С.УЯНГА
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор МХЕГ-ын Эрчим хүч, хэмжилзүйн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч А.Бямбадоржийг урьж ярилцлаа.
ШАЛГАЛТ ЗӨВХӨН ХЯНАЛТЫН ХУУДСАНД ТУСГАГДСАН АСУУДЛААР ХЯЗГААРЛАГДДАГ НЬ УЧИР ДУТАГДАЛТАЙ
-Хяналт шалгалтын тогтолцоо тухайн улс орны эдийн засгийн хөгжил, нийгмийн байдал, техник технологийн хүчин чадлаас хамаараад янз бүр байдаг. Өнөөдөр манай улсад төлөвлөгөөт буюу урьдчилан мэдэгдчихээд шалгадаг хувилбар хэрэгжиж байна. Хүмүүсийн ухамсар, соёлын түвшин болон технологи өндөр хөгжсөн ёс зүйт нийгэмтэй, өндөр хөгжилтэй орнуудад хяналт шалгалтыг эрсдэлд суурилан төлөвлөж хэрэгжүүлдэг. Харин манайх шиг хөгжиж буй орны хувьд эрсдэлд суурилсан болоод гэнэтийн хяналт шалгалтын аль алиныг хийх нь зохимжтой. Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар мэргэжлийн хяналтын байцаагч шалгалт хийх газартаа таваас доошгүй хоногийн өмнө мэдэгдэж, зөвхөн удирдамжийн дагуу хяналтын хуудсанд тусгагдсан асуудлын хүрээнд шалгана. Өөрөөр хэлбэл, өмнө нь байсан гэнэтийн шалгалт гэдэг зүйл байхгүй болсон. Мэдээлэл, гомдол ирэхэд ч юм уу, төлөвлөгөөний дагуу гэнэт очих нь зөрчлийг бодитоор илрүүлж арилгуулах үр дүнтэй хэлбэр байсан гэж би хувьдаа боддог. “Очиж шалгана шүү” гэж хэлчихээд үр дүнтэй шалгалт хийж, зөрчлийг бодитоор илрүүлэх боломжгүй. Тав хоногийн дотор ямар ч томоохон зөрчилтэй аж ахуйн нэгж байсан өнгөлөн далдлалт хийх юм уу, “асуудлаа” ямар нэг аргаар шийдвэрлэнэ. Нөгөөтэйгүүр зөрчил дутагдлыг нь лавшруулж шалгая гэхээр мэргэжлийн хяналтын байгууллага зөвхөн хяналтын хуудсанд тусгагдсан асуудлын хүрээнд л шалгах эрхтэй. Муухайгаар хэлэхэд зөрчилтэй байж мэдэх, аюулгүй байдал алдагдсан байх эрсдэл ажиглагдвал ухаж, төнхөж, лавшруулж шалгах боломж бага юм. Бусдыг хохироож, хордуулж, гэмтээж болзошгүй, хүрээлэн буй орчныг бохирдуулах нөхцөл байдал илэрвэл холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагааг зогсоох ажил хийгдэж байна. Өөрөөр хэлбэл, зөвлөмж, шаардлага хүргүүлснээр шийдэгдэхгүй асуудал их байна л даа. Маш их зөрчилтэй мөртлөө зогсоох гэхээр “Танайх зөвлөн туслах үүрэгтэй биз дээ” гэсэн хүсэлт тавьдаг. Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалт хийхээс гадна зөвлөн туслах, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг. Гэсэн ч шалгалтын удирдамж бариад очсон байцаагч зөвлөн туслах үйлчилгээ хийх ёсгүй. Бусад улс орнуудын хувьд зөвлөн туслах үйлчилгээг иргэний нийгмийн байгууллагууд нь хийж мэдэхгүй, чадахгүйг нь хэлж зөвлөдөг. Манай улсын хувьд энэ байдал дутмаг харагддаг. “ШАЛГАНА ШҮҮ” ГЭЖ ХЭЛЧИХЭЭД ЗӨРЧЛИЙГ БОДИТООР ИЛРҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙБЛИЦ Мэргэжил: Газрын тосны инженер Боловсрол: 2000 он: ТИС-ийг Газрын тос, хийн хадгалалт, тээвэрлэлтийн инженер 2008 он: ШУТИС-ийг Нефтийн инженерийн магистр 2011 он: Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежер Ажил эрхлэлт: 2003 оноос: Улсын мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагч 2007 оноос: Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт улсын ахлах байцаагч, хэлтсийн дарга-Иргэдийн дунд нэг өрөөсгөл ойлголт байдаг. Мэргэжлийн хяналт л бүх зөрчил дутагдлыг арилгуулж, хяналтыг бүрэн хэмжээнд тавих ёстой гэж. Үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг 160 мянган аж ахуйн нэгжийг системийн хэмжээний цөөхөн тооны хүн хянаж, аюулгүй байдлыг бүрэн хангуулна гэвэл учир дутагдалтай, үргэлж хянах боломжгүй. Тийм учраас Засгийн газраас “Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг баталсан нь олон улсын жишгийг нэвтрүүлж байгаа гэсэн үг. Олон улсад эрсдэлд суурилж хяналт тавьдаг. Бид ч гэсэн 2011 оноос эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлсэн. Хяналт шалгалт хийх объектуудаа өмнөх жил нь эрсдэлийн үзүүлэлтээр нь үнэлж, их, дунд эрсдэлтэй буюу “Аюултай” газруудаа шалгахаар олон нийтэд зарладаг. Өөрөөр хэлбэл, нэг аж ахуйн нэгж дээр давхардал хийдэлгүй эсвэл байцаагчийн үзэмжээр хяналт шалгалт хийхгүй байх нь гол зарчим. Харамсалтай нь Мэргэжлийн хяналтын байгууллагаас өгч буй зөвлөмж, сэрэмжлүүлгийг үл ойшоох, ажил хэрэг болгохгүй байх зэрэг үйл ажиллагаа эрхлэгчдийн өөрсдийнх нь нийгмийн хариуцлагаас хамаараад аюулгүй байдал бүрэн хангагдахгүй байна. Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмаар аж ахуйн нэгж бүр хяналтын алба, ажилтантай байх ёстой. Энэ баг, хэлтэс нийтлэг журам болон салбарынхаа онцлогт тохируулсан дүрэм журмыг боловсруулж хөдөлмөрийн болон техник ашиглалт, аюулгүй байдал хангагдаж байна уу, иргэдэд чанартай үйлчилгээ үзүүлж чадаж байна уу гэдэгтээ байнга хяналт тавьж, зөрчил дутагдлаа илрүүлж ажлаа сайжруулах ёстой. Шаардлагатай бол эрх хэмжээнийхээ хүрээнд дотооддоо хариуцлага тооцоод явах ёстой. Ингэж чадвал ажил үйлчилгээ нь сайжирч хууль тогтоомжийг хэрэгжүүлнэ. Нэг үгээр хэлбэл, байгууллага бүр дотооддоо “Мэргэжлийн хяналт”-тай байх ёстой юм. Гэтэл ихэнх байгууллагууд дотоодын хяналтгүй, түүнийгээ ойлгодоггүй. Зарим нь бүр эсрэгээрээ хяналт шалгалт бол зөвхөн мэргэжлийн хяналтын байгууллагын үүрэг гэж ойлгодог. Мэргэжлийн хяналт л хэлэхгүй бол аюулгүй байдлаа хангах, хууль журмаа хэрэгжүүлэх үүргээ ухамсарладаггүй. Мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагааг нь зогсоох акт өгсөн, торгууль шийтгэлийг тавьсаар байтал дур мэдэн бизнесийн ашиг сонирхлоор үйл ажиллагаа явуулдгаас болоод том хэмжээний осол, зөрчил дутагдал гарч байна. Тухайлбал, саяхан Улаанбаатар хотод их хэмжээний шингэрүүлсэн шатдаг хий алдсан тохиолдол гарлаа. Барилгын ажлын зөвшөөрөлгүй, зураг төсөл нь батлагдаагүй гэсэн үндэслэлээр өнгөрсөн жил үйл ажиллагааг нь зогсоосон байтал дур мэдэн ажиллаж байгаад ийм эрсдэлийг бий болгож байна.