Х.ОЮУНБОЛД
Хорт хавдартай хүүхдүүдэд зориулсан “Итгэл-Хайранд “ нэртэй сайн үйлсийн аяныг эхлүүлээд байгаа хүүхдийн элч, дуучин A Cool буюу Б. Анхбаярыг “Өөр зочин” буландаа урьсан юм.
-Таны санаачилсан сайн үйлсийн аян эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ талаараа ярихгүй юу?
-“Итгэл-Хайранд” аян маань энэ сарын эхнээс өрнөөд амжилттай явж байна. Аян эхэлснээс хойш манай монголчууд сайхан сэтгэлийн гараа дэлгэж хандивын дансанд минь тодорхой хэмжээний мөнгө цуглараад байна. Мөн хамгийн түрүүнд эмчилгээ шаардлагатай хүүхдүүдээ эмчлүүлэх шаардлагатай болсон. Нийт 30 гаруй хүүхэд бий. Гэхдээ эхний ээлжинд дөрвөн хүүхдийг сонгож авсан. Мөн энэ аянаа төрийн оролцоотой болгохыг хүссэн. Энэ бол ганцхан дуучин Анхбаяр эсвэл өөр хэн нэгний асуудал биш. Хорт хавдартай хүүхдүүдийг эмчлүүлэх, энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх явдал юм. Цаашлаад энэ өвчнийг эмчлэхэд шаардлагатай техник технологийг эх орондоо нэвтрүүлэх, олон хүүхдийг эмчлэх боломжийг хангахын тулд би энэ аяныг зохион байгуулсан. Ингэснээр Төрийн ордонд хүүхдийн хорт хавдрыг эмчлэхэд дэлхийн хэмжээнд туслах арга замыг бий болгосон юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатрын санаачилгаар хийсэн нээлттэй хэлэлцүүлэг амжилттай болж, нааштай үр дүнд хүрлээ. Тухайлбал, манай аянд нэгдэн ажиллаж байгаа Хавдар судлалын үндэсний төвд шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэхэд төрөөс оролцож тусалъя гэсэн. Энэ хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг төрийн гурван өндөрлөгт хүргүүлнэ гэж бодож байна. Турк улсын нуруу нугас, хорт хавдрын чиглэлээр мэргэшсэн “Liv Hospital International” эмнэлэг нэг хүүхдийн эмчилгээний зардлыг 100 хувь даахаар боллоо. Энэ нь бидний хувьд их сайхан мэдээ байлаа.
-Өөрөө аав хүн. Сүүлийн үед хүүхэдтэй холбоотой онцгүй мэдээллүүд сонсогдох боллоо. Сайн аав ямар байх ёстой вэ?
-Үүнийг бидний ирээдүй хойч болсон хүүхдүүддээ анхаарал хандуулахгүй байгаагийн гол илрэл гэж бодож байна. Би 2012 оноос хойш “Хүүхдийн төлөө юм хийе. Хүүхдийн эрхийг хамгаалдаг тогтолцоог хамгаалах, дуу хоолойг нь сонсдог хамгийн сайн найз нь томчууд бид байя” гэж ярьж байсан. Харин өнөөдөр жигшүүртэй хэргүүд ар араасаа гарч байна. Үүнд би их бухимдаж байгаа. Гэхдээ хамгийн гол нь хүмүүс бид ухамсартай байх хэрэгтэй. Эцэг эхчүүд хариуцлагаа сайжруулах ёстой. Хүүхдийг улс хамгаалах ёсгүй. Миний бодлоор хамгийн түрүүнд эцэг эхчүүд нь хамгаалж, хайрлаж, хүмүүжүүлэх ёстой юм. Улмаар хүүхдийн хамгаалуулах эрхийг нь хангаж, хуулийн зарим заалтыг нь чангаруулах хэрэгтэй байх. Тэгээд ийм хэрэг үйлдээд байгаа зарим хүнийг шийтгэх нь зөв гэж бодож байна.
-Одоогийн залуучуудыг ямар байгаасай гэж боддог вэ?
-Өнөөгийн залуучуудыг бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг байгаасай л гэж хүсдэг. Тухайлбал, оюутан бол хичээлээ сэтгэлээсээ хичээж сайн хийдэг. Хүнтэй үерхэж байгаа бол чин сэтгэлээсээ үерхдэг байх хэрэгтэй. Би хүний юманд хандах хандлагын талаар яриад байна л даа. Бүх зүйлд сэтгэлээсээ ханддаг болчихвол Монгол Улс аяндаа хөгжинө. Харин би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн хувиа бодсон бэртэгчин сэтгэхүйтэй болж байвал өөрийгөө хүн болоогүй байна гэж бодох хэрэгтэй. Үүнийг л залуучуудад хэлмээр байна. Мэдээж манай залуучууд одоо арай илүү ухамсартай, нээлттэй болж байна.
-Уран бүтээлийн хувьд сонин сайхан юу байна?
-Уран бүтээлийн хувьд “Итгэл- Хайр” нэртэй шинэ дуу гарч байна. Рок попынхон бид хамтраад нэг дуу гаргая гэж бодож байна. Хорт хавдартай хүүхдүүдийг эмчлүүлэх сайн үйлсийн аянаа ирэх сарын 8-нд Сүхбаатарын талбайд амжилттай өндөрлүүлнэ. Үүнийхээ дараа уран бүтээлдээ анхаарлаа хандуулна гэж бодож байгаа. Өөр нэг хэлмээр байгаа зүйл бол бид юунаасаа ичих ёстой вэ гэдгээ бодох ёстой юм. Миний хувьд хүүхдийн төлөө 1000 төгрөг гуйх нэг их ичгэвтэр санагдахгүй байна. Хорт хавдар чинь эдгэрдэггүй өвчин биш юм байна. Эдгэрч болдог юм байна. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлбэл, бидэнд цаашид дэвшилттэй сайн сайхан зүйл харагдаж байна. Тиймээс би гэсэн үзэл бодлоо хойш нь тавиад бид гэсэн сэтгэхүйгээр аливаа зүйлд хандвал бидэнд мэдэхгүй, чадахгүй, хүрч чадахгүй, чадвар авьяас дутна гэсэн зүйл байхгүй юм байна. Харин та бүхнийг Сүхбаатарын талбайд болох “Итгэл-Хайранд” аяны хаалтын ажиллагаанд ирэхийг урьж байна.Энэ үеэр бид тайлангаа тавих болно.
-Таны гартаа зүүсэн эрихийг нэлээн анзаарч харлаа. Ямар учиртай эд вэ?
-Манай монголчууд шарын шашин шүтдэг. Шашинлаг байхыг нэг их үгүйсгэдэггүй. Учир нь бүх шашин байх ёстой. Буддизм, Христос өөр юу ч байдаг юм. Харин шашин нь өөрөө хэмжээнээсээ хэтрэхгүйгээр бүх зүйлийг тогтоож барьж байдаг нигүүлсэнгүй, хүний төлөө, хүн байхын утга учрыг ойлгуулсан байвал үр өгөөжтэй. Хэтрүүлээд буруу суртал ухуулга явуулаад байвал их аюултай. Миний хувьд би монгол хүн учраас хөх тэнгэрээ, аавыгаа, ээжийгээ шүтдэг, үр хүүхдээ хүндэлдэг. Тиймээс би бөөгийн зан үйлд итгэдэг. Мөн хөх тэнгэртээ итгэж, хамгийн түрүүнд залбирч байх ёстой. Сайхан байгаль дэлхийдээ сүүгээ өргөөд, зарим нэг сайхан лус савдагтай хайрхнууддаа сархдаа өргөчихдөг. Шашин эс шүтэх, шүтэх нь хүний эрхийн асуудал. Харин миний хувьд хамгийн чухал зүйл бол өвөг дээдсийнхээ сургаалийг мартаж болохгүй. Тиймээс би тэнгэрийн үйлийг илүүд үздэг. Дараа нь бурхан шашны үйлийг хүндэтгэж үздэг, ийм л байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.5.17 баасан №102 (6069)