М.Энхдалай: Арилжааны кино биш жинхэнэ бyтээл хийх мөрөөдөл бий

2013-11-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ГАНТУЛГА

“6.50”, “3.30”, “Ерөнхийлөгчийн туслах” киног бүтээсэн залуу найруулагч М.Энхдалайтай ярилцлаа.

 

-Та “Шилдэг залуу найруулагч” болсон байхаа?

-“Acdemy Awards” наадмаас энэ нэр хүндтэй шагналыг авсан. Үе тэнгийнхээ олон залуустай өрсөлдсөн. Энэ шагналыг хүртэнэ гэж санаагүй. Миний нэрийг дуудах үед гайхсан, үнэхээр баярласан. Тайзан дээр яаж гарснаа ч мэдээгүй шүү/инээв/.

-Уран бүтээл хийх урам зориг төрсөн байх даа. Шилдэг найруулагч маань одоо ямар бүтээлд ажиллаж байна?

-Гурван кино зохиол бий. Судалгаа хийж байна. Гэхдээ үүнээс өмнө талхныхаа мөнгийг олохын тулд хөнгөн, инээдэм аймшиг хослосон кино хийхээр зорьж байна. Надад ийм бүтээл хийх туршлага бий. Тиймээс энэ хоёр төрлийг нэгтгэж кино хийхээр төлөвлөөд байна.

-Зөвхөн талхны мөнгөө олохын тулд кино хийдэг гэжүү. Их сонин санагдлаа?

-Кино дотроо хоёр янз шүү дээ. Хурдан хугацаанд бүтсэн, ашиг олох зорилготой киног кассных гэж нэрлэж болно. Харин жинхэнэ уран бүтээл, хүнд үлдэх юмтай киног бүтээл гэж хэлнэ. Гэхдээ жинхэнэ бүтээлийг үзэгчид үзэх нь бага байдаг.

-Жинхэнэ уран бүтээл хийхээр хүмүүс үздэггүй гэлээ. Тэгэхээр  арилжааны гэх кино их гарч байгаа нь үзэгчдийн буруу гэж үү?

-Өнөөдрийн бухимдалтай нийгэмд хүмүүс хааяа алжаалаа тайлж, инээхийг хүснэ. Энэ нь хүмүүсийн буруу биш, нийгэм маань ийм төрлийн кино нэхэж байна. Тийм болохоор бараг өдөр алгасахгүй шинэ кино нээлтээ хийж байгаа юм. Гэхдээ кино бүхэн ашиг олдог гэвэл худал. Зарим хүн уран бүтээлчдийг киноноосоо хангалттай ашиг олдог гэж буруугаар ойлгодог. Бид ашиг олохын өмнө байгаа бүхнээ сэгсэрч, хүн царайчилдаг улс шүү дээ. Зарим киночид зарлагаа нөхөж чадахгүй, “шатах” тохиолдол ч бий. Кино хийхийн тулд зах зээлээ, үзэгчдээ нарийн судлах хэрэгтэй.

-Ер нь кино хийхдээ хэр “шатаж” халаасаа сэгсэрч байв?

-Овойж, оцойтлоо ашиг олсон гэж хэлэхгүй. Гэхдээ зарлагаа хангалттай нөхсөн. Анх “6.50” киног хийхдээ юу юу ч байхгүй, бүх зүйлээ хүнээс гуйгаад, танил тал, эх эгчээ туслаач гээд гүйж явсан. Жүжигчид маань хүртэл бүгд оюутан байлаа. Тэр үед би өөрийгөө зоригтой алхам хийсэн гэж боддог. Киноны маань ашиг гээд амьдралдаа үзээгүй мөнгөө тэр үед барьж үзсэн. Залуу уран бүтээлчийнхээ хувьд урамшиж, дахиад олон уран бүтээл хийнэ гэж өөртөө амласан.

Тэгвэл таны анхны бүтээл “6.50” кассны кино байв уу. Эсвэл таны хэлснээр уран бүтээл байв уу. Юу гэж дүгнэх бол?

-Төрөл жанрын хувьд инээдмийнх. Мэдээж цаана нь ашиг олъё гэсэн зорилго байсан. Үнэнийг хэлэхэд тэр үед нийгэмд тулгамдаад байсан олон асуудлыг кинондоо хөндөхийг зорьсон. Жишээ нь хүүхдүүдийн оюун тархийг угааж, донтуулаад байсан компьютер тоглоом ямар уршиг дагуулдаг, охид бүсгүйчүүдийг хууран мэхэлдэг чатны ард ямар хүмүүс байдаг, гэр бүлийн амьдрал, хайр юун дээр тогтдог зэрэг хүнд ухаарал хайрласан олон асуудлыг тусгая гэж бодсон. Тийм болохоор анхны бүтээлдээ их хайртай. 

-Хойд хөршийн кино найруулагч Сергей Бодров “Монгол” бүтээлээрээ дуулиан тарьсан. Түүн шиг найруулагч бүр тийм бүтээл төрүүлэхсэн гэж мөрөөддөг. Харин та мөрөөдлийн бүтээлээ хэзээ хийх вэ?

-Миний ойрын төлөв­лө­гөөнд нэг кассны кино, нэг бүтээлч кино хийе гэсэн төлөвлөгөө бий. Жендерийн асууд­лыг хөндсөн, монгол эмэг­тэйн тэсвэр хатуужилтай байдал, амьдралаа авч явах хатан ухааныг ха­руулсан киног эрчүүдийн баг бүрдүүлж хийнэ. Зо­хиол нь бэлэн болчихсон. Зөвхөн санхүүгийн тал дээр гацчихаад байна. Хэрвээ мөнгөний асуудлаа шийдчихвэл сайн бүтээл болно.

-Анхны бүтээл чинь инээдмийн төрлийнх. Тэгэхээр дараагийн киног ч тэгж төсөөлж  байлаа?

-Найруулагч хүн хөрвөх чадвартай байх хэрэгтэй. Миний хувьд зөвхөн инээдмийн төрлөөр дагнана гэж боддоггүй. Чадаж байвал бүх төрлөөр хүч үзнэ. Одоогоор уран бүтээлч бүхэн инээдмийн кино руу хошуурч байна. Үргэлж инээдмийн кино гараад байвал кино урлаг мөхнө шүү дээ.

-Цуврал кино моод болоод байна уу?

- Миний дотор нууг­даж явдаг нэг бодол маань олон ангит кино хийх. Нэгэнт хийвэл сайн хийнэ гэж боддог. Одоогоор сайн зохиол орж ирээгүй байна. Нэг ангит кино хийснээс олон ангит кино хийх нь амархан юм шиг санагддаг. Учир нь хэлэх гэсэн санаагаа цаг хугацаанд баригдахгүйгээр чөлөөтэй, хангалттай багтааж чадна гэсэн үг шүү дээ. Гэхдээ солонгосын цуврал шиг сунжирсан юм хийнэ гэж юу байхав.

-Гэхдээ та өөрөө Солонгос кино үздэг юм биш биз?

-Анх “Эхнэрийн урхи” гээд кино гарч байхад хальт үзэх шаардлага гарч байсан. Гэхдээ сайндаа ч биш тэр киноны голоор манай киноны реклам гардаг байсан юм. Рекламаа цаг тухайд нь гарч байна уу гэж хардаг байсан юм.

-Та зохиолоо өөрөө бичээд, найруулдаг. Бэрхшээлтэй болон ололттой тал нь юу вэ?

-Бэрхшээлтэй гэхээсээ ололттой тал олон. Учир нь би зохиолоо бичиж эхлэхдээ л кадруудаа харчихсан байдаг. Кино зохиол бичиж эхэлсэн үеэс толгойн дотор минь кино бүтчихдэг. Өөрөө бичсэн болохоор найруулга хийхэд харьцангуй хялбар. Гэхдээ би зохиолоо биччихээд олон хүнд уншуулж, зөвлөгөө авдаг.

-Найруулагч гэхээр жүжигчдээ хурцалсан, шүүмжилсэн, зөвлөгөө өгдөг хүмүүс байдаг. Тэгвэл таньд хаягласан шүүмжлэлд хэр ханддаг вэ?

-Хүн алдаагаа заавал эргэж хардаг, засдаг байх ёстой. Миний хувьд шүүмжлэлийг баяртай хүлээж авдаг. Алдаагаа засах гэж хичээдэг. Залуу хүн алдалгүй яахав. Алдаж байж ухаардаг. Миний хийсэн кинонуудыг магтах хүн байхад шүүмжлэх ч хүн байна.

-Хүнийг уйлуулахаас инээлгэх хэцүү гэдэг. Таны хийсэн киног үзээд үзэгчид татаж унатлаа инээдэг. Нууц нь юунд байна вэ?

-Хошин шогийн мэд­рэмжтэй хүн л инээд­мийн кино хийж чаддаг. Үнэхээр ямар ч мэдрэмжгүй бол тэр найруулагчаас инээдмийн кино гарах нь юу л бол. Би өөрийгөө хошин шогийн мэдрэмжтэй гэж боддог. Багаасаа л хүн инээлгэх дуртай хүүхэд байсан. Одоо ч найзуудтайгаа яриад суухад бидний яриа инээдээр дуусдаг.

-Тайзны бүтээл тавихгүй юм уу?

-2007 онд сургуу­лийнхаа дөрөвдүгээр курсийнхэнтэй “Зүүд л байгаасай” жүжиг театрт тавьж байсан. Тайзны бүтээл хийе гэсэн бодол бий. Харин театрын тайз нэг жилийн хугацаагаар захиалгатай, тоглолттой байдаг юм билээ.

-Одоо царайлаг, өндөр л бол загвар өмсөгчид хүртэл кинонд тоглодог болчихож. Ер нь мэргэжлийн жүжигчний хэрэг байна уу?

-Мэргэжлийн жүжигчин ядахдаа текстээ зөв хэлнэ. Өгөлт, авалт нь зөв байна шүү дээ. Миний хувьд кинондоо аль болох залуу жүжигчдийг дэмжиж, ажиллахыг хүсдэг. Хэдий туршлага багатай ч тэдэнтэй ажиллахад, ойлголцоход хялбар байдаг. Томчууд бол зохиолоо аваад л хангалттай. Надад жүжигчний уран чадвар талаас нь ажиллах шаард­лага гарахгүй. Арвин туршлагатай учраас ажиллагаа шаарддаггүй.

-Алтан үеийнхний кинонууд их зүйлийг сургаж, дахиад үзэх бүрт туршлага, зөвлөгөө болдог байх даа?

-Алтан үеийнхний  киног хэд ч үзээд уйддаггүй, залхдаггүй. Үзэх бүрт шинэ мэдрэмж, ухаарал төрдөг. Ялангуяа “Анхны алхам” киног үзэх дуртай. Тэр кинонд олон дүр гардаггүй, олон хүний масс шаардсан хэсэг байдаггүй, өөр өөр газар үйл явдал өрнөдөггүй. Гэхдээ л тэр кино залууст олон зүйлийг ухааруулсан, сургамж болсон.

-Багш нарынхаа тухай яриач?    

-Би өөрийгөө азтай гэж боддог. Монголын киноны, театрын хоёр нэрт зүтгэлтний шавь. Анх “Кино урлагийн дээд сургууль”-д Х.Энхжаргал багшийнхаа шавь болж орсон. Миний най­руулагч болох анхны суурийг тавьж өгсөн буянтан. Багш минь тэнгэрээс шавийгаа харж байгаа байх. Дараа нь драмын найруулагч урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баа­тар багшийн шавь болсон. Б.Баатар багшаасаа театрын талын мэдэгдэхүүнийг сурсан. Манай багш чанга, хатуу, зарчимч хүн. Харин практикийг урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Жигжидсүрэн найруулагчаас суралцах гэж хичээж явна. Гурван жил хажууд нь дагалдан хийсэн. Миний гурван буянтан. Та нарынхаа ачийг сайн уран бүтээлч болж заавал хариулна гэж хэлье.

-Багш нар тань юу гэж сургаж байна?       

-Үргэлж уулзаж, зөвлөгөө авдаг. Гэхдээ шүүмжлээсэй загнаасай гэж хүсдэг. Манай Б.Баатар багшийн санаанд хэрийн юм тохирдоггүй. Үнэхээр мундаг уран бүтээлч болчихоод багшийнхаа өмнө нүүр бардам зогсоод үнсүүлэхсэн гэж хүсдэг.

-Та гэр бүлийн амьдрал зохиосон уу?       

-Хараахан амжаагүй байна. Гэхдээ нэг хүүтэй. Хүү минь одоо дөрөвдүгээр анги. Зарим хүмүүс намайг хүүхэдтэй гэхээр итгэдэггүй юм. Олны газар “Аавын хүү” гээд дуудахаар гайхдаг. Хамт явахаар ах, дүү хоёр уу гэж асуудаг шүү.

-Хүүд чинь уран бүтээлч болох авъяас мэдрэгдэж байна уу?

-Мэдрэмжтэй шүү. Кинонд дуртай, сэтгэл хөдлөл өндөртэй. Ирээдүйд уран бүтээлч болж магадгүй.

-Найруулагч байх, аав байх хоёрын аль нь хэцүү байна?

-Аль аль нь сайхан. Гэхдээ хааяа ээжийн үүргийг гүйцэтгэнэ гэдэг хэцүү. Гунигласан үедээ хааяа хүүгээ харахаар, өнгөрүүлсэн амьдралаа бодохоор өөрийн эрхгүй нулимс урсдаг. Гэхдээ ядарсан үедээ гэртээ ирээд хүүгээ харахаар амьдралын хамгийн үнэтэй аз жаргалыг мэдэрдэг.

 

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

3 цаг 43 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

3 цаг 43 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

3 цаг 43 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

3 цаг 43 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

3 цаг 43 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

3 цаг 43 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

3 цаг 43 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

3 цаг 43 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

3 цаг 43 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

3 цаг 43 мин