Б.ТУУЛ
Хүүхэд өсвөр насныхны дунд элбэг тохиолдож байгаа шүд цоорох өвчнийг эрт оношилж, эмчлэн эрүүлжүүлэхгүй бол цаашид олон өвчний үндэс суурь болох эрсдэлтэй учраас Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн дунд амны хөндийн эрүүл мэндийн өвчнийг илрүүлэн, эмчлэх иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Өнгөрсөн сарын 25-ны байдлаар тус аян хэрэгжиж эхэлснээс хойш 5486 хүүхэд “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт хамрагдсан гэсэн тоон мэдээлэл байгаа нь олон хүнд таатай сонсогдож байна.
Энэ хөтөлбөр нь 2019-2023 он хүртэл хэрэгжих бөгөөд 02-12 насны хүүхдийн шүдийг бүрэн эмчилж эрүүлжүүлэн, шүдний цоорлыг 30 хувиар бууруулах зорилготой юм. Эхний ээлжинд 02-6 насны хүүхдүүдийг энэ оныг дуустал уг хөтөлбөрт хамруулахаар тусгасан байна. Уг хөтөлбөрт хувийн хэвшлийн 199 эмнэлэг хамрагдахаар шалгарсан бөгөөд нийслэлийн хэмжээнд 118 нь сонгогджээ. Эцэг, эхчүүд хүүхдээ “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөрт хамруулж эмчлүүлэхийн тулд харъяа дүүргийнхээ сонгон шалгарсан эмнэлэгт хандан үнэ төлбөргүйгээр амны хөндийг нь бүрэн эмчлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Энэ нь нөгөө талаараа хувийн эмнэлгүүдэд ажил үйлчилгээгээ сайжруулах, үйлчлүүлэгчдээ татах бас нэгэн том сонгон шалгаруулалт болж байгаа юм. Нөгөөтэйгүүр, бага насны 1-3 хүүхэдтэй эцэг эхчүүдэд хүүхдийнхээ эрүүл мэндэд улсын дэмжлэгтэйгээр чамлахааргүй хөрөнгө оруулалт хийж байгаа томоохон боломж юм. Эрүүл мэндийн сайдын баталсан “Амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээг зохион байгуулах ажлын удирдамж”-д зааснаар 2019 онд эхний ээлжинд 2-6 насны хүүхэд уг хөтөлбөрт нэг удаа хамрагдах бөгөөд зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхэд хамрагдах боломжтой юм.
Хөтөлбөр эхлээд удаагүй ч эцэг, эхчүүд болон хувийн эмнэлгүүдийн аль аль нь энэ үйлчилгээний явцад сэтгэгдэл өндөр байна. Тухайлбал, шүд хорхойтохоос урьдчилан сэргийлэх эрдэсжүүлэг түрхлэгийг 929 хүүхэд, араа шүдний төрөлхийн ховил, хаах зориулалтын материалаар битүүлж хаах эмчилгээг 947 хүүхэд, шүдний сувгийн эмчилгээг 911 хүүхэд, шүдний цоорол зогсоох түрхлэгийг 1684 хүүхэд, цоорол эмчлэх тусламж үйлчилгээг 283 хүүхэд, шүд авахуулах тусламж, үйлчилгээг 732 хүүхэд авсан байна. “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт хамрагдсан есөн дүүргийн хувийн эмнэлэгүүд ажлын цагтаа багтаан 2-6 насны хүүхдэд амны хөндийн тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлсээр байна.
2-6 настай бүх хүүхдийн шүдийг үнэгүй эмчилнэ
2019-05-09
Нийтэлсэн: Админ
 1 мин