Д.Цэрэнсамбуу: Үндэсний бөхийн нэр хүнд, цолны дархлаа, ёс жудгийг өндөрт өргөж явах нь бөхчүүдийн үүрэг

2019-05-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ЦОГНЭМЭХ Монгол бөхийн баяр - Бөхийн “Увс нуур” галын 20 жилийн ойн хүндэтгэлийн ёслол удахгүй болох гэж байгаа билээ. Энэ талаар тус галын гүйцэтгэх захирал, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуутай хөөрөлдлөө. [caption id="attachment_63058" align="aligncenter" width="850"] Дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан Ж.Хайдавын хамт наадмын талбайд.[/caption]   -Бөхийн галын гүйцэтгэх захирал гэдэг албыг та олон жил хашжээ. Бөхийн төлөө бүхнээ зориулж байгаа зүтгэлтнүүд нь бөхийн үнэнч хорхойтон, эсхүл багш дасгалжуулагчид, бөхчүүд байдаг. Таныг бөхийн удамтай гэж сонссон? -Тийм ээ, Улсын арслан Ж.Хайдав миний авга ах, бид төрсөн эгч дүүсийн хүүхдүүд. Улсын начин Д.Төрмөнх ээжийн ойрын төрөл, нагац ах минь юм. Аав минь залуудаа Зүүнговь сумандаа хэд хэд түрүүлсэн сумын заан цолтой хүн байсан. Нутгийн ахмадууд миний аавыг өндөр нуруутай, залуудаа бие хаа, галбир сайхантай, бас сайхан дуулдаг, ёстой л найранд гурван дуутай, наадамд гурван даваатай эр байсан гэж дурсан ярьдаг юм. - Та багадаа барилддаг байсан гэл үү?   - Миний барилдах ч гэж юу байхав дээ. Харин зүгээр бага насаа дурсахад, манай нутгийн айлууд зусланд саахалтаараа буучихна. Үнээний фермд олуулаа айлсана. Хүүхдүүд ч олон. Томчуул биднийг барилдуулж, сайн барилдсаныг нь ааруул хурууд, боорцог чихрээр урамшуулчихна. Миний дүү Д.Бадамсамбуу надтай нэг насны зөрүүтэй болохоор бид хоёрыг аав их барилдуулна аа. Дүүгийн минь хүү Японы сүмогийн дээд зиндаанд амжилттай барилдаж байсан сүмоч Токүсэгава, аймгийн арслан Б.Ганболд шүү дээ. 1970-аад оны үед Х.Баянмөнх аварга, Ж.Хайдав ах хоёр  Д.Мягмар заан, Д.Шижээ начин, Т.Артаг начин, Д.Баатаржав начин, Ц.Лхамаа начин гээд л улсын том цолтой бөхчүүдийг дагуулаад хааяа манай суманд ирнэ. Сургуулийн хүүхдүүд бид радиогоор нэр ус, цолыг нь сонсдог бөхчүүдээ ойроос харах гээд дагаж гүйлдээд л байдагсан. Тэр үед аймаг сумын цолтой баахан бөхчүүд цуглачихна, найр наадам болно. Дунд сургуульд сурч байхдаа ангийн болон сургуулийнхаа хүүхдүүдтэй өгөө аваатай зөндөө л барилдаж ноцолддог байлаа.  1976 онд шиг санаж байна. Үндэсний бөхийн аймгийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд сумаа төлөөлж оролцож байлаа. Гучаад хүүхэд тойргоор барилдахад арваад л давсан санагдана. Тэр тэмцээнд Ц.Ядмаа гэж хүүхэд түрүүлж байлаа. Харин том насанд нь одоогийн гавьяат тамирчин, улсын заан Ж.Ганболд  түрүүлж, улсын заан С.Сүхбаатар асан үзүүрлэж байсан. Налайхын ТМС-д ирээд үндэсний бөхийн сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд одоогийн улсын начин, уяач Гарамжавын Ганхүү түрүүлж, би үзүүрлэж байлаа. Би 1978 онд ТМС-ээ төгсөөд Эрдэнэтэд илгээлтээр очиж ажилласан юм. Одоогийн гавьяат дасгалжуулагч Ш.Бат-Орших зэрэг ЗХУ-д сургууль төгсч ирсэн хэсэг нөхөд, бас Улсын начин Д.Нэгдэл нарын хичээллүүлдэг самбо, чөлөөтийн секцэд бидний хэдэн бөхийн хорхойтой залуус явдаг л байлаа. Тэр үед аль нэг төрлөөр нь барилдаж болмоор ч юм шиг санагдаж байсан шүү. -Хэр амжилт үзүүлж байв, хуучлаач?  - Шалиагүй ээ, овоо дөр сууж байх үедээ Багшийн дээдийн Кино драмын ангид элсчихсэн жүжигчин болох их хүсэл тэмүүлэлтэй хүн явж байлаа шүү дээ. Харин Багшийн дээдэд алдарт Зэвэгийн Ойдов багш бидэнд биеийн тамирын хичээл ордог, бөхийн секц хичээллүүлдгийг  нь мэдээд  бас л орчихсон чинь урлагийн мэргэжлийн багш нар маань жүжигчин болох хүн бөхөөр хичээллэх хориотой гэхээр нь арга буюу орхисон доо. Түүнээс хойш ч бөхийн  үнэнч үзэгч болсон гэх үү дээ. Тэр үед Ж.Хайдав ах ид барилдаж байсан юм. Хааяа Спортын төв ордон руу арслан ахынхаа  цүнхийг нь барьж дагаж ороод бөх үзчихнэ, заримдаа том цолтой бөхчүүдтэй ойрхон сууна. Бөхөд дуртай миний хувьд маш гайхамшигтай мэдрэмж авч, аз жаргалтай байдагсан. Ер нь бөхийн спортоор хичээллэнэ, улс тив дэлхийд өндөр амжилт гаргана гэдэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг амаргүй ажил болохыг хожим нь ойлгосон. Тийм ч учраас үндэсний болоод бөхийн мэргэжлийн спортод өндөр амжилт гаргасан алдарт бөхчүүдээ хүндэлж дээдэлж явдаг даа. Миний удам, бага залуу насны ийм л үйл явдлууд  намайг бөхийн амьдралтай ойрхон байлгадаг юм.  “Увс нуур” галтай анх ямар сэжмээр холбогдож, хэдийнээс ажиллаж эхлэв? -1990-ээд оны сүүлээр Х.Баянмөнх аварга тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд, улс төр нийгмийн зүтгэлтэн, бизнесмэнүүд санаа нэгдэж манай “Увс нуур” галыг байгуулсан юм билээ. Би тэр тухай сонсч л байснаас ажилд нь оролцдоггүй байсан. Манай найз гавьяат тамирчин, аймгийн хурц арслан, алдарт бөх Галдангийн Жамсран 2000-аад оны эхэнд надтай уулзаад манай нутгийн сайн барилдаж байгаа залуу бөхчүүд олон байна. Эднийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, хөрөнгө санхүүгийн хувьд дэмжлэг туслалцаа үзүүлж, бэлтгэл сургуулилт хийлгэх хэрэгтэй байна гэсэн санал хэлсэн.  Бид хоёр энэ талаар ярилцаад тэр үеийн Хууль зүйн сайд Ц.Нямдорж гуайтай уулзаж,  нутгийнхаа бөхчүүдэд дэмжлэг үзүүлэх талаар хүсэлтээ уламжилсан юм. Сайд бидний санал хүсэлтийг тун нааштайгаар хүлээн авч, нутгийн бизнесмэн хэдэн хүнтэй ярьснаар хөрөнгө санхүүгийн хувьд дэмжлэг туслалцаа авч, Харзтайн амралтад Ж.Ганболд заан, Г.Жамсран нар ахлаад залуучууд голдуу Увсын бөхчүүд 2001 онд наадмын бэлтгэлд гарч байв. О.Балжинням аварга тэр үед  “Алдар” нийгэмлэгийн даргаар ажиллаж байсан болохоор “Алдар”-ын бөхчүүдээ аваад  Харзтайд наадмын бэлтгэлд гардаг, бид нутгийнхаа аваргыг барааддаг байсан хэрэг. -Танайх бөхийн анхдагч галуудын нэг. Эхэн үед хүндрэл бэрхшээл байсан л биз? -Анх байгуулж байхад хүндрэл бэрхшээлтэй зүйлүүд багагүй байсан байх, миний хувьд 2000-аад оны эхнээс үйл ажиллагаанд оролцож эхэлсэн юм. Байнгын төсөв санхүүжилттэй байгууллага биш болохоор зардал мөнгө олж, олон хүнийг нэг дор цуглуулан сар гаруй хугацаанд хоол ундаар таслахгүй бэлтгэл сургуулилт хийлгэнэ гэдэг тэр үед бэл бэнчин багатай бидэнд амаргүй л байсан. -Мөнгө босгохоос эхлээд бэрхшээлүүдийг хэрхэн шийдэж байв? -Бид тооцоо төлөвлөлт хийж үзэхэд өөрсдөө хоолныхоо материалыг авч бэлдээд, дасгалжуулагч, эмч, массажист, тогооч, үйлчилгээний хүмүүсээ цалинжуулаад, амралтанд зөвхөн ор хоногийнхоо мөнгийг төлөхөд зардал харьцангуй хямд тусч байсан. Тэр цагаас хойш манай бөхчүүд бэлтгэлийн үед мастер тогооч Б.Дэлгэртэй хамтран ажилласнаас хойш 20 шахам жил болжээ. Тэр үед Увс аймгийн нутгийн зөвлөл бөхийн галын үйл ажиллагааг дэмжиж, маш сайн хамтран ажилладаг байлаа. Мөн нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал, талийгаач Б.Бат-Эрдэнэ ч гар нийлэн зүтгэдэг байсан.  Одоо ч манай нутгийн зөвлөлийн дарга УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлсээр байна. Энэ мэтчилэн бөхөд элэгтэй, сэтгэлтэй олон түмний дэмжлэг туслалцаагаар л ажил урагшилж байдаг юм. -Д.Дорлигжав тэргүүн та хоёр олон жил гар нийлж ажиллалаа. Бөхийн галынхаа амжилтын үр дүнд та сэтгэл хангалуун байдаг биз дээ? -Манай Д.Дорлигжав дарга энэ галыг үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг. Бас л бөхөд дуртай, сэтгэлтэй, монгол бөхийн хөгжилд үнэ цэнэтэй хувь нэмэр оруулж байгаа цөөн хүмүүсийн нэг шүү дээ. 2010 оны эхээр Монгол Улсын Ерөнхий прокуророор томилогдсоных нь дараахан Увс аймгийн нутгийн зөвлөл, галын удирдлага хүлээн авч баяр хүргэсэн юм. Тэгэхэд галын анхны тэргүүн, гавьяат эдийн засагч, Сангийн сайд асан Э.Бямбажав гуай түүнд баяр хүргэж үг хэлэхдээ галын удирдах зөвлөлийн дарга, тэргүүнээр өөрийг нь сонгосон гэдгээ дуулгасныг тод санаж байна. Тэр үеийн галын  удирдлага, нутгийн зөвлөлийнхөн, бөхчүүд өмнө нь ярьж зөвлөлдөөд итгэл хүлээлгэж энэ ажлыг хариуцуулахаар шийдсэн юм билээ. Наадам дөхсөн цаг байсан учир бөхчүүдийг бэлтгэлд гаргах тухай бид ярьж, бусдаас дэмжлэг туслалцаа авах уулзалт зохион байгуулж, хэдэн төгрөг цуглуулсан. Д.Дорлигжав галын тэргүүн болоод надад “Энэ ажилд олон жил оролцоод явж ирсэн хүний хувьд галын менежер, гүйцэтгэх захирлын ажлыг хийгээд яваач” гэж хамтарч ажиллах саналыг тавьж билээ. Үүнийг би манай галын удирдлага, үүсгэн байгуулагчид,  бөхчүүд, олон түмний өгсөн итгэл гэдэг үүднээс хичээн ажиллаж ирсэн. Нэг мэдсэн  10 шахам жил болчихож. Манай гал зорилгоо “Үндэсний болоод бусад төрлийн бөхийн спортыг хөгжүүлэх” гэж дүрэмдээ тодорхойлсон.  Тиймээс бид үндэсний бөхөөс гадна мэргэжлийн бөхийн спортыг хөгжүүлэхэд онцгой анхаарч дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн. Манай нутгийн бөхчүүд тив дэлхий, олимпод  өндөр амжилт гаргаж ард түмнээ баярлуулсаар байна. Мөн мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд сайн барилдаж байсан бөхчүүд ч бий. Бид өмнөө тавьсан зорилго зорилтоо гайгүй сайн биелүүлж, олон түмнийхээ итгэлийг дааж яваа гэж боддог. Ер нь манай гал 20 жилийн түүхэндээ улсын наадмын таван түрүү, таван үзүүр авсан, их шөвөгт 12 бөх үлдсэн, улсын цолтон 30 гаруй төрж цолоо ахиулцгаасан байдаг юм. Аймаг сумын цолтон ч олон төрсөн. Ажил хариуцаж байгаа хүний хувьд, бөхийн хорхойтны хувьд ч улсын наадмын түрүү үзүүр авч, олимп, дэлхийн аваргаас медаль хүртэж байгаа бөхчүүдийнхээ гайхам амжилт, ялалтыг хуваалцах шиг сайхан зүйл байдаггүй юм даа. -Танай гал 20 жилийн ойгоо “Монгол бөхийн баяр” болгон нэлээд өргөн дэлгэр тэмдэглэж байна. Ойгоо угтан хийж байгаа томоохон ажлуудаасаа дурьдахгүй юу.  Зардал мөнгө ч хэр их гарч байна вэ? - Тийм ээ, бүх аймгууд бөхийн гал, дэвжээ байгуулж үйл ажиллагаа явуулсан нь Монгол үндэстний уламжлалт их соёл бөхийн спортыг хөгжүүлэхэд үнэ цэнэтэй хувь нэмэр оруулсан гэж бид үздэг. Тийм ч учраас бид Монгол бөхийн баяр нэртэйгээр ойгоо тэмдэглэж байна. Энэ дашрамд “Увс нуур” галынхаа 20 жилийн ойг тохиолдуулан энэ галыг анх санаачлан үүсгэн байгуулсан эрхэм хүмүүс, хамтран зүтгэгчид, удирдах зөвлөлийн гишүүд, дэмжлэг туслалцаа үзүүлсэн ивээн тэтгэгчид, алдарт бөхчүүд, бөхийн төлөө зүрх сэтгэлээ зориулдаг багш дасгалжуулагчид, бөхийн зүтгэлтнүүд, бөхөө дээдэлдэг Монголынхоо ард түмэнд 20 жилийн ойн баярын мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Манай бөхийн гал төрөөс  төсөв зардал авдаг байнгын  санхүүжилттэй байгууллага биш болохоор хүмүүсийн тусламж дэмжлэгээр л үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс манай галын сүүлийн жилүүдийн амжилтын гол эх сурвалж нь яах аргагүй олон түмний итгэл хүндлэл, хайр хишиг, дэмжлэг туслалцаа юм. Он дамнан хийж байгаа 20 жилийн ойн ажлуудаа ч бид үндэсний уламжлалт өв соёлоо дээдэлдэг, бөхөд хайртай хүмүүсийн  дэмжлэг тусламжаар л нугалж байна. Бид 20 жилийн ойгоо хэрхэн тэмдэглэх тухай галыг үүсгэн байгуулагчид, удирдах зөвлөлийн гишүүд, бөхчүүдтэйгээ өнгөрсөн оны эхээр удаа дараа уулзан  хурал зөвлөгөөн хийж, ойгоо угтаж ямар ажлууд хийх тухай саналыг нь авсан. Ажлын төлөвлөгөө, хөтөлбөр, төсөв зардлын тооцоогоо ч гаргасан юм.  Ой угтсан ажлуудаа төлөвлөгөө хөтөлбөрийн дагуу хийж байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард “Оргил өөд тэмүүлсэн он жилүүд” эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулсан. Энэ хурал Монголын бөх судлал, монгол бөхийн хөгжилд цучил нэмсэн ажил болсон байх аа. Мөн 20 жилийн ойн нэрэмжит чөлөөт, жүдо, самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж, Монголынхоо ахмад тамирчид, алдарт бөхчүүдээ алдаршуулж хүндэтгэл үзүүллээ. Түүнчлэн галынхаа 20 жилийн түүхэн замналаар  “Гал манахын учир” баримтат кино бүтээж, “Хүчтэний өлгий Увсын бөхчүүд” ном,  телевизийн нэвтрүүлгүүд хийж олны хүртээл болгож байна. Бөхчүүдийнхээ тухай яруу найргийн улсын уралдааныг зохион байгуулж, шилмэл шүлгүүдээр нь “Хүчит бөхчүүд найргийн асарт” хэмээх яруу найргийн номыг хэвлүүлэн бөхийн хорхойтнуудын гар дээр тавилаа. -Ойн арга хэмжээнд олон зочин ирнэ биз дээ. Та хөтөлбөрөөсөө танилцуулна уу? -Тэгэлгүй яахав. Бид Монгол бөхийн баяр-“Увс нуур” галын 20 жилийн ойн хүндэтгэлийн ёслолд зориулсан улс аймгийн алдар цолтой, чансаа өндөртэй 256 бөхийн барилдааныг тусгай хөтөлбөрийн дагуу энэ сарын 19-ны 12:00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна. Манай бөхийн галыг үүсгэн байгуулж, үндэсний бөхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтран зүтгэгчид, хүндэт зочид, бөхийн зүтгэлтнүүдээ урьж байгаа. Монгол бөхийн баяр гэдэг утгаараа алдар цуутай домогт бөхчүүд, үндэсний бөхийн аварга, арслан, гарьд, заан, харцага, начин цолтнууд, багш дасгалжуулагчид, ахмад бөхчүүд гээд 500 шахам зочин уригдаж байгаа. Одоо ид барилдаж байгаа аварга арслангууд, гарьд заанууд, харцага начингууд, аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүд маань хүрэлцэн ирж ид хаваа гайхуулан барилдаж, олон түмнээ цэнгүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Бид хүндэт зочид, бөхчүүддээ гарын бэлэг гардуулж хүндэтгэл үзүүлнэ. Бөхийн тухай шүлгийн уралдаанд шалгарсан яруу найрагчдаа урамшуулна. Тэд маань үзэгч олондоо шүлэг яруу найргийнхаа дээжээс уншина. Бөхийн сэдэвтэй номын болон гэрэл зургийн үзэсгэлэн худалдааг гаргах зэргээр олон сонирхолтой ажил төлөвлөсөн, бэлтгэл ажлууд хийгдэж байна. -Урлагийн их ажлын хажуугаар бөхийн галын ажлыг нугална гэдэг ачаалалтай биз. Танай гал үндэсний бөхийг хөгжүүлэх шинэ менежмент хийж, бусад галуудад үлгэр жишээ болсон шүү дээ? -Бид төрийн бус байгууллагын тухай хууль, галынхаа дүрэм журмын дагуу үйл ажиллагааны нарийвчилсан хөтөлбөр төлөвлөгөөтэй ажилладаг. Энэ цаг үед бөхийн ажил амьдрал гэдэг чинь өдөр тутмынх болсон шүү дээ. Наадам дөхөхөөр хэдэн бөх цуглуулан бэлтгэлд гаргадаг байсан үе түүх болон үлдэж дээ. Бөхчүүдийг жилийн дөрвөн улиралд байнгын бэлтгэл сургуулилт хийлгэж формтой байлгах, багш дасгалжуулагчийг сонгож ажиллуулах, бэлтгэлийн заал танхим, техник хэрэгслээр хангах, өдөр тутмын бэлтгэл дасгалжуулалтын төлөвлөгөө хөтөлбөрийг хэрэгжүүлэх гээд л ажил мундахгүй. Манай галын удирдлага өвлийн бэлтгэлийн ид ачааллын үед заримдаа үдийн хоолыг нэгдсэн зохион байгуулалттай өгч өдөрт хоёр бэлтгэл хийлгэж байсан үе ч бий. Энэ ч бас бөхчүүдийн амжилтад нөлөөлсөн л байх. Мөн Увс нутгаас төрсөн улсын цолтой домог түүхт алдарт бөхчүүдийнхээ нэрэмжит барилдааныг уламжлал болгон зохион байгуулж, бөхчүүдээ хүндэтгэн алдаршуулах, ахмад бөхчүүдийнхээ арга туршлагаас суралцах ажлыг тогтмол зохион байгуулж ирсэн. Бөхийн мэргэжлийн спортыг хөгжүүлэхийн төлөө хийсэн  бидний ажлууд олны талархлыг хүлээсээр л байна. Тухайлбал, Увс аймгийн бүх сумдыг нутгийн зөвлөлүүдтэй хамтран жүдо бөхийн татамитай болгож, бөхийн клубуудыг байгуулж мэргэжлийн багш дасгалжуулагч нарыг ажиллуулсан. Сүүлийн жилүүдэд улсын баяр наадмаар түрүүлж үзүүрлэн, улсын цол авсан, мөн тив дэлхийд өндөр амжилт гаргасан бөхчүүдийнхээ нийгмийн асуудлыг шийдэхэд байнга анхаарч ирсэн. Тухайлбал, орон байр, унаа машинтай болгох, ажил амьдралд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, жаргал зовлонг нь хуваалцах гээд л өдөр тутмын ажлууд үргэлжилнэ шүү дээ. Аль ч бөхийн галынхны хувьд өндөр зохион байгуулалт, зардал мөнгө, хүн хүч их шаарддаг хамгийн том ажил бол зургадугаар сарын эхээр бөхчүүдээ наадмын бэлтгэлд гаргадаг ажил байдаг. Манай гал жил бүр наадмын өмнө галынхаа наадмыг хийж тэр жилдээ бөхчүүдийнхээ өнгийг хардаг уламжлалтай. Энэ сайхан арга хэмжээнд бөхчүүдээ дэмждэг хүмүүс, нутгийнхаа бөхийн хорхойтнуудыг хүлээн авч талархлаа илэрхийлдэг. -Нэг зүйлийг асуулгүй өнгөрч чадахгүй нь. Бөхчүүдийн маань нийгэм дэх нэр хүнд уруудаад, бөх үзэгчдийн тоо цөөрч байгаа нь үнэн, энэ талаар та юу хэлэх вэ? -Бөхийн галын ажлыг олон жил хариуцаж бөхчүүдтэй ойр байдаг хүний хувьд сүүлийн жилүүдэд бөхийн хүрээнд болж байгаа үл ойлголцол, талцал хуваагдал, хууль дүрэм журмаа биелүүлдэггүй, олон түмнийг хүндэлдэггүй зарим нэг бөхчүүдийн ёс суртахуунгүй байдал зэрэг асуудлуудад би ч бас туйлаас их харамсдаг. Олон түмний хайр хүндлэл бөхөө дээдэлдэг ард түмний итгэлийг  гээнэ гэдэг харамсаад ч баршгүй. Бөхчүүд маань бусад үндэстнээс ялгарах олон зууны түүхтэй агуу ард түмний соёлын өвийг тээгчид гэдгээ дээд зэргээр ухамсарлан, түмэн олны  тус дэм, итгэл хүндлэлийг дааж, төр, ард түмний бат холбоо болж явдгаа гойд анхаармаар санагддаг. Тэгээд ч үндэсний бөхийн нэр хүнд, цолны дархлаа, ёс жудаг, үнэт зүйлийг өндөрт өргөж явах нь бөхчүүдийн л үүрэг юм шүү дээ. -Ярилцлагынхаа төгсгөлийн асуултыг танд үлдээе - Бөхийн “Увс нуур” галыг үүсгэн байгуулагчид, үе үеийн удирдах зөвлөлийн гишүүд, ивээн тэтгэгчид, бидэнтэй баг болон хамтран зүтгэсэн бүхий л хүмүүст “Увс нуур” галаар овоглодог бөхчүүдийнхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна.  Та бүхнийг Монгол бөхийн сүлд хийморь ивээх болтугай гэж ерөөе. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.15  лхагва  №100  (6067)  
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

2 цаг 14 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

2 цаг 14 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

2 цаг 14 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

2 цаг 14 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

2 цаг 14 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

2 цаг 14 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

2 цаг 14 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

2 цаг 14 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

2 цаг 14 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

2 цаг 14 мин