Б.ЭНХТУУЛ
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор БСШУСЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангийн захирал М.Ариунжаргалыг урьж ярилцлаа.
“ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ”-ИЙГ ХЭН АВАХ ВЭ?
-Боловсролын салбарт шүүмжлэх зүйл цөөнгүй байдаг ч төр засгаас бодлогоор хэрэгжүүлж буй талархууштай ажил олон байна. Үүний нэг нь улсаас олгож буй оюутны хөгжлийн зээл, тэтгэлэгт хөтөлбөрүүд, буцалтгүй тусламжууд юм. Нөгөөтэйгүүр, хуучин бидний “Сургалтын төрийн сан” гэж хэлж заншсан, танил болсон нэршил өөрчлөгдөөд “Боловсролын зээлийн сан” болж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Тиймээс танай байгууллагын товчхон танилцуулгаар ярилцлагаа эхэлье? -Манай байгууллага 1993 оноос “Сургалтын төрийн сан” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж, Засгийн газрын 2016 оны 111 дүгээр тогтоолоор “Боловсролын зээлийн сан” болж өөрчлөгдөөд үйл ажиллагаагаа явуулж байна. Боловсролын зээлийн сангийн хувьд, одоогоор үндсэн гурван чиглэлд үйл ажиллагаа явуулж байна. Нэгдүгээрт, бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан өрхийн суралцагч гэх мэт нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг олгож байна. Хоёрдугаарт, гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн зээл болон Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу суралцагчид амьжиргааны тэтгэлэг олгох ажлыг хийж байна. Гуравдугаарт, Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн буюу оюутны хөгжлийн зээлийг олгож байна. -Өнгөрсөн онд “Дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-д өөрчлөлт орсон. Журамд орсон гол өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл өгөөч? -Журамд өөрчлөлт орохоос өмнө оюутнууд маань банкаар дамжуулан хамтран зээлдэгч, барьцаа, хүүтэйгээр зээл авч байсан. Харин 2018 оноос эхэлж хүүгүй, хамтран зээлдэгч, барьцаа хөрөнгө шаардахгүйгээр “Боловсролын зээлийн сан”-гаас санхүүжилтийг нь шууд олгож, диплом авсан өдрөөс эхлэн зургаа хүртэлх жилийн дотор эргэн төлөхөөр болсон. Энэ бол төр, засгаас олгож буй бодит том хөрөнгө оруулалт, маш том боломж юм.ЭЕШ-Д 600 БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ ОНОО АВСАН ОЮУТНУУД ЗЭЭЛ АВАХ БОЛОМЖТОЙ
-Тухайлбал, сургалтын төлбөрийн зээл авах хүсэлтэй оюутнуудад тавигдаж буй шалгуур үзүүлэлт буюу сурлагын голч дүн, судалсан хичээлийн байдал, даатгалд хамрагдсан талаарх зарим мэдээллүүдийг илүү тодотгож, тайлбарлаж өгөөч? -Жишээ нь, орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчийн зээлийн эргэн төлөх хугацааг хоёр жил хүртэлх хугацаагаар сунгах боломжтой болсон. Мөн зээлдэгч нас барсан, хөдөлмөрийн чадвараа алдсан, алба байгууллага нь татан буугдсан, орон тооны цомхотголоор халагдсан зэргээс үүдэх зээлийн эрсдэлийг бууруулах зорилгоор оюутны хөгжлийн зээлийг даатгалд хамруулсан байгаа. Зээл авах хүсэлтэй оюутнуудад тавигдаж буй гол шаардлага нь өмнөх семестрийн голч дүн бакалаврын хөтөлбөрийн оюутны хувьд 2.8 ба түүнээс дээш, магистр, докторын хөтөлбөрийн оюутны хувьд 3.2 ба түүнээс дээш голч дүнтэй байх ёстой. -Зээлийн журамтай танилцаж үзэхэд, “Оюутны хөгжлийн зээл буюу сургалтын төлбөрийн зээл нь анх удаа бакалавр, магистр болон докторын шатлалд суралцаж байгаа иргэнд хамаарна” гэж заасан байдаг. Мөн журамд “Өмнөх улирлын голч дүн 2-2.8 байх ёстой” гэж зааснаас үзэхэд оюутны хөгжлийн зээл их, дээд сургуульд элсэн орж байгаа нэгдүгээр курсийн оюутнуудад олдохгүй юм байна гэсэн ойлголтыг төрүүлээд байдаг. Оюутнууд хэддүгээр дамжаанаас эхлэн энэ зээлд хамрагдах боломжтой вэ? -Их, дээд сургуульд бакалаврын түвшинд элсэн орж байгаа нэгдүгээр курсийн оюутнуудын хувьд, ЭЕШ-ын дундаж оноо 600 болон түүнээс дээш мөн магистр, докторын түвшинд суралцагч нь өмнөх боловсролын гэрчилгээний голч дүн 3.2 байвал Оюутны хөгжлийн зээл авч болно. Хичээлийн жилийн улирал бүр голч дүнгийн шаардлага хангасан тохиолдолд магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд суралцах хугацааны бүхий л төлбөрийг “Оюутны хөгжлийн зээл”-ээр төлөх боломжтой.“ӨНГӨРСӨН ОНД 9231 ОЮУТАНД 13.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОСОН”
-Зээл авах оюутнууд заавал магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцсан байх ёстой юу. Мөн их, дээд сургуулийн хувьд зээл олгох оюутны сонгон шалгаруулалтад онцгойлон харж байгаа шалгуур үзүүлэлтүүд юу байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад эрэлттэй мэргэжлээр суралцаж байгаа, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой байх гэх мэт тодорхой заалтуудаас хэлж өгөөч? -Зээлд хамрагдах оюутан маань заавал магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцдаг оюутан байх ёстой. Дээрээс нь тухайн сургуулийн сонгон шалгаруулах комисс нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн оюутныг зээлд тэргүүн ээлжинд хамруулах чиглэл баримталдаг. Харин зээл авах оюутан, суралцагчийн хяналтын тоог тогтоохдоо таны хэлсэнчлэн тэргүүлэх ач холбогдолтой, нэн хэрэгцээтэй мэргэжлийн чиглэлийг харгалзан үздэг. Мөн төгсөгчдийн сүүлийн дөрвөн жилийн хөдөлмөр эрхлэлтийн хувийг бас харгалзан үздэг. -Боловсролын зээлийн сан өнгөрсөн хугацаанд “Оюутны хөгжлийн зээл”-ийг нийт хэдэн оюутанд олгоод байгаа вэ. Өнгөрсөн жилийн зээл олголтын байдлыг сонирхвол ямар тоон мэдээлэлтэй байгаа бол? -2018 онд “Боловсролын зээлийн сан”-гаар дамжуулан магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургуулийн 9231 оюутанд 13.1 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна. -Багагүй тоо сонсогдож байна. Олон оюутанд эрдэм номын мөр хөөх боломж олгосон байх. Ер нь хот, хөдөөгийн эцэг, эхчүүд зээл олголтын талаар төдийлөн сайн ойлголтгүй байдаг. Тиймээс зээл авах хүсэлтэй оюутнуудад өргөдөл, хүсэлтээ хаана өгөх, ямар бичиг баримт бүрдүүлж хаана хэнд хандах талаар мэдээлэл өгөөч? -Их, дээд сургуулиудад зээл олгох хяналтын тоог жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө БСШУС сайд болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар тогтоодог. Хяналтын тоо батлагдсан өдрөөс хойш 14 хоногийн дотор “Боловсролын зээл сан” нь их, дээд сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгуулдаг. Гэрээ байгуулсны дараа оюутнууд сургуулийнхаа Сургалтын албанд зээл авах хүсэлтээ гаргана. -Бичиг баримтын хувьд? -Зээлийн хүсэлт гаргахдаа дараах бичиг баримтуудыг бүрдүүлнэ. Үүнд:- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдөл
- ЭЕШ-ын онооны хуулбар
- Магистр, докторын хөтөлбөрт шинээр элсэн орж байгаа бол дипломын хуулбар
- Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
- Төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь
- Тухайн улиралд судалж байгаа хичээлийн баталгаажуулсан жагсаалт
- Ирээдүйн зорилгоо тодорхойлсон эссэ зэргийг бүрдүүлсэн байх ёстой.