Буцах зардлаа оролцох тэмцээнээсээ олно гээд явж байлаа

2019-04-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД 47 дугаар сургуулийн хажууд байдаг “Мэдээлэл холбоо сүлжээ” компанид байрлах “Netcom darts” клубт  очлоо.  Ханандаа  дартсын самбар эгнүүлэн хадсан жижгэвтэр өрөөнд хоёр хүн дартс шидэж байсны нэг нь уулзах хүн маань буюу 2014, 2015 оны  дартсын улсын аварга, Монголын сонгодог дартсын холбооны “Netcom” клубын тамирчин, ОУХМ Х.Одхүү байлаа. Саяхан Бээжин, Филиппин, Хонгконгт болсон олон улсын дартсын аварга шалгаруулах тэмцээнд багийнхантайгаа оролцоод ирсэн түүнтэй ярилцсан юм.   -Өөрийг чинь олон жил дартсын спортоор хичээллэж байгаа гэж сонссон. Энэ спортоор хэзээнээс хичээллэх болов? -Олон жилийн өмнө зах дээр дартс сонирхож ганц нэг удаа холын зайнаас шидэж  байсан.  Харин дараа нь мэргэжлийн дартсын клуб байдаг юм байна гэж мэдсэнээр зорин очиж, анх  удаа мэргэжлийн төвшинд зайнаас шидэж үзсэн. Түүнээс хойш дартсаар хичээллэж эхлээд сарын дараа анх удаа улсын аварга шалгаруулах тэмцээнд сургалтын сумтай оролцож мөнгөн медаль хүртсэн. Түүнээс хойш одоог хүртэл байнгын бэлтгэл сургуулилттай хичээллээд явж байна. -Өдөрт хэдэн цагаар бэлтгэл хийдэг вэ? -Надад яг одоо бэлтгэл хийдэг тогтсон цагийн хуваарь гэж байхгүй байгаа. Гэхдээ одоо клубтэй болсон учраас өдөр болгон бэлтгэл сургуулилтаа хийхийг зорьж байна. Олон улсын жишгээр өдөрт найман цагийн бэлтгэл хийлгэх ёстой юм байна лээ. Тэр жишгээр бэлтгэлээ хийнэ гэсэн бодолтой байна. Мөн дотооддоо олон тэмцээн болдог учраас тэр нь бэлтгэл болж өгдөг. -Дотооддоо олон тэмцээн болдог гэж ярилаа. Хөдөө орон нутагт зохион байгуулдаг уу? - Одоохондоо хөдөө орон нутагт клуб байгуулъя гэсэн хүмүүс холбогддог л юм. Гэхдээ клуб байгуулахад хүндрэлтэй. Учир нь байгуулж байгаа хүн бүх зардлыг өөрөөсөө гаргаж хийдэг болохоор хөдөө орон нутагт байгуулахад бэрхшээлтэй. Аймаг орон нутагт байгуулъя гэхэд дэмждэг байгууллага байхгүй болохоор хувиараа байгуулахад удаашралтай л байдаг.  -Дартсын спорт  хүнд хэрхэн нөлөөлдөг вэ? -Дартсаар хичээллэснээр хүн төлөвшихөөс гадна тоо бодох чадвар  хөгждөг. Тухайлбал, 501 онооноос хасахад одоо хэд билээ гэж бодохгүй, автоматаар боддог болсон байдаг. Хүмүүсийг  хүлээцтэй тайван болгодог, насны хязгаар гэж байхгүй хүссэн хүн бүр хичээллэж болдог спорт. Түүнээс гадна байнгын бэлтгэл сургуулилт хийхэд өдөрт гурван км алхдаг. Ингэснээр биеийн хөдөлгөөнөөс гадна байнга нарийн цэгийг тодруулж хардаг учраас нүдний сайн дасгал болно. Спорт гэдэг утгаараа их олон давуу талтай л даа. -Саяхан олон улсын тэмцээнд оролцсон гэсэн. Энэ тухайгаа яриач? -Бээжинд  өнгөрсөн сарын 21-23-нд болсон  дартсын хард төрлийн хамгийн том тэмцээнд манайхаас 30 гаруй тамирчин оролцсон. Харин Филиппинд болсон тэмцээнд би ганцаараа, Хонгконгт болсон XV дахь “Ада” дэлхийн цомын тэмцээнд долуулаа оролцсон. Филиппинд болсон 32 тамирчин шагналт байрт шалгардаг нээлттэй тэмцээнд XVI  байрт шалгарсан. Ер нь жилд 20 гаруй уралдаан тэмцээнд оролцоод байдаг юм. Заримдаа амжилттай, амжилтгүй оролцох үе ч бий. Хамгийн гол нь олон улсын тэмцээнд оролцож, туршлага судалж, өрсөлдөж байж л бусад тамирчны дээр гарч ирнэ шүү дээ. Түүнээс биш гэнэт цойлоод гарч ирнэ гэж юу байхав. -Тамирчин хүнд сэтгэл санаанд үлдсэн дурсамжтай тэмцээн гэж байдаг. Өөрийн тань хувьд ямар тэмцээн байдаг вэ? -Санаанаас гардаггүй, дурсамжтай тэмцээн  олон бий л дээ.  Солонгост болсон нэг тэмцээнд түрүүлж цомоо авсан ч  мөнгөн шагналаа авч чадаагүй. Учир нь дотооддоо зохиодог тэмцээнд нь гадны тамирчин ирээд түрүүлсэнд дургүй байсан. Түүнээс хойш 10 хоногийн дараа болсон “Хонгконг опен”-д шарандаа хожиж түрүүлж байлаа. Анх олон улсын тэмцээнд оролцоод түрүүлж байхад  монгол хүн гэдэг утгаар нь гадуурхаж ялгаварлах, гар барихгүй, уурлах маягаар ханддаг байсан. Харин одоо тамирчдаа таньдаг болчихсон болохоор гайгүй болсон. -Азийн ихэнх орноор явсан гэлээ. Хамгийн их очсон нь аль улс вэ? -Хамгийн их очсон орон гэвэл Хятад, Хонгконгод хамгийн олон удаа очсон. Малайз, Япон, Тайвань  гээд очсон л доо. Онгоцноос буугаад тэмцээндээ очоод эхний тэмцээндээ хожигдож, тэмцээнээ дуусгачихаад баргар царайлж байсан удаа бий. Би Хонгконгод 10 гаруй удаа очиж үзсэн хэрнээ Диснейлэндэд нь очиж үзээгүй.  Оросууд намайг тэмцээнд оролцохын тулд зургаан өдөр галт тэргээр явж ирсэн гэж сонсоод тэнэг байх аа гэж хэлж байсан. Гадаадад тэмцээнд оролцохын тулд хамгийн хямд зардлаар тооцоолоод явдаг. Буцаж ирэх зардалгүй, тэмцээнд оролцож түрүүлээд буцах зардлаа олно гэж явсан удаа ч бий. Ер нь ивээн тэтгэдэг байгууллага гэж байдаггүй болохоор өөрсдөө зардлаа гаргадаг. -Сая Сингапурын тамирчин Паул Лимитэй хос тоглолтын  тэмцээнд аваргын төлөө тоглоод хожигдсон гэж байсан ? -Тийм ээ. Паул Лими гэж 60 гаруй насны хүн байдаг.  Бээжинд болсон аварга шалгаруулах тэмцээний үеэр М.Алтантүлхүүртэй хос болж Сингапурын аваргын багтай тоглоод хожих боломж байсан ч 5:2-ын харьцаагаар хожигдсон. Харин энэ хүнтэй өмнө нь таарч тоглож байгаагүй. Цаашид таарч тоглох байх. -Өрсөлдөгчөө судлах боломж хэр их байдаг вэ? -Судлах боломж бараг байхгүй. Тэмцээндээ анхаарлаа хандуулна уу гэхээс бусдыг анхаарах боломж байдаггүй.  Дараа нь тоглолтыг нь анзаарна даа. Тоглолтод анхаарлаа сарниулахгүй байж, өрсөлдөгчөө  сэтгэл зүйгээ хурцалж илүү ур чадвар гаргаж байж хожно. Дартсыг харахад хоёр хүн өрсөлдөж байгаа юм шиг харагддаг  ч өөртэйгөө л тэмцэлддэг спорт. Харин манай залуучууд гадагшаа тэмцээнд явж, оролцож байж л том амжилтад хүрнэ. Хэдийгээр дотооддоо амжилт гаргадаг ч гадаадад тэмцээнд очоод амжилттай оролцож чаддаггүй. Энэ нь сэтгэл зүйтэй холбоотой. Тиймээс сэтгэл зүйгээ сайн бэлтгэж, бэлтгэлээ хийж байж үр дүн гарна. Хүмүүсийн хэлдгээр бэлтгэл бас дахин бэлтгэл хийх нь чухал. -Хүссэн зорилгодоо дөхөж очсон амжилт гэж байдаг уу. Байдаг бол? -Евроазийн бүсийн мэргэжлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэж болдог.  Гурван жилийн өмнө Монгол Улс Евроазийн бүсэд багтдаг байсан учраас энэ тэмцээнд  оролцож болдог байсан. Ази тивд Зүүн Өмнөд, Баруун Ази гэсэн хоёр бүсийн  тэмцээн болдог. Тэнд  түрүүлсэн хүн дэлхийн аваргад жилд нэг удаа оролцох эрхээ авдаг юм. Би нэг удаа Евроазийн тэмцээнд оролцоод шилдэг тавд үлдэж байсан. Маргааш нь шигшээ наймд  өрсөлдөж байлаа. Харин дараа жил нь дахиж очоод шилдэг наймд үлдээд, финалд шалгарч байсан юм. Үүнийг манай тамирчид дэлхийн мэргэжлийн аваргад оролцох ганц боломж чинь байсан шүү гэцгээдэг. Би тэр тэмцээнд түрүүлж явснаа ганц сум алдсанаас болж Монгол Улсад дэлхийн аваргыг зохион байгуулах эрх авах байснаа атгаад алдсан. -Шантрах үе байсан уу? -Байсан. Одоо үнэхээр олон улсын тэмцээнд явна гэхээс шантарч байна. Зардал мөнгөний асуудлаас эхлээд бэрхшээл их байна. Гэхдээ гадаадад тэмцээнд амжилттай оролцоод улсынхаа нэрийг гаргаж, хөгжлийн гарцыг нь нээгээд өгчихвөл дартсын тамирчид ар араасаа цуврах байх гэж боддог. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.16 78 (6045)
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

4 цаг 13 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

17 цаг 9 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

17 цаг 9 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

17 цаг 9 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

Өчигдөр 17 цаг 51 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

Өчигдөр 15 цаг 44 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

Өчигдөр 14 цаг 24 мин
“Өв соёлын голомт” төслийн Ингэт толгойн дурсгалт газрын судалгаа Монголын археологийн шилдэг судалгааны дэд байрт шалгарлаа

"Монголын археологи-2024" эрдэм шинжилгээний нэгдсэн хурал 12-р сарын 21,22-

Өчигдөр 13 цаг 28 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

Өчигдөр 13 цаг 19 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

Өчигдөр 06 цаг 00 мин