Ч.ЗОТОЛ
УИХ-аас Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн жил байгуулсан. Гэтэл Ажлын хэсгийн шалгалтын дүн бүхий нууц матeриалыг Эдийн засгийн байнгын хороон дарга Д.Дамба-Очир задруулсан нь өнгөрсөн долоо хоногт тодорхой болсон билээ Түүний энэ үйлдлийг Эрүүгийн хуульд заасан ноцтой гэмт хэрэгт тооцож хариуцлага ярих ёстой гэж Нийслэлийн МАХН-ын дарга, хуульч Э.Эрдэнэжамъян өчигдөр мэдэгдлээ. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
- Д.Дамба-Очир гишүүнд хариуцлага тооцох эрхзүйн үндэслэлийг та юу гэж үзэж байна вэ?
-УИХ-аас Оюутолгойг шалгах ажын хэсгийг өнгөрсөн жил байгуулахдаа улс төрийн намууд, УИХ-ын гишүүд, мэргэжлийн байгууллага, төрийн байгууллагуудыг өргөн бүрэлдэхүүн оруулсан. Ажлын хэсгийн бүх үйл ажиллагаа нууцын зэрэглэлтэй явагдсан. Байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл юу хэлэлцэж байгаа, ямар дүгнэлт гаргаж байгаа, юуг нь шалгасан бэ гэдэг нь нууцлалтай явсан. Энэ нь хувь хүний, аль нэг байгууллагын нууц биш, бүхэл бүтэн Монгол Улсын нууцын зэрэглэлтэй гэдэг агуулгаар шалгалтын ажил явагдсан. Улс төрийн намын гишүүдийг ч гэсэн нууцын зэрэглэлтэй асуудал учраас ам чанга байхыг үүрэг болгож, хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөх зэргээр мэдээлэл задруулж болохгүй гэж үүрэгдсэн. Өнөөг хүртэл нууцын материалыг задруулсан хүн гараагүй. Гэтэл Д.Дамба-Очир гишүүн Ажлын хэсгээр шалгагдаж байгаа Оюутолгой компанид шалгуулж байгаа асуудлынх нь талаарх дүгнэлт, ажлын хэсгийн гишүүдийн байр суурийг урьдчилан задруулсан байна. Энэ бол маш ноцтой гэмт хэрэг. Өмнөх эрүүгийн хуульд ч байсан, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа эрүүгийн хуульд ч байгаа ийм гэмт хэрэг. Нэгдүгээрт, улсын нууцыг задруулсан гэмт хэрэг, хоёрдугаарт магадгүй тагнуул хийсэн гэмт хэрэг. Эх орноосоо урвасан гэмт хэрэг. Монгол Улсын хууль тогтоох, эрх барих дээд байгууллага дотор гадаадын байгууллага, компанийн суурин төлөөлөгч маягаар ажилладаг хүн байгаа нь өнөөдөр илчлэгдэж байна.
-Өнөөдөр илчлэгдэж байна гэдгийн цаана өөр асуудлууд ч бас байна гэсэн үг үү?
-Д.Дамба-Очир гэдэг хүн 2009 онд Оюутолгойн гэрээг хийх үeд УИХ-ын гишүүн байсан. Энэ нь гэрээг батлалцахад дэмжлэг үзүүлсэн гэсэн үг. Тэр утгаараа магадгүй өөрийн хамаарал бүхий компаниудаараа дамжуулж янз бүрийн ажил, үйлчилгээ авсан байж болзошгүй. Авлига авах замаар ийм зүйлүүд хийсэн байхыг үгүйсгэхгүй. Өнгөрсөн жил Оюутолгойг шалгах ажлын хэсгийн хуралдаанууд дээр анх Ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон. “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн” зэрэг иргэний нийгмийн байгууллагууд шаардлага тавьж байгаад огцруулсан. Ямар шаардлага тавьсан гэхээр Оюутолгой компаниас замын тендер авсан, тиймээс ажлын хэсгийг ахлах эрхгүй гэсэн шаардлагыг тавьсан. Өөрөө “би ашиг сонирхлын зөрчилтэй учраас” гээд ажлын хэсгийн ахлагчаас больж байсан. Албан ёсоор өөрийн ашиг сонирхлын зөрчилтэй гэдгийг илэрхийлсэн энэ хүн Ажлын хэсэгт үргэлжлүүлж ажиллаад нууцын зэрэглэлтэй материалыг задруулж байгаа нь маш ноцтой гэмт хэрэг юм.
-МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Д.Дамба-Очирын Оюутолгойд өгсөн материал нууцын зэрэглэлгүй” гэж өчигдөр мэдэгдсэн.Тэгэхээр хариуцлагын асуудал яригдахгүй бололтой?
-“Оюутолгойг шалгасан материал одоо нууцын зэрэглэлгүй болсон. Д.Дамба-Очир гишүүн тэрийг Оюутолгойд өгсөн байсан ч яахав” гээд сууж байж болохгүй л дээ. Яагаад гэвэл энэ асуудал процессын гэмт хэрэг юм, хуулиараа. Нэгэнт тэр хүн тодорхой хууль, дүрмээр тогтоосон журмыг зөрчөөд нууц гэж дүгнэсэн материалыг нууцаас гараагүй байхад нь өгөх ёсгүй хүмүүст өгсөн бол энэ нь өөрөө гэмт хэрэг. Хариуцлагын тухайд хэлэхэд, манайд дарга нарыг шалгадаг хуулийн зүйл заалт алга. Зөвхөн иргэдэд зориулагдсан, ард иргэдээ шийтгэхэд чиглэсэн хуулиуд гарч байна. Хууль эрхзүйг дээдэлдэг улс оронд бол ийм тохиолдолд тухайн этгээдийг баривчилж шалгаад явж байх ёстой. Гэтэл манайд УИХ-ын чуулганы танхим дотор “Би 43-хан хуудас материал өгсөн” гэж хээв нэг хэлээд сууж байгаа нь Монголын ард түмнийг доромжилж байна. Нөгөө талаас энэ нь хууль, хяналтын байгууллагуудын арчаагүй байдлыг илэрхийлж байна. Зүй ёсоор бол өнөөдөр УИХ Ёс зүйн хороогоо яаралтай хуралдуулж, Д.Дамба-Очир гишүүнд хариуцлага тооцох ёстой. Хоёрдугаарт, Ерөнхий сайдын шууд удирдлагад ажилладаг Тагнуулын байгууллага Д.Дамба-Очирын зүгээс Оюутолгойтой ямар яриа хэлцэлтэй, ажил үүргийн ямар хуваарьтай ажилладаг, ямар мэдээлэл задруулсан, түүнийхээ шан харамжид ямар гэрээ, тендер авсан зэргийг нэн яаралтай шалгаж, хэрэг үүсгэх ёстой. АТГ ч гэсэн энэ асуудлыг яаралтай татаж шалгах ёстой. Өмнөх удирдлагууд нь ажлаа өгөхийн өмнө Оюутолгойтой холбоотой асар том материал байгааг гэдгийг хэлчихээд буусан. Тэгэхээр энэ дотор Д.Дамба-Очир гишүүний асуудал байгаа юу, үгүй гэдгийг бас тодруулах хэрэгтэй. Тэр хэргийг ч гэсэн одоо нийтэд задлах ёстой. Мөн Eрөнхий сайдын шууд удирдлагад ажилладаг тагнуулын байгууллага бий. Тагнуулын байгууллага Д.Дамба-Очир гишүүний Оюутолгойтой ямар гэрээ хэлэлцээтэй, ямар ажил үүргийн хуваарьтай ажилладаг, ямар матeриал задруулж, хариуд нь ямар шан харамж авсан талаар нь нэн яаралтай шалгаж хэрэг үүсгэх ёстой.
-Ер нь бол манайд тогтсон жишиг, бий болсон нөхцөл байдлыг харахад Оюутолгойтой холбоотой асуудал байгаа гэчихээд төрийн толгойд байгаа хэдэн хүн хоорондоо мэдээлэл солилцсон гээд хав дардаг, магадгүй тохиролцдог юм уу гэмээр байдал байсаар ирлээ. Цаашид яах ёстой юм бол?
-Оюутолгойг шалгалаа, санал дүгнэлт гаргууллаа гэчихээд дээр байгаа эрх мэдэлтнүүд хоорондоо оньсого таавар хэлэлцэж байгаа юм шиг яриад өнгөрдөг, тэрийгээ нууж дардаг байж болохгүй л дээ. Тиймээс энэ хэрэгтэй холбоотой асуудлыг шалгах ёстой эрх бүхий бүхий бүх байгууллага өнөөдрөөс эхлэн байр сууриа илэрхийлэх ёстой гэж үзэж, шаардаж байгаа юм. Хэрэв эрх мэдэлтнүүд энэ асуудлаар чимээгүй байх юм бол гэмт хэргийг өмөөрч хаацайлж байгаа, эсвэл хуйвалдсан, тус тусдаа шан харамж авсан гэж ойлгогдохоор байна. Ардын нам ч гэсэн өөрийн дэвшүүлсэн, УИХ-д томилсон Д.Дамба-Очир гишүүндээ улсын нууц задруулсан, тагнуул хийсэн, эх орноосоо урвасан, ард түмнийхээ итгэлийг хөсөрдүүлсэн үндэслэлээр хариуцлага тооцох ёстой. “60 тэрбумын хэрэг”-ээр тодорхой хүмүүст хариуцлага тооцсон болж толгойг нь илж өнгөрүүлсэн. Нэг ч хүнд хариуцлага тооцоогүй. Намын гишүүнээс хөөсөн гэх асуудлаар л хариуцлага ярьсан. Өнөөдөр Д.Дамба-Очир танай намын гишүүн мөн юм уу, биш юм уу гэж асуух хэрэгтэй. Танай намаас байгуулагдсан УИХ-ын нууцыг задруулчихаад байхад ямар байр суурьтай байна вэ гэдгийг Ардын намын удирдлагууд, Ёс зүйн хороо, Хяналтын хороо нь байр сууриа илэрхийлэх ёстой.
-Гэхдээ энэ талаар хэн ч гомлол гаргасангүй. Та АТГ, ТЕГ-т энэ асуудлыг шалгуулахаар хандах уу?
-АТГ, ТЕГ, бусад хяналт шалгалтын байгууллага аль нэг иргэнийг гомдол гаргахыг хүлээгээд суудаг байж таарахгүй. Тэд ажлаа хийх ёстой. Харъяаллын дагуу хяналт шалгалт явуулах учиртай. Миний хувьд “Үндэсний мэдээллийн төв”-д хийсэн хэвлэлийн хурлаар шаардлагаа тавьсан гэж ойлгож болно. Ер нь бол энэ хэрэг хууль хяналтын байгууллагуудын зүгээс тэгж их удаагаад, гайхаад суугаад байх асуудал биш. Мэдэгдсэн даруйдаа хариуцлага тооцох ёстой ноцтой гэмт хэрэг. Өнөөдрийг хүртэл бүтэн долоо хоног өнгөрчихөөд байна. Гэтэл нууцын зэрэглэлтэй материалыг задруулаад 2-3 сар өнгөрсөн байж магадгүй байгаа. Яагаад гэвэл, Оюутолгой компани цаанаасаа нэлээд бэлтгэлтэй байдлаар хариултуудыг УИХ-д ирүүлсэн гэж ойлгогдож байгаа. Тиймээс нууц материалыг хэзээ задруулсан бэ, ямар нөхцөл болзолтой задруулсан гэдэг үндэслэлээр хяналт шалгалтыг даруй эхлүүлэх ёстой.
-Оюутолгой компани ч гэсэн энэ асуудлаар хуулийн хариуцлага хүлээх ёстой байх?
-Мэдээж Оюутолгой компани хариуцлагаас бултах зайлах газар үгүй. Яагаад улсын нууцын зэрэглэлтэй асуудлыг албан тушаалтнуудад нөлөөлөх замаар олж авдаг юм бэ. Яагаад УИХ-ын тухай хууль, төрийн болон байгууллагын тухай хууль, нууцын тухай хуулийг зөрчүүлж байна вэ. Энэ нь өөрөө гэмт хэрэг. Авлигын гэмт хэрэгт холбогдсон компанийг ямар ч улсын хуулиар өмгөөлж, хаацайлдаг явдаг байхгүй. Тиймээс Оюутолгой компани ч гэсэн авлигын, тагнуулын, албан тушаалын асуудалтай холбогдсон бол хариуцлага хүлээх ёстой. Ерөөс энэ асуудал нь өнөөдөр Оюутолгойн гэрээг цуцлах үндэслэл болно.
-Танай нам Оюутолгойг шалгах таван ажлын хэсгийн алинд нь орж ажилласан бэ?
-Манай намаас УИХ-ын гишүүн асан, Оюутолгойн гэрээг Монголд ашигтай байлгах, шударга болгох тухай олон жил тууштай тэмцэж байгаа С.Ганбаатар, эдийн засгийн ухааны доктор Т.Дуламсүрэн нар ажлын хэсэгт орсон. Тэд өөр өөрийн холбогдох байнгын хороонд ажилласан. Тэгэхдээ нууцлалын зэрэгтэй асуудал учраас нам дээрээ болон аль нэг газарт мэдээллийг задруулахгүй байх үүрэг хүлээж ажилласан. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир гэдэг хүн Ажлын хэсгийн дарга байгаад ашиг сонирхлын зөрчилтэй гэж ажлаа өгчихөөд нөгөө ашиг сонирхлын зөрчилтэй компанидаа мэдээлэл дамжуулж байгаа нь гэмт хэрэг гэдэг нь хэнд ч ойлгомжтой байна шүү дээ. Энэ бидний яриад байдаг МАНАН-гийн бодит байдал, тодорхой гэмт хэрэг. Үйлдлийг нь харахад ч гэсэн хэн нэгний хувийн эсвэл гадны байгууллагын эрх ашгийн төлөө ажиллаж байгаа, энгийн нүдээр харсан ч ил тодорхой байгаа асуудал. Хэн ч хариуцлага тооцдоггүй, тэгээд тайлбар тавиад суугаад байгаагаар энэ бүхэн нотлогдоно. Ийм явдал Монгол Улсад газар авсан байгаагийн нэг илрэл. Тэгэхээр одоо Д.Дамба-Очирыг УИХ-ын гишүүнээс эсвэл Байнгын хорооны даргаас огцруулаад өнгөрөх асуудал биш. Д.Дамба-Очир түүний хамаарал бүхий бүх хүний дансыг, компанийг шалгаж, Оюутолгой компанитай ямар нэгэн байдлаар санхүүгийн харилцаанд орсон бол шууд шийдвэрлэх ёстой. Магадгүй түрүүнд миний хэлсэнчлэн Оюутолгойн гэрээг цуцлах хамгийн том үндэслэл энэ. Авлига өгөх замаар өөртөө давуу байдал олж авч байгаа нь Оюутолгойн гэрээний бусад бүх үндэслэлийг үгүйсгэж, цуцлах хэмжээний гэмт хэрэг юм.
-Энгийн иргэн төрийн нууц задруулсан гэдэг нь тогтоогдвол хуулийн хүрээнд ямар ял шийтгэл оногдуулдаг вэ?
-Олон нийт мэднэ дээ, олон ч удаа хэвлэлээр бичигдсэн жишээг дурдахад УИХ-ын гишүүн асан Б.Батчимэгийн зөвлөх нь гадаадын байгууллагад материал орчуулж өгсөн, тодруулбал улсын нууцад байгаа материалыг орчуулж өгсөн үндэслэлээр эрүүгийн хуулиар ял шийтгүүлсэн. Мөн Элчин сайдын яаманд ажиллаж байсан нэг залуу уулзалтын хөтөлбөр орчуулж өгсөн, цаад талд мэдэгдсэн гэдэг үндэслэлээр бас ял шийтгүүлсэн. Уулзалтын хөтөлбөр нь Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлт, шалгалтын материалтай харьцуулахад хор хохирол бага байж магадгүй, гэхдээ л нууц бол нууц байдаг. Ийм асуудлыг задруулснаараа ял шийтгэл авсан миний мэдэхийн 2-3 гэмт хэрэг байна. Гэтэл энэ хүмүүст ял шийтгэл оногдуулсан юм бол УИХ-ын гишүүн яагаад ийм эрх дархтай байх ёстой гэж. Ийм байж болохгүй. Д.Дамба-Очироос гадна Оюутолгой гэдэг компани өөрөө АНУ-ын хуулиар бий болсон компани, олон улсын хууль дүрмийг мөрдөх ёстой. Авлигаас ангид байх ёстой. Тиймээс Монгол Улсын аль нэг албан тушаалтанд авлига өгөх замаар, эсвэл ажил үйлчилгээ өгөх замаар өөрийн эрхшээлд оруулж, Монголын төрийг хахуульдаж, авлигадаж болохгүй. Хэрэв ингэсэн байх юм бол тухайн компани АНУ-ын хуулиар хаагдах аюултай. Тэр асуудал нь улмаар АНУ-д байгаа Оюутолгой компанийн хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчинө. Иймд компанийн удирдлагууд ч гэсэн тэнд гэмт хэрэгт орох нөхцөл байдал үүсээд байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.5.14 мягмар №99 (6066)