 хувь нь япон дарааллаар бичих саналтай байсан бол 30,6 хувь нь гадаадынхны маягаар, 29,6 хувь нь ямар нэг онцгой санал байхгүй гэжээ.
Токио мөн тэр 2000 ондоо уламлалт журамд эргэж шилжих оролдлого хийж, холбогдох тушаал гаргасан боловч түүнийг үндсэндээ хэрэгжүүлээгүй. Энэ тушаалыг Тара Коно эш татсан 2019 оны гуравдугаар сараас бичвэрийг “овог-нэр” гэсэн формат руу шилжүүлэх төлөвлөгөөний талаар бас дахин ярих болсон. Тэр үед Гадаад хэргийн яам албан ёсны баримт бичгүүдэд, тухайлбал, паспортад бичвэрийг өөрчлөх асуудлыг авч үзэж байна гэдгийг тэрээр онцлон тэмдэглэж байсан. Шинэтгэлийг сайд эртнээс сурталчилж байгаа бөгөөд түүний нэрийн хуудсанд хүртэл Тара Коно гэж биш, харин япон хэлэнд байх ёстойн дагуу Коно Тара гэж бичсэн.
Болгоомжилсон дэмжлэг
Японы нийгэмд урьд өмнө нь янз бүрийн санаа бодол үүсгэсэн олон санаачилга гаргаснаараа Японы Гадаад хэргийн яамны тэргүүн нэрд гарсан. Жишээлбэл, япончуудын дийлэх нь цагаачлалд уламжлалын дагуу сөрөг ханддаг байхад хүн амын хөгшрөх асуудалтай холбогдуулан Японд цагаачлахыг дэмжих саналыг тэрээр гаргаж байсан. Үүнээс гадна Тара Коно амь үрэгдсэн япон цэргүүдийн, түүний дотор Токиогийн шүүх хурлын (процессийн) дараа цаазлагдсан цэргийн гэмт хэрэгтнүүдийн нэрийн жагсаалт хадгалагдаж байгаа шинто шашны сүм-Ясукунигийн асуудлаар дуулиан шуугиан гарахаас сэргийлэхийн тулд япон цэргүүдэд зориулсан дурсгалын шинэ хөшөө босгохыг уриалж байв.
Тийм учраас нэртэй холбоотой асуудлаар Тара Коногийн дэвшүүлсэн саналыг албан ёсны Токио болгоомжлонгуй тайлбарлаж байна. Шинэ формат руу шилжих шийдвэр гаргахдаа “тогтож хэвшсэн хэм хэмжээг оролцуулан олон хүчин зүйлийг анхааралдаа авах шаардлагатай” хэмээн Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга мэдэгдсэн.
The Japan Times сонинтой ярилцсан Засгийн газрын хүрээний хүмүүс Гадаад хэргийн яамны тэргүүний дэвшүүлсэн санааг ерөнхийд нь болон бүхэлд нь дэмжиж байгаа боловч баримт бичиг, компьютерийн баазад болон бас аль эртнээс нэрээр нь нэрлэж дуудаад хэвшчихсэн барууны түншүүдтэй харилцахад ч будлиан үүсч болзошгүй талаар санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.
Polit.mn-д зориулан орчуулж бэлтгэсэн Д.ЭНХЭЭ