Х.ОЮУНБОЛД
ОХУ-ын бүлэг шинжээчид энэ долоо хоногт АНУ-ын дээгүүр ажиглалтын нислэг хийх талаар тус улсын “Улаан од” сонинд мэдээлсэн байна. Сонинд “Бүлэг шинжээчид “Нээлттэй тэнгэр” гэрээний хүрээнд ТУ-214 ON онгоцоор АНУ-ын дээгүүр ажиглалтын нислэг хийхээр төлөвлөж байгааг ОХУ-ын Цөмийн зэвсгийн аюулыг бууруулах үндэсний төвийн тэргүүн Сергей Рязков мэдэгдсэнийг эш татан дурджээ. Тодруулбал, өчигдөр эхэлсэн нислэг энэ сарын 27-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Хельсинкт 1992 онд байгуулсан энэ гэрээ нь цэргийн ажиглагчдад Канадын Ванкувер хотоос ОХУ-ын Владивосток боомт хүртэлх газар нутгийг хамарсан бүсэд цэрэг болон байлдааны хэрэгслийн хөдөлгөөний зураг авахыг зөвшөөрдөг байна. 2011 оны тавдугаар сард баталсан энэ гэрээнд ОХУ-ыг оролцуулаад 34 орон гарын үсэг зурсан ажээ.
Эх сурвалж: www.polit.mn