Х.ОЮУНБОЛД
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай анх удаа хийх уулзалт энэ сард болж магадгүй гэж “Ёнхап” агентлаг мэдээлжээ. Хоёр орны төрийн тэргүүн нар анх удаагаа хийх уулзалтынхаа үеэр ямар чухал асуудлын талаар хэлэлцэх боломжтой вэ.
Эх сурвалжийн мэдээлснээр ерөнхийлөгч Владимир Путин Ойрхи Дорнодод очих бөгөөд ирэх долоо хоногт нь Ким Жон Унтай уулзахаар төлөвлөж байгаа юм байна. Тодруулбал,ОХУ-ын ерөнхийлөгч БНХАУ-ын нийслэл Бээжинд энэ сарын 26, 27-нд болох “Нэг зам, нэг бүс” санаачлага чуулганд оролцох аж. Дараа нь Хойд Солонгостой хил залгаа зүүн хойд бүсийн нутаг Приморье руу явж магадгүй гэнэ. Энэ тохиолдолд тэдний хийх уулзалт Владивосток хотод болж магадгүй юм байна. Өөр эх сурвалжаас “Ёнхап” агентлагт Бээжинд болох чуулганы дараа болж болно гэж мэдээлсэн байна. Харин Кремлийн ордны хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ сарын 15-нд хоёр орны төрийн тэргүүний хийх уулзалтад бэлтгэж байна. Гэвч уулзалт яг хэзээ болох хугацааг нь тодорхой хэлээгүй байна. Гэхдээ уулзалтаар хэлэлцэх гол асуудлын нэг нь Солонгосын арлыг цөмийн зэвсгээс ангижруулах тухай байна гэж ОХУ-ын Шинжлэх ухааны академийн эдийн засгийн хүрээлэнгийн Ази дахь ОХУ-ын Стратегийн төвийн захирал Георгий Толорая хэлжээ. Учир нь Хойд Солонгосын цөмийн зэвсгийн асуудал нь удаан үргэлжилж байгаа асуудал юм. Харин энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд саяхан хийсэн оролдлого нь амжилттай болоогүй билээ. Тодруулбал, ерөнхийлөгч Доналд Трамп, Ким Жон Ун нарын хийсэн анхны уулзалт амжилттай болсон шиг санагдсан ч хоёр дахь уулзалтаар хэлэлцээр хийж чадаагүй учраас бүтэлгүйтсэн юм. Учир нь Пхеньян Хойд Солонгост тавьсан хоригийг хэсэгчлэн цуцлахыг шаардаж хариуд нь аажмаар цөмийн зэвсгээсээ ангижирна гэж мэдэгдсэн. Харин ОХУ Пхеньяны энэ санаачлагыг дэмжиж байна гэж Георгий Толорая ярьсан байна. Өөрөөр хэлбэл, энэ арлыг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцыг улс төр, гадаад харилцааны шугамаар шийдвэрлэнэ гэж мэдэгджээ. Тэрээр “Ким Жон Ун, Владимир Путин нар уулзах хамгийн тохиромжтой мөч бол одоо. Энэ уулзалт их чухал. Учир нь Хойд Солонгост гадаад харилцаагаа хөгжүүлэхэд тусална гэж онцолсон байна. Харин одоо хоёр орон хамтран олон төсөл хөгжүүлж байна. Гэхдээ хэрэгжүүлж байгаа төслүүд дундаас магадгүй хамгийн том төсөл нь “Rason con Trans” компанийн хэрэгжүүлж байгаа төсөл юм байна. Энэ төслөөр ОХУ Хойд Солонгост Ражин боомтоор нүүрс нийлүүлэх ажээ. Георгий Толорая Хойд Солонгос ОХУ-тай тогтоосон харилцаа нь их ашигтай. Энэ нь Пхеньянд хэлэлцээрийн үйл явцаа үргэлжлүүлэх, ашиг сонирхлоо хамгаалахад нь тусална гэж ярьсан байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.4.17 № 79 (6046)
ОХУ, Хойд Солонгосын анхны уулзалтаар юуны талаар хэлэлцэх вэ
2019-04-18
Нийтэлсэн: Админ
 1 мин