Т.БАТСАЙХАН
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмааг урьж ярилцлаа.
Эмх цэгцгүй байдлыг хараад бачимдах үе байсан
-Би улстөрд харьцангуй шинэ хүн. 2016 оны сонгуульд анх удаа Хан-Уул дүүргийн I, ХV хороонд нэр дэвшиж, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. УИХ-тай яг адилхан МАН давамгайлсан бүтэц бүхий төлөөллийн байгууллагад ажиллаж байна. Анх сонгогдохдоо улстөрч болно гэхээс илүүтэй шийдвэр гаргах эрх бүхий байгууллагад орж ажиллаж, хотын хөгжилд өөрийн мэргэжлийн онцлог арга туршлагаа зориулъя гэж шийдэж байлаа. Би инженер хүн шүү дээ.
Харин НИТХ-ын төлөөлөгч гэдэг нэг талаас их сонин албан тушаал. Иргэдээс төлөөллийн ардчиллаар сонгогддогийг нь бодохоор улстөрч ч юм шиг. Тэгээд хот дээр очоод иргэдээ төлөөлөөд саналыг нь хотын хөгжлийн бодлогод тусгаад явъя гэхээр УИХ-ын шийдвэр шиг хүчтэй байж чаддаггүй. Түүнчлэн засаг захиргааны нэгжийн тухай хуульд зааснаар ИТХ-ын төлөөлөгч нь орон тооны ажил биш бөгөөд давхар байнгийн ажил эрхлэхийг зөвшөөрдөг. Иймд нийслэлийн харъяа ОНӨҮГ-т ажил хийж байгаа хүмүүс ч зөндөө байна. Өөрөөр хэлбэл, хийх хүнд бол мундахгүй их ажилтай, хийхгүй хүнд тусгайлан хариуцлага тооцох эрх зүйн заалтгүй албан тушаал гэж хэлж болно. Ийм л тодорхойгүй статустай байгаа юм. Анх төлөөлөгч болсны дараа ажил үүргийн хувиарлалт бүрхэг, хичнээн хөөцөлдөөд ч ажил бүтэхгүй үед иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаадаа бачимдах үе байсан. Мөн бүхий л зүйлд шүүмжлэлтэй хандах гээд байдаг байлаа. Гэхдээ яг тийм үед иргэдийнхээ хүчийг авч ажиллах нь зүйтэй юм билээ. Жишээ, тойргийнхоо хөлбөмбөгт дуртай иргэний саналыг 2017 онд хүлээн авч хоёр жил орчим хамтран ажилласны хүчинд, энэ жил нийслэл хотын дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай байгуулах ажлыг шийдүүлсэн. Түүгээр ч зогсохгүй тун удахгүй бидний санаачлагаар нийслэлийн дунд сургуулиудын дунд өсвөрийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдох гэж байна. Анх иргэнтэй уулзснаас хойш, ялалтыг төлөө багаараа зүтгэх чадварыг хөгжүүлдэг утгаараа манай залууст юу юунаас чухал байгаа хөлбөмбөгийн спортын давуу талыг төлөөлөгчийн хувиар байнга ярьж явснаар бусдын дэмжлэгийг авч чаджээ. Энэ ажлыг эхлүүлсэндээ сэтгэл өндөр байгаа.
НИТХ нь иргэдийн санаачлагыг дэмжих, бодит ажил болгохыг төлөө л явах ёстой газар
-Гэхдээ төр захиргааны байгууллагын эрх үүрэг, хариуцлагын бүрхэг байдал зөвхөн нийслэлд биш Монгол Улсын хэмжээнд байна. Энэ нь өнөөдрийн иргэдийн бухимдлын нэг гол шалтгаан болчихсон, иргэний төрийн ажилд үл итгэх байдлыг бий болгож байна. Уг нь нийслэл ба дүүргийн ИТХ-ын тогтолцоо нь ардчилсан нийгмийн үнэт зүйлийн нэг болох, төрийн удирдлагад иргэний оролцоог хангахад чухал үүрэгтэй юм. Иргэн улс орныхоо хөгжлийн бодлого, хууль дүрэмд өөрийн саналаа хүргэх эрх, эрүүл аюулгүй орчинд амьдарч, сурч боловсрох эрх нь төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих эрх нь ИТХ-д сонгосон төлөөллөөр дамжих хэрэгжих ёстой юм. Иргэний нийгмийн амьдралд оролцох эрх чөлөө нь гэсэн үг л дээ. Би жишээ нь, болдогсон бол УИХ дээр яригдаж байгаа хуулийн төсөлд тойргийнхоо иргэдийн саналыг багцлаад оруулмаар байдаг. Гэтэл бодитоор тийм боломж байхгүй л дээ. Яахав саналаа хүргүүлж болно, түүнийг заавал харгалзаж үзэх эсэх нь хууль санаачлагчдад байдаг. Би өнгөрсөн гуравдугаар сард НИТХ-ын даргад өрсөлдөхдөө алсдаа алгуурхан ч гэсэн төрийн удирдлагад иргэний оролцоог хангах ажлуудыг санаачлах зорилго дотроо өвөртөлж байсан. Жишээ нь, НИТХ-ын чуулганаас баталж гаргадаг зөндөө журам байдаг л даа, тэр журам боловсруулах аргачлал нь бүрхэг байгааг тодорхой болгох ч юм уу. Харин НИТХ-ын үүрэг нь зөвхөн хотын Засаг даргын ажлыг хянаад чиглүүлээд байх биш, төрийн захиргааны төв байгууллага болох асуудал эрхэлсэн харъяа яамдад иргэдийн дуу хоолойг сайн хүргэх нь гол ажил гэж боддог. НИТХ нь иргэдийн санал санаачлагыг дэмжих, бодитой ажил болгохыг төлөө л явах ёстой газар.
Блиц
НИТХ-ын төлөөлөгч Цагааны Байгалмаа
Төгссөн сургууль:
-2002 онд- Япон улсын Токиогийн Био-Технологийн их сургууль
Боловсрол, мэргэжил:
-Инженерийн ухааны доктор
Ажилласан байдал:
-2002-2007 онд: Япон Улсын Шизуокагийн Их сургуульд төр хувийн хэвшлийн хамтарсан инноваци хөгжүүлэлтийн дэд төслийн удирдагч
-2007-2009 онд:
АНУ-ын Харвардын Их сургуулийн Анагаахын сургуульд судлаач багш
-2010-2014 онд:
Япон Улсын Шизуокагийн Их сургуульд Мэдээллийн технологийн багш
-2015-2016 онд:
МАН-ын дэргэдэх судалгааны тинк-танк байгууллага “Стратеги Академи” ТББ-д Эрдэмтэн нарийн бичгийн дарга
-2016 оноос:
“УБ хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн II үе шатыг хариуцсан дэд зохицуулагчаар тус тус ажилласан.
Төрийн байгууллагуудын уялдаа холбоо сул байна
-Би Япон Улсад олон жил амьдарсан. Улсын их сургуульд нь 10-аад жил багшилж байлаа. Тэгэхээр тухайн улсын төрийн албан хаагч байсан гэсэн үг. Тийм болохоор төрийнх зохицуулалт, шинэ хууль, дүрэм журам гарахаар яаж хэлэлцүүлдэг, хэрэгжүүлдэг, хэрэгжиж эхэлсний дараа хэрхэн үнэлж дүгнэдэг вэ гэдгийг иргэний төвшинд мэднэ. Түүнчлэн нутгийн өөрөө удирдах байгууллага нь яаж ажилладаг вэ гэдгийг гадарлана. Анх япон шиг л байлгах гээд Нийслэлийнхээ захиргааны үйл ажиллагааг шүүмжилчих гээд байдаг байсан. Тэс ондоо систем учраас Японы төвшний зүйлийг шаардах хэцүү л дээ. Японд миний амьдарч байсан газрын ХАОАТ нь дунджаар 10 хувь байсан. Түүнээс таван хувь нь Улсын төсөвт төвлөрдөг. Гурван хувь нь муждаа, үлдсэн хоёр хувь нь яг тухайн иргэний амьдарч байгаа жижиг хот буюу дүүрэгтээ төвлөрдөг байлаа. Аж ахуй нэгжүүдийн татвар ч мөн адил. Тэгэхээр тэр Хотын захиргаанд хотын нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэн, үйл ажиллагаа явуулж байгаа ААН-ийн орлого маш чухал байх нь. Аль болох олон хүнийг өөрийн хотдоо сууршуулах, улам олон аж ахуй нэгжийг төвлөрүүлэхийн төлөө хотуудын дунд өрсөлдөөн бий болгож байгаа юм. Тухайн иргэнийг ирүүлэхийн тулд яах вэ. Хотынхоо орчныг сайжруулна, дэд бүтцээ хөгжүүлнэ, иргэддээ бүхий л таатай орчныг бий болгохыг төлөө ажилладаг. Төрийн байгууллагууд нь ч уялдаа холбоотой ажиллаж чаддаг. Харин манайд эсрэгээрээ байна л даа. Төрийн байгууллагуудын уялдаа холбоо сул байна. Тэр дунд зарим асуудал хаягддаг. Зарим нь бүүр давхцаад орж ирэх жишээтэй. Аливаа үйл ажиллагааны зөвшөөрлыг яам өгч байхад, хяналтыг нь өөр байгууллага тавьдаг. Уг нь бол зөвшөөрөл өгсөн байгууллага нь тухай үйл ажиллагаагаа хянаад дараа жил сунгах гээд ороод ирэхэд нь зөвшөөрлийг нь өгөөд эсвэл хасаад явдаг байх хэрэгтэй. Сүүлдээ Улаанбаатарын хүн амыг багасгана, хотод ирж сууршихыг түр хугацаагаар хориглолоо. Энэ нь удаан хугацаандаа буруу бодлого.
Нийслэлийн үйл ажиллагаа 25 жилийн өмнөх хуулиар зохицуулагдаж байна
-Нийслэлийн олон асуудлуудыг зохицуулж байгаа хоёр төрлийн хууль байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Хот төлөвлөлт байгуулалтын холбогдох багц эрх зүйн зохицуулалтууд байна. Үүнээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль анх 1994 онд батлагдснаас хойш шинэчлэл хийлгүй, 25 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд нийслэл хот маань 1.5 сая хүн амтай, 300-400 мянган машинтай болсон. Хүн ам, нутаг дэвсгэрийн байдал маш их өөрчлөгдсөн. Гэтэл нийслэлийн “үндсэн “ хууль нь бахь байдгаараа байж болохгүй л дээ. Харин саяхан 2017 оны сүүлчээр хотын Засаг даргаас Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэсэн найруулгын төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсан. 2018 оны эхээр ганц хоёр хэлэлцүүлэг өрнөж байгаад УИХ-ын үйл ажиллагаа ч гацаанд орж энэ хэлэлцүүлэг зогссон. Одоо энэ чуулган дээр дахин хэлэлцэх байх. Миний хувьд өргөн барьсан хуулийн төсөлд нэлээд дэвшилттэй заалтууд орсон гэж бодож байгаа. Одоо байгаа бусад хууль эрх зүйн зохицуулалт, тогтолцоонд нь тааруулаад л шинэчлэх гэж зорьсон байна лээ. Төслийг илүү сайжруулах боломж бол бий. Гэхдээ өнөөдрийн улс төрийн нөхцөл байдалд хугацаа байхгүй тул, одоо байгаа төслөөр нь хурдан батлах шаардлагатай байна. Төрийн захиргааны төв байгууллагад төвлөрөөд байгаа эрх мэдлийг задлаж, Нийслэл дүүрэг гэсэн орон нутгийн өөрөө удирдлагын байгууллагад эрх үүрэг оноохгүйгээр өнөөдрийн хотын асуудлууд шийдэгдэхгүй. Үүнийг л Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчлэсэн хувилбар бий болгоно гэж бодож байна. Шинэчилсэн төсөлд, нийслэл бонд гаргаж томоохон төслүүдээ санхүүжүүлэх, газрын бирж байгуулж газар эзэмших эрхийг нээлттэй шударга олгох, дагуул хот ба дэд төвүүдэд үйл ажиллагаа явуулж байгаа ААН ба ХХОАТ-ыг тодорхой хугацаанд хөнгөлөх гэх мэтчилэн нийслэлийн асуудлыг шийдэхэд зайлшгүй шаардлагатай заалтууд орсон. Эдгээр нь хальт харахад татварын хувь, газрын өмчлөл гэх мэт Засгийн газрын хэмжээнд шийдэгдэх асуудал мэт боловч иймэрхүү эдийн засгийн ба захиргааны зохицуулалт хийх хэм хэмжээг нийслэл хотод өгөхгүй бол хүн амын тал хувь нь амьдарч байгаа нийслэлийн тулгамдсан асуудлууд өнөөдрийн эрх зүйн орчинд шийдэх боломжгүй болсон байна. УИХ дээр үүнийг сайн ойлгож хуулийн хэлэлцүүлэгт хандана гэж бодож байна. Аливаа зүйлийг шүүмжлэх амархан ч бусдын эрх ашгийг багахан хөндөөд шийдэх маш хэцүү л дээ. Тухайлбал, хотын амьдралын эх суурь болсон газрын асуудлыг хот бүхэлд нь зохицуулдаг баймаар байна. Зарим ногоон бүсийг нь БОАЖЯ мэддэг байж болохгүй л гэж бодож байна. Мөн Япон шиг хот өөрөө тодорхой хэмжээний татвар төвлөрүүлэх зарцуулах эрхтэй байвал, илүү их татварын орлого олохын тулд хотод үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн орчинг байжруулахын төлөө ажиллах нь гарцаагүй. Энэ жил нийслэл Улсын төсөвт 290 орчим тэрбум төгрөг өгсөн. Уг нь энэ хөрөнгийг хотынхоо бүтээн байгуулалтанд зарцуулахсан даа.
Улс орны бодлого тогтвортой байх нь хамгийн чухал
-Өргөн барьсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэсэн найруулгад хотыг тусгай статустай болгож, дүүргийг аймгийн дайны статустай болгохоор төсөл боловсруулагдсан байгаа. Миний сонгогдсон нэг хороо гэхэд ойролцоогоор 27 мянган хүн амтай байна. Албан бусаар 30 мянган хүнд үйлчилдэг. Гэтэл өнөөдөр 30 мянган хүн амтай аймаг байна шүү дээ. Нэг аймагтай дүйж байгаа хороо байна гэдэг тэнд хүн хүчний асуудал гардаг. Хороонд 10-аад орон тоотой төрийн байгууллага үйлчилж байна. Гэтэл гурван мянган хүн амтай сум дээр гэхэд 30-40 хүн ажиллаж байна. Иймд шинэ хууль батлагдвал хотын статус шал өөр болно. Бидний хийх ёстой иргэний дуу хоолой болох ажлыг ч хийхэд дөхөмтэй болно гэж харж байна. Мөн хороонд жаахан ч гэсэн мөнгө төгрөг хуваарилах хэрэгтэй байна. Түүнчлэн нөөдөр төрийн албан хаагч гэхээр л цүнх барьдаг хүн л гэсэн ойлголттой болчихлоо. Төрийн байгууллага өөрөө хүндлүүлэх гээд байгаа юм биш л дээ. Төр нь залгамжтай бодлоготой, албан хаагчид нь чадвартай байж гэмээнэ улс орны нөхцөл байдал тогтвортой байж, хот маань хөрөнгө оруулалт татах, илүү их бүтээн байгуулалт хийх боломжууд бий болно гэж харж байна. Янз бүрийн аян хийж иргэнийг идэвхижүүлээд зогсохгүй, тогтвортой засаглаж эдийн засгийн чадамжаа дээшлүүлж, амьдрах орчноо сайжруулна л гэж боддог.
Дүр эсгэсэн төлөөллийн ардчилал хөгжиж байгаа энэ цаг үед эмэгтэйчүүдийн оролцоо хамгийн хэрэгтэй
-Чехийн улс төр судлаач Михал Климагийн “Тоталитор дэглэмээс гажуудсан ардчилал руу“ гэсэн ном нэг хэсэг шуугиан тарьсан даа. Тэнд юу гэж байсан гэхээр тухайн улсад 2010, 2013 онд болсон сонгуулиар олон нийтэд огт танигдаагүй хүмүүс сонгогдож гарсан юм байна. Эрх барьж байгаа намуудын эсрэг иргэд нь гудамждаа гарч жагссан. Ийм үзэгдэл посткоммунист улсуудын дунд ардчилалын тогтолцоонд эргэлзэх үл итгэх ийм байдал иргэдийн дунд бий болж. Ганц Чехээр зогсохгүй бусад хөгжилтэй оронд ч гэсэн улс төрийн намд итгэл үзүүлэхээс татгалзан төрийн тэргүүнээрээ илүү хувь хүнийг харж сонгосон тохиолдол Трамп, Макрон, саяхандаа бол Украйны ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагдлаа. Намын эрх мэдэл нь төрийн эрх мэдлээс дээгүүр болчихсонд иргэд дургүйцэж байна гэх юм уу даа. Ялангуяа хуучин социалист орнуудад, улсын өмчийн үүрэг роль одоо ч ач холбогдлоо алдаагүй байдалтай байгаа нь нам эрх мэдэлтэй байх суурь шалтгаан болж байна. Сонгуулиар ялсан нам нь өмч хуваарилалт хийж, тэр өмчийг захиран зарцуулах төрийн өмчийн хуулийн этгээдийн удирдлагыг намынхаа хүнээр сольдогийг одоо хүн болгон мэдэж байна. Иймд улс төрийн намын үйл ажиллагаа нь үзэл бодол, улс орны бодлогыг боловсруулах ажил гэхээс илүүтэй эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн болчихож. Үүнд иргэд ихэд дургүйцэж, дараагийн удаа намыг нь биш хүнийг нь харна гэж байх шиг байна. Дүр эсгэсэн төлөөллийн ардчилалаас залхаж байгаа энэ цаг үед улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо юу юунаас чухал гэж бодож байна . Аливаа асуудалд бодитой прагматикаар ханддаг, фракц бүлэглэд орж улстөржөөд байх нь ховор эмэгтэйчүүд маань бодлогын шийдвэр гаргах төвшинд олноор орж ажиллах хэрэгтэй. Хэрэв бид оролцохгүй хойш суугаад байвал бид өөрсдөө ч энэ асуудлынхаа нэг хэсэг байсаар л байх болно. Тэгж бодсон учраас би НИТХ-ын даргын сонгуульд эмэгтэйчүүдээ төлөөлж нэр дэвшсэн. Хэдийгээр нэрээ татсан ч, Хотын Засаг даргын багт хоёр эмэгтэй орлогч орж ажиллах болсонд баяртай байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.4.29 № 88 (6055)